Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.Ганхүү: Аварга болох тусам даруу байх ёстой

Монголын авто спортын ахмад тамирчин, ОУХМ Х.Ганхүү энэ спортыг эх орондоо хөгжүүлсэн анхдагчдын нэг. Түүнд уралдаанаас хүртсэн олон түрүү бий. Мастер кросст үеийнхээ тамирчидтай ана мана өрсөлдөхийг нь харах гэж хөгжөөн дэмжигчид уралдааны талбарт цугладаг байсан гэдэг. Гаргасан амжилтаараа олонд “Амьд домог” хэмээн өргөмжлөгдсөн тэрбээр уралдахын хажуугаар гарынхаа шавь нарыг ч бас бэлтгэсэн. Тэдэнтэйгээ тэмцээнүүдэд оролцож, эхний гурван байрт шалгаран багшийн сэтгэлээр баярлаж, бахархаж явсан удаа цөөнгүй. Авто спортын адармаатай ертөнцөд 81 дугаартай хурд сорихдоо 17 удаа түрүүлж, алтан медаль, аваргын цом гардсан түүнийг “Таван цагариг”-ийн зочноор урилаа.

-Монголд авто спортыг хөгжүүлэхэд тантай мөр зэрэгцэж уралдсан тамирчдын хичээл, зүтгэл багагүй нөлөөлсөн. Үзэгчид жилд хоёр удаа зохион байгуулдаг уралдаанд өөрийг тань харах гэж ирдэг байсан гэх юм билээ.

-Бидний уралдах тэмцээнийг үзэгчид хаана, хэзээ болохыг нэгнээсээ асууж, бүр догдолж хүлээдэг байлаа. Тэд Улаанбаатарт зохион байгуулдаг авто спортын хоёр уралдааныг үзэхээр хүйтэн, халууныг үл ажран цугларах нь томоохон баяр ёслолыг өөрийн эрхгүй санагдуулдаг сан. Кросс уралдааныг тэр үед Улиастайн аманд байрладаг найман км замын тойрогт зохион байгуулдаг байсан. Тамирчид аваргын төлөө ана мана уралдаж, олныг огшоодог байв. Уралдаан үзэгчдийн нүдэн дээр шударга, өрсөлдөөнтэй болдог тул хөгжөөн дэмжигчдэд дахин үзэх хүсэл төрүүлдэг байсан биз. Хожим Морингийн даваанд мастер кросс цуврал уралдааныг явуулдаг болсноор залуус энэ спортоор сонирхож хичээллэсэн. Би 1994 онд анх зохион байгуулахад нь түрүүлж, дараа нь 1996, 1998 онд аваргаар шалгарч, үеийнхээ тамирчдаас түрүүлж спортын мастер цол хүртсэн юм. Энэ утгаар нь яривал би авто спортын мастеруудаас анхдагч нь.

-Хүүхэд байхаасаа техник сонирхсон таныг хобби тань эр зоригийн спортод хөл тавиулсан уу?

-Би Төв аймгийн сангийн аж ахуйд 1978 онд тракторчноор ажиллаж, 1984 онд автомашины жолооч болсон юм. Тэр үеэс уралдах хүсэл төрж, хоббигоо хөгжүүлсэн. Авто спортын уралдааныг анх зохион байгуулахад намынхаа даргын “УАЗ”-аар жолоочтой нь хамт оролцоод түрүүлж байлаа. Уралдах болсон тухайгаа даргадаа хэлэхэд дуртай нь аргагүй дэмжсэн. Түүнээс хойш тэмцээнд алгасалгүй оролцдог боллоо. Үеийнхээ тамирчдаас 44 дугаартай Б.Пүрэвсүрэн, 55 дугаартай Д.Батсайхан, 78 дугаартай С.Эрдэнэчулуун нартай аваргын төлөө өгөө аваатай уралдана. Бид уралдааны үед нэгнийхээ хүчтэй өрсөлдөгч байсан. Тамирчид Б.Пүрэвсүрэнг цаашлуулж, “Монголын Такамисакари” гэж хочилдог байв.

-Гадаадад болдог авто спортын уралдаан Монголд нэвтэрсэн нь хүмүүст тэр үедээ л шинэ, содон зүйл байсан гэдэг шүү.

