Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Уранцэцэг: Олимп дөрвөн жилд нэг л удаа болдог, шилдгүүд оролцдог тул медаль авах амархан зүйл биш

Манай “Таван цагариг” сонины тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин “Токио-2020” Зуны олимпын XXXII наадмын жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд хүрэл медаль хүртсэнийх нь дараа Монгол Улсын Гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэгтэйтэй ийн хөөрөлджээ.

– Монголын баг тамирчдын медалийн салхийг олимпын эхний өдөр хагалж, олон жил өөрийн хүлээсэн олимпын медалийг хүртсэнд Монголын ард түмэн ихэд баярлаж, баярын мэнд дамжуулж өгөөч гэснийг юуны өмнө уламжлая!

– Баярлалаа. Намайг олон жилийн тууштай дэмжиж, итгэл урам өгч байсан Монголынхоо бүх ард түмэн, гэр бүлийнхэн, ах дүү нартаа, багш дасгалжуулагч, хамт олондоо туйлын их баярлан талархаж байна.

– Та дэлхийн аварга, ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медаль танд бүгд бий. Харин ганц олимпын медаль л дутуу байсан. Олимпын медальтан болоод ямар сэтгэгдэл төрж байх юм?

Олимпын наадам, олимпын медаль гэдэг бол тамирчин хүн болгоны зорилго, мөрөөдөл байдаг. Олимп дөрвөн жилд нэг л удаа болдог, дан шилдгийн шилдгүүд оролцдог болохоор медаль авна гэдэг тийм амархан зүйл биш. Миний хувьд 16 жил барилдаж, гурван олимпод хүч үзэж байж энэ эрхэм медальд хүрч буй болохоор сэтгэгдэл маш өндөр байна.

-Ний нуугүй хэлэхэд бид олон жилийн тогтвортой амжилтад тань дасаад медаль авна гэдэгт итгэлтэй л байлаа. Бүүр олимпын аварга болчих байх гэж ч дотроо бодож байсан. Хагас шигшээд Красникид хожигдоход юу нөлөөлөв? Ямар дүгнэлт хийгээд хүрлийн төлөө барилдаанд гарав?

-Миний хувьд Красникитай барилдах явцдаа барьцаа алдаал л ялагдчихлаа. Хүрлийн төлөө тайван барилдана гэж багштайгаа ярилцаад гарсан.

-Ер нь Токиогийн олимпын гол өрсөлдөгчөө хэнийг гэж тооцоолж байсан бэ?

-Бүгд л адилхан өрсөлдөгч, хэн нэгнийг илүү, эсвэл дутуу үнэлж болохгүй. Манай жингийн чансааны эхний дөрөвт бичигддэг жүдочид дөрвүүлээ хагас шигшээд гарч ирсэн. Бие биенийхээ барилдааныг мэддэг болохоор хэн нь ч хэнийгээ ялж болох ийм л нөхцөл бүрдсэн.

-Олимп, дэлхийн хос медальтай Монголын цөөхөн тамирчны нэг болсонд дахин баяр хүргэе!

-Баярлалаа. Цар тахлын энэ хүнд үед , ард түмнийхээ итгэлийг алдахгүйг хичээн барилдаж, олимпын медалиар сэтгэлийн бэлэг барьж чадсан маань тамирчин болсны утга учир юм даа.

Токио хот, Ниппон Бүдокан ордон.

2
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.