Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Миллениум Ай Ти”-гээ халах уу, үлдээх үү

“Монголын хөрөнгийн бирж” төрийн өмчит хувьцаат компани Лондоны хөрөнгийн биржтэй хамтран ажиллах Ажлын мастер гэрээ байгуулаад 10 жилийг ардаа орхижээ. Тухайн үед буюу 2011 оны дөрөвдүгээр сард хөрөнгийн зах зээлд Лондоны хөрөнгийн биржийн “Миллениум Ай Ти” системийг нутагшуулчихвал дэлхийн жишигт хүрээд, аяндаа хөгжөөд сүйд хийнэ гэсэн мэдээлэл түгээж байв. Хөрөнгийн зах зээлийн мэргэжилтнүүд ч “Миллениум Ай Ти” цогц системийг суурилуулчихвал бүх зүйл бүтэх юм шиг, хөрөнгийн зах зээл дардан замаар хөгжчих юм шиг ойлголтыг олон нийтэд төрүүлсэн. Эргээд харахад мэргэжилтнүүд системийн шинэчлэлд гол анхаарлаа хандуулж байжээ. Уг нь Ажлын мастер гэрээнд системийн шинэчлэлээс гадна хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, дэд бүтцийг сайжруулах, хүний нөөцийг нь чадавхжуулах, олон улсын санхүүгийн зах зээлтэй холбох гэх мэт ажлыг хамтран хийхээр тусгасан байдаг.

Ажлын мастер гэрээ ач холбогдлоо өгсөн үү гээд дүгнэвэл тодорхой ахиц дэвшил авчирсан байж таарна. Одоогоор энэ талаар хэн нэгэн үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна. Хийсэн нь ч түүнийгээ ил гаргасангүй. УИХ Үнэт цаасны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2013 онд баталснаас хойш зах зээлд ямар боломж нээгдэж, өөрчлөлт гарч байгааг мэргэжилтнүүд бэлхнээ харж буй. Өнөөдрийн хүрсэн амжилтын суурь нь эрх зүйн орчноо шинэчилсэн явдал гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтэц харьцангуй сайжирсан. Олон шинэ компани IPO хийлээ. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх арилждаг болсон. “Erdene resources development corporation” давхар бүртгэл хийлгэж олон улсын зах зээлтэй холбогдов. Дахиад нэг компани давхар бүртгэл хийлгэхээр Монголын хөрөнгийн биржид материалаа хүргүүлсэн гэсэн мэдээлэл бий. Хөрөнгө оруулалтын олон сан үйл ажиллагаагаа эхлүүлэхээр дуншиж байна. Эдгээр нь ахиц гаргасныг харуулсан бодит жишээ юм.
Дорвитой шинэчлэл хийх зорилгын хүрээнд хөрөнгийн зах зээл аажмаар урагшилж байжээ. Харин бүхний анхаарал “Миллениум Ай Ти” арилжаа, төлбөр тооцоо, үнэт цаасны хадгаламжийн цогц систем рүү хандсан нь сонирхол татна. Шинэ систем суурилуулангуут зах зээл хөгжинө гэж хүлээж байтал тэгсэнгүй. Хөрөнгийн зах зээлийн арилжааны идэвх, хөрвөх чадвар, компаниудын үүргийн хэрэгжилт сайжирсангүй. Шинэ систем суурилуулаад хоёр жил өнгөрөхөд сайжирна гэж хүлээсэн бүх зүйл бахь байдгаараа байсанд гайхсан хүмүүст Лондоны хөрөнгийн биржийнхэнд хулхидуулаад, их мөнгө төлчихсөн юм шиг мэдрэмж төрсөн. Ингээд олон сая ам.доллароор худалдаж авсан систем нь “хог” байна гэж шүүмжилж эхлэв.
