Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.МӨРӨН: Залуу насаа уралдаангүйгээр төсөөлдөггүй

Олон улсад хамгийн их хөгжөөн дэмжигчтэй спортын төрлийн нэг бол мотоцикл. Энэ спортод ОУХМ П.Мөрөн хүүхэд байхдаа хөл тавьж, амжилтын гараагаа алтан медаль, аваргын цом өргөж эхлүүлсэн байдаг. Тэрбээр өмнө нь мото кроссын УАШТ, Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээнд тус бүр гурван удаа түрүүлж, аваргаар тодорсон бол 2015 онд ОХУ-ын Зүүн Сибирь болон Иркутск, Ангарск, Улаан-Үд хотод зохион байгуулсан олон улсын тэмцээнд мөн л тэргүүлэн эх орныхоо нэрийг гаргасан юм. Австралийн Мельбурн хот дахь Күинслэндийн их сургуулийг бизнесийн удирдлага, олон улсын харилцааны мэргэжлээр суралцаж төгссөн тэрбээр өнгөрсөн жилээс хоббигоо сэргээжээ. Дөрвөн жил эрдмийн мөр хөөж, мотоциклоос түр холдсон ч “Silk way” олон улсын раллид хурд сорьж, “Rally 2”, “Junior 25”, “JP” ангилалд тус бүр түрүүлэн шилдэг 10 тамирчинд олгодог “Топ 10” цом гардсан. Дуртай спортдоо эргэн ирснээ харуулж, фэнүүдээ огшоосон тэрбээр амжилтын буухиагаа үргэлжлүүлсээр. Монголд наймдугаар сарын 26-30-нд зохион байгуулсан “Мастер ралли 2021” авто, мото спортын улсын аварга шалгаруулах холын зайн уралдаанд тэргүүлж, ирэх жил алдарт “Дакар ралли”-д дэлхийн шилдгүүдтэй мөр зэрэгцэн уралдах түүнийг “Спорт” буландаа зочноор урилаа.

-Та энэ жил тун одтой байна. ОХУ-д долдугаар сард болсон “Silk way” олон улсын раллид амжилттай оролцож, гурван ч ангилалд түрүүлэн медаль, цом гардсан. Тэгвэл Монголд зохион байгуулсан “Мастер ралли 2021” уралдааны түрүүг мөн л авч олныг огшоолоо.

-Би удам дамжсан тамирчин. Өвөө, аав хоёр минь авто, мото спортын аль алинд нь хурд сорьдог байсан нь намайг энэ спортод хөл тавихад нөлөөлсөн. Аавыг минь А.Пүрэвдорж гэдэг, ОУХМ цолтой. Авто машины UTV ангилалд хурд сорьдог. Миний хувьд энэ спортоор 10 гаруй жил хичээллэж байна. Австралиас ирснийхээ дараахан “Мастер ралли 2020” тэмцээнд оролцож, мөнгөн медаль хүртсэн юм. Цар тахлын улмаас уралдааныг цуцалсан ч энэ жил “Silk way” олон улсын раллийг зохион байгуулах тов гарсан. Миний хувьд гадаадад уралдсан анхны тэмцээн байлаа. ОХУ, Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрт болдог уралдаан 10 хоног үргэлжлэн манай улсад бариалах байсан ч цар тахлын улмаас цуцалж, тамирчид тав хоног уралдан хойд хөршид аваргаа тодруулсан. Миний хувьд түрүүлэхээс илүү ухаан, ур чадвараа дайчлахыг хичээсэн. Өдөр бүр 600 км туулах уралдааны зам, цаг агаар амар байгаагүй тул өөрийгөө түрүүлнэ гэж бодоогүй. Уралдахын хажуугаар Монголоос оролцсон багийнхаа менежерийн ажлыг давхар гүйцэтгэж явахдаа олон зүйл судаллаа. Тамирчид хаана ч явсан гадаад хэлний мэдлэгтэй байх нь чухал. Өмнөх уралдааныг сурвалжилсан сэтгүүлчид монголчууд гадаад хэлээр ярьдаггүй гээд ярилцлага авдаггүй байсныг анзаарсан юм. Тиймээс энэ удаа Азийн орнуудаас Монголын тамирчид оролцож байгааг ойлгуулснаар бариа болгонд ирж, сэтгэгдэл авч олонд хүргэсэн. Үүнээс гадна Дэлхийн мотоциклын холбооныхонтой танилцан, Монголд дараа жил ирэхэд нь угтаж авах амлалт өгсөн.

