Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сургалтын төлбөрөөс чөлөөлөх нь элсэлтийг нэмэгдүүлэх шийдэл биш

Монголчууд сүүлийн хэдэн өдөр физикээр “амьсгаллаа”. Манай улсад дээд боловсролын тогтолцоог хөгжүүлэх тулгын чулууг тавилцсан МУИС-ийн Физикийн тэнхим элсэгчгүй болоод удаж буй, өнөө, маргаашгүй хаалгаа барихад ойрхон гэсэн нэгэн багшийн сэтгэгдэл монголчуудыг ухаарлын далайд умбуулав. Монголд байгалийн шинжлэх ухаан шиг чухал салбар, физик электроникийнхтой дүйх үнэ цэнтэй сургалт үгүй гэнэ. Долоон жилийн өмнө 1000 гаруй оюутантай байсан тус салбар сургууль ингэтлээ хямарсан нь залуусын сонголт, хандлагатай холбоотой гэж үзэх хүн олон. Залуус инженер, техник технологи, шинжлэх ухааны холбогдолтой, эрэлттэй мэргэжлээс дөлж, урлаг, загварын ертөнцөд “шингэж” байна хэмээх шүүмжлэгч цөөнгүй.

Хэд хоног ийнхүү дээр, дооргүй хэлэлцэж, нийгмээр нэг сенсац болсны дараа МУИС-иас залруулга хийв. “МУИС физикийн хөтөлбөрөө хаагаагүй. Хаана гэдэг нь ташаа мэдээлэл. Харин ч физик зэрэг байгалийн ухааны чиглэлээр элсэн суралцагчдын сургалтын төлбөрийг 50 хувь хөнгөлдөг байсныг энэ жилээс 100 хувь болгосон. Үнэгүй сурна гэсэн үг. Нэгдүгээр дамжаагаа сайн дүнтэй буюу 3.2- оос дээш голчтой төгсвөл цаашид жил болгон төлбөрөө 100 хувь чөлөөлүүлэх боломжтой” хэмээн тус сургуулийн хэвлэлийн ажилтан мэдэгдлээ. Ингээд шуугиан намжив. Тус шийдвэрийг сайшаан магтаж, ончтой, цагаа олсныг нь шагширч эхлэв. Физикийн тэнхимийн сургалтын үйл ажиллагаа урьдын адил хэвийн үргэлжлэх нь гэсэн итгэл найдвар олон нийтэд төрсөн бололтой. Сургалтын төлбөрийг нь л чөлөөлчихвөл хүүхэд, залуус физик сонирхож, элсэн суралцах хүсэл нь бадарна гэж МУИС-ийнхан тооцоолсон юм шиг ээ. Гэвч бодит байдалд асуудлын гол нь төлбөртөө бус, сургалтын тогтолцоо, хөдөлмөрийн зах зээлийн гажуудал, ажил мэргэжлийн үнэлэмжтэй шууд холбоотойг тэд ухаарсангүй. Үүнийг батлах жишээ олон.

Багшийн мэргэжил сонгох эрэгтэй суралцагч цөөрч, үүнээс үүдэлтэй жендерийн асуудал ерөнхий боловсролын сургуульд тулгамдаж байгаатай холбогдуулан МУБИС 2015 оноос төлбөрийн хөнгөлөлтийн журам хэрэгжүүлсэн. Эрэгтэй оюутныг дэмжих тэтгэлэг хүртэл бий. Эрэгтэй сурагч ЭЕШ-д 550-аас дээш оноо авбал, эсвэл нэгдүгээр дамжаагаа амжилттай төгссөн тохиолдолд сургуулийн өмнөх боловсролын болон бага ангийн багш, математик, байгалийн ухааны чиглэлд 50-70 хүртэлх хувийн төлбөрийн хөнгөлөлт үзүүлсээр ирсэн. Эцэстээ (2019 оноос) уг тэтгэлгийг бүх эрэгтэй хүүхдэд олгох болов. Гэвч боловсролын салбарт тэдний тооцоолж, төсөөлсөн шиг өөрчлөлт авчраагүй. Эрэгтэй суралцагч өдрийн од шиг ховор, их, дээд, ерөнхий боловсролын бүх сургуульд ийм багш одоо ч эрэлттэй хэвээр байна.