Шинэ системийн ашиглалтын зардал өндөр. Системийн боломжуудыг ашиглах гэхээр дэд бүтцийн компаниудын зардал өсөх гээд байлаа. Тухайлбал, үнэт цаасны арилжааг Т+3 горимд шилжүүлэх гэхээр брокеруудад 10 хувийн барьцаа тавих шаардлага тулгарсан. Үүнээс гадна “Миллениум Ай Ти”-тэй холбох оффисын программаа өөрсдөө хийлгэх гэх мэт зардал гаргахаар болов. Эдгээрээс үүдээд санхүүгийн чадамж муутай брокер дилерийн компаниуд дургүйцлээ шууд илэрхийлж байлаа. Өдгөө брокерууд оффисын программаа хийлгээд “Миллениум Ай Ти” системтэй холбочихсон, цаашлаад гар утасны аппликэйшнээр хүртэл арилжаанд оролцох боломж бүрдүүлчихээд байна. Түүнчлэн тодорхой зохицуулалт хийгээд арилжааны Т+2 горимд хэн хэндээ хал балгүй шилжив. Одоо брокерууд “Миллениум Ай Ти”-ийг шүүмжлэх нь багассан. Гэхдээ шүүмжлэл нэг мөр тасраагүй л байна.
“Миллениум Ай Ти” гацдаг, доголддог, алдаа гаргадаг муу систем биш. Харин дээр дурдсанчлан ашиглалтын зардал нь өндөр. Энэ нь шүүмжлүүлэх бай болдог. Системийн ашиглалтын төлбөрийг 2017 он хүртэл Сангийн яам төлж ирсэн. Түүнээс хойш Монголын хөрөнгийн бирж төлөх үүрэг хүлээв. “Миллениум Ай Ти” системийн засвар, үйлчилгээний төлбөрт жилд 192, лицензийн төлбөрт 70 мянган ам.доллар төлдөг. Нийт 262 мянган ам.долларын төлбөр төлөх шаардлага үүсдэг гэсэн үг. Үүнийг өнөөгийн ханшаар төгрөг рүү хөрвүүлбэл 745 сая болно. Төрийн өмчийн хороо Засгийн газрыг төлөөлж, Лондоны хөрөнгийн биржийнхэнтэй Ажлын мастер гэрээг байгуулахдаа төлбөр төлөх үүргийг Монголын хөрөнгийн биржид хариуцуулсан. Монголын хөрөнгийн бирж сүүлийн жилүүдэд өдөрт дунджаар 10-20 сая төгрөгийн арилжаа хийж ирлээ. Зөвхөн арилжааны шимтгэлээс багахан орлого олдог хөрөнгийн биржид 745 сая төгрөг төлөх нь ахадсан ачаа. Тиймээс сүүлийн жилүүдэд Лондоны хөрөнгийн бирж зарим төлбөрийг нь төлөөгүй. Жилд тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажиллаж буй компани яаж ч дээрх хэмжээний төлбөрийг хийх билээ.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компани “Миллениум Ай Ти” системийн 20-30 хувийг ашигладаг. Гэвч гэрээгээр үүрэг хүлээгээгүй учраас төлбөрөөс нь хуваалцахгүй гэсэн байр суурь илэрхийлж ирсэн. Энэ талаар Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай “Энэ бол зах зээлийн л систем. Тиймээс зах зээлд оролцогч бүр төлбөрийг нь хувааж төлөх хэрэгтэй” гэсэн байр суурь илэрхийлдэг байв. Тэгвэл “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” саяхан 192 мянган ам.доллартой тэнцэх буюу 550 орчим сая төгрөгийг “Миллениум Ай Ти” системийн ашиглалтын төлбөрт зориулан шилжүүлжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн гурван жилийн нийт төлбөрийн 30 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө шилжүүлсэн гэсэн үг. Тухайн системийг ашигладаг зах зээлд оролцогч нь хөрөнгийн биржийн ачааг хуваалцаад эхэлсэн нь шударга явдал гэж бодож байна.
“Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” компани “Эрдэнэс Тавантолгой”-н ногдол ашиг тараахтай холбоотойгоор үнэт цаасны олон данс нээсэн. Дээрээс нь хөрөнгийн биржийн арилжааны идэвх сэргэлээ. Ингэснээр тус компани өндөр ашигтай ажилласан гэсэн. Тэгэхээр ачаанаас хуваалцуулахад буруудах юмгүй.