-“Дакар ралли”-наас дутахааргүй болдог энэ тэмцээнд дэлхийн шилдгүүд өрсөлддөг. Уралдах зам хэцүү санагдах тусам амжилт ойрхон байдаг гэж тамирчид ярьдаг юм билээ?

-Мотоциклын ангилалд Азийн улсуудаас зөвхөн Монголын зургаан тамирчин 30 орны шилдгүүдтэй өрсөлдсөн. Эхний хоёр өдөр шавар, намаг ихтэй газраар уралдах амаргүй санагдаж, их ч ядарсан. Мотоциклоосоо унасан ч азаар бэртэлгүй, цааш үргэлжлүүлсэн. Би ургамлын харшилтай. Ойд уралдахад харшил хөдөлж, нүд хорссон ч тэвчиж уралдсаар байлаа. Гурав дахь өдрөөс цаг агаарт нь аажмаар дасаж, замаа богино хугацаанд амжилттай туулсан. Монголынхоо тамирчдаас П.Төрбаттай ойролцоо хурд сорьж, нэгэндээ туслан, дэм болж явсан. Гүнзгий устай, том чулуу ихтэй голоор аргалж гараад цааш давхихад араас нэхэж явсан түүний мотоциклын мотор цохиж, уралдах боломжгүй болсон юм. Бид “Ямаха” мотоциклын механикийн багийнхантай уулзаж, техникийг нь оношлуулсан ч уралдааныг үргэлжлүүлэх боломжгүй гэсэн хариу сонссон. Манай тамирчид энэ удаагийн раллид амжилт гаргах боломж ойрхон байгааг харуулсан. Дараа жил үүнээс ч илүү уралдана гэдэгт итгэлтэй байна.

-Тус раллины дөрөв дэх өдрийн уралдаанаас өөрийг тань ангилалдаа аваргаар шалгарсныг сонсоод баярлаж суулаа.

-Би “Silk way”-д ганцаараа амжилт гаргаагүй. “Adv malmoto” ангилалд Х.Тэмүүжин ах түрүүлсэн шүү дээ. Энэ ангиллын тамирчид техникээ өөрөө засах механикийн үүргийг давхар гүйцэтгэдэг юм. Миний хувьд сүүлчийн өдрийн уралдаанд хамт уралдсан тамирчдаас тасарч, цаг, минут, секундээр түрүүлж давхисан. Тиймээс алдаа гаргахгүй, тайван уралдаж барианд орохыг зорьж байв. Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэртэй ойролцоо газраар давхихад өндөр уулс харагдаж сэтгэл сэргээсэн. Сүсэглэж, залбирсан намайг нутгийн уулс түшиж, бэртэж болзошгүй хад, асгатай замд унагахгүй тогтоогоод байгаа мэт санагдсан. Тус раллид 25 дугаартай, КТМ брэндийн, 2016 онд үйлдвэрлэсэн “Rally replica 450” мотоциклоор уралдсан юм. Гадаадын тамирчид “Монголын тамирчид ямар хуучин мотоциклоор уралддаг юм бэ” гэж гайхан ярьж байхыг сонссон. Анх удаа оролцож байгаа надад тэдэн шиг шинэ мотоциклтой уралдах зардал байгаагүй. ОУХМ Э.Амгалан ахын мотоциклоор уралдаж, гурван ангиллын түрүүг авсандаа баярладаг.

-Тамирчид уралдааны замд олон хөгжилтэй зүйлтэй таарсан байдаг. Өөрт тань тохиолдов уу?

-Уралдаан өндөрлөх өдөр замаас гарч, өмнө минь урсаж байгаа том мөрөнг харж хэсэг зогссон юм. Тэгтэл гэнэт дуудлага ирж “Пүрэвдорж Мөрөн та зүгээр үү, яагаад гэнэтхэн зогсчихов. Бэртэж, гэмтсэн үү” гээд асуусан. Тамирчдын хаана явааг хүртэл уралдааны замд нарийн хянаж, мэдээлдэг. Цааш давхиж явахдаа өвөө, эмээтэй тааралдахад толгойг минь илж, үнсээд ”Чи монгол хүн үү” гэж асуусан. “Тийм ээ, би монгол” гэж хариулахад “Бид бас монгол удмын хүмүүс. Амжилт хүсье, хүү минь. Сайн уралдаарай” гээд ерөөж үдсэн. Угсаа гарал нэгтэй тэдний үгийг сонсоод их бэлгэшээсэн. Оросын спортын сэтгүүлчид надаас ярилцлага авахдаа “Чи Хятадын тамирчин уу” гээд асууна. Тэгэхээр нь “Үгүй ээ, би Монголынх” гээд уралдааны хувцас дээрх Төрийнхөө далбаа руу заадаг байлаа.

