Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оюуны өмчийн хулгай гаарчээ

Зураач, хөрөг зургийн мастер Б.Насанцэнгэл охиныхоо хуримын үеэр Гэрлэх ёслолын ордны хананаас өөрийнхөө бүтээлийг харахдаа “Эднийх надаар зуруулаагүй дээ. Тэгээд ч энэ бол эзэнтэй зураг. Яагаад энд байдаг билээ” хэмээн бодоод гайхжээ. Хүүхдээ гэрлүүлж яваа түүнд учрыг асууж сураглах зав байгаагүй гэнэ. “Монгол костюмс”-ын захирал Б.Сувдын худалдаж авсан “Хаан, хатан хоёр” хэмээх зургийг нь хуулбарлаж дээ гэж бодоод өнгөрч. Тус ордноос захиалгаар дуурайлгаагүй л бол уг бүтээлийг хэн нэгэн яг адилхнаар үйлдээд тэднийд борлуулсан болж таарах юм. Зураачаас энэ талаар дараа нь асууж тодруулсан, эсэхийг лавлахад “Үгүй, гайхаж хараад л өнгөрсөн. Ер нь зураачдын бүтээлийг дуурайлгаж, хуулбарлаж ашиг, орлого олдог хүн олон байдаг гэдэг. Монгол зургийнхны бүтээлийг хуулах нь түгээмэл. Жишээ нь, зураач Д.Бадамын олон зургийг дуурайлгасныг гадаадад харж байлаа. Ирээд түүнд хэлэхэд “Өө, минийх хаана ч байж мэднэ. Бүр дөжирсөн шүү дээ” гэсэн аж. Мөн зураач Ц.Болдын бүтээлийг Францад томоор дуурайлгасан байхтай таарчээ. Энэ тухай өөрт нь хэлэхэд “Тэгдэг юм аа. Эвлэрчихсэн” гэжээ.

Урчуудын эвлэлийн хорооны ерөнхийлөгчөөр ажиллаж буй зураач Б.Төмөрбаатар нэгэн бүтээлийг нь таньдаг хүн нь хуулбарласныг мэдээд “Чи яаж байгаа юм бэ, ямар муухай хүн бэ” гэж хэлээд орхисон байна. Заргалдаж, гомдол мэдүүлсэнгүй. Яагаад гэвэл цаг зав хомс. Адгийн зарга 10 хоног гэж үзээд дуугүй өнгөрчээ. Зураач, мөн байгууллага тэргүүлдэг даргын хувьд оюуны өмчийн хулгай, зохиогчийн эрх хөндөгдсөн энэ мэт асуудалд хэрхэн ханддаг талаар түүнээс тодруулахад “Зураачид өөрсдөө гомдол мэдүүлбэл хэрэг үүсгэж шалгах байх л даа. “Бүтээлийг минь хуулчихаж” гэж хэлдэг зураачид байдаг. Мэргэжлийнхэн бол нэг нэгнийхээ ажилд ингэж хайр гамгүй хандахгүй. Тэгээд ч зураас бүрээр нь таних учир эх болон хуулбарыг маш сайн ялгана. Харин гарын ур дүйтэй, хүн харахад зурдаг мэт царайлдаг нөхөд хэнэг ч үгүй дуурайлгадаг. Жуулчдад худалдах гээд, эсвэл зах, худалдааны төвүүдэд ямар нэг
зураг сугавчилсан явдаг даа. Тэд бол хулгайчид. Өөрсдөө сэтгэж чадахгүй тул бусдын санаа, оюуны хөдөлмөрийг дээрэмддэг” гэлээ.
Зураач Б.Хонгорзулын хүүхдийн сэдэвт, шинэхэн “Уяа” хэмээх цуврал бүтээлийг нь дуурайлган зурсныг АНУ-д цахимаар худалдахаар санал болгосныг өнгөрсөн оны сүүлчээр бүтээлийн эзэн мэджээ. Тэрбээр цахим хуудсандаа үүнийг мэдээлээд, “Оюуны өмчийн энэ мэт хулгайг яах юм бэ” хэмээн бичсэн байв. Үүний дагуу холбоо барьж, лавлахад “Миний бодлоор галерейд гаргасан үзэсгэлэнгийн үеэр гэрэл зургийг нь аваад, дуурайлгаж зурсан байх. Хуульчид хандаж үзлээ. Гэтэл “Ийм явдал бишгүй байдаг биз дээ. Харин ч бүтээлийг тань сурталчилсан хэрэг биш үү” гэх утгатай юм хэллээ” гэв. Оюуны бүтээлээ хулгайд алдсан зураач зөвлөгөө авах гэж хуульчид хандахад ингэж тайлбарлах нь манай улсад л байх бүдүүлэг “тусламж” биз. Санаагаар унасан уран бүтээлч юутай ч хөл хорио сулруулсны дараа холбогдох байгууллагад нь хандана гээд хүлээж сууна. Зураачийн бүтээлийг хуулбарлаад цахимаар худалдах нь юу гэсэн үг вэ. Нэгэнт нэг хувь зурж чадсан юм чинь дахиад өчнөөн тоогоор үйлдвэрлэнэ. Тэр тусмаа гадаадын оронд технологийн дэвшил ашиглан, орчин үеийн
аргаар худалдан борлуулах нь өршөөж боломгүй гэмт хэрэг бус уу.
Өөрийнх нь оюуны бүтээл, хөдөлмөрийг бусад хүн ичгүүр сонжуургүй дээрэмдэж байхад зарим зураач хэнэггүй, гүндүүгүй ч гэдэг монгол зангаар “Эвлэрчихсэн шүү дээ” гээд суух. Энэ тохиолдолд өөрсдийг нь буруутгахаас аргагүй мэт. Гэхдээ ийм асуудал гарах бүрт заргалдахаар гадаад руу явах арга ч байдаггүй биз. Хэдий тийм боловч эл асуудал нь мэдсэн ч мэдээгүй юм шиг өнгөрөөж, өршөөж болохгүй хулгай, улмаар гэмт хэрэг тул дотоодод, олон улсын түвшинд ч эрх зүйн хүрээнд хөндөж, холбогдох газар, байгууллагад мэдэгдэж, тэмдэглүүлэх нь хэтийн явдалд тустай санагдана. Нэг хэсэг нь хэдэн сар, жилээр бодож боловсруулан, оюун ухаанаа уудлан, авьяас билгээ шавхан зурж, бүтээсэн атал нөгөөдүүл нь хэдхэн цаг суугаад дуурайлган таталсаар байх гэж үү.

Уран зурагт дуурайлган зурах хэмээх төрөл бий. Гэхдээ олон улсын эрх зүйн актын хүрээнд зөвшөөрсөн зураг, бүтээлүүд дээр ажилладаг. Дэлхийн уран зураг, дүрслэх урлагийн томоохон сургууль, академиудад ийм хичээл заадаг бөгөөд хуулбар зургаар дагнадаг уран бүтээлчид ч бий. Гэтэл бусдын бүтээлийг, тэр тусмаа бүтээгч нь энх тунх байхад, бүр тухайн бүтээлийг ганц, хоёр удаагийн үзэсгэлэнд дэлгэсэн төдийд нь хуулбарлаад, олшруулан худалдах нь магадгүй хил дамнасан гэмт хэрэг мэт.

Оюуны өмч, зохиогчийн эрхийн асуудал зөвхөн зураачид бус, бодож, сэтгэн, санаачилж, бүтээн туурвидаг бүхэнд хамаатай. Манай улсад оюуны өмч, зохиогчийн эрхийг хамгаалах хууль бий ч хэрэгжүүлэх тал нь хэзээд учир дутагдалтай байсаар ирсэн. Харин өдгөө хууль тогтоомжоо шинэчлэхээр холбогдох байгууллагынхан нэлээд ажил хийж эхэлжээ. Тухайлбал, 2020 он арванхоёрдугаар сарын 1-нээс Оюуны өмчийн тухай шинэ хуулийг хэрэгжүүлж эхэллээ. “Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах зорилготой” хэмээн тодотгосон уг хуулийг хэрэгжүүлснээр бүтээн туурвигчид, шинийг санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлэгсэд оюуны өмчөө эдийн засгийн эргэлтэд оруулахад хялбар болно гэж албаныхан мэдээлсэн юм. Мөн энэ төрлийн өмчийн үнэлгээ хийх болон зуучлах ажиллагаа илүү найдвартай болж, оюуны өмчийн байгууллагын үйл ажиллагаа тогтвортой, хэвийн явагдах боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Түүнчлэн уг хуулийн үзэл баримтлалд нийцүүлэн Патентын тухай болон дагалдах бусад хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УИХ-ын даргад өргөн мэдүүлээд буй аж. Төрөөс энэ мэтчилэн оюуны өмчийг дээдлэх, үнэ цэнийг нэмэгдүүлэх, зохиогчийн эрхийг хамгаалах, зөрчсөн тохиолдолд авах арга хэмжээг чангатгах чиглэлээр эрх зүйн хүрээнд шинэчлэл хийж эхэлжээ. Үүний зэрэгцээ оюуны үйлдвэрлэл эрхлэгчид, уран бүтээлчид оюуны өмчдөө эзэн байх, бусадтай гэрээний хүрээнд хамтарч ажиллаж сурах гэх зэргээр орчин үеийн бизнес эрхлэгч, уран бүтээлчийн түвшинд сэтгэж, хариуцлагатай байхыг цаг үе шаардаж байна.

12
ХарамсалтайХарамсалтай
9
БурууБуруу
2
Зөв, гоёЗөв, гоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
1
ГайхмаарГайхмаар
0
Савж уналааСавж уналаа
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.