“Ковид-19”-тэй холбоотойгоор хатуу хөл хорио тогтоож, байгууллагуудын үйл ажиллагааг хязгаарлаж байгаа. Гэвч Монголын хөрөнгийн биржийн арилжааг зогсоохгүй байгаа нь энэ зах зээл эдийн чухал сигмент болсныг харуулж байна. Улмаар Монголын хөрөнгийн бирж энэ он гарснаас хойш өдөрт дунджаар нэг тэрбум гаруй төгрөгийн арилжаа хийжээ. Орлого нь ойролцоогоор 100 дахин нэмэгдсэн гэсэн үг. Хөрөнгийн биржийн орлого нэмэгдсэн, үүнээс гадна оролцогч байгууллагууд төлбөрөөс нь хуваалцаад эхэлсэн учраас “Миллениум Ай Ти” системийн төлбөрийн дарамтаас гарах бололтой.
“Эрдэнэс Тавантолгой” компани 600 тэрбум төгрөгийн бонд гаргасны 347 нь Монголын хөрөнгийн биржээр дамжив. Арилжааны том таван банк Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаа гаргахаар болсон. Үүний дараа хөрөнгийн зах зээлийн үнэлгээ хэд дахин нэмэгдэнэ гэсэн хүлээлт бий. Хөрөнгийн зах зээлийн тогоо томорч байна. Хадгаламжийн хүү буурсантай холбоотойгоор иргэд хөрөнгийн зах зээл сонирхож эхэллээ. Сонирхол татаж байна гэдэг бол арилжааны идэвх нэмэгдэхийн дохио. Хөрөнгийн зах зээл хөгжихийн хэрээр үзүүлэх санхүүгийн дарамт нь багасах ч “Миллениум Ай Ти”-гийн ашиглалтын төлбөр Монголын хөрөнгийн биржийн үндсэн том зардлын нэг хэвээр байх болно.
“Миллениум Ай Ти”-ийг хэрэглэхээ болиод зардал багатай систем нэвтрүүлье гэсэн санаачилга гаргах болсон. Бүхэл бүтэн том зах зээлийн цогц системийг солих нь санаан зоргоор хийчих хялбар ажил биш. Тал талаас сайтар судлах шаардлагатай. Энэ талаар судалгаа хийж эхэлжээ. Одоогоор дотоодын компаниудад маш сайн систем хийж өгөх чадвар байгаа, эсэх нь тодорхойгүй гэнэ. Мөн цахим системээ хийлгэлээ гэхэд засвар, үйлчилгээ, лицензийн төлбөр нь “Миллениум Ай Ти”-гаас хямд байж чадахгүй гэсэн эхний дүгнэлт гарсан байна. Тиймээс ойрын жилүүдэд нөхцөл байдал өөрчлөгдтөл “Миллениум Ай Ти” системээ ашиглаад явж байсан нь зөв гэсэн дүгнэлтийг Монголын хөрөнгийн биржийнхэн хийгээд буйг Үйл ажиллагааны газрын захирал Д.Энхзул нь дуулгалаа.
Х.Алтай захирал “Зах зээлийн цогц системийг солих асуудлыг зах зээлд оролцогчид бүгд суугаад ярилцах хэрэгтэй” гэв. Үнэхээр солих шаардлагатай юу, үгүй юү гэдгийг бүгд хэлэлцээд шийдвэрлэх хэрэгтэй. Түүнээс биш тал талд хэл амаа билүүдэх нь хэрүүл үүсгэхээс өөр шидгүй. Солихгүй үргэлжлүүлэн ашиглая гэвэл Лондоны хөрөнгийн биржийнхэнтэй ширээний ард сууж, Ажлын мастер гэрээг шинэчлэх шаардлагатай ч байж магадгүй. Ажлын мастер гэрээг 10 жил хэрэгжүүлсэн. Цаг үедээ нийцүүлээд дахин шинэчлэх, зардлыг нь бууруулах талаар ч ярилцах хэрэгтэй байх. Магадгүй бид Лондоны хөрөнгийн биржтэй Ажлын мастер гэрээ байгуулж, хөрөнгийн зах зээлд “Миллениум Ай Ти” цогц систем суурилуулснаар хөгжлийн саалийг тосож авах хувингаа бэлтгэж байсан ч юм бил үү. Хөрөнгийн зах зээл хөгжиж, боломж нээгдэхийн хэрээр “Миллениум Ай Ти” системийг харах өнцөг нэгэнт өөрчлөгджээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.