Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Бидэнд вакцин худалдан авах боломж байсан

Манай улс вакцины нөөцгүй болсон уу?

Энэ долоо хоногт Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, иргэдийн өдөр тутмын амьдралд өөрчлөлт оруулахуйц “даацтай” шийдвэрүүд гаргалаа. Үүний нэг нь бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг шилжих буюу 15 хоногийн хатуу хөл хорио тогтоож,  иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор 300.000 төгрөг тараах шийдвэр байв. Эл хөл хориог тогтоосноор халдварын тархалтыг хумьж, вакцинжуулалтын хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлнэ хэмээн Ерөнхий сайд өөрийн цахим хуудсаараа дамжуулан энэ сарын 4-нд мэдэгдсэн юм. Мөн ирэх сарын 1 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх хүнийг эхний тунд, 50-иас доошгүй хувийг хоёр дахь тунд хамруулна хэмээн өнгөрсөн баасан (2021 оны дөрөвдүгээр сарын 8-нд) гарагт Засгийн газраас мэдээлээд амжсан.  Харамсалтай нь, иргэдийн дансанд 300.000 төгрөг шилжүүлж, хатуу хөл хорио тогтоохтой зэрэгцэн вакцинжуулалтыг 15 хоногийн хугацаанд түр зогсоож буйгаа Засгийн газраас өчигдөр мэдээллээ. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын шийдвэр хоёрхон хоногийн хугацаанд өөрчлөгдсөн гэсэн үг. Хэрэв дархлаажуулалтыг цааш үргэлжлүүлбэл иргэдийн дунд бөөгнөрөл үүсэж, халдвар улам нэмэгдэх эрсдэлтэй хэмээн үзсэн гэж Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021 оны дөрөвдүгээр сарын 10) мэдэгдсэн. Ийнхүү холбогдох албаныхан нь хэдхэн хоногийн зөрөөтэй, эргэж, буцсан шийдвэрээр иргэдийн “тархийг угааж”, будилуулах боллоо.

Засгийн газрынхан гаргасан шийдвэрээ хоёрхон хоногийн дотор өөрчилсөн нь иргэдийн дунд “Манай улс вакцины нөөцгүй болсон юм биш биз” гэх хардлага төрөхөд хүргээд буй. Тэгвэл вакцинжуулалттай холбоотой нэгэн тооцоо хийж үзье.

Манай улсын хүлээн авсан вакцины хэмжээ:

  • 2021 оны хоёрдугаар сарын 22-нд БНХАУ-ын хандиваар “Вероселл” вакцины 300.000 тун
  • 2021 оны хоёрдугаар сарын 23-нд Энэтхэг улсаас “АстраЗеника” вакцины 150.000 тун
  • 2021 оны хоёрдугаар сарын 27-нд Засгийн газрын захиалгаар ОХУ-ын “Спутник-V” вакцины 10.000 тун (аж ахуйн нэгжийн захиалга)
  • 2021 оны гуравдугаар сарын 12-нд Ковакс хөтөлбөрийн хүрээнд “АстраЗеника” вакцины 14.400 тун
  • 2021 оны гуравдугаар сарын 24-нд Ковакс хөтөлбөрийн хүрээнд “Pfizer” вакцины 25.740 тун
  • 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд БНХАУ-ын “Вероселл” вакцины 300.000 тун.

Ингэснээр манай улс өнгөрсөн хугацаанд 800.140 хүн/тун вакцин авсан гэсэн үг. Үүнээс аж ахуйн нэгжийн авсан 10.000 тунг хасвал 790.140 үлдэнэ. Одоогоор Улаанбаатар хотод 488.254, орон нутагт 110.128, нийт 599.132 хүнийг вакцинжуулалтад хамруулаад буй. Мөн хоёр дахь тундаа 850 хүн хамрагдсан гэх судалгаа бий. Тэгвэл вакцинжуулалтад хамрагдсан 599.132 дээр хоёр дахь тунгаа хийлгэсэн 850 хүнийг нэмбэл 599.982 тун вакциныг хэрэглэсэн гэсэн үг. Харин цаана нь 598.282 хүнд 190.152 тун вакцин л үлдсэн байна. Энэ тооцооноос манай улсад одоогоор иргэдээ вакцинжуулах хангалттай нөөц байхгүйг харах боломжтой. Дархлаажуулалтыг эрчимжүүлэх үүднээс вакцин хийлгэсэн хүмүүсийн давтан тунг хадгалалгүй, ашигласан нь үүнээс харагдана. “АстраЗенека”-гийн хувьд давтан тунг тарих хугацааг 56 хүртэл хоногоор хойшлуулснаар дархлааны тогтоц 80 хүртэл хувь болж нэмэгдсэн судалгаа гарсан учраас тус вакциныг тариулсан нь эмээх шаардлагагүй байх. Харин бусад вакцины тухайд ихдээ 28 хоногийн зайтай хоёрдугаар тунг хийлгэж байж үр дүнтэй байх нь нотлогдсон. Тиймээс хөл хорионы үеэр дархлаажуулалтыг зогсоосноор олон мянган хүний вакцин хийлгэсэн нь ямар ч ашиггүй, талаар болох эрсдэл нүүрлэж болзошгүй байна.

Бид вакцины мөнгөгүй юү?

Бельги Улсын Сангийн сайд өнгөрсөн хоёрдугаар сард өөрийн цахим хуудсаараа дамжуулан “АстраЗеника”, “Pfizer”, бусад вакцины нэг тунгийн үнийн мэдээллийг нийтэлсэн билээ. Үүнд “АстраЗеника” вакциныг 1.78, “Pfizer”-ыг 12 евро хэмээн мэдээлсэн байсан. Өнөөдрийн ханшаар евро 3.389 төгрөгтэй тэнцэх бөгөөд хамгийн хямд “АстраЗеника” вакцины хоёр тунг 12.065, хамгийн үнэтэй “Pfizer” вакцины хоёр тунг 80.160 төгрөгөөр худалдан авах боломжтой юм. Иргэн бүрт тараасан 300 мянган төгрөгийн оронд вакцин худалдан авсан бол бид цар тахалтай амжилттай тэмцэж чадах байв.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Бидэнд вакцин худалдан авах боломж байсан

  • Avatar Anonymous says:

    Hvn guai vaktsin ni alga. Orosoos 1saya vaktsin avna gedeg bas vlger. Orosuud hvn amynhaa 4 huviig l vaktsinjuulsan. Uuruur helbel 5-6 saya hvnee l vaktsinjuulsan. Europyn ulsuud vaktsiny dutagdaltai bna.