Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Т.Доржханд: Монголбанкны удирдлага гадаадаас авсан мөнгөнийхөө талаар тодорхой хариу хэлэхгүй зугтсаар байна

Монголбанк БНСУ-ын “Самсунг” компаниас оффтек гэрээгээр буюу алтны урьдчилгаат төлбөрийн санхүүжилтээр 100 сая ам.доллар авсан гэх асуудал шүүмжлэл дагуулаад буй. УИХ-ын гишүүн Т.Доржханд дээрх асуудлаар Монголбанкны удирдлагад хандаж, мэдээлэл авахыг хүссэн ч тодорхой хариу өгөөгүй гэнэ. УИХ-ын гишүүнээс энэ талаар тодрууллаа.

-Монголбанкнаас танд Солонгосын “Самсунг” компанитай хийсэн оффтек гэрээнийхээ талаар мэдээлэл өгсөн юм биш үү?

-Нэгдүгээрт, ийм хэлцэл болсон гэх маш ерөнхий мэдээлэл өгсөн. Алтны хэлцэл гэж ийм юм байдаг гэх танилцуулга л байсан. Ямар нөхцөлтэйгээр яах гэж уг хэлцлийг хийсэн гэдэг нь тодорхойгүй. Надад тийм зүйл өгөөд яах вэ дээ. Юу ч мэдэхгүй хүн хуурч байгаа аятай. Хоёрдугаарт, алт урьдчилж өгсөн үү, зүгээр мөнгө зээлж авсан юм уу, алтаар төлнө гэсэн бол нөхцөл нь юу вэ гэдгийг иргэд мэдэх эрхтэй. Хоёрдугаарт, авсан алтныхаа мөнгийг аль нэг алтны компанид шилжүүлж өгсөн үү гэдэг нь тодорхойгүй. Монголбанкны удирдлага тодорхой хариу өгнө гэж УИХ-ын чуулган дээр хэлсэн ч одоо болтол таг чиг байна. Гуравдугаарт, энэ тухай нь мэргэжлийн үүднээс  асууж, сураглахаар хариу өгөхгүй, хэн нэгэн даргын араар орчихоод, эсвэл зугтаад байгаа нь буруу. Би мэдээллийг олж авах болно.

-Оффтек гэрээ хийсэн нь нууцын зэрэглэлтэй мэдээлэл гэж байсан. Та улсын нууц задруулаад байгаа юм биш биз?

-Оффтек хэлцлээр алтыг авч, өгч, наймаалцаж болно. Гол нь тус банкны удирдлага гадаад вальютын нөөц хангалттай, санаа зоволтгүй гэсэн мөртлөө яагаад яарч сандраад, байхгүй алтыг урьдчилж зараад гадаадынхнаас мөнгө авчихдаг юм. Энэ талаараа тодорхой тайлбар өгөхгүй байгаа. Ер нь гаднаас оруулж ирсэн мөнгийг УИХ-аар нээлттэй хэлэлцэх ёстой. Засгийн газар гаднаас 10 сая ам.доллар зээлэхэд УИХ-аар бүтэн жил хэлэлцдэг. Гэтэл  төв банкныхны хийсэн 2.3 тэрбум төгрөгийн своп хэлцэл, 15 тэрбум юанийн асуудал нь ардаа 7-8 хувийн хүүтэй шүү дээ. Ийм өндөр дүнтэй хэлцлүүдийг УИХ-ын харьяа байгууллага хэрнээ Монголбанк дотроо шийдэж, гаргасан шийдвэрээ дандаа яагаад нууцын зэрэглэлд хамааруулдаг юм бэ. Надад нууц гэсэн бичигтэй ямар нэг зүйл өгөөгүй. Тиймээс би нууц задруулаагүй.

-“Самсунг” компаниас авсан урьдчилгаа төлбөр  ямар нэг өр зээл биш гэж байсан.

-Сүүлийн 5-6 жил Монголбанкны удирдлага аливаа шийдвэр гаргаж,  үүнийгээ бусдаас нууцалж ирсэн. Үр дүнд нь тэр мөнгийг бид нийтээрээ 12-16 хувийн хүүтэй төлдөг шүү дээ.  Монголбанк авсан мөнгөө яг юунд зарцуулсан юм бэ гэдгээ тайлагнах ёстой. Эд нар аливаа хийсэн хэлцлээ нууцлаад, асуухаар хариу өгөхгүй байна. Би олон хүн төлөөлж энд сууж буйн хувьд уг мэдээллийг төв банкнаас шаардаад байгаа юм. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

9 thoughts on “Т.Доржханд: Монголбанкны удирдлага гадаадаас авсан мөнгөнийхөө талаар тодорхой хариу хэлэхгүй зугтсаар байна