Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.ДАВААСАМБУУ: Нислэг удирдах мэргэжилдээ дурласан

ИНЕГ-ын нислэгийн удирдагч, бүсийн ажиглалтын удирдлага хариуцан ажилладаг Б.Даваасамбуутай ярилцсан юм. Тэрбээр одоогоос гурван сарын өмнө мэргэжлийн ур чадвар гарган, агаарын замд олон хүн осолдох аюулаас сэргийлсэн билээ. Манай улсын хойд хилийн зурвас орчимд БНСУ болон ОХУ-ын тус бүр 400 зорчигчтой хоёр онгоц мөргөлдөж болзошгүй нөхцөл байдал үүссэнийг тэрбээр мэджээ. Ингээд өөрийн талаас хөөрсөн онгоцыг аюулгүй зөрүүлсэн байна. Үүнийг мэргэжлийн хэллэгээр бол хажуугийн зайчлалд шилжүүлэх хэмээдэг бөгөөд арга хэмжээ авсан даруйдаа Оросын талд мэдэгджээ. Иргэний нисэхийн түүхэнд үүн шиг аюул цөөн учирдаг аж. Гэсэн ч ийм эрсдэлээс байнга болгоомжилж ажиллах нь нислэгийн удирдлагын мэргэжил, дэг сургуулийн гол “бай” аж. Б.Даваасамбуутай энэ удаа нислэгийн удирдагч мэргэжлийн талаар ярилцлаа.

-Гурван сарын өмнө ямар учраас тийм эрсдэл тулгарсан юм бэ?

-Агаарын хөлгийн нисгэгчид хөөрөхөөс эхлээд буух хүртлээ нислэгийн удирдагчтай холбоотой байдаг. Онгоцнууд нэг ижил өндөрт огтлолцохоор байвал нислэгийн удирдагч зохицуулж, аюулгүй зорчих боломж бүрдүүлэх үүрэгтэй. Таны хэлдэг үйл явдал энэ оны нэгдүгээр сарын 23-нд болсон. ОХУ болон манай улсын агаарын хилийн зурвас орчимд хоёр онгоц маш ойрхон зөрж өнгөрөхөөр байв. Оросын талаас “Korean air”-ийн хөлөг 10 100 метрийн өндөрт манай хилийн зурвас руу орж ирэх гэж байсан юм. Гэтэл хил рүү орохоосоо 4-5 минутын өмнө 10 400 метрийн өндөр авч, манай зам дээр явсан “Аэрофлот”-ын онгоцтой ижил түвшинд гараад ирсэн. Ингээд хоёр онгоц өөд өөдөөсөө явааг харсан тул манай хилийн зурваст явааг нь замаас гаргаад, Оросын талд мэдээлсэн.

-Их ойрхон зөрсөн гэсэн, тийм үү?

-Хоёр онгоц дөрвөн минутын зайтай зөрсөн. Хэрэв хоёр л минут хоцорч шийдвэр гаргасан бол томоохон асуудал үүсэх магадлалтай байсан. Агаарын хөлгүүд ойртоход дохиолол өгдөг системтэй л дээ. Харж арга хэмжээ аваагүй байсан ч уг систем ажиллаж, зөрөх учиртай. Гэхдээ ийм тохиолдлыг хоёр онгоц маш аюултай түвшинд ойртсон гэж үздэг. Ажлаа хийсэн минь л тэр. Гэхдээ ийм тохиолдол ховор болохоор мэргэжлийн ур чадвар гаргалаа гэж онцолж, урамшуулсан. ОХУ-ын талаас ч баяр хүргэсэн. Бид багаар ажилладаг. Аюултай нөхцөлд оновчтой шийдвэр хэрхэн гаргах вэ гэдэг мэдлэг, дадлыг сургалт, дадлагаар олгодог. Хэдийгээр сургууль төгсөөд нэлээд хэдэн жил болсон ч биднийг байсхийгээд л сургалтад хамруулж, энэ мэтийн ердийн бус тохиолдолд хэрхэн ажиллахыг заадаг. Би нислэгийн удирдагчаар тав дахь жилдээ л ажиллаж байна.

-Туршлага багатай шинэхэн ажилтан бол анзаарахгүй өнгөрөөж болох нь ээ?

-Магадгүй. Тийм болохоор төгсөгчдийг шууд ажиллуулдаггүй. Мэргэжлийн ур чадвараас гадна англи хэлний мэдлэг сайтай байхыг шаарддаг. Мэргэжлээ сайтар эзэмшсэн ч англи хэлний шалгалтыг тааруухан өгвөл ажилд тэнцүүлдэггүй.

-Манай улсад нислэгийн удирдагч олон уу?

-Ер нь бол олон. Чухам хэд гэдгийг мэдэхгүй. Одоо ажиллаж байгаа нь л гэхэд 100 орчим байна.

-Энэ мэргэжлээ хаана суралцаж, эзэмшсэн бэ?

-Тайланд улсад суралцаж, эзэмшсэн. 2010 онд 30-уулаа сургууль төгссөн. Манайх өмнө нь иргэний нисэхийн чиглэлийн мэргэжилтнүүдээ олон жил ОХУ-д бэлтгэж ирсэн юм билээ. Сүүлийн жилүүдэд бусад улсад сургадаг болсон.

-Нэг доор тийм олон хүн сургасан байх нь ээ?

