Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АН-ын даргын сонгуульд дөрвөн хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, батламжиллаа

Ардчилсан намын даргын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах ажиллагаа өчигдөр боллоо. Тус намын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал нээлтийн үгэндээ “Өнөөдөр Монголын ардчиллын түүхэнд нэгэн тэмдэглэлт өдөр тохиож байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээс улбаалсан, намын дотоод талцал, үл ойлголцлыг эцэслэх гишүүд, дэмжигчдийн хүсэлт шаардлагыг биелүүлж, АН-ын даргын сонгуулийг эхлүүллээ. Намын даргын сонгуульд оролцож буй нэр дэвшигчдийн манлайлал дор, сурталчилгааны хугацаанд ардчиллын үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлж, таниулахад үлэмж дэвшил гарна гэдэгт итгэж байна. Сонгуульд нэр дэвшигчид та бүхэн шударга өрсөлдөн, намын дүрэм, журмыг чанд мөрдөж, үйл ажиллагаагаа явуулахыг уриалж байна. Намын үе үеийн удирдлага та бүхэн эе эвээ хичээж, ардчилсан үзэл, үнэт зүйлээ хамгаалж, гишүүд, дэмжигчдийнхээ итгэлийг дааж, нэгдэн нийлэхийг уриалъя” хэмээв. Тус намын үндсэн дүрмийн 3.3-11.4, 5.5-22.5, 5.22-5.3, 5.22-5.10 дахь заалт, Дотоод сонгуулийн хорооны журмын холбогдох хэсгийг үндэслэн Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, О.Цогтгэрэл, С.Эрдэнэболд нарыг даргын сонгуульд нэр дэвшигчээр батламжилж, үнэмлэх гардууллаа. УИХ-д АН-аас сонгогдсон гишүүд тэдний үнэмлэхийг гардуулж, амжилт хүссэн юм. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Монгол Улсын өнцөг булан бүрт байгаа манай намын мянга мянган гишүүн энэ сарын 24-нд намынхаа даргын сонгуульд саналаа өгч, их хурлаар эцэслэн батламжилна” гэдгийг энэ үеэр онцлов. Ташрамд дурдахад, АН-ын бүлгийн хуралдаан өчигдөр болж, нэр дэвшигч О.Цогтгэрэлд амжилт хүсэн, бэлгэдэл болгож төрийн далбаа, намын тугаа дурсгасан юм.

АН-ын даргын сонгуульд нэр дэвших хүсэлтээ анх 19 хүн илэрхийлсэн. Үүний нэг нь удалгүй нэрээ татсан бол Н.Алтанхуяг, П.Галиндэв нарыг тавигдах шаардлагыг хангаагүй гэж үзсэн юм. Нэр дэвшигчдээс 93 419 000 төгрөгийн дэнчин авах болсноор зарим нь нэрээ татсанаа мэдээлж байв. Харин нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн Ц.Оюунгэрэлийн хувьд “Нэгдүгээрт, нэр дэвшигчдэд үнэмлэх гардуулах үйл ажиллагааг хууль бусаар явуулж байна. Хоёрдугаарт, би нэрээ татаагүй. Дотоод сонгуулийн хороог даргалж байгаа И.Мөнхжаргалд саяхан захиа бичиж, 2-3 үйл ажиллагаа нь хууль зөрчиж буйг анхааруулсан. Тодруулбал, тус хороо намын даргын сонгуулийн тов зарласан хоёр тогтоол гаргасан. Хэзээ сурталчилгаа явуулахыг уг тогтоолд бичих ёстой. И.Мөнхжаргалын гарын үсэг зурсан эдгээр тогтоолд 2020 оны гуравдугаар сарын 11-нээс сурталчилгааг эхлүүлнэ гэсэн хугацаа огт тусгаагүй. Гэтэл олон нийт болон нэр дэвшигч надад мэдэгдэхгүйгээр, сурталчилгаагаа эхлүүлэх боломжийг зарим хүнд нээж өгч, давуу байдал олголоо. Мөн И.Мөнхжаргалын надад илгээсэн хоёр ч албан бичиг дээр дарсан тамгыг хүчингүйд тооцов гээд өдөр тутмын сонинд зарласан. Энэ тамгыг ашиглаад Хасбанканд данс нээлгэсэн байгаа. Уг данс руу 93 419 000 төгрөгийн дэнчингээ шилжүүлнэ үү гэсэн зурвас илгээсэн. Тиймээс намайг дэмжиж өгсөн бусдын мөнгийг хууль бус ажиллагаанд ашиглуулахгүйн тулд би тухайн банк руу албан бичиг илгээсэн. Хариу ирүүлээгүй байна. Би хуулийн дагуу явуулж буй сонгуульд л нэрээ дэвшүүлнэ” гэв.

ДУНД ШАТНЫ ХОРООНЫ ДАРГЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙН ҮНЭМЛЭХИЙГ ГАРДУУЛАВ

Ардчилсан нам хоёр тамгатай, хоёр даргатай, Дотоод сонгуулийн хоёр хороотой болж, талцал үүссэн. Тодруулбал, тус намын дарга хэвээрээ байгаа гэж өөрийгөө мэдээлж буй С.Эрдэнэ намын ҮБХ-ны гишүүний нөхөн болон дунд шатны хорооны даргын сонгуульд нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь өчигдөр гардууллаа. Тэрбээр “Намын ҮБХ-ны гишүүдийн орон тоо гарсан тойргуудад нөхөн сонгууль явуулна. Мөн дунд шатны хорооны дарга нарын сонгуулийг зохион байгуулах дүрэмтэй. Үүнийг ирэх 17-нд манай Дотоод сонгуулийн хорооныхон хариуцан хийнэ. Намын дунд шатны хороодын даргын сонгуулийг орон нутгийн сонгуульд ялагдал хүлээсэн 13 аймаг, долоон дүүрэгт явуулна” гэсэн юм. Дараа нь Дотоод сонгуулийн хорооны дарга Х.Алтанхуяг нэр дэвшигчдийг батламжилсан тогтоолоо гардуулав.
АН-ын нийслэлийн хорооны даргад нэр дэвшигчээр Э.Бат-Үүл, Л.Уртнасан нарыг бүртгэжээ. Харин тус намын Сонгинохайрхан дүүргийн хорооны даргад Д.Цогтбаатарыг, Хан-Уулынхад Б.Анхныбаяр, Багануурынхад Б.Сайнзаяа, Чингэлтэйд Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийнхад Б.Жаргалсайхан, Сэлэнгэд Б.Идэрзориг нар нэр дэвших аж. Тэд сурталчилгаагаа өчигдрөөс ирэх даваа гаргийн 22.00 цаг хүртэл явуулах гэнэ.

Ирэх долоо хоногоос АН-ын даргын сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх бөгөөд дөрөвдүгээр сарын 25-нд тодруулахыг С.Эрдэнэ хэллээ. Мөн тэрбээр “Үндсэн дүрмийн дагуу би хариуцлагаа хүлээж, намын даргын сунгаа болон их хурлыг зарлаад, тамгаа түр шилжүүлсэн. Харамсалтай нь, зарим хүний явцуу эрх ашгийн хүрээнд явуулсан үйл ажиллагаанаас болж өнөөдрийн нөхцөл байдал үүссэн” хэмээн онцлов.

Бэлтгэсэн: Б.Нандин

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “АН-ын даргын сонгуульд дөрвөн хүнийг нэр дэвшигчээр бүртгэж, батламжиллаа

  • иргэд олон түмэн says:

    Иймэрхүү нэр хүндтэй нам тарсан нь дээр биш үү?