Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.ГАНТУЛГА: Тэмдэглэл хөтөлснөөр нойргүйдлийн шалтгаан, анагаах аргыг тодорхойлох боломжтой

“Ковид-19”-өөс урьдчилан сэргийлэх хөл хорионы үед цөөнгүй хүн нойргүйдэлд өртөх болсон. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх, цаашлаад нойргүйдэлд өртсөн тохиолдолд ямар арга хэмжээ авах талаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн сэтгэл засалч эмч Г.Гантулгатай ярилцлаа.

-Нойргүйдэлтэй холбоотойгоор олон хүн хамруулсан бие даасан судалгааг манай улсад хийсэн болов уу. Хөл хорионы улмаас нойрны асуудалтай болсон хүний тоо олширсон уу?
-Нойргүйдэл нь ихэвчлэн бусад өвчний дагалдах шинж тэмдэг болдог. Жишээ нь, стрессийн судалгаануудад дагалдах шинж тэмдэг маягаар оруулсан нь бий. Харин бие даасан судалгааг би одоогоор үзээгүй. Ерөнхийдөө үйлчлүүлсэн иргэдийг ажиглахад бидний амьдралын хэв маягтай холбоотойгоор нойргүйдэл ихсэж байна. Ялангуяа “Ковид-19”-өөс сэргийлэх хөл хорионоос шалтгаалан маргааш нь төлөвлөсөн ажилгүй хүмүүс үүр цайтал зурагт үзэх, нийгмийн сүлжээ ашиглах гэх зэргээр унтах цагаа хойшлуулах нь түгээмэл боллоо. Нойргүйдэл гэхээр иргэд нойр хулжих, эсвэл эрт сэрэх гэж буруу боддог. Шөнө олон удаа сэрэх, богино хугацаанд буюу 4-6 цаг унтах, зарим тохиолдолд унтаж чадахгүй удаан хэвтэх, өдөр нойрмоглох, унтаарах зэргийг ч үүнд хамруулна. Эдгээрийг нийтэд нь нойрны хямрал гэдэг. Ийм хямрал үүсгэдэг шалтгааныг дөрвөн бүлэгт хувааж болно. Эхнийх нь, стресс буюу сэтгэл зүйн гаралтай зовуурь, шаналал, таагүй байдал. Үүнд уй гашуу, одоогийн нөхцөл байдалд бол “Ковид-19”-тэй холбоотойгоор өвчлөхөөс айх, санаа зовних зэрэг асуудал, санхүүгийн бэрхшээлийг хамруулдаг. Хоёрдугаарт, биеийн өвчин эмгэгтэй холбоотойгоор нойрны хямрал үүсдэг. Зүрх, судас, чих, хамар, хоолойн өвчин, чихрийн шижин, залгиурын үрэвсэл, ханиад, томууны үед унтаж чаддаггүй. Дараагийнх нь хувь хүний амьдралын хэв маяг. Тухайн хүн хэдэн цагт унтаж, босдог, хоол хүнс, хорт зуршил, хэзээ дасгал хөдөлгөөн хийдэг зэрэг ч үүнд хамааралтай. Дөрөв дэх зүйл нь орчны нөлөө. Нам гүм, харанхуй, дуу чимээ багатай, температур нь боломжийн орчинд хүн тайван унтаж чадна. Гэтэл зарим тохиолдолд дээд, доод айлынх нь дуу чимээ нөлөөлөх, магадгүй нэг гэрт олууллаа амьдардгаас болоод сайн унтаж чадахгүй байгаа нь ч нөлөөлнө. Ийм дөрвөн шалтгааны улмаас нойргүйддэг.
-Нойргүйдэлд өртсөн шалтгаанаа хэрхэн таньж мэдэх вэ?
