Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Багшийн ур чадвар ба боловсролын салбарт сүүмэлзсэн гэрэл

Хүүхэд хэн болж өсөх нь эцэг, эхийн анхаарал, хайр, халамж, хүмүүжил болон багшийн сургах чадвараас хамаарна. Өдгөө ерөнхий боловсролын сургууль төгссөн хүүхдүүдийг их, дээд сургуулийн багш нар голдог. Улмаар дээд боловсролын дипломтой болчихоод ажил хийнэ гэхээр хүлээж авсан байгууллага, хамт олон нь гайхдаг. Ажлын талбарт, “тавцанд” ирсэн даруйдаа “Дунд, дээд сургуульд юу заалгасан юм бэ, багш нар чинь ямар хүмүүс байв” гэх зэрэг асуултаар “бөмбөгдүүлж”, ичгүүрийн “шахаа”-нд орох нь идэр залууст эвгүй байх нь ойлгомжтой. Оюутны ширээнээс өндийсөн болгон ийм биш ч энэ нь нийтлэг үзэгдэл болсныг бүгд л хүлээн зөвшөөрөх биз ээ.

Энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ур чадварын тухай авч үзэх гэж буй юм. Эхлээд түүхийг эргэн дурсаж, харьцуулъя. Социализмын үед манай улсад багш бэлтгэдэг хэдэн сургууль байсан бэ. Багшийн сургууль, Багшийн дээд сургууль л гэж байсан. Эдгээрт улс орон даяар ажиллах, бага, дунд ангийн сурагчдад хичээл заах багш нарыг сургаж, бэлтгэж байв. Хөтөлбөр нь ЗХУ-ынх. Уг хөтөлбөрөөр бэлтгэсэн оросууд оюуны ямархуу түвшинд ажиллаж, бүтээсээр ирснийг бид мэднэ. Шалгарсан инженерүүд машин, нисэх онгоц бүтээж, сансрын уудамд ч хүрсэн шүү дээ. Дан ганц энэ бус, бүхий л салбар, чиглэлд дэлхийд тэргүүлэгчдийг энэ хөтөлбөрөөр бэлтгэсэн. Эрчим хүч, анагаах, урлагийн салбарыг ч дурдаж болно. Сонирхолтой нь хүчирхэг Британи өнөөдөр “хоцрогдсон” гэх тэр хөтөлбөрийг хамгийн шилдгээр шалгаруулан, улмаар зарим чиглэлийнхийг нь шууд орчуулан хөрвүүлээд дунд сургуулийн сургалтдаа ашиглаж буй билээ.

Харин манай улсад байдал ямар байна вэ. Нэг, хоёрхон “цонхоор” хямгатай гэгч нь харж, авч явсан сургалт, хөтөлбөрийг 1990 онтой золгосноор хэрэггүй гээд элдэв янзаар оролдож эхэлсэн. Өнгөрсөн 30 жилд Багшийн сургууль болон Багшийн дээдийн зэрэгцээ янз бүрийн гараанаас ажлаа эхлүүлсэн 47 их, дээд сургууль багш бэлтгэсэн. Заримд нь компьютер хүрэлцэхгүй, ном, сурах бичиг гэх юмгүй, оюутнууд нь энд тэндээс ямар нэгэн материал хувилж, засаад, багшийн амыг хаах маягаар сурсан болж диплом гээчийг авдаг. Тэгээд болоогүй нутагтаа, өөр аймагт, сүйхээтэй нэг нь нийслэлд багш болсоор ирсэн. Чанаргүй, өөрөөр хэлбэл, чадваргүй багшийн “гараар орсон” хүүхэд хаанаасаа мэдлэг олж авах билээ. Энд хүүхдийн буруу байхгүй. Нөхцөл байдлыг эцэг, эхчүүд гадарладаг ч хүүхдийг нь ад үзэхээс болгоомжилж төдийлөн сөхөж ярьдаггүй. Хэлж, ярьсан зарим нь буруудсан түүх бий. Бодит байдлыг шүүмжилсэн иргэний охиныг багш нар ялгаварлан гадуурхсан тухай асуудал Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл хөгжлийн газарт хүрчихсэн л байсан.

