Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цөлжилт зөвхөн Монголын асуудал биш

Цөлжилт энэ хаврын “тренд” сэдвүүдийн нэг болов. Ойрхон давтамжтай болсон шар шороон шуурганаас улбаатайгаар олон нийт цөлжилтөд анхаарал хандуулж эхэлсэн ч бодит хор уршиг, үр нөлөөг нь бүрэн ухамсарлахгүй байх шиг. Ямар ч асуудлыг хошигнол зугаа болгож, бодит байдлаас төөрүүлж намжаадаг, эрчийг нь сулруулдаг уламжлалаараа цөлжилтийн жинхэнэ аюулыг бүдгэрүүлж орхив. Салбарын эрдэмтэн, судлаачид, учир мэдэх хүмүүс үүссэн нөхцөл байдалд дөрөөлөн экологийн тулгамдсан асуудлыг нийгмийн анхаарлын төвд аваачиж, бодит уршгийг нь ойлгуулан, таниулахыг хичээсэн ч “хөгжилтэй” монголчууд, дөрвөн уулын дунд хашигдсан нийслэлчүүд хүлээж авсангүй. Хөдөөд олон зуун мал хорогдож, шуурга сөрсөн малчид алтан амиа алдчихаад байхад л “Бид элсээрээ ч болов дэлхийг дайлаар мордож, айлгаж чадлаа”, “Монголын шар шороон шуурга бол дэлхийн брэнд”, “Хятад, япон, солонгосчууд цаашид тайван амьдрахыг хүсвэл төсөв хөрөнгөө гаргаж, манай орны цөлжилттэй тэмцэх хэрэгтэй” хэмээн маазарч, хөгжилдсөөр байв. Хөөрхий малчид минь гэж наашаа харж уйлчихаад, цаашаа харан инээлдэцгээсэн юм.

Түүнчлэн энэ удаагийн шороон шуурга монголчуудыг ихэд ичээлээ. “БНХАУ шороон шуурганаас сэргийлэхийн тулд Монголын талтай хамтран ажиллах санал боловсруулжээ”, “Өмнөд хөршийн Ой судлалын академийн харьяа Цөлжилтийн төв манай улсын ШУА-тай хамтран ажиллахаа мэдэгдэв”, “Монголын алдарт шороон шуурга Солонгосын хойгт хүрч, Сөүл хот 11 байршилд шар түвшний бэлэн байдал зарлав” гэсэн мэдээлэл цахим сүлжээнд түгэхэд олон хүн эмзэглэж, “Дэлхийн шившиг боллоо” хэмээн халаглав. Зарим нь бүр “Мод, бут тарьж мэдэхгүй, хэдэн малтайгаа зууралдсан, харанхуй, бүдүүлэг улс мэтээр биднийг муухай харагдуулах нь, яана” хэмээн ихэд санаа зовнижээ.

Энэ бүхэн нэг талаараа монголчуудын экологийн боловсролын түвшин хэр доройг, нөгөөтээгүүр, цөлжилт хэмээх гамшгийн талаарх мэдлэг, мэдээлэл нийгмээс хэчнээн хол байгааг тодорхой харууллаа. Шар шороон шуурга бол хөгжөөн наргиан болгоод өнгөрөөх, ичиж, санаа зовох асуудал огт биш. Монголын говь, Хятадын Такламан, Африкийн Сахарын цөлөөс үүдэлтэй гэж талцан, манайх, танайх гэж өмчлөх, эсвэл өөрсдөөсөө холдуулах боломжгүй. Цөлжилт, газрын доройтол дэлхий дахинд гаарахын хэрээр үржил шимгүй хөрс, сул шороо, элс үлэмж ихсэж, тэр хэрээр шороон шуурганы хор нөлөө “тодорч” буй. Судлаачид “Ийм үзэгдэл Төв Ази төдийгүй бүх тив, бүсэд жил бүрийн хавар тохиодог” хэмээн тайлбарласаар байгаа юм. Улс орнууд ч “Бид нэг л дэлхийтэй” гэдэг зарчмаар энэ асуудалд ханддаг. Цөлжилтийг эрчимжүүлэгч гол хүчин зүйл болох уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулааралтай тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилго бүхий НҮБ-ын суурь конвенцууд ч “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгийн төлөө” гэсэн үндсэн зарчимд тулгуурладаг бөгөөд дэлхийн улсууд энэ бодлогыг баримтлах болсон. 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 2010 оныхоос 22.7 хувиар бууруулна гэж олон улсын байгууллагуудын өмнө үүрэг хүлээж, том зорилт дэвшүүлсэн манай улсын хувьд ч хамтын ажиллагааг хоёрдогч хүч болгон ашигласаар ирэв. Цаашид уг харилцаагаа улам өргөжүүлэх шаардлагатай, энэ нь олон улсын байгууллагаас хандив, тусламж гуйхаас тэс өөр асуудал гэдгийг салбарын эрдэмтэн, судлаачид сануулж эхэллээ.