-Уг нь унтаад боссон ч ядарч, сульдсан, эрч хүчгүй, сэтгэл ханамжгүй байвал нойргүйдсэний шинж. Хоёр дахь шинж тэмдэг нь өдрийн цагаар нойрмоглох буюу үүрэглэх. Нүдний зовхи хүндэрч, эвшээлгэнэ. Мөн самбаачлах ур чадвар буюу ажлын бүтээмж буурдаг. Жишээ нь, зам, тээврийн осол гардаг шалтгааны нэг нь нойргүйдэл. Хангалттай сайн унтаж чадаагүй жолооч самбаачлах ур чадвараа алдсанаас осол гаргах нь элбэг. Нойргүйдэлд өртсөнөө мэдэх дараагийн зүйл нь ой тогтоолт. Сэтгэн бодох үйл явц буюу тархины үйл ажиллагаа суларч, удааширна. Бас харилцаа доголдож, бухимдуу, уцаарламтгай болно. Мөн нойргүйдлийн үед хөлөөр өвдөх шинж тэмдэг илэрдэг. Хөл бадайрах, эрвэгнэх нь түгээмэл. Нойр дутуу байгаагаас хөлд тааламжгүй мэдрэмж үүсдэг гэсэн үг. Хөлөө дарж, илэхэд намддаг боловч хэсэг хугацааны дараа дахиад л бадайрна. Эдгээр шинж тэмдэг нойргүйдлийн үед илэрнэ. Мэдээж ойлгомжтой шинж тэмдэг нь нойр хулжих, шөнө дунд олон дахин сэрэх юм.
-Эдгээр шинж тэмдэг илэрч эхэлбэл юунд анхаарах вэ. Ямар арга хэмжээ авах ёстой бол?
-Өмнө дурдсан дөрвөн шалтгааны аль нь болохыг тодруулах шаардлагатай. Сэтгэл зүйн стресстэй холбоотой юу, орчны нөлөө, амьдралын хэв маягаас болсон уу гэдгээ ялгаж салгах ёстой. Үүнийг тодорхойлоход тусалдаг зүйл нь нойрны тэмдэглэл хөтлөх юм. Хэдэн цагт унтсан, боссон, шөнө хэдэн удаа сэрсэн, хэвтсэн боловч нойрсож чадахгүй хэр хугацаа зарцуулсан гэх зэргээ тэмдэглэж эхэлнэ гэсэн үг. Тэмдэглэнэ гэхээр хүмүүс босож цагаа хараад, минутаар нь нарийвчлан бичих гээд байдаг. Ингэх шаардлагагүй. Баримжаалах байдлаар бичнэ. Үүнд унтахаас хэдэн цагийн өмнө хоол идсэнээ тэмдэглэнэ. Унтахаас ойролцоогоор гурван цагийн өмнө хэр зэрэг шингэн зүйл уусан, хэдэн тамхи татсанаа бичнэ. Архины хэрэглээгээ ч тооцох шаардлагатай. Сүүлийн үед монголчууд кофе уух нь түгээмэл болсон. Тиймээс кофейны агууламжтай, сэргээх үйлчилгээтэй зүйл хэрэглэсэн үү гэдгээ тэмдэглэнэ. Дасгал хөдөлгөөн хийснээ тэмдэглэх ч чухал. Эдгээрийг тогтмол тэмдэглэдэг болсноор ер нь хэдэн цагт унтаж, боссоноо дүгнэнэ. Ингэснээр унтах, босох цагийн зөрүү тодорхой болж, нойргүйдсэн шалтгаан, анагаах аргыг тодорхойлох боломжтой.
-Тухайн хүний сэтгэл зүйн байдал унтахад чухал нөлөө үзүүлдэг. Жишээ нь, маргааш нь чухал ажилтай бол, таагүй асуудал, санаа зовнисон зүйл олон байвал нойргүйдэх нь түгээмэл.