-Хүний нөөцийн бодлогын хүрээнд зохицуулдаг байх.

-Зөвхөн Монголынхоо бус, гадаадын онгоцнуудыг бас удирддаг уу?

-Тийм. Манай улсын нутаг дэвсгэр дээгүүр хоногт 400-500 онгоц нисэж өнгөрдөг. Монгол орон газар зүйн хувьд ашигтай байршилд оршдог учраас ийм олон онгоц дайран өнгөрдөг. Жишээ нь, БНСУ, БНХАУ-аас Европ руу чиглэдэг бүх онгоц манай дээгүүр явдаг.

-Бидэнд харагддаггүй байх нь ээ?

-Ихэнхдээ харагдахгүй.

-Онгоцоо нисгэсэн орнуудын нисэх буудлуудынхантай харилцаатай ажилладаг уу?

-Ер нь бол тэгж ойлгож болно. Урд, хойд хөршийнхөнтэйгөө бол байнгын харилцаатай.

-Монгол нисгэгч нартайгаа ч англиар ярьдаг уу?

-Монголчуудтайгаа монголоор ярьж болно. Зөвшөөрдөг. Харин бусадтай нь олон улсын дүрэмд зааснаар англиар харилцах шаардлагатай.

-Сургуулиа дүүргээд хэдий хэр хугацааны дараа нислэгийн удирдагч болж, ажлын талбарт гарсан бэ?

-Шууд нислэгийн удирдагч болохгүй л дээ. Орон нутагт ажиллуулж, мөн ажлын байрны дадлага хийлгэдэг. Би Завхан аймгийн нисэх буудалд есөн сар дадлагажсан. Дараа нь нийслэлд ирж ажлын байрны дадлага хийсэн. Таван жилийн өмнө нислэгийн удирдагч болтлоо дөрвөн янзын даваа давсан.

-Нислэгийг яаж удирддаг юм бэ?

-Нислэгийн гурван төрлийн удирдагч байдаг. Тухайлбал, аэродромын, ойртолтын, бүсийн гэж ялгадаг. Аэродромын гэдэг нь зурваст буй агаарын хөлгүүдийг хөөрч, буух үед нь удирддаг. Ойртолтынх гэдэг бол хөөрсний дараа 6000 метр хүртэлх агаарын зайд удирдахыг хэлнэ. Түүнээс дээших зайд буюу өндөр аваад, зохих замд орох хүртэл нь удирдахыг бүсийн гэдэг. Би бол бүсийн нислэгийн удирдагч. Зөвхөн өөрийн улсын бус, гадаадын, өөрөөр хэлбэл, Монголын нисэх буудлаас хөөрсөн болон буух, мөн манай улсын нутаг дэвсгэр дээгүүр явж буй бүхий л онгоцыг удирдаж, аюулгүй байдлыг нь хангадаг.

Нэг ээлжид 20-иод удирдагч ажилладаг. Аэродром, ойртолт, бүс гэсэн гурван ангилал тус бүрт хэд хэдээрээ баг болж ажилладаг. Аэродром хэсэгт гурван мэргэжилтэн, ойртолтыг хариуцаж хоёр, харин бүсийн нислэгийг удирдах 10 гаруй хүн нэг ээлжид ажилладаг.

-Дэлгэцээр харж удирдах уу?

-Тийм. Манай улсын газар нутагт бол гуравны хоёрыг нь дэлгэцээр харж удирддаг. Мөн харахгүй удирдах аргачлал бий. Жишээ нь, нислэг цөөтэй баруун чиглэлд энэ аргачлалыг баримталдаг. Хугацаагаар зайчилж, тухайлбал, хоёр онгоцыг арван минутын зайтай хөөргөх зэргээр тооцоолдог гэсэн үг.

-Та яагаад энэ мэргэжлийг сонгосон бэ. Юунд нь дурлав?

-2008 онд ерөнхий боловсролын сургууль төгсөх үед Иргэний нисэхийн ерөнхий газраас шалгалт авч, ийм мэргэжлээр сургана гэж зарласныг харж, сонирхоод очсон юм. Шалгалт өгтөл тэнцэж, суралцаж эхэлсэн. Монголдоо болон Тайланд улсад тус бүр нэг жил суралцсан. Тусгай дунд боловсролд хамаардаг болохоор заавал бакалаврын зэрэг шаарддаггүй. Уг нь санхүүгийн чиглэлийн мэргэжил эзэмшихийг хүсэж байсан. Гэсэн ч нэгэнт л энэ мэргэжлийг эзэмшсэн болохоор ажиллахаар шийдэж байлаа. Одоо бол бүр дурлачихсан. Нислэгийн удирдагч нь стресс ихтэй мэргэжилд тооцогддог. Алдаа гаргаж болохгүй. Өчүүхэн төдий алдаа гаргавал хүний амь нас эрсдэх эрсдэлтэй учир маш их анхаарал, сонор соргог ажиллагаа, мэдрэмж шаарддаг. Ачаалал ихтэй үе байдаг.

-Цар тахлын улмаас манай улс агаарын хилээ хаагаад багагүй хугацаа өнгөрсөн. Ингэснээр ажлын ачаалал харьцангуй буурсан уу?

-Цар тахлын улмаас нислэгийн тоо 50 орчим хувиар буурсан. Гэхдээ ачаалал багатай үед илүү анхааралтай ажиллах ёстой байдаг. Тайвширч огт болохгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.