Сувилагчийн мэргэжил сонгох залуусын тоо эрс багассантай холбоотойгоор төрийн өмчийн их, дээд сургуульд энэ чиглэлээр суралцаж буй оюутнуудын сургалтын төлбөрийг хөнгөлөх, зээл, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах чиглэлд БШУЯ бодлогоор анхаарч ирсэн. Харин өнөө жилээс эхлээд хувийн сургуульд суралцагчид ч ижил боломж олгох нөхцөлийг бүрдүүлсэн юм. БШУ-ны сайд асан Л.Цэдэвсүрэн төр, хувийн сургуульд сувилагчаар сурч буй 2.8- аас дээш голчтой оюутан, ЭЕШ-ын зохих оноо, болзлыг хангасан хүүхдүүдэд уг тэтгэлгийг олгох журмыг ажлаа өгөхийнхөө өмнө гаргасан нь одоо ч хүчин төгөлдөр. Тэрбээр “Монгол Улсад эрэлттэй, чухал мэргэжлээр суралцах хүсэлтэй хүүхдүүдийг төрөөс харамгүй харж үзэх хэрэгтэй” хэмээн онцолж байв. Сургалтын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт, урамшуулал үзүүлэх төдийд тухайн мэргэжлийг сонгон суралцагчдын тоо өсдөг бол өдийд манай улс сувилагчаар “хахах” байв. Гэвч бодит байдал тийм биш. Шүдний эмч, мэс засалч, хоолзүйч зэрэг мэргэжил эзэмших залуусын тоо огцом өссөн ч эрүүл мэндийн байгууллагын хамаг хар бор ажлыг нь нугалдаг сувилагчийн ангид элсэх нь эрс багасжээ.

Элсэгчдээ тогтоон барих зорилготой иймэрхүү “халамжийн бодлого”-ыг их, дээд сургуулиуд хэрэгжүүлээд удлаа. Засгийн газар, БШУЯ нь санаачлаад, сургуулиудтайгаа хамтраад ийм төсөл, хөтөлбөр цөөнгүйг хэрэгжүүлж, туршив. Харамсалтай нь, тэд хүссэн үр дүндээ хүрч чадаагүй. Арга ч үгүй биз. Асуудлын гол нь төлбөртөө бус, тогтолцоондоо буйг тэд олж харж, хүлээн зөвшөөрдөггүй учраас тэр шүү дээ. Энэ гажуудлыг засахын тулд хүүхэд, залууст мэргэжлээ зөв сонгох чиг баримжаа олгох, нийгэмд эрэлттэй мэргэжлийн үнэ цэн, цалин, хангамжийг сайжруулах, улс орныхоо хөгжлийн тэргүүлэх чиглэлтэй их, дээд сургуулийн элсэлт, сургалтын үйл ажиллагааг уялдуулах шаардлага нэн түрүүнд тулгараад байна. Олон улсын жишгээс хэд дахин бага, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнд шүргэх шахам цалин “амлачихаад”, “Манай улсад сувилагч, багш, физикч, инженер шиг хэрэгтэй мэргэжилтэн алга. Сургалтын төлбөрийг чинь даая, үнэгүй суралц” гэх нь тохуурхал шиг санагдахаас яах билээ. Ийм байхад элсэгчид нүүр буруулахаас яалтай. Эзэмших мэргэжлээ, сурах сургуулиа сонгох гэж буй хүүхэд, залуус ирээдүйд ямар салбарт ажиллавал илүү үнэлэмжтэй, амжилттай байх вэ гэдгийг чухалчлахаас биш, аль сургууль хямд төлбөртэй, тэтгэлэг, урамшууллаар “хур буулгадаг”-ийг нь төдийлэн анхаардаггүй. Төгсөгчдийн маш бага хувь нь амьдралын боломж тааруугаас, эсвэл ЭЕШ-ын оноондоо барьцаалагдан, эцэг, эх, ойр дотнын хүмүүсийнхээ шахалтаар хүсээгүй сургуульдаа элсэх нь бий ч сургалтын төлбөрийн хөнгөлөлтөд “дэгээдүүлэх” нь түүнээс ч цөөн.