Нөхцөл байдал одоо ч хэвээр. Өнгөрсөн жил тэтгэвэрт гарсан багш Г.Наранцэцэг энэ талаар “1997 онд багш нарыг бүтцийн өөрчлөлт нэрээр гурван жилийн цалинг нь өгөөд ажлаас нь гаргасныг санаж буй байх. Тэд бүгд бизнес хөөгөөд явсан. Үлдсэнийх нь цалинг нэмэлгүй яг 1980-аад оны түвшинд “барьсаар” өдий хүрсэн юм. Эдийн засагчдын тооцоолсноор 30 жилийн турш багшийн цалин жилд дунджаар ганцхан мянган төгрөгөөр нэмэгдсэн юм билээ. Тэгэхээр багшийн мэргэжлийг хэн сонгох юм бэ. Сүүлийн жилүүдэд багш нарын чанар муудсан нь үүнтэй шууд холбоотой” гэсэн. Мөн бусад хэд хэдэн багшийн санаа бодлыг тандахад “Чадвартай багш л хүүхдийг сайн сургана”, “Багынхан бага л байдаг” гэсэн үг бий. Ортой ч цаашид ийм үнэлэмжтэй байлгаж болохгүй. Тиймээс бага ангийн багш нарыг сайн боловсруулах хэрэгтэй” гэж байв. Мөн “Бага, дунд ангийн сурагчдад зохих мэдлэгийг чанартай олгосон, эсэхээс ирээдүй нь хамаарна. Дарга, сайд нар боловсролоор бизнес хийгээд, хувийн чанаргүй их, дээд сургуульд хүүхдүүдийг үргэлжлүүлэн сургасан нэрээр дөрвөн жил хотод сэлгүүцүүлж байгаад диплом нэртэй хавтас “зараад” 30 жил болох нь. Өнөөдөр иргэдийн олонхын амьдрал ядуу болон нэн ядуу бөгөөд хүүхдийнх нь хүмүүжил, боловсрол доод түвшинд хүрсний гол буруутан нь дарга сэтэртнүүд. Тэр тусмаа УИХ-ын үе үеийн гишүүд. Яагаад гэвэл тэд улс орны амьдралыг сайн хуулиудаар засаж залруулахаас илүүтэй ард түмний саналыг хуурч авах замаар өндөр албан тушаалд очдог. Улс даяараа дампуурсны гол буруутан нь тэд” хэмээн унтууцсан нь ч байв.

…Өмнөх шиг мэргэжил дээшлүүлэх сургалтад тав хоног суулгаад, болчихлоо гээд явуулах бус, харин өөрийгөө байнга хөгжүүлэх орчин нөхцөл бүрдүүлэх юм. Тиймээс сургууль бүрт багшийн хөгжлийн танхим байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарал хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл, багш зөвхөн ажил, мэргэжилдээ анхаарлаа хандуулах боломжийг олгох ёстой…

Байдал үнэндээ иймэрхүү байгаа нь бодит билээ. Тэгэхээр ирээдүй ямар байх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрийг байсхийгээд сольж ирэв. Сонгосон хөтөлбөрийнхөө үр дүнг нь үзээгүй байж, өөрөөр хэлбэл, багш, сурагчдад ажиллах, сургах, сурах хугацаа олголгүй дараагийнхад шилжүүлж байлаа. Энэ алдааны төлөөс нь өнөөдрийн их, дээд сургуульд ч, ажлын талбарт ч гологдох болсон төгсөгчид. Сургалтын хөтөлбөрийг үр дүнд хүртэл тууштай хэрэгжүүлэх бодлого хэзээнээс баримталж эхлэх вэ. Хэн эхлүүлэх юм бэ. Одоогийн БШУЯ энэ талд дорвитой, үр дүнг нь урьдчилан харж болохоор алхмууд хийж байна уу.