-Мэдээж унтахаас өмнөх сэтгэл зүйн байдлаа дүгнэх, тэмдэглэх нь чухал. Та сөрөг, таагүй зүйлсийн талаар бодсоор байгаад унтсан уу, эсвэл сайхан зүйл бодсон, эсэхээ анзаарах хэрэгтэй. Яагаад гэвэл нойргүйдэлтэй тулгарсан хүмүүсийн олонх нь унтахаар хэвтсэний дараа маш их зүйл боддог. Тэдгээрийн ихэнх нь сөрөг буюу түгшээсэн, гэр бүлдээ санаа зовсон бодол байдаг учраас нойрсох, амрах мэдрэмжийг дарангуйлах нь бий. Тэгэхээр таатай унтаж чаддаггүй. Үүнийгээ засъя гэхээр хүмүүс их хойрго ханддаг. Ажил, гэр бүлийн гээд олон асуудал танд тулгарч болно. Гэхдээ шөнө 23.00, 00.00 цагт ажлын уулзалт хийх боломжгүй, мөнгө санхүүгийн асуудлаа ч шийдэж чадахгүй. Тэгсэн хэрнээ одоо шийдэх ёстой юм шиг бодоод, өөрийгөө зовоодог. Энэ нь үр дүнгүй бодлогошрол буюу нойр хулжих байдлыг үүсгэдэг. Уг нь та маш сайн унтаж амарсны дараа асуудлаа шийдэх ёстой гэж өөрийгөө тайвшруулах шаардлагатай юм.
-Зарим хүн нойргүйдэхээрээ архи, согтууруулах ундаа хэрэглэчихье, сайн унтдаг гэх нь бий.
-Энэ нь маш буруу. Харин ч нойргүйдлийг улам дэмждэг. Унтахаас өмнөх дөрвөн цагийн дотор архи ууж болохгүй. Тамхи ч мөн адил. Яагаад гэвэл архи, тамхи нь сэргээх болон хөөргөх үйлчилгээтэй учраас нойрыг хулжаадаг.
-Нойргүйдсэн шалтгаанаа тодорхойлж, анзаараад эхэллээ. Түүнийгээ хэрхэн засах вэ?
-Гадаадын судлаач, нойрны эмгэг засдаг эмч нар унтахын өмнөх дадал зуршилтай болох нь нойргүйдлээс ангижрахад тустай гэж зөвлөдөг. Дадал зуршил гэдэг нь өдөр бүр унтахын өмнө хийдэг нэг үйлдэлтэй болох гэсэн үг. Бүлээн шүршүүрт орох, усанд хөлөө дүрж суух, унтахаас 30-40 минутын өмнө намуухан хөгжим сонсох, ном унших гэх мэт аль болох хөдөлгөөн бага хийдэг, өөрийгөө тайвшруулж, амраах арга сонгох хэрэгтэй. Ийм дадал зуршилтай болсноор эхэн үед өөрчлөлт анзаарагдахгүй. Харин сарын дараа гэхэд уг үйлдлээ хийнгүүт л таны бие унтах дохио хүлээн авч, зоволгүйгээр маш хурдан амардаг болно. Бидний хувьд “Ковид-19”-ийн үед амны хаалт зүүх дадал зуршилтай болчихлоо. Энэ мэтээр орой бүр нэг үйлдлээ давтаад байвал бодлогошролгүйгээр шууд унтаж эхэлнэ. Хүн аливаа зүйлд дасан зохицохдоо сайн. Дасан зохицох үйл явц 1-3 сарын дотор үргэлжилдэг.

Түүнчлэн унтах гэхээр л санаа зовнисон олон асуудал тулгараад байвал бодлогошрон хэвтэхийн оронд намайг яг юу зовоов, нэн тэргүүнд шийдэх асуудал юу вэ гэдгээ бичнэ. Бусад асуудлыг урд нь тавих биш, үүнийгээ эхэлж шийдэх ёстой гэж бичээд, өөрөө өөрийгөө ятгах хэрэгтэй. Одоо хэчнээн бодсон ч энэ асуудлыг шийдэж чадахгүйг өөрөө өөртөө ойлгуулж тайлбарлаад, унтана. Тархиа амраасны дараа маргааш илүү сэргэг бодож, эрч хүчтэй ажиллан, асуудлаа шийднэ гэж өөртөө итгүүлэх ёстой. Энэ аргыг хэвшүүлээд, өөрийгөө хянаад эхэлбэл ажлын төлөвлөгөө болон амьдралын хэв маяг, унтаж амрахад ч тусалдаг.