-Энэ спортыг ид хөгжиж байхад бид ч бас сонирхож, эх орондоо хөгжүүлэхээр зорьж, уралдаан зохион байгуулдаг болсон юм. Анхны уралдаанд 20 гаруй тамирчин эр зориг гарган хурд сорьж, тоосоо өргөсөн түүхтэй. Монголын авто, мото спортын холбоо холын зайн уралдааныг 1994-1995 онд зохион байгуулахад тамирчид 200 км-ийн замыг зураг харж уралддаг байсан. Тэгвэл дараа жилээс нь ойрын зайн тойрог замын уралдааныг “Батхүлэг” нэртэй зохион байгуулсан. 2000 онд нэг үеийн спортын мастер цолтнууд нэгдэж, Монголын авто мастеруудын холбоог байгуулж, “Мастер кросс” тэмцээнийг санаачилж явуулсан юм. Бид тухайн үед уралдах автомашины хөдөлгүүрт хязгаарлалт тогтоосон. Тодруулбал, энгийн хөдөлгүүртэй уралдах шаардлага тавьснаар кросст оролцох тамирчдын тоо нэмэгдсэн. Тамирчид уралдаанд төсөөлж байснаасаа илүү хөрөнгө зарцуулдаг. Уралдах техникээс гадна ивээн тэтгэх байгууллага хамгийн чухал. 1995 оноос хойш би ах, эгчийнхээ компанийн нэр дээр уралдаж, 2000 онд “Чингис шар айраг”-ийн тамирчин болж байв. Өнөөгийн тамирчдыг бидний үеийнхтэй зүйрлэхээргүй. Тэд техникээ уралдааны зориулалтаар тоноглож, чанартай сэлбэг, хэрэгсэл тавьж, харьяалагдах клуб, спонсортой оролцдог болсон.

-Авто спортынхон уралдах дугаараа бэлгэдэж сонгодог. Танд 81 дугаар олон түрүү бэлэглэсэн биз?

-Би 99 дугаартай нэг жил уралдлаа, дорвитой амжилт гаргасангүй. Монголчууд есийн тоонд дуртай. Есөн есийн 81 гэж бодоод энэ дугаарыг бэлгэдэж сонгосон. Надад олон түрүү бэлэглэсэн болохоор одоо ч хайртай. Манайх гурван охин, нэг хүүтэй. Хүүхдүүдийн минь автомашины дугаарт 81 гэсэн тоо оролцсон байдаг юм.

-Та 2007 онд зодог тайлсан. Цааш үргэлжлүүлэх ур чадвар, туршлага байхад яагаад ийм шийдвэр гаргасан юм бэ?
-Би сумынхаа 30 жилийн ойгоор авто спортоос зодог тайлж байлаа. Түүнээс өмнөх уралдаанууд оролцож, 17 удаа түрүүлсэн. Миний уралдахыг харж, энэ спортод хөл тавьсан залуус бий. Би олон шавьтай биш, гэхдээ тэд амжилттай уралдсан. Тухайлбал, ОУХМ Б.Амаржаргал, “Мөнгөн” хочтой Н.Уртнасан агсан, Ж.Мөнхтөр, Б.Пүрэвсүрэн гээд нэрлэвэл олон тамирчин бий. Тэд надтай уулзаад шавь болох санал тавьсан юм. 2004 онд санагдана, Морингийн даваанд болсон нэг тэмцээнд шавь нараас Б.Амаржаргал түрүүлж, би удаалан, Н.Уртнасан III байрт шалгарч, хүрэл медаль хүртэж билээ. Тамирчин байхдаа техникээ зэхэж, бэлтгэл хийгээд уралд даг байсан би багш болсноор шавь нараа амжилт гаргуулах үүрэг, хариуцлага нэмэгдсэн дээ.

-Таны шавь Н.Уртнасан агсны нэрэмжит тэмцээнийг Дорноговь аймагт жил бүр зохион байгуулдаг. Сүүлийн үед Сайншандаас “Мөнгөн шонхор” клубийнхэн цахиур хагалдаг болсон шүү дээ.

-Шавь минь уралдах авьяастай, өндөр мэдрэмжтэй тамирчин байлаа. Надтай 1999 онд уралдаанд анх хурд сорьж, дараа жил нь Япон Улсаас зохион байгуулдаг SSER олон улсын авто раллид хамтдаа оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Тэр тэмцээнд гаргасан амжилтаараа би ОУХМ, шавь минь спортын мастер цол хүртсэн. Тэрбээр авто спортод хожуу хөл тавьсан ч уралдаан болгонд эхний таван байрт шалгардаг байв. Нэг жилд зохион байгуулсан долоон тэмцээнд бүгдэд нь мөнгөн медаль зүүсэн түүнийг авто спортынхон “Мөнгөн Уртаа” хэмээх болсон юм.

-Японоос тэр жил зохион байгуулсан олон улсын раллид манайхан амжилттай оролцож, тэднийг гайхшируулсан гэдэг, үнэн үү?