Юутай ч багшийн ур чадварыг сайжруулах чиглэлд ямар ажил хийж буй талаар тус яамны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очироос тодрууллаа. Тэрбээр “Таны ярьж байгаатай зарим талаар санал нэгдэнэ. Алдаа байсан. Оноо ч бий. Хамгийн гол нь цаашид алдаагаа засаад, сайжруулах тогтолцоо чухал. Боловсролын чанарыг сайжруулах хүрээнд олон төсөл, хөтөлбөр санаачилж, хэрэгжүүлдэг. Төсөл, хөтөлбөрийн үр дүнд бий болсон сайн туршлага, ололтоо хууль, эрх зүйн орчиндоо тусгаж баталгаажуулах ёстой. Боловсролын ерөнхий хууль, түүнийг дагалдан гарах хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барихад бэлтгэж байна. Одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуулийн хүрээнд болон шинээр өргөн барих хуулийн төслийн хүрээнд ч цаг алдалгүй эхлүүлэх, шийдлээ хүлээсэн олон асуудал бий. БШУЯ “Чадварлаг багш” хөтөлбөрийг энэ оны эхээр баталсан юм. Дэвшилтэт өөрчлөлт гаргах заалтууд тус хөтөлбөрт бий. Тухайлбал, санхүүжилтийн механизмыг цоо шинэ түвшинд гаргах юм. Өнөө хүртэл сургалтыг хувьсах, урсгал гэсэн зардлаар санхүүжүүлж, явуулж ирсэн. Харин цаашид үр дүн, гүйцэтгэлд суурилсан өндөр цалин, урамшуулал олгох боловсронгуй систем нэвтрүүлнэ. Хичээлийг ур чадвартай багш зааж, сурагчдадаа мэдлэгийг гүн бат олгохын зэрэгцээ тэднийг эрүүл чийрэг, тэгш хөгжүүлэн, хүмүүжүүлсэн багш нарт урамшууллыг харамгүй олгодог байх зарчим. Урамшууллыг шударгаар олгохын тулд үнэлгээ, стандартыг зөв тогтоох ёстой. Хөтөлбөрийн хүрээнд “XXI зууны багшийн загвар”, багш мэргэжлийн стандартыг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Мөн багшийг тасралтгүй хөгжүүлэх бололцоо олгох нь хөтөлбөрийн бас нэгэн зорилго. Өмнөх шиг мэргэжил дээшлүүлэх сургалтад тав хоног суулгаад, болчихлоо гээд явуулах бус, харин өөрийгөө байнга хөгжүүлэх орчин нөхцөл бүрдүүлэх юм. Тиймээс сургууль бүрт багшийн хөгжлийн танхим байгуулах, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангахад анхаарал хандуулах ёстой. Өөрөөр хэлбэл, багш зөвхөн ажил, мэргэжилдээ анхаарлаа хандуулах боломжийг олгох ёстой” гэсэн юм.

Түүнчлэн боловсролын салбарт засаглалын менежментийг сайжруулах шаардлагатайг тэрбээр онцоллоо. “Засаглалын гажуудал их байдаг нь сургалтын чанарт маш муугаар нөлөөлж ирсэн. Сургуулийн удирдлагуудыг томилгоогоор байсхийгээд л өөрчилдөг. Боловсролын дунд хугацааны хөгжлийн төлөвлөгөө боловсруулах багийн судалгаагаар 2012-2016 онд 600 гаруй удирдах ажилтан ямар нэг шалтгаанаар солигдсон байдаг. Боловсролын салбарт ажилласан туршлага багатай, удирдах арга ухаанд суралцаагүй, эрх бүхий албан тушаалтны үзэмжээр томилогдсон хүн сургууль яаж удирдах вэ. Энэ бол амьдралаар нотлогдсон завхрал. Сайн боловсон хүчнийг хэрэгтэй газарт нь байршуулах мерит зарчим алдагдсан. Ийм байдлыг засаж залруулах ёстой. Үүнийг эрх зүйн сайн орчинд, хүрэлцээтэй төсвийн хүрээнд шийднэ. Эдгээр зарчим өргөн барих хуулиудын шинэчилсэн найруулгын төсөлд туссан” хэмээн Т.Ням-Очир ярилаа.

Газрын даргын ярианаас ирээдүйд байдал сайжрах дүр зураг харагдаж байна. Бид өнгөрсөн 30 жилд боловсролын салбарт чамгүй адал явдалтайгаар “айл гэр болж” тоглож ирсэн. Бас аливаад цаг нь болох гэсэн бичигдээгүй хууль байдаг. Боловсролын салбарт суурь ач холбогдол бүхий шинэчлэлийн чанартай бодлого явуулж эхэлсэн бололтой. Үүнийг одоохондоо боловсролын салбарт сүүмэлзсэн гэрэлтэй зүйрлэж болохоор аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

61 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

61 thoughts on “Багшийн ур чадвар ба боловсролын салбарт сүүмэлзсэн гэрэл