-Өөрийг тань “Дакар ралли”-д хурд сорих тухай чих дэлссэн, үнэн үү. Уралдах хөлгөө хэдийн зэхчихсэн биз дээ?

-Саудын Арабт ирэх жил зохион байгуулах “Дакар ралли”-д 2022 оны “Rally replica 450” мотоциклоор уралдах бодолтой байна. Саяхан бүртгүүлсэн, нааштай хариу сонсвол оролцоно. Миний гол зорилго бол “Дакар ралли”-д хурд сорьсон ах нарынхаа амжилтыг ахиулах. Уралдааны гараа, бариа, зам дахь бартаа, туулах элсэн цөлийг нэгбүрчлэн нарийн судалж байгаа. Өнгөрсөн зун “Silk way”-д оролцохдоо өөрийнхөө хэмжээнд чамлахааргүй туршлага хуримтлуулсан. Амжилттай уралдахын тулд тамирчид наана нь олон ажил амжуулдаг. Тэмцээнээс өмнө техникээ оношлуулна. Ирэх сараас ажил ундарч, завгүй гүйх байх. Ямар ч уралдаанд техникийн давуу тал, үзүүлэлт, хүчин чадал нөлөөлдөг ч тухайн тамирчны тооцоолон бодох чадвар, туршлага, мэдрэмж чухал. Уралдаанд зөвхөн эр зориг, хурдаар түрүүлэхгүй. Хэн ухаан зарж, сэтгэсэн нь түрүүг авдаг.

-Мельбурнд сурдаг байхдаа мотоциклын уралдаанд оролцов уу?

-Миний амьдарч байсан хотоос 100 гаруй км-ийн зайд мотоциклын тэмцээн болдог байсан ч зорьж очоод үздэг байлаа. Би энэ спортоор багаасаа хичээллэсэн болохоор холдож чаддаггүй. Залуу насаа уралдаангүйгээр төсөөлдөггүй. Оюутан байсан он жилүүдэд бэлтгэл хийж, уралдах зав гараагүй юм. Сургуулиа амжилттай төгсөхийн тулд хичээлдээ анхаарал хандуулдаг байсан. Австралид спорт өндөр хөгжсөн. Авто, мото спортын баг тамирчдаа дэмжин ивээн тэтгэж, тэмцээнд оролцуулж байгаа нь их таалагддаг. Уралдааных нь бай шагнал өндөр тул тамирчид нь ангилалдаа түрүүлэхийн төлөө өрсөлддөг. Тэдний уралдаанаас авч байгаа шагнал амьдралынх нь баталгаа болдог нь олон зүйлээс анзаарагдсан. Тэгвэл Монголд болдог тэмцээн, уралдааны шагналын мөнгө тэднийхээс хэд дахин бага тул тэмцээнд оролцсон зардлаа тамирчид эргээд олох хэцүү. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй байх гэж найддаг. Монголын авто мастеруудын холбоо, Монголын мотоциклын холбоо хойшдоо энэ тал дээр дорвитой санаачилга гаргаж, ажиллах болов уу. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад хөлбөмбөг, сагсан бөмбөгийн хичээл ордог шиг техник зөв эзэмшүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцож, аюулгүй байдлыг ханган жолоодож сургах зорилгоор авто машин, мотоциклын хичээл хөтөлбөрт нь оруулбал зүйтэй гэж боддог. Хүүхдүүд зөвхөн жолооны үнэмлэх авах зорилгоор бус, автомашиныг зөв эзэмших мэдлэгт суралцана. Сүүлийн үед залуус мотоцикл их унадаг болжээ. Замын хөдөлгөөнд автомашинаас илүү мотоцикл оролцуулбал замын түгжрэл багасна.

-Өнгөрсөн жилүүдэд мото спортоо санаж, их үгүйлсэн байх. Дуртай спортдоо эргэж ирснээ амжилтаараа харууллаа шүү.

-Монголд сошиал медиа сайн хөгжөөгүй үед намайг дэмждэг фэн олон байгаагүй. Фэйсбүүк, инстаграм хөгжсөнөөр олон танилтай боллоо. “Silk way”-д уралдахад фэнүүд минь дэмжиж, урам хайрласан. Хүсэл, сонирхол, зорилго нэгтэй залуустай санал бодлоо хуваалцах дуртай. Би найзуудтайгаа мотоциклтой аялал долоо хоног бүр зохион байгуулдаг юм. Мотоциклоор аялах дуртай залуус холбогдож, аянд нэгдсэнээр нөхөрлөлийн хүрээ тэлж байна. Эх орондоо ирсэн эхний өдрөөс цаг хугацааг үр дүнтэй өнгөрүүлэхээр шийдсэн. Миний уралдааны оргил үе 2014-2015 он байв. Тэр үед Монголд болсон мотоциклын УАШТ-д гурван жил дараалан түрүүлж, олон улсын тэмцээнд амжилт гаргаж эхэлсэн.