Монгол Улсын Засгийн газар мэдлэгт суурилсан инновац, технологийн салбарыг хөгжүүлж, шинжлэх ухааны бүтээлч үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ хэмээн хөгжлийн хөтөлбөр, төлөвлөгөөндөө тусгасан. Гэвч боловсролын салбарын өнөөгийн нөхцөл байдал, мэргэжилтэн бэлтгэх тогтолцоо үүний эсрэг механизмаар ажиллаж ирэв. Инновац, техник технологийн суурь, хүрээлэн буй орчныг хамгаалах, танин мэдэх үндэс болсон байгалийн шинжлэх ухааны чиглэлээр элсэн суралцагчдын тоо жилээс жилд буурсаар байгаа нь үүний нотолгоо. Энэ салбарт суралцагчдын тоо 2008-2009 оны хичээлийн жилд 10 900 байсан бол 2018-2019 онд 2.5 дахин буурч, 4200-д хүрчээ. Харин нийгмийн ухааны салбарт суралцагчид 10 жилийн хугацаанд ялимгүй цөөрсөн ч 50 000-аас буугаагүй аж. Энэ талаарх баримт, мэдээллийг багтаасан, Үндэсний статистикийн хорооны “Дээд боловсролын үндсэн үзүүлэлтүүдийн төлөв байдал, түүнд нөлөөлөх хүчин зүйлийн шинжилгээ”сэдэвт тайланд “Байгалийн ухаан, техник технологи, үйлчилгээ болон хөдөө аж ахуйн салбарыг эрэгтэй оюутнууд түлхүү сонгон, суралцаж байна” гэж онцлон дурджээ. Өөрөөр хэлбэл, физик электроник төдийгүй байгалийн ухааны салбар бүхэлдээ “хямрал”-д өртөж, хүйсийн тэгш харьцаа алдагджээ. Зарим тэнхим, анги гарын арван хуруунд багтах цөөн тооны төгсөгчтэй сургалтын үйл ажиллагаагаа үлгэн салган явуулж байхад нэг хэсэг нь оюутан элсээгүйн улмаас жил дараалан “хаалгаа цоожилжээ”. Монголд ганц байдаг, ШУТИС-ийн арьс шир боловсруулах технологич-инженерийн ангид гэхэд сүүлийн таван жилд нэг ч оюутан элсээгүй гэнэ. Тус сургуулийн нэхмэл үйлдвэрлэлийн технологич бэлтгэдэг анги мөн ганц, хоёрхон суралцагчтай аж. ШУТИС-ийн нэгэн багш “70 сая малтай, жилдээ 15 орчим саяыг нь нядалж, хүнсэнд хэрэглэдэг, арьс, шир боловсруулах 50, ноос, ноолуурын 250-иад үйлдвэртэй манайх шиг оронд хөдөө аж ахуйн инженер, техникч, мэргэжилтэн ховор байгаа нь эмгэнэлтэй” хэмээн шогширсон юм. Энэ бол бидний хүлээн зөвшөөрөхийг, олж харахыг чухалчилдаггүй бодит үнэн. Үүнийг зөвхөн МУИС, ШУТИС-д хамаатай бус, бидний үр хүүхэд сурч боловсрох, ажиллаж хөдөлмөрлөх нийгэм, Монголын ирээдүйтэй холбоотой асуудал гэдгийг шат шатандаа хүлээн зөвшөөрч, сургалтын төлбөрийн хөнгөлөлтөөр аргацаалгүй, суурь бодлогоо өөрчилж, засах цаг нь болжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

77 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

77 thoughts on “Сургалтын төлбөрөөс чөлөөлөх нь элсэлтийг нэмэгдүүлэх шийдэл биш