Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Энхсүх: Оюуны өмчид онцгой эрх олгох нь бизнесийг хамгаалж, үнэ цэнийг нь өсгөх зорилготой

Дэлхийн оюуны өмчийн өдөр өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Оюуны өмчийн газар (ОӨГ)-ын дарга Б.Энхсүхтэй ярилцлаа.

-Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн, Патентын тухай хуулийг шинэчлэх, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар УИХ-аар хэлэлцэж байна. Зохиогчийн эрхийг хэрхэн тодорхойлж байгаа вэ?

-Юуны өмнө Дэлхийн оюуны өмчийн өдрийн мэндийг оюуны бүтээл туурвигчдад дэвшүүлье. Энэ жил “Оюуны өмч ба жижиг, дунд үйлдвэрлэл” сэдвээр “Шинэ санаанаас шинэ зах зээл рүү” гэсэн уриан доор тэмдэглэн өнгөрүүлж байна. Оюуны өмчийн харилцааны эрх зүйн зохицуулалтыг нэлээд боловсронгуй болгож байгаа. Оюуны өмчийн тухай хуулийг 2020 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн. Үүнтэй уялдуулах, мөн олон улсын гэрээнд нийцүүлэх үүднээс дээрх хуулиудыг боловсруулан, УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Нэр томьёог нь нарийвчлан тодорхойлон, оюуны өмчийн үнэ цэнийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломж бүрдүүлэхээр зохицуулсан.

Оюуны өмчийг зохиогчийн эрх, аж үйлдвэрийн өмч гэж ангилдаг. Аж үйлдвэрийн өмчид шинэ бүтээл, патент, ашигтай загвар, барааны тэмдэг, газар зүйн заалт багтдаг. Шинжлэх ухаан, утга зохиолын аман болон бичмэл, дүрслэх урлаг, уран баримал, хөгжмийн үгтэй, үггүй, архитектурын, тайз чимэглэлийн, кино, жүжиг, бүжиг, уран нугаралт, гэрэл зургийн бүтээлийг зохиогчийн эрхэд хамааруулдаг. Мөн компьютерын программ, мэдээллийн сан, тайлбар толь, лавлах, түүвэр зохиолыг багтаахаар заасан. Харин цаг үеийн шинжтэй мэдээлэл, төсөл, арга хэмжээний санаа, математикийн үзэл баримтлал, шинжлэх ухааны нээлт, хууль, тогтоомж, тэдгээрийн орчуулга, төрийн бэлгэ тэмдэг, сүлд, туг, далбаа, шагнал, одон, медаль, мөнгөн тэмдэгт, төлбөрийн бусад хэрэгслийг зохиогчийн эрхэд хамааруулахгүй.

-Шинжлэх ухааны нээлтэд яагаад зохиогчийн эрх олгодоггүй юм бэ?

-Үүнийг олон талаас нь тайлбарлаж болно. Гэхдээ байгаль дэлхий дээр байгаа зүйлийг олж тогтоосон бол шинжлэх ухааны нээлтэд хамруулж үзнэ. Патентын, Зохиогчийн эрх ба түүнд хамаарах эрхийн тухай хуулийн дагуу шинжлэх ухааны нээлтэд оюуны өмчийн эрх олгодоггүй. Учир нь байгалийн хуульд тулгуурлан, үндэслэлийг нь олж тогтоосон, мөн шинэ бүтээлийн түвшин ахиулсан, олноор нь үйлдвэрлэх боломжтой, шинэлэг шийдэлд зохиогчийн эрх, патент олгохоор зохицуулсан байдаг.

-Бүтээлийг бий болгосноос эхлэн зохиогчийн эрх автоматаар үүсдэг. Тэгэхээр оюуны бүтээлийг хулгайлахаас яаж сэргийлэх вэ?

-Зохиогч нь тухайн бүтээлээ туурвисан гэдгээ нотлох үүрэгтэй. Жишээ нь, шүлэг зохиосон бол номд хэвлүүлэх, эсвэл интернэтэд байршуулах нь нотлох хэлбэр. Үүнийг нь хулгайлсан, зөвшөөрөлгүйгээр хувилсан бол Зөрчлийн тухай хуулийн дагуу ОӨГ-ын хяналтын улсын байцаагч хариуцлага ногдуулдаг. Харин оюуны өмчийг бүртгүүлэхээр мэдүүлэг гаргахаас эхлээд эрхээ эзэмших хүртэлх харилцааг дээрх гурван хуулиар зохицуулдаг юм. Мөн патент, барааны тэмдгийг бүртгэх, эрхийг нь олгохтой холбоотойгоор маргаан таслах зөвлөл ажилладаг. Жишээлбэл, та нэг боолтод патентын эрх авахаар хүсэлт өглөө. Үүнийг нь шүүж, нягталсны үндсэн дээр “Гадаадын А гэдэг иргэний нэр дээр олгосон патенттай таных ижил байна” гэсэн хариу өгсөн тохиолдолд та ялгаатайг нь нотолж, патентын эрх авах зорилгоор маргаан үүсгэх боломжтой. Нэг талаар патентын эрх авсан иргэний эрхийг хамгаалах, нөгөөтээгүүр, оюуны өмчөө бүртгүүлэх гэж буй хүнд боломж олгох зохицуулалт юм. Энэ бол бүтээлийг бүртгэж, патентын эрх олгохтой л холбоотой асуудал. Харин эрхээ эзэмшчихсэн байхад бүтээлийг нь хуулбарласан бол зөрчил.

-Патентад юуг хамааруулах бол?

-Патентын тухай хуулиар оюуны өмчийн гурван төрөл болох шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвартай холбоотой харилцааг зохицуулдаг. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загварт патент, ашигтай загварт гэрчилгээ олгож байгаа. Гэхдээ ашигтай загварт патент олгохоор төсөлд тусгасан. Мөн ашигтай загвар, шинэ бүтээлийг адил зохицуулалтаар бүртгэж, эрх олгодог болно. Байгалийн хуульд тулгуурлан сэдсэн, шинэлэг шийдэлтэй, үйлдвэрлэлд ашиглах боломжтойд нь шинэ бүтээлийн патент олгохоор төсөлд тусгасан. Жишээ нь, нар, салхи, усыг ашиглан, эрчим хүч бүтээснийг үүнд хамааруулна. Түүнчлэн багаж, хэрэгсэл зэргийн хийц, хэлбэр, эсхүл түүний бүрэлдэхүүн хэсэгт хамаарах техникийн шийдлийг ашигтай загвар гэж тодорхойлсон. Бүтээгдэхүүний загвар гэдэг нь харагдах байдал буюу дүрс, хийц, хэлбэр, өнгө, бүтцийн болон хээ чимэглэлийн уран сайхны шийдлийг хэлнэ. Тухайлбал, хувцасны загвар, хийц гэх мэт. Үүнээс гадна шинэ бүтээлийн патент нь 20, ашигтай загварынх 10, бүтээгдэхүүний загварынх 15 жилийн турш хүчинтэй байхаар төсөлд заасан.

-Патентын эрхийг мэдүүлэг өгснөөс 12 сарын дараа олгодог. Энэ хугацааг өөрчлөх үү?

-Хэвээр нь үлдээсэн. Патентын хамтын ажиллагааны олон улсын гэрээнд зааснаар бол патентын эрхийг мэдүүлэг ирүүлснээс нь хойш 31 сарын дараа олгодог. Олон шалгуурыг хангаж буй, эсэхээс гадна хайлтын сангаас шүүсний эцэст патентад эрх олгодог. Үүнд анхдагч болон давамгайлах огноо их нөлөөтэй. Анх мэдүүлэг өгсөн өдрийг анхдагч огноо гэнэ. Харин Парисын конвенцод нэгдсэн аль нэг улс, тухайлбал, ОХУ-ын оюуны өмчийн байгууллагад патентын эрх эзэмших хүсэлт өгөхдөө Монголд анх мэдүүлэг гаргасан анхдагч огноогоо ашиглах боломжтой бөгөөд энэ нь давамгайлал болно. Гэхдээ үүнийг хуульд заасны дагуу зургаан сарын хугацаанд л гаргах боломжтой. Тэгэхээр адил төрлийн шинэ бүтээлд эрх авахаар өөр өөр улсын оюуны өмчийн байгууллагад иргэнээс нь хүсэлт ирүүлсэн бол давамгайлах огноотойд нь олгох, эсэхийг гэрээ, хуулийн дагуу хянаж, шийддэг.
Чанартай бүтээлд л патентын эрх олгож байж эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Шинэлэг бус шийдэлд эрх авахаар мэдүүлэг өгдөг тохиолдол их. Энэ бүхний мөрөөр хайлтын сангаас шүүхэд хугацаа их шаарддаг. Тэгэхээр чанартай, шинэлэг бүтээлд л мэдүүлэг гаргах буюу бичиг баримтын бүрдэлд нь тодорхой шалгуур тавих зэрэг процессын үйл ажиллагааг төсөлд тусгасан.

-Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд ямар өөрчлөлт оруулах бол?

-Барааны тэмдэг нь бидний мэддэгээр лого, эмблем. Барааны тэмдэг, газар зүйн заалтыг бүртгүүлж, эрх авах хугацаанд няцаах боломжгүй. Жишээ нь, хэрэглэгчийн танил болсон логог хэн нэгэн бүртгүүлэхээр мэдүүлэг өгвөл тухайн логог эзэмшигч нь гомдол гаргаж, няцаах шаардлагатай. Гэтэл одоогийн хуулиар няцаах боломжгүй. Харин тухайн логог бүртгэсний дараа л маргаан үүсдэг тохиолдол олон. Тиймээс няцаах зохицуулалтыг дээрх төсөлд тусгасан. Мөн барааны тэмдгийн эрх эзэмшсэн мөртлөө түүнийгээ хэрэглээнд нэвтрүүлэхгүй таван жилийн хугацаа өнгөрсөн бол гуравдагч этгээдийн хүсэлтийн дагуу хүчингүй болгох, эсэхийг шийдвэрлэхээр заасан.

-ОӨГ үйлчилгээнүүдээ хэр цахимжуулж байна вэ?

-Мэдүүлгийг цахимаар хүлээн авдаг болсон. Мөн мэдүүлгийн бүртгэлийг цахимаар харах боломжтой. Манай салбар их онцлогтой учир “E-Mongolia”-д үйлчилгээгээ нэвтрүүлэхэд хүндрэлтэй тал бий. Оюуны өмчийн эрхийг анх мэдүүлсэн огноогоор нь дугаарлаж, олгодог. Гэтэл “E-Mongolia”-д иргэд регистрийн дугаараа ашиглан нэвтэрдэг. ОӨГ-ын үйлчилгээг тус системд нэвтрүүлэх боломжийг судалж байна.

-Цаашид ямар ажил хийхээр төлөвлөв?

-Оюуны өмчид онцгой эрх олгох нь бизнесийг хамгаалж, үнэ цэнийг бий болгох зорилготой. Туурвигч, зохион бүтээгч, эзэмшигч нь оюуны бүтээлээсээ эдийн засгийн ашиг хүртэх боломж бүрдүүлэхэд л төвлөрч ажиллана. Хууль сурталчлах, хэрэгжүүлэх чиглэлээр олон ажил төлөвлөсөн ч хорио цээрийн хязгаарлалтын улмаас хойшлоод байна. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд зориулсан сургалтыг 2019 оноос хойш хийсэн. Дэлхийн оюуны өмчийн байгууллагатай хамтран сав, баглаа боодлын үйлдвэрлэл эрхлэгчдэд сургалт явууллаа. Шинэлэг, эко сав, баглаа боодол бүтээж, олон улсад танилцуулж, эрхийг нь эзэмшүүлэх зорилготой байсан ч хил хаасны улмаас гадаадад үзэсгэлэн зохион байгуулах боломжгүй болсон. Оюуны өмчийн ойлголтыг дээшлүүлэх шаардлага бий. Жишээ нь, лицензийн эрхгүй программыг бүх нийтээр хэрэглэдэг. Хоол хүнсээ худалдаж авах ёстойг хүн бүр мэддэг ч бусдын оюуны өмчийг үнэгүй ашиглаж байна. Тиймээс сургуулийн хөтөлбөрт оюуны өмчтэй холбоотой хичээлийн агуулга багтаахаар БШУЯ-ныхантай санал солилцож байгаа. Инновац бий болгож, үйлдвэрлэлд нэвтрүүлэн, хүний хэрэгцээг л хангахгүй бол тухайн оюуны өмчид онцгой эрх олгож, хамгаалах шаардлагагүй гэж үздэг болсон. Манайд шинэлэг санаа, бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх нь дутагдалтай байна. ОӨГ оюуны өмчийн харилцааг зохицуулах чиг үүрэгтэй ч инновацад нэвтрүүлэх асуудлыг БШУЯ, жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, бодлого, төлөвлөлтөөр хангахыг өөр яам, агентлаг хариуцдаг учир бүтэц, зохион байгуулалт, уялдаа холбоог сайжруулах шаардлагатай. Түүнчлэн судалгааны ажил, бүтээлийн нэгдсэн сан бүрдүүлж, зохиогчийн эрхийг хамгаалах зорилгоор хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллана. Мөн караокед тоолуур байршуулж, дуучин болон ая, шүлэг зохиогчид нь ашиг хүртээхийг зорьж байна. Ерөнхий сайдын тэргүүлэх Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн ажиллах журмыг Засгийн газрын хуралдаанаар баталсан. Ингэснээр оюуны өмчийн салбарыг хөгжүүлэхэд төр, засаг онцгой анхаарч, ахиц дэвшил гарах юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.