Ой судлаач, доктор М.Тунгалаг “НҮБ-ын цөлжилттэй тэмцэх конвенцын хүрээнд Цөлжилт, газрын доройтол, хуурайшилттай тэмцэх Зүүн хойд Азийн сүлжээг Монгол, Хятад, БНСУ хамтран байгуулсан бөгөөд сүүлд Орос нэгдсэн. Үүний хүрээнд уг Засгийн газрууд хамтарч хөрөнгө гаргах замаар тодорхой бүс нутгийг цөлжилтөөс хамгаалах, туршлага хуваалцах сонирхолтой байдаг. Эднээс мөнгө босгож, туршлага солилцох боломж бий. Цөлжилттэй тэмцэх технологи, моджуулах, ойжуулах туршлагаараа Хятад дэлхийд гайхагдаж байна. Аль ч талаас нь бодсон, бид дангаараа энэ аюулыг буулган авч дөнгөхгүй. Тиймээс ядаж хөрш зэргэлдээ орны хүч, бүс нутгийн хэмжээний санаачилга, механизмуудыг ашиглах хэрэгтэй” гэсэн чухал “мессеж” өгсөн бол “Уур амьсгалын өөрчлөлт-хөгжил” академийн тэргүүн, шинжлэх ухааны доктор Д.Дагвадорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Саяхан болж өнгөрсөн хүчтэй шуурганы урсгал баруун хойноос чиглэлтэй байсан учир Азийн баруун хэсгийн шороо манайхаар дайраад, ӨМӨЗО, Хятадын Бээжин хот, Япон, Солонгост хүрсэн. Энэ шуурга зарим тохиолдолд Америкийн наад захын эрэг хүрдэг. Дахин хэлэхэд, ийм үзэгдэл өмнө нь өчнөөн болдог байсан. Одоо давтамж, хор хохирол нь нэмэгдчихээд буй юм. Монгол муудаа ч шороо хийсгээд байгаа юм биш. Биднээс шалтгаалсан тодорхой нөлөө бий ч үүнийг шийдэхэд бүс нутгийн, олон улсын хамтын ажиллагаа, тусламж зайлшгүй чухал. Энэ бол ганц, хоёр улсын асуудал биш. Том, жижиг, баян, ядуу зэргээс үл хамааран бүх орны анхаарах асуудал” хэмээн онцолжээ.

Манай улс цөлжилтийг бууруулах чиглэлээр Солонгос, Хятад улстай сүүлийн жилүүдэд нягт хамтран ажилласаар ирсэн. Солонгосчуудтай хамтран 2008 оноос эхлүүлсэн “Ногоон хэрэм” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Лүн, Өмнөговийн Даланзадгад, Булган сумд 45 га-д мод үржүүлгийн газар байгуулан, 3046 га-г ойжуулжээ. Сул шороо бүхий хөрс, элстэй эдгээр газрыг шороон шуурга дэгдээх үүсвэр гэж үзэж, тоорой, сухай, жигд, бургас, гүйлс, бүйлс зэрэг 20 төрлийн нэг сая гаруй мод тарьсан байна. Тус хөтөлбөрийнхөн 2017 оноос хойш 2200 га “ногооруулсан” талбайг Монголын талд хүлээлгэж өгснийг БОАЖЯ-ны Ойн бодлого, зохицуулалтын газрынхан онцлоод “Тус санаачилгыг гурван үе шаттайгаар 2035 он хүртэл хэрэгжүүлж, 21 аймаг, 189 сумыг хамруулахаар төлөвлөсөн” гэв. Харин ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийнхэн цөлжилтийн эрчмийг бууруулах технологийн туршилтыг өмнөд хөршийн судалгааны байгууллагуудтай хамтран хийж буйгаа онцоллоо. Тодруулбал, тус улсын ШУА-ийн Ланжоугийн салбартай хамтраад, Элсэн тасархай дахь Цөлжилтийн суурин судалгааны төвд өвслөг ургамал нутагшуулах, сүрлээр механик хамгаалалт (элсний нүүдлийг зогсоох) бий болгох туршилт эхлүүлжээ. Шинжааны салбарын Газар зүйн хүрээлэнгийнхний тусламжтайгаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумд 30 га талбайд цөлжилттэй тэмцэх технологийн судалгаа хийж буйгаа хэлэв. Тэрчлэн доройтож, талхлагдсан бэлчээрийг тэжээлийн олон наст ургамлаар нөхөн сэргээх, бүс нутгийн онцлогт тохирсон сортыг нутагшуулах зорилгоор Өвөрмонголын Багшийн их сургуулийн эрдэмтэдтэй сүүлийн жилүүдэд гар нийлэн ажиллажээ. “Гадаад хамтын ажиллагааны хүрээнд манай судлаачид харилцан туршлага солилцож, шаардлагатай багаж хэрэгслээр хангагдсан” гэж тус хүрээлэнгийнхэн хэлсэн юм.

