Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцэд ажиллах чадамжгүйгээ дахин баталлаа

Үндсэн хуулийн цэц (ҮХЦ)-ийн гишүүн Д.Одбаярын олиггүй явдал хэрээс хэтэрлээ. Охид, хүүхнүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн үйлдлээрээ тэрбээр дэлхийд улсаа шившиглэсэн нь саяхан. Энэ удаа түүний өдүүлсэн асуудал амин хувийнхаас нь хэтэрч, албаныхаа нэр хүндийг унагаад зогсохгүй, Үндсэн хуулийг уландаа гишгэлж орхив. Тэрбээр урьд өмнө нь хэн ч хэзээ ч зөрчиж зүрхлээгүй Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийг үл тоосон гэнэ.

Иргэд санаж буй нь лавтай. Нэр бүхий иргэд Ерөнхийлөгч дахин сонгуульд нэр дэвших эрхтэй юү, үгүй юү гэх маргааныг хянан шалгахын өмнө “ҮХЦ Бага суудлын хуралдаанаар хэлэлцээгүй асуудлаа Дунд суудлын хуралдаанаараа шийдэх нь” хэмээн цахим орчинд үзэл бодлоо хүчтэй илэрхийлж, тус байгууллага руу дайрч байсан. Үнэндээ ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан болдгоороо болж, дээр дурдсан асуудлыг хянадгаараа хянаж, шалгадгаараа шалгаж, дүгнэлтээ гаргажээ. Өөрөөр хэлбэл, бүх зүйлийг хуулийн дагуу явуулсан гэсэн үг. Энд хуулиа зөрчсөн ганц хүн нь ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаяр аж.

Түүний хууль зөрчсөн үйлдлийг бичихээс урьтаж, ХҮН-ын дарга Т.Доржханд, хуульч Д.Үүрцайх, О.Мөнхсайхан нар ҮХЦ-д хандан, ямар гомдол гаргасныг дурдах нь зүйтэй болов уу. Тодруулбал,  Т.Доржханд, Д.Үүрцайх, О.Мөнхсайхан нар УИХ-аас Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль батлахдаа “Одоогийн Ерөнхийлөгч нэр дэвшихгүй байх заалт оруулаагүй нь Үндсэн хууль зөрчсөн” хэмээн маргажээ. Тэдний гомдлыг ҮХЦ-ийн гишүүн Д.Солонго хүлээн авч, үндэслэлтэй хэмээх дүгнэлт гаргасан аж. Харин ҮХЦ-ийн гишүүн Б.Буяндэлгэр уг дүгнэлтийг үндэслэлгүй хэмээн эсэргүүцжээ. Б.Буяндэлгэр эсэргүүцсэний дагуу ҮХЦ-ийн дарга Н.Чинбат 06 тоот тогтоол гаргаж, гишүүн Д.Одбаярыг даргалагчаар, Ш.Цогтоог хянан шалгагчаар, Ц.Нанзаддоржийг бүрэлдэхүүнд оролцуулж, дээрх маргааныг хэлэлцүүлэхээр ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан зарлажээ.

Ингээд гуравдугаар сарын 19-нд Бага суудлын хуралдаан эхэлж, Ш.Цогтоо УИХ-аас ирүүлсэн Үндсэн хууль зөрчөөгүй гэх тайлбар, баримтаар цугласан бусад материалыг илтгэх үед даргалагч Д.Одбаяр “Т.Доржханд өргөдөл гаргаж, Ш.Цогтоо гишүүнээс татгалзасан. Та танхимаас гар” хэмээжээ. Харин Ц.Нанзаддорж “Та  баримтад тусгаагүй өргөдөл хаанаас гаргаад ирэв. Тэгээд ч Б.Буяндэлгэр гишүүний эсэргүүцлээр хуралдааныг зарласан. Т.Доржханд бол Д.Солонго гишүүнд гомдол гаргасан хүн” хэмээн хэлэлцэх, хэрэлдэхийн завсар маргаан болжээ. Ингээд Д.Одбаяр гишүүн хурлыг орхин гарчээ. ҮХЦ-ийн түүхэнд гишүүд нь процессын хуулиа зөрчиж, хуралдаан орхин гүйдэг энэ мэт тохиолдол өмнө нь гарч байгаагүй гэнэ. Өөрөөр хэлбэл, бүрэлдэхүүний олонхтой санал зөрөнгүүтээ хуралдаанаа хаяад гарчихдаг Цэцийн гишүүн түүхэнд анх удаа тодорсон нь энэ. Ингээд Д.Одбаяр 22 минутын дараа танхимд дахин иржээ. Энэ үед Ц.Нанзаддорж гишүүн протоколд түүний гарч яваад буцаж ирснийг тэмдэглүүлснээр хуралдаан үргэлжилжээ. Гэтэл Д.Одбаяр дахиад л “Ш.Цогтоо гишүүн та гар” хэмээн “агсамнажээ”. Энэ удаа Ш.Цогтоо гишүүн “Б.Буяндэлгэр надаас татгалзаагүй учир гарахгүй. Би хууль зөрчөөгүй” гэх хариулт өгчээ. Д.Одбаяр өөрөөсөө ахмад гишүүн болох Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж нарыг элдвээр хэлж, хуралдааныг хоёр дахиа орхин гарсан байна. Улмаар хуралдаан завсарлаж, гурав хоногийн дараа дахин үргэлжилж, олонхын саналаар “УИХ хууль батлахдаа Үндсэн хууль зөрчөөгүй” гэх дүгнэлт гаргажээ. Гэтэл Д.Одбаяр гишүүн гарын үсгээ зурахгүй хэмээн гүрийж, хуралдааныг орхин гарчээ. Зарчмын хувьд ҮХЦ-ийн Бага суудлын хуралдаан хуулийн дагуу болсон ч Д.Одбаяр процессын хууль зөрчиж, хуралдааныг орхин гарч, тэр ч бүү хэл, олонхын саналаар шийдсэн асуудалд гарын үсэг зурахаас татгалзжээ.