-“Ковид-19”-өөс сэргийлэх хөл хорионы үед гэртээ өдөржин завтай байгаа хүмүүс ямар арга хэмжээ авах вэ?
-Энэ тохиолдолд хамгийн үр дүнтэй арга бол өдөр нь идэвхтэй ажиллаж хөдөлмөрлөх юм. Хүн гэдэг чинь нэг төрлийн амьтан юм болохоор булчин, шөрмөсөө хангалттай хэмжээнд хөдөлгөх ёстой. Гэтэл “Ковид-19” гэлтгүй өдгөө бидний олонх нь нэг газарт суун ажиллаж, хөдөлгөөн бараг хийхгүй байгаа. Булчин, шөрмөсөө сайн хөдөлгөснөөр бие махбод ядарч, амрах мэдрэмжийг дэмждэг. Тэгэхээр өдөржин суусан, эсвэл буйдан дээр хэвтсэн хүн хөдөлгөөний дутагдалд орсноор яг унтах гэхээр амрах сэдэл нь төрдөггүй. Тийм учраас л бид өдөрт тогтмол хөдөлгөөн хийх ёстой юм. Мөн тогтмол цагт унтаж, босдог дэглэмд орох шаардлагатай. Нойргүйдэлд өртмөөргүй л байгаа бол таны хамгийн түрүүнд хийх ёстой зүйл энэ. Үүнээс гадна унтах өрөөний температурыг нэг хэмд байлгах чухал. 18-19 градусын дулаан өрөөнд илүү таатай унтаж, бие махбод амардаг. Нэг хэсэг айл бүр термометртэй байсан. Өрөөний температурыг ингэж байнга хянах хэрэгтэй.

Хэдийгээр хөл хорионд орсон, гэрээсээ гарах боломжгүй ч өдрийн цагаар хийх ажилтай байя. Өдрийг ямар ч зорилгогүй өнгөрөөх нь эхэн үедээ амралт мэт байвч аажимдаа уйдаж, таашаал авч чадахгүй, бодлогошрон, санаашрах үндэс болдог. Ер нь завтай буюу хийх ажилгүй хүн л хамгийн их бодлогоширдог. Тэгэхээр “Ковид-19”-ийн үед стрессийг бууруулах, нойргүйдлээс сэргийлэхийн тулд өдөр хийх ажлаа төлөвлөх шаардлагатай. Жижиг ч гэсэн зүйлийг хийж амжуулах хэрэгтэй.
-Тэгэхээр дасгал хөдөлгөөн их хийх нь сайн унтах нэг үндэс болно гэсэн үг үү?
-Өдөр дасгал хөдөлгөөн хийх нь чухал. Харин унтахаас өмнөх гурван цагийн дотор дасгал хөдөлгөөн хийх ёсгүй. Зарим хүн өдөржин сууж ажиллачихаад орой чөлөөтэй болонгуутаа дасгал хийдэг. Энэ нь бодисын солилцоог эрчимжүүлж, яг унтах гэхээр амрах мэдрэмж төрүүлдэггүй. Мөн унтахаас 2-4 цагийн өмнө хүнд хоол идвэл маргааш өглөө нь амарсан шинжгүй, ядарч босно. Тиймээс хооллолтдоо анхаарна. Түүнчлэн уух шингэний хэмжээг хянана. Зарим хүн өдрийн цагаар ходоод хоосон явчихаад, орой нь их идэж, түүнийгээ шингээх зорилгоор шингэн зүйл уух нь бий. Энэ нь бөөр, давсаг буюу шингэн ялгаруулах тогтолцоог идэвхжүүлснээр шөнийн цагаар шээс хүрэх, босох шалтгаан болно. Мөн бөөр, давсганд ачаалал өгснөөр биеийг өвчлөмтгий болгодог. Үүнээс гадна унтахаас нэг цагийн өмнө ухаалаг утас, зурагт үзэх ёсгүй. Эдгээр нь гэрлийн буюу өнгөний ялгарлыг маш хүчтэй гаргаж, унтах мэдрэмжийг сарниулдаг. Хурц, тод гэрэл нь нүдээр дамжин мэдрэлд сэрэл үүсгэн, эсүүдийг нь цочруулдаг. Түүнчлэн тогтмол цагт унтдаг болсныхоо дараа өрөөнийхөө гэрлийг бүдгэрүүлэх хэрэгтэй. Унтахаас нэг цагийн өмнө цагаан, тод бус, шар гэрэл асаах нь зүйтэй. Энэ нь унтах мэдрэмжийг аажмаар төрүүлэхэд нөлөөлнө. Хүний биологийн цаг гэж бий. Нар жаргасан үеэс бидний унтах үйл явц эхлэх ёстой. Гэтэл өдгөө байнгын тод гэрэлтэй орчинд амьдарч буй нь нойрсох физиологийн үйл явцыг удаашруулах нэг шалтгаан болж байна. Тод гэрэлтэй байснаа гэнэт бүгдийг нь унтраачихаар хүний физиологийн үйл явц алдагдан, унтаж чадахаа больдог. Тиймээс л гэрлээ бүдгэрүүлсээр аажмаар унтраах нь чухал юм.
-Цагаан гэрэл тохиромжгүй гэсэн үг үү?
-Идэвхтэй ажиллах үед цагаан гэрэл тохиромжтой. Харин унтаж амрах дөхөхөөр гэрлээ бүдгэрүүлэх ёстой. Сүүлийн үеийн абажуруудын гэрлийг гурван янзаар асаадаг болчихсон. Идэвхтэй байх үед цагаан гэрэл асаана. Орой унтах дөхсөн үед шаргал гэрэл асаах боломжтой.
-Эдгээр үйлдлийг хийсэн ч унтаж чадахгүй, нойргүйдсэн хэвээр байвал яах вэ?
-Нойрны хямрал удаан үргэлжилж, амьдралын хэв маяг, дадал зуршлаа өөрчилсөн ч нэмэр болохгүй байвал мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Сэтгэцийн эмчид, Нойрны төвд хандан, нойргүйдлийн шалтгаанаа тогтоолгон, мэргэжлийн хүмүүсээр эмчлүүлэх ёстой. Олонх хүн нойрны хямрал түр зуурынх уу, эсвэл даамжрах явцтай юу, ямар шалтгаантай вэ гэдгийг олохын оронд таарсан хүнээсээ зөвлөгөө авч, эм, бэлдмэл асуугаад эхэлдэг. Эсвэл зарим нь архи уугаад унтах гэж оролддог. Шалтгаанаа тодорхойлоогүй хэрнээ эм замбараагүй хэрэглээд, амьдралын буруу хэв маягтай болчихвол эрүүл мэндийн томоохон асуудал үүсгэж, нойрны хямралыг улам гүнзгийрүүлнэ. Эмийг заавал эмчийн зөвлөгөөний дагуу ууна. Эмч 14 хоног уугаарай гэхээр долоо хоног хэрэглэчихээд зогсоох нь бий. Үлдсэн долоог дараа нь нойргүйдэхээрээ ууна гээд орхидог. Гэтэл тухайн хүний нойрны асуудлыг шийдэхийн тулд 14 хоног эм уулгаж, магадгүй цаашлаад эмч дахин хянан, тунг багасгах замаар үргэлжлүүлэн эмчлэх ёстой атал иргэн дур мэдэн шийддэг нь буруу. Өөрөөр хэлбэл, эмийн эмчилгээг дутуу хийснээс хэсэг хугацааны дараа дахиад нойрны хямралд өртдөг. Тэгэхээр нь эмчид очихоосоо залхуураад үлдсэн долоон эмээ уух жишээтэй. Ингэхээр эмийн мэдрэг чанар, эмчилгээний үр дүн суларна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.