Холбогдох байгууллагууд уг асуудалд ийнхүү чадал чинээгээрээ анхаарч, тэмцэж буй ч цөлжилтөөс үүдэлтэй аюул, өдөр тутмын амьдралд илрэх дарамт улам бүр ихэссэнийг холбогдох статистик, судалгаа илтгэсээр байна. Судлаачид 2015 онд манай орны газар нутгийн 76.9 хувь нь цөлжиж, доройтсон гэж үнэлсэн бол өдгөө 77.9 болж өсжээ. Үүний 16.6 хувь нь хүчтэй, нэн хүчтэй ангилалд хамаарч байна. Говьсүмбэр аймгийн газар нутгийн 63, Дорнодын 43, Дархан-Уулын 32, Сүхбаатарын 31, Дундговийн 28, Өмнөговийн 17.5 хувь нь “элсэжжээ”. Сүүлийн жилүүдэд малчдын амьжиргаа эрс муудан, өөр аймаг, сумын нутагт оторлож, ургамлын төрөл, зүйл хумигдаж, 30-аас дээш градус халуун өдрийн тоо олширч, салхи шуурга, ган, зудын хор нөлөө гаарч, элсэн манхан шинээр үүсэн, тариаланчид ургац алдах нь элбэгшжээ. Энэ бол цөлжилтийн бодит аюул. Бидний хаяанд буй ч тэр бүр анзаарахыг “чухалчилдаггүй” гамшиг. Судлаач, эрдэмтэд “Цөлжилтийн аюул, давшилт 2050 он хүртэл энэ эрчээрээ үргэлжилнэ” хэмээн анхааруулсаар байгаа билээ. Ийм атал бид “Манай улсад ирж, мод тарь, үгүй бол амар заяа үзүүлэхгүй шүү” хэмээн гэдийх нь ичгэвтэр хэрэг биш гэж үү. Дэлхийн орнууд “Цөлжилт зөвхөн нэг улсад хамаатай асуудал биш” гэж хандаж байхад “Монголын брэнд шороо, элс…” хэмээн зөрүүдлэх нь инээдэм биш, эмгэнэл бус уу.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Цөлжилт зөвхөн Монголын асуудал биш

  • зайлшгүй шаардлагатай ажилчид нь шороо босгоод явна says:

    хятадууд ирж хайр найргүй ухаж байгал орчин сүйтгэж байна. ноднин автусаар 800 хятад орж ирж нуль уурхайд ихэнхи нь хулгайгаар шороо овоолж босгож, гол мөрөн сэндийчлээд. энэ жил автусаар 700 хужаа оруулж ирэх сурагтай намчид.

  • Anonymous says:

    урд хөрш айсандаа энэ Монголын ганц хоёр хуучин ашиглахгүй байгаа дээр үеийн уурхайн шороо шүү (өөрсдийн хүмүүсийх нь ухаж байгаа олон мянган шинэ уурхай биш гэнээ) гэж олон улсын мэдээгээгээрээ ярина лээ.

  • Anonymous says:

    ноднингийн 800 дээр нэмэх нь 700. өмнө нь бас хэд ч байсан юм. хилээр ачааны дүүрэн машин гаргаад өгөөч 800 саяар байр авч өгье, 2 сая доллараар цагдаагийн даргад байр аваад өгцөн байна гэлүү.