ҮХЦ-ийн Дунд суудлын хуралдаан энэ сарын 16-нд болсон. Тухайн өдөр үүрэг авсан Тээврийн цагдаагийн албаныхан өдрийн турш ҮХЦ рүү явах зам, уулзваруудыг хааж, Дунд суудлын хуралдаанд оролцогчийн байрыг “Ковид-19” халдварт өвчин гарсан шалтгаар хөл хорьж, хууль ёсны өмгөөлөгчийг нь хүртэл, хяхаж хавчаад хуралдаанд оруулсангүй. Ингээд Бага суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрээс зөрүүтэй буюу  “УИХ Үндсэн хууль зөрчсөн” гэх дүгнэлт гаргасан. Ямар дүгнэлт гаргах нь ҮХЦ-ын мэдлийн хэрэг. Гол нь иргэдэд хаалттай, хуульчдад халтай, замын хөдөлгөөн хорин байж хуралдаанаа хийсэнд иргэд ихээхэн бухимдаж байгаа юм.

Хуульчид ч энэ талаар дор бүрнээ байр сууриа илэрхийлж байна. Гэхдээ олонх нь Д.Солонгогийн ҮХЦ-ийн гишүүнээр ажиллах, бүрэн эрхийн хугацаа нь дуусаж буй. Тэрбээр нэрээ дахин дэвшүүлсэн ч хоёр удаагийн санал хураалтаар сонгогдож чадаагүй. Тиймээс ах намд үйлчилж, гурав дахь удаагаа ҮХЦ-ийн гишүүнээр сонгогдох ийн замаа зассан хэмээцгээж байна. Харин Д.Одбаяр гишүүний хувьд сэвтсэн нэр төрөө сэргээхийн тулд намдаа үйлчлэх шалтгаан бий. Уг шалтгааныг мэдээллийн эхэнд дурдсан билээ. Гэвч, зарим хуульч Д.Одбаярт Үндсэн хуулийн цэцэд ажиллах чадамж алга хэмээн байр сууриа илэрхийлж, иргэд ч үүнийг нь дэмжиж байна. Д.Одбаярын өмнө нь гаргасан зүй бус үйлдэл дэлхийд шуугиан тарьсан удаатай. Түүнийг энэ удаа парламентын шийдвэрийг үл тоон, нэг намын даалгавраар ҮХЦ-ээр хууль бус шийдвэр гаргуулахын төлөө улайран зүтгэж, байгууллагынхаа нэр хүндийг дэлхийд шившиглэлээ хэмээн хуульчид ил тод шүүмжилж байна.

Экс Ерөнхийлөгч нар ирэх сонгуульд дахин нэр дэвших, эсэх асуудлыг шийдэх явцад ҮХЦ-д үйл явдлууд ийн өрнөжээ. Хамгийн гол нь эл үйл явдалд Д.Одбаяр гишүүний гүйцэтгэх үүрэг их байсныг хуульчид хэлж байна.  

Ямартай ч ҮХЦ түүхэндээ байгаагүйгээр гайхалтай хурдан “ажиллаж”, дөрөвдүгээр сарын 16-нд болсон Дунд суудлын хуралдааны дүгнэлтээ дөрөвдүгээр сарын 19-нд www.legalinfo.mn цахим хуудаст байршуулжээ. Тодруулбал, ҮХЦ-ийн хэвлэл мэдээллийн албанаас “Цэц шийдвэрээ УИХ-д илгээв. “Төрийн мэдээлэл” эмхэтгэлд нийтлүүлж, олон нийтийн хүртээл болгохоор шилжүүлсэн. Дүгнэлтийг хүлээн авсанаас хойш 15 хоногийн дотор хэлэлцэж, хариу ирүүлэхийг УИХ-д уламжиллаа” хэмээн тэмдэглэжээ.

1
ХарамсалтайХарамсалтай
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Д.Одбаяр Үндсэн хуулийн цэцэд ажиллах чадамжгүйгээ дахин баталлаа

  • Avatar иргэд олон түмэн says:

    МАН- ынхан гэж ийм л юмнууд байсан,байгаа,цаашид ч байх сонирхолтой,тийм учраас олон түмэн энэ намыг шүүмжлээд байгаа шүүдээ,одоо УИХ-д бас л ийм юмнууд ороод суучихсан,яанадаа яана?

  • Avatar zochin says:

    ene hvn bish arinh ni hvn ogzgond hvrsen geed korea.s yvuulsan geegvi ymu? tiim bol ene hvniig harluulah gd bh shig. herev barisan ni vnen bol er hvn shig ooroo ogtsroh heregtei!

  • Avatar Iim says:

    Im huniig odoo hurtel yu gej bailgaj bdag yum shivshig