-Та мото спортоос нэг хэсэг хөндийрсөн нь ямар учиртай вэ. Боловсролдоо анхаарал хандуулъя гэж бодсон уу?

-Би 15 настайдаа эрүүл мэндийн шалтгаанаар мото спортоос нэг хэсэг хөндийрсөн юм. Олон жил уралдсанаас болж элгэнд өөрчлөлт орсон байв. Эмч үзээд хойшид уралдаж болохгүйг сануулахыг сонсоод уйлдаг байлаа. Тэр үед аав, ээж минь зөвлөлдөж, намайг Австралид сургахаар шийдсэн. Би ч тэнд байх хугацаандаа амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүссэн. Зуны амралтаараа гэртээ ирж, Монголд болсон тэмцээнүүдийг үзээд өөрийн эрхгүй догдолж, уралдмаар санагддаг байв. Хамт уралддаг байсан дүү нарын ур чадвар биднийхээс илүү сайжирсныг хараад их баярласан. Мотоциклоор дахиж уралдахгүй нь гэж бодохоор өөрийн эрхгүй сэтгэл гонсойдог байсан би эмчээс нэг л өдөр “Та эрүүл болжээ. Санаа зовох зүйлгүй” гэхийг сонсоод өөртөө итгээгүй. Гайхах, баярлах зэрэгцэж эмчээсээ “Энэ миний шинжилгээний хариу мөн үү, хүнийхтэй андуурчихаагүй байгаа” гэж хэд хэдэн удаа асууж билээ. Гэртээ бөөн баяр ирж аав, ээжийнхээ сэтгэлийг амраасан. Намайг мото спортод дахин хөл тавихад гэрийнхэн минь баярласан ч бэртчих вий гэхээс сэтгэл нь зовниж байгаа нь анзаарагддаг юм. “Silк way”-д уралдахад аав өдөр бүр холбогдож бие, сэтгэл зүйн байдал ямар байгааг асууж, ээж ядрахгүй, тайван амарч, зөв хооллохыг зөвлөдөг байлаа. Хүмүүс мото кроссын тамирчдыг раллид уралдахаар бэртдэг гэж ярьдаг. Миний амжилт үзэгчдийн сэтгэхүйд суусан таагүй бодлыг үргээж, энэ спортод дуртай залууст уралдах хүсэл, эрмэлзэл төрүүлсэн болов уу.

-Мэргэжлээрээ хойшид ажиллах уу?

-Мэргэжлээрээ ажиллах бодол бий. Гэхдээ мото спорттой холбоотой чиглэлээр ажиллана. Одоогоор аавынхаа байгуулсан “KTM Mongo­lia” клубийг өргөжүүлэхээр ажиллаж байна. Миний хувьд ажлынхаа зав чөлөөгөөр бэлтгэл хийж, уралдаанд оролцдог. Аав минь “Сторм моторс” компаниа 2007 онд байгуулахдаа хүсэл, сонирхол нэгтэй залуустай хамтарч нээсэн. Түүнээс хойш Монголд мото кроссын тэмцээнийг нэг бус удаа зохион байгуулж, тамирчдаа дэмжиж ирсэн. Манай клубийн нэрэмжит тэмцээнд оролцдог тамирчны тоо жил бүр нэмэгдэж байгаа.

-Хүүхэд байхдаа 2013 онд зохион байгуулсан Азийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлснийг тань санаж байна.

-Би 13 настайдаа Монголд болсон Азийн аварга шалгаруулах цуврал тэмцээнд оролцож, хүрэл медаль хүртсэн юм. 2013 онд зохион байгуулахад нь багийн төрөлд оролцож түрүүлсэн. Мото спортоор хичээллээд удаагүй байхдаа бэлтгэл шаргуу хийж, богино хугацаанд амжилт гаргасан. Анхны цом, медаль маань надад цаашид уралдах, урам өгч билээ. Энэ ташрамд мото спортоор сонирхож хичээллэдэг хүүхэд, залуус зориод ирвэл дэмжиж, мэддэг, чаддаг зүйлээрээ харамгүй тусална гэдгээ хэлмээр байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.