-Миний хувьд тус раллид хоёр удаа оролцсон. Японы тамирчид биднийг “Та нар уралдаад түрүүлэх үү” гэж эхэндээ басангуй асууж байлаа. Эхний өдрийн уралдаан Баянхонгор аймагт бариалахад Монголын дөрвөн “УАЗ” дараалж ороход би түрүүлсэн юм. Маргааш нь Завханд хурд сориход мөн л тэргүүлсэн. Монголчууд ийм амжилт гаргана гэж тэд төсөөлөөгүй байх. Уралдааны дараа “УАЗ”-ынхаа тоног, хэрэгслийг задлаад засаж байхыг маань харчихаад “Та нар уралдахаа больж байгаа юм уу” гээд гайхаж асууна. Тэдний уралддаг автомашин бидний “УАЗ”тай харьцуулшгүй. Техник, технологи өндөр хөгжсөн орны тамирчид тул манайхнаас олон зүйлээр давуу байсан. Тамирчид нь уралдаж ирээд автомашинаа механикийн багийнханд хүлээлгэж өгөөд амарна. Багийнхан нь засаж янзлаад маргаашийн уралдаанд бэлэн болгоно. Бид тэдний дэргэд хобби, хүсэл тэмүүллээрээ уралдсан. Хэдийгээр техникийн үзүүлэлтийг нь гүйцэхгүй ч эр зоригоороо шалгарч байр эзэлсэн. Бидэнтэй долоо хоног уралдсан тэд түрүүгээ алдсандаа нэг л итгэхгүй байж билээ. Механикийн багийг нь харчихаад олон улсын тэмцээнд тамирчид хэрхэн оролцож, амжилт гаргадгийг анх мэдсэн. Тэр үеийг бодвол Монголын тамирчид одоо механикийн багтай болсон.

-“Батхүлэг” кросс уралдааныг та анх санаачилсан байх аа?

-ОУХМ П.Дарханжаргал, Б.Пүрэвсүрэн нар ийм нэртэй уралдаан зохион байгуулахаар санаачилсан. Тэд энэ спортыг хойшид хэрхэн хөгжүүлэх талаар ярилцаад Монголын авто мастеруудын холбоог байгуулж, Удирдах зөвлөлийн хурлаа манай гэрт хийж билээ. Түүнээс хойш “Чингис шар айраг” ХХК-иас “Батхүлэг” авто спортын анхны тэмцээнээс эхлээд “Чингис мастер кросс”-ыг 20 жил тасралтгүй зохион байгууллаа.

-Дархан-Уул аймагт жил бүрийн гуравдугаар сард уламжлал болон зохиогддог “Чингис мастер кросс”-т таныг түрүүлж, аваргаар шалгарсныг саналаа.

-Тус уралдааныг УИХ-ын гишүүн М.Чимидцэрэн агсны нэрэмжит болгон 1999 онд анх зохион байгуулахад нь би түрүүлж байсан юм. Би уралдааныг зохион байгуулахад биечлэн оролцож, уралдах замыг нь хийдэг байлаа. Миний оролцох хамгийн дуртай тэмцээн бол “Чингис мастер кросс”. Энэ нь үзэгчдийн сонирхлыг бусад тэмцээнээс илүү татдаг. Уралддаг зам нь ч амаргүй тул тамирчдаас ур чадвар, эр зориг, мэдрэмж, тооцоолон бодох ухаан их шаарддаг. Тэдний өрсөлдөөнөөс техникийнх нь хурд, хүч хэр байгаа нь ч харагддаг. Тэнд болох кроссыг үзэх гэж орон нутгаас хүртэл хөгжөөн дэмжигчид зорьж ирнэ. Сүүлдээ суудал ч олдохгүй. Би энэ кросст олон уралдахдаа нэг л түрүүлсэн байдаг юм.

-Залуу тамирчид хүч түрэн орж ирсэн болохоор та хойшдоо гарынхаа шавь нарыг бэлдье гэж боддог болсон уу?

-Би тэр үед 48 нас хүрсэн байлаа. Сүүлдээ ч хаширлаж, болгоомжлоод тоормос руу хөл явах гээд байдаг болсон. Зодог тайлаад зүгээр суугаагүй. Хобби хорхой хөдөлгөж, хааяа уралдмаар санагдана. Ахмадын ангилалд гурван удаа оролцож, хоёрт нь түрүүлсэн. Намайг зодог тайлсны дараа 2009 онд Монголын автомастеруудын холбооны холын зайн анхны раллийг Улаанбаатар, Орхон, Орхон, Сэлэнгэ, Сэлэнгэ, Улаанбаатарт жийп, “УАЗ”-ын ангилалд зохион байгуулсан юм. Гурав хоног үргэлжилсэн раллид спортын мастер З.Отгонбаяртай оролцоод түрүүлж байв. Авто спортын үе үеийн тамирчдаар бахархах дуртай. Нэг үеийн 20 гаруй тамирчин анхны тэмцээнд шанг нь татаж, уралдсан бол өдгөө хүрээгээ тэлсээр 100 гаруй залуус оролцдог болжээ. Шавь нараас минь гадна залуу тамирчид жил бүрийн сар шинийн баяраар намайг хүндэлж, ирж золгодог юм. Би одоо Сэлэнгэ аймагт газар тариалангийн ажил эрхэлдэг. Залуудаа ажил, хөдөлмөрийнхөө гарааг Төв аймгийн “Нөхөрлөл” сангийн аж ахуйд тариа хураалтаас эхэлсэн. Миний эзэмшсэн мэргэжил газар тариалантай холбоотой учраас түшсэн хэрэг л дээ.

-Сэтгэлээс тань гардаггүй, хааяа дурсамж сэргээдэг хамгийн сонирхолтой уралдаанаа онцолж яриач?

-Миний сэтгэлээс гардаггүй нэг уралдаан бий. 2000 онд болсон Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлэхэд ур чадвар, “УАЗ” ч үнэхээр сайн байсан. Би олон тэмцээнд аваргалсан. Гэхдээ тэр тэмцээн амьдралд минь мартагдахааргүй дурсамж үлдээсэн. Авто спорт хоббид тулгуурлаж хөгждөг. Намайг дурлаж уралдсан үеэс гэр бүл минь дэмжиж ирсэн дээ.

-Таны хүү Г.Гантулга “УАЗ” ангилалд уралдаж байгаад больсон. Харин одоо хурдан хүлэг наадамд сойдог болсон гэл үү?

-Хүү нэг хэсэг уралдаж байгаад больсон. Ээж нь хүүгээ тэмцээнд оролцуулах дуртай байгаагүй. Одоо хурдан морь наадамд сойж, уралдуулдаг. Харин зээ хүү Б.Цолмон авто спортын хоёр төрөлд хурд сорьдог. Тэрбээр 18 нас хүрч, саяхан болж өндөрлөсөн дрифтийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртлээ.

-Залуу аваргуудын уралдаанаас хэнийх нь ур чадварыг үнэлж амжилт гаргах тамирчин гэж дүгнэж байв?

-Амжилт гаргах тамирчны авьяас, мэдрэмж өөр байдаг. Уралдаанаас нь харахад андашгүй. Нүдэнд тусаж, анхаарал татдаг. Залуусаас Л.Ариунболдын уралдахыг анх харчихаад “Энэ хүүд тууштай уралдах хүсэл, зорилго байна” гээд бодсон. Миний дүгнэлт зөв байсан. Тэрбээр одоо олон түрүүтэй тамирчин болжээ. Амжилтаараа 24 дугаартай Д.Болдбаатар, 68 дугаартай Ш.Гомбодорж аваргын араас нэхэж явна. Түүнд тамирчин хүнд байх ёстой олон давуу чанар бий. Тэмцээнд оролцохоосоо өмнө техникээ маш сайн бэлдэж, уралдах замаа судлан, тооцоолж төлөвлөдөг. Хүнийг тууштай зан амжилтад хөтөлдөг. Тэрбээр тэмцээнд хэдэн удаа хурд сориод л ур чадвараа ахиулж чадсан. Бидний араас шинэ, залуу үе хүч түрэн орж ирэхэд их баярласан. Одоо тэдний уралдахыг хараад бахархдаг. Залуу аваргууд тэмцээнд нэгнийхээ техникийг эвдэхгүй их цэвэрхэн уралдаж байна. Монголын авто спортоос анхны Гавьяат цолтон төрлөө. Д.Болдбаатарыг Гавьяат тамирчин болоход баярын нулимс унагаж, мэндчилгээ дэвшүүлсэн. Тэрбээр ийм гавьяаг хүртэх ур чадвартай тамирчин. Би уралддаг залууст нэг л зүйл захидаг. Тамирчин хүн аварга болох тусам даруу байх ёстой. Бардам, биеэ тоосон их зан амжилтад хүргэдэггүй. Гаргасан амжилтдаа онгирч буруудсан тамирчин бий. Надад зэмлүүлсэн удаа ч бий. Зарим нь миний зөвлөгөөг хүлээж авсан. Залуус ахмадуудаасаа үг сонсож, хичээллэдэг спортоосоо зөв хүмүүжил авч, төлөвших ёстой.

2
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.