Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

М.Лхагвагэрэлийн аав Д.Мөнхтөр: Хүүдээ эхний гурван минутад оноо авахаар яарахаас илүү өрсөлдөгч бөхөө мэдэрч барилдахыг санал болгосон

“Токио 2020” олимпын чөлөөт бөхийн 125 кг-ын жинд хэд хэдэн учраагаа ялж, хүрэл медалийн төлөө хүч үзэхээр болсон ДАШТ-ий хүрэл, Азийн АШТ-ий мөнгөн медальт, ОУХМ М.Лхагвагэрэлийн аав аймгийн арслан Д.Мөнхтөртэй ярилцлаа.

-Хