Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.НАРАНЖАРГАЛ: Эрэн сурвалжилсан нийтлэлүүдийг уншаад сэтгэл өвдөж, нойр хулжсан

-Улс төр, бизнесээс үүдэлтэй солиорол дэлхий нийтэд бий болчихжээ-

Оросын саятан Глеб Фетисовын санаачилсан Фетисовын нэрэмжит эрэн сурвалжлах сэтгүүл зүйн II уралдааны шагнал гардуулах ёслол энэ сарын 22 буюу өнгөрсөн пүрэв гарагт Швейцарын цагаар 19.00-д Цюрих хотод болж, 77 орны сэтгүүлчдийн илгээсэн 282 нийтлэлээс байгаль орчин, иргэний эрхийн хөдөлгөөнд, энх тайвны төлөөх хувь нэмэр, эрэн сурвалжлах сэтгүүл зүй гэсэн дөрвөн төрөлд шилдгүүдийг шалгаруулжээ. Энэхүү нэр хүндтэй арга хэмжээний шинжээчдийн багт Монголоос анх удаа уригдан ажилласан, “Глоб интернэйшнл төв” ТББ-ын Удирдах зөвлөлийн дарга Х.Наранжаргалтай ярилцлаа. Шударга ёс, эр зориг, хүмүүнлэгийн үнэт зүйлсийг дэлхийн өнцөг булан бүрийн гарамгай сэтгүүлчдийн жишээн дээр сурталчлах, энэ салбарын боловсон хүчнийг цоо шинэ түвшинд “төрүүлж”, бойжуулах, сэтгүүл зүйн шинэ эрэлт хэрэгцээг хангах зорилготой, дэлхийн хэмжээний уг уралдааныг дэнслэх багт уригдана гэдэг нь түүний үнэлэмжийн баталгаагаас гадна том бахархал. Нөгөөтээгүүр, манай сэтгүүл зүйн салбарынхны нүд, чих илүүтэй нээгдэж, олон улсын мэргэжил нэгтнүүдээсээ суралцах боломж гэж болно. Өнөөгийн манай сэтгүүлчид төрийн хяналтын болон мөрдөх, шүүх байгууллагаас авсан мэдээ, материал, эсвэл улс төр, бизнесийн өрсөлдөгчөө намнах гэсэн далд санаатай, баталгаа, нотолгоо нь бүрхэг зүйлийг өөрийн үгээр хачирлан бичсэнээ эрэн сурвалжлах сэтгүүл зүй хэмээн ойлгох нь бий. Тэгвэл жинхэнэ эрэн сурвалжлах сэтгүүлчид хэрхэн эрж хайж, ямархуу хүнд нөхцөлд, эр зориг гарган ажилладгаас үлгэр аваасай гэсэн үүднээс бид дээрх уралдаанд шалгарсан бүтээлүүдийг албан ёсны эрхтэйгээр орчуулан нийтлэх болно.

…Гол нь бид яаж улс төрийн нөлөөнөөс хараат бус байх вэ гэдэг нь том бэрхшээл. Бид өнөөдөр “Оюутолгой”, “Тавантолгой” төслийн талаар хэвлэлээс нэг бол асар мундаг, сайн, эсвэл адгийн муу гэсэн хоёр туйл руу үсэрсэн, захиалгатай материал л уншиж байна. Үнэндээ бол сэтгүүл зүйн хараат материал байхгүй. Уг нь байдлыг үнэн, бодитоор дуугарч, асуудлыг хөндөж ирсэн бол өнөөдөр арай өөр дүр төрхтэй байхыг үгүйсгэхгүй…

-Сэтгүүлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг сурталчлах, нийгэм дэх нөлөөллийг нь таниулах зорилготой олон янзын уралдаан дэлхийн хэмжээнд олон болдог. Фетисовын нэрэмжит эрэн сурвалжлах сэтгүүл зүйн уралдаан тэдгээрээс юугаараа онцлог бол?

-Цар тахалгүй үеийнх шиг энгийн амьдралаа үргэлжлүүлэх боломж хумигдсан онцгой нөхцөл байдал, цаг үед эхлэлээ тавьж, амжилттай үргэлжилж байгаа нь энэ уралдааны онцлог болов уу. Өнгөрсөн пүрэв гарагт болсон шагнал гардуулах ёслолын үеэр Шүүгчдийн зөвлөлийн гишүүн Эйдэн Уайт энэ талаар дурдаад, ийм хэцүү цаг үед сэтгүүлчдийг дэмжсэн шагнал бий болсон нь маш том урам, урьд урьдынхаас ч илүү хэрэгтэй “ташуур” боллоо гэсэн.

-Энэ уралдааны шүүгчдийн бүрэлдэхүүнд Европын сэтгүүлчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаас эхлээд олон улсын сэтгүүл зүйн салбарын тэргүүлэх мэргэжилтнүүд багтдаг юм байна. Шүүгчдээс гадна шинжээчдийн баг бүрдүүлдэг нь шүүлтийн шударга, хараат бус байдалтай холбоотой гэж ойлголоо. Тэр багт Монголоос Та анх уригджээ. Шинжээчдийг ер нь ямар шалгуураар сонгодог юм бэ?

-Дотооддоо болдог сэтгүүл зүйн уралдаанууд болон ЮНЕСКО-гийн Мэдээлэл, харилцааны олон улсын хөтөлбөрийн Засгийн газар хоорондын зөвлөлийн Товчооны дэд даргаар сонгогдон улсаа төлөөлөн ажиллахдаа, мөн Олон улсын сэтгүүлчдийн холбооны Гүйцэтгэх хорооны гишүүн байхдаа гэхчлэн янз бүрийн шугамаар тив, дэлхийн хэмжээний төсөл шалгаруулах арга хэмжээнд оролцсон зэрэг тодорхой туршлагатай ч яг энэ удаагийнх шиг цар хүрээний ажилд анх удаа хамрагдсан нь сонирхолтой, өндөр хариуцлагатай байлаа. Надад санал тавихад нь юуны түрүүнд шүүгчдийнх нь бүрэлдэхүүнийг сонирхсон. Олон улсын сэтгүүлчдийн холбоо (ОУСХ)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар 20 гаруй жил ажилласан, Ёс зүйт сэтгүүл зүйн сүлжээг үүсгэн байгуулж, 126 гишүүн оронтой, дэлхийн сэтгүүлчдийн хамгийн том байгууллага болгоход асар их үүрэг гүйцэтгэсэн, хүний эрх, ёс зүйн асуудлаарх сэтгүүл зүйн олон бүтээлтэй Эйдэн Уайт уралдааны үндсэн Цэцийн шүүгчдийн нэг гишүүн байсан учраас эргэлзээгүй зөвшөөрсөн. Ц.Дашдондог гуай ерөнхийлөгч нь байсан, Чөлөөт ардчилсан сэтгүүлчдийн эвлэл анх удаа ОУСХ-ны гишүүн болж, хамтран ажиллаж байсан учраас энэ хүнийг Монголын сэтгүүлчид сайн мэднэ.

Шалгаруулалтын зарчмын хувьд, бүтээлүүдийг хүлээн авсны дараа юуны түрүүнд зохион байгуулагчдаас бүрддэг Байнгын хорооны гишүүд нь уншиж, танилцаад шаардлага хангах, эсэхийг шийднэ. Эхний шатны шалгаруулалт гэсэн үг. Эндээс тунаснуудыг олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл болсон 22 шинжээч рүү илгээсэн. Энэ жил 77 орноос 282 бүтээл ирүүлснээс Байнгын хорооны гишүүд 252-ыг сонгож, дараагийн шатанд тэнцүүлжээ. Хоёр дахь шатны шүүлт нь шинжээчдийн ажил. Бид тус бүртээ 252 бүтээл уншиж, дэнсэлсэн. Тэдгээрээс эрэн сурвалжлах, иргэний эрх, байгаль орчинд болон энх тайванд оруулж буй хувь нэмэр гэсэн дөрвөн төрөл тус бүрт 10-ыг нь шалгаруулж, нийт 40 материалыг гурав дахь шат буюу Цэцийн шүүлтэд шилжүүлэх учиртай. Ингээд 22 шинжээчийн сонголтоор шалгарсныг Цэцийн гишүүд дэнслэн, эцсийн дүнгээ гаргаж, шилдэг 12 бүтээлийг тодруулах зарчмаар явдаг. Тодруулбал, дөрвөн төрөл тус бүр гурван байртай. Ангилал тус бүрийн тэргүүлэгч нь 100 мянга, удаах нь 20 мянга, гуравдугаар байрынх нь 10 мянган швейцар франкийн шагналтай.

-Нэг шинжээч 252 бүтээл уншиж, үнэлж дүгнэнэ гэхээр үнэхээр “чанга” юм байна даа.

-Тийм олон бүтээл байхын чинээ төсөөлөөгүй болохоор материалуудыг хүлээж аваад жаахан “айсан”. Дэлхийн өнцөг булан бүрээс ирүүлсэн 252 бүтээлээс 40-ийг нь л сонгох ёстой. Нэг материал нь хэдэн арван хуудас, зарим нь бүр цувралаар гэхээр маш их ачаалалтай, нүсэр ажил байсан. Бүгд мэргэжлийн түвшний, маш чамбай бүтээл учраас сонголт хийхдээ нэлээд “хямарлаа”. Тэрийг ч, энийг ч сонгочихмоор. Хасчихаар хайран санагдаад, зарим материалыг дахин уншиж, бусадтай нь жишиж эргэцүүлсний эцэст дүгнэсэн. Өндөр түвшний бүтээлүүд дундаас шилдгүүдийг сонгоход үнэхээр хэцүү байлаа.

Энэ жилийн хувьд Африкийн орнууд, тэр дундаа Нигери улсын, мөн Энэтхэгийн сэтгүүлчид өргөн оролцсон. Нийтлэлийн төрлийн хувьд байгаль орчин, эрэн сурвалжлах чиглэлийнх түлхүү байлаа. Онцлох өөр зүйл гэвэл, энэ удаа Шинжээчдийн зөвлөлийн 22 гишүүн тус бүрийн сонгосон 40 бүтээлийг нэгтгээд, давхцсаныг нь хасаад, эцсийн байдлаар бүртгэхэд шилдэгт 35 нь тунасан юм билээ. Үүний 13 нь сэтгүүлчдийн хамтын ажиллагааны үр дүн, үлдсэн 22 нь бие даасан сэтгүүлчдийн бүтээл. Хамтарсан бүтээлд хил дамнан эрэн сурвалжилсан, дүн шижилгээ, үнэлгээний баримт нотолгоо бүхий материалууд багтсан. Жишээ нь, Латин Америкийн бараг ихэнх улсын сэтгүүлчид нэгдээд, Британийн мэргэжил нэгтнүүдтэйгээ хамтран ажиллажээ. Мөн Герман, Энэтхэгийн сэтгүүлчид хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр эрхлэлтийн талаар хөндсөн хамтын бүтээлээ илгээсэн байна. Энэ шалгаруулалт үнэхээр том өрсөлдөөн байсныг онцлон тэмдэглэх нь зүйтэй.

-Бүтээлүүдэд болон шалгаруулалтад ямар шалгуур тавьдаг бол?

-Үндсэн долоон шалгуурыг голчилсон. Нэгдүгээрт, нарийвчлал, нягт нямбай байдал. Мэдээллийг баримтад түшиглэсэн найдвартай байдал гэсэн үг. Хоёрдугаарт, хараат бус байдал. Улс төрийн хамаарал байгаа, эсэхээс гадна зохисгүй нөлөөлөл, ямар нэгэн хэтрүүлэг, урвуулан ашигласан зүйл байж болохгүй. Дараагийнх нь мэдээж тал тохой татахгүй, алагчлалгүй шударга байх. Дөрөвт, хүнлэг байх буюу хохирогч, цөөнх, эмзэг бүлгийг ялгаварлан гадуурхахгүй, хүндэтгэх зарчим баримтлах. Энэ шалгуурт нийцээгүй ганц, хоёр материал байсан. Израил, Палестины талаарх материалд зөвхөн нэг талыг барьсан байх жишээтэй. Дараагийн нэг шалгуур нь ил тод байдал. Мэдээлж, сурвалжилж байгаа үйл явдал нь яаж нээлттэй болсон юм бэ. Сэтгүүлчид өөрсдөө хариуцлагатай байж чадаж уу. Өөрөөр хэлбэл, иргэд, нийгмийн өмнө хариуцлагаа хүлээж чадаж байна уу гэсэн үг. Зургадугаарт нь, ёс зүйн зарчим. Долоод, тодорхой газар нутаг, улс орон, дэлхийн хэмжээнд улс төр, эдийн засаг, нийгмийн байдалд нийтлэлийн эерэг нөлөөлөл юу байв гэсэн зохион байгуулагчдын тавьсан шалгууруудыг хангасан байх ёстой.

Өөр нэг онцлог нь, тухайн бүтээл дан дүрс бичлэг, радиогийн нэвтрүүлэг хэлбэрээр бус, нийтлэл байх ёстой гэсэн шалгууртай. Орчин үед сэтгүүл зүйн нийтлэлийн арга барил өөрчлөгдөж байна. Энэ нь зөвхөн бичмэл биш, дүрс, зураг, графикийг хослуулсан холимог арга барил өргөн ашигладаг онлайн нийтлэлийн шинж гэсэн үг. Бүтээлүүдийг өөрийн хэлээс гадна заавал англиар, мэргэжлийн түвшинд орчуулсан байх шаардлагатай. Би өөртөө жаахан ажил удаж орос хэлээрх материалуудыг англи орчуулгатай нь тулгаж сонирхсон юм. Мундаг хөрвүүлсэн байна лээ.

-Олон улсын сэтгүүлчид нийтлэлдээ эх сурвалжуудыг хэрхэн ашигласан байна вэ. Ер нь ямар дэвшил, авууштай зүйл ажиглав?

-Эх сурвалжид тавьдаг бүх шаардлагыг маш сайн ашиглажээ. Мөн иргэний нийгмийн байгууллагуудын янз бүрийн тайлан, хүний эрхийн чиглэлээр ажилладаг мэргэжилтэн, төрийн албан хаагчдын хэлсэн үг, улсынхаа албан ёсны статистик тоо баримт зэрэг өгөгдлийг бүтээлдээ оновчтой, сайн ашигласан байна. Өгөгдөлд дүн шинжилгээ хийнэ гэдэг бол том зүйл. Мөн шүгэл үлээгч, нууц эх сурвалжийг ашиглахаас гадна тэдний өгсөн мэдээллийг нотолсон байна.

-Дэлхийн сэтгүүлчид ямар сэдвийг илүүтэй хөндөж вэ?

-Иргэний эрхийн сэтгэл түгшээсэн зөрчлүүд, цагаач, дүрвэгсэд, шилжин суурьшигчдын хүний эрх, байгаль орчны аюулгүй байдал, үүнээс үүдсэн эрүүл мэндийн ноцтой асуудал, хил дамнасан хүний наймаа, хөдөлмөрийн мөлжлөгө, хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр, үүнд үндэстэн дамнасан улс төр, бизнесийн ашиг сонирхлын нөлөө гэх мэт өнөөдөр олон улсын хэмжээнд хурцадмал асуудал олон болжээ, харамсалтай нь. Нэгдүгээр байрт шалгарсан багийн гишүүн нэг эмэгтэй “Шагналын мөнгөнийхөө тал хувийг цагаачлагч, шилжин суурьшигчидтай ажилладаг байгууллагуудад хандивлана. Үлдсэнийг нь өөрсдийн эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхэд зарцуулна” гэсэн. Үнэнийг хэлэхийн тулд өргөн эрэн сурвалжилж, “гүнзгий ухаж”, дүн шинжилгээ хийдэг сэтгүүлчдийн ажилд цаг хугацаа, мөнгө санхүү маш чухал. Энэ утгаараа ч дээрх уралдаан, шагнал маш их ач холбогдолтой.

-252 нийтлэл дундаас сэтгэлийг тань хамгийн их түгшээсэн, гэгэлзүүлсэн, эсвэл баярлуулсан нь аль чиглэлийн, ямар орны сэтгүүлчийнх байв?

-Бүх материалд сэтгэл эмзэглэж, “Энэ ертөнцөд юу нүүрлээд байгаа юм бэ” гэж халаглаж байлаа. Жишээ нь, уул уурхайгаас үүдсэн байгаль орчны бохирдлын улмаас эх орон нь ундны усны гачигдалд орчихсон учраас хил дамнуулан авчирдаг талаар Нигерийн нэг сэтгүүлч хөнджээ. Үнэхээр сэтгэл эмзэглэсэн зүйл гэвэл, тэндхийн энгийн иргэд ундны устайгаа золгохын тулд хилийн цэргийн удирдлагаас эхлээд шат дамжсан авлигачдын сүлжээнд хахууль өгдөг юм байна. Энэ мэтээр бүтээлүүдийг уншсаны дараа сэтгэл өвдөж, нойр хулжих энүүхэнд. Бид зүгээр л гүйлгээд уншчихгүй шүү дээ, үнэлэлт дүгнэлт өгөхийн тулд тэмдэглэнэ, дүн шинжилгээ хийнэ. Бүр “солиорол” гэж тэмдэглэсэн материалууд ч бий. Энэ бүгдээс харахад улс төр, бизнесээс үүдэлтэй солиорол бий болчихжээ, дэлхий нийтэд. Экологийн сүйрэл төдийгүй хүн зүгээр л хөсөр хаягдаж байна.

Үүнээс гадна шударга шүүхийн тогтолцоо алдагдсаныг өгүүлсэн материал нэлээд хэд байсан. Нигери улсын Фисайо Соёмбо гэсэн гоё нэртэй чөлөөт сэтгүүлч энэ талаар бичихийн тулд өөрийгөө золиосолж, нууц нэрээр шоронд хүртэл хоригджээ. Ингэхдээ сэтгүүлч гэдгээ нуусан байгаа юм. Энэ нийтлэл эрэн сурвалжлах төрлийн дэд байрт шалгарсан. Хахуульд идэгдсэн тогтолцооны талаар Африкийн хэд хэдэн сэтгүүлч хөндсөн. Үсчний газраа хаагаад, гэртээ харих замдаа жагсагчидтай санамсаргүй таарч, хоморголон баривчлагдсан залуу хорионоос гарахын тулд өч төчнөөн хүнд барьцааны мөнгө төлсөн байх жишээтэй.

Нийгмийн сүлжээн дэх зарын дагуу хүүхдүүдийг хил дамнан хөдөлмөрийн мөлжлөгт оруулдаг, хүний наймаа хийдэг бүлгийнхэнтэй холбогдож, эмэгтэйчүүдийг секс боол болгодог тухай материалууд байсан. Нэг эмэгтэй өөрөө энэ хэргийг мөрдөж, явсаар байгаад, Абу-Даби дахь боолын зах дээр зарагдах шахсан талаар уншаад маш их айж, шаналсан. Ашгүй, түүний ажилладаг редакц нь сэтгүүлчийнхээ аюулгүй байдлыг хамгаалж, Интерполтой зөвшилцөн хамтран ажилласан тухай мэдээд сэтгэл онгойсон.

Энэ жилийн эрэн сурвалжлах шилдэг нийтлэлийн шилдгээр шалгарсан бүтээлд Энэтхэгт үе дамжин амьдарч байгаа хэдэн сая бенгал иргэн улсын бүртгэлд ч орж чадахгүй гадуурхагддаг талаар хөндсөн бол Оросын сэтгүүлч бүсгүй Байгаль нуурын экологийн тэнцвэр алдагдаж, харанга дэлдэх хэмжээнд хүрснийг Хятадын компаниудын зөвшөөрөлгүй үйл ажиллагаатай холбон бичсэн байна лээ. Энэ нь хэдийгээр шагналт байрт сонгогдоогүй ч бидэнд их сургамжтай санагдсан. Нэг сонирхолтой материал байсан нь “Тоёото моторс”-той холбоотой. Машиныг нь дайны талбарт цэрэг, зэвсгийн хүч болгон ашиглаж байгаа баримт олоод тус компаниас тодруулахад “Хүн төрөлхтний эсрэг хүч хэрэглэсэн аливаа үйл ажиллагаанд бид оролцдоггүй” гэсэн хариулт өгчээ. Энх тайвны зорилгоор ашиглана хэмээн худалдан авсан машин хэд хэд дамжиж зарагдсаар эцэстээ ийм нөхцөл байдалд орсон байх жишээтэй. Шантралгүй, уйгагүй явсаар үр дүнд хүрсэн энэ мэт бүтээл олон байсан нь талархууштай. Мэргэжлийн сэтгүүл зүй хаашаа “явчихав” гэж дэлхий нийтээрээ санаа зовж, хэвлэл мэдээллийнхэнд үл итгэх хандлага үүссэн өнөө цаг үед сэтгүүлчид, тэр дундаа залуу үеийнхэн маань мэргэжилдээ үнэнч, ажилдаа дурлаж, асуудлыг гүнзгий судалж, ёс зүйн хэм хэмжээнд, мэргэжлийн түвшинд хөндөж, гаргаж тавьж байгаад баярласан. Хүн төрөлхтний үнэт зүйлийг хамгаалахын төлөө тууштай явдаг сэтгүүлч, ялангуяа эмэгтэй сэтгүүлч олон байгаа нь бахархалтай.

-Энэ уралдаан олон улсад нээлттэй. Монголын сэтгүүлчид маань оролцохыг хүсвэл юуг анхаарч ажиллах вэ. Мөн бүтээлээ хэвлүүлсэн байдал, хугацаа нь ямар байх ёстой бол?

-Дээр дурдсан шалгууруудаас гадна хувийн араншингаараа сэтгэлийн хөөрөл, уянгын халилыг хэтрүүлж болохгүй. Энэ нь сэтгүүл зүйн нийтлэл, материалын үнэ цэнийг унагах аюултай. Мөн үндсэн санаа, агуулгыг өөр тийш нь хөтлөөд явчих зүйлээс зайлсхийхээс гадна орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлага ямар болсныг, яавал хүмүүсийн анхаарлыг тухайн асуудалд хандуулан, төвлөрүүлэх вэ гэдгийг маш сайн төлөвлөж, далайцтай, болж өгвөл хамтарч ажиллах хэрэгтэй. Фетисовын нэрэмжит эрэн сурвалжлах сэтгүүл зүйн уралдаан улам өргөжиж, оролцогчийн тоо эрс өсөж байгаа нь энэ жилийн шалгаруулалтаас харагдсан. Өнгөрсөн онд болсон анхны уралдаанд 50 орны сэтгүүлчдийн 160 гаруй бүтээл ирсэн юм билээ. Энэ онд оролцогчийн тоо үлэмж өссөн. Тэгэхээр ёс зүйг дээдэлсэн, мэргэжлийн түвшний, өргөн цараатай бүтээл байж л өрсөлдөнө шүү дээ. Нөгөөтээгүүр, манай сэтгүүлчид хэлний мэдлэг, боловсролдоо анхаарах хэрэгтэй. Хүн бүр англи хэл мэддэггүй байж болох ч хэлний зуучлагч гэхэд хэр оновчтойг сайн мэдэхгүй юм, ямартай ч тийм нэг хүн редакцад хэрэгтэй санагддаг. Хэлтэй байж гэмээнэ олон улсын хэмжээнд холбоо харилцаа үүсгэж, энд тэндээс зарласан уралдаан, төсөлд хамрагдах боломжтой. Тухайлбал, “Рио Тинто”-гийн асуудал хөндөх гэж байгаа бол Австрали, Нидерландын сэтгүүлчидтэй хамтарч ажиллах боломжтой. Тэгсэн тохиолдолд өргөн хүрээнд далайцтай бүтээл гарна биз дээ. Бас нэг чухал зүйлийг онцлоход, тухайлбал, Д.Трампын өмнөх сонгуулийн тухай мэдээлэл, баримтуудыг ашиглан шударга сонгуулийн асуудлыг хөндсөн Америкийн нэг сэтгүүлчийн маш сайн, сонирхолтой бүтээл байсан. Харин энэ шалгаруулалт АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн аян эхэлсэн үетэй таарсан учраас улстөржсөн өнгө аястай болчих вий гэсэн болгоомжлол төрсөн учир би тэнцүүлээгүй.

Бүтээлээ энэ уралдаанд илгээх тухайд бол энэ оны зургадугаар сарын 1-нээс дараа жилийн тавдугаар сарын 31 хүртэлх хугацаанд хийсэн ажил байна. Үүнийгээ хэвлэн нийтэлж, олны хүртээл болгосон байх, түүнийхээ эх хувийг хавсаргах шаардлагатай. Насны хувьд 18-аас дээш байх ёстой. Энэ бүх мэдээллийг уралдааны албан ёсны сайтаас авах боломжтой.

-Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн хичээл зүтгэл, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд олон улс дамнасан мөнгө угаах, хүний болон амьтны, эд эрхтний наймаа гэхчлэн олон төрлийн гэмт хэргийг илрүүлсэн байдаг. Бүр шинжлэх ухааны том нээлт хэмээн зарласан алдартай эрдэмтний булхайг хүртэл сэтгүүлч илрүүлсэн нь бий. Монголд ч гэсэн үр дүн, нийгэм дэх нөлөөлөл талаас нь харахад эрэн сурвалжлах сэтгүүлчдийн ажил үнэлэгдэж байна. Гэхдээ манайд энэ чиглэлийн сэтгүүл зүй жинхэнэ утгаараа хөгжихгүй байна гэж шүүмжилдэг. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Бид эрэн сурвалжлах сэтгүүл зүйд чин хүсэлтэй, илүү ул суурьтай, санаачилгатай хандаж, суралцах хэрэгтэй байна. Редакцуудын хувьд сэтгүүлчдэдээ бүтээл хийхэд нь зориулж хөрөнгө мөнгө гаргах хэрэгтэй. Өөр нэг зүйл нь, зөвхөн хоорондоо мэдээлэл солилцдог сэтгүүлчдийн сүлжээ бий болгох. Тэгсэн тохиолдолд заавал орон нутаг руу явахгүйгээр найдвартай хамтрагчдаасаа тусламж авах боломж бүрдэнэ. Гол нь бид яаж улс төрийн нөлөөнөөс хараат бус байх вэ гэдэг нь том бэрхшээл. Бид өнөөдөр “Оюутолгой”, “Тавантолгой” төслийн талаар хэвлэлээс нэг бол асар мундаг, сайн, эсвэл адгийн муу гэсэн хоёр туйл руу үсэрсэн, захиалгатай материал л уншиж байна. Үнэндээ бол сэтгүүл зүйн хараат материал байхгүй. Уг нь байдлыг үнэн, бодитоор дуугарч, асуудлыг хөндөж ирсэн бол өнөөдөр арай өөр дүр төрхтэй байхыг үгүйсгэхгүй.

Уралдааныг санаачлагч Фетисов шагнал гардуулах ёслолын үеэр “Улстөрчид, Засгийн газруудын популист, хүмүүсийн тархийг угаах суртал нэвтрүүлэг нийгэмд зонхилж байна. Үүнд бид автаад байвал үнэт зүйлсээ алдана. Хүмүүст асуулт байна, сэтгүүлчид тэдгээрт хариулж байгаад би талархдаг” гэж дурдсан нь их чухал санаа юм.

7
Зөв, гоёЗөв, гоё
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Х.НАРАНЖАРГАЛ: Эрэн сурвалжилсан нийтлэлүүдийг уншаад сэтгэл өвдөж, нойр хулжсан

  • Avatar Anonymous says:

    Зариг сайтын Өнөрцэцэг энийг уншиж юм ойлгож ухаараасай. Нямбаатарын дэмжлэгээр л баахан бичлэг олж аваад цацаад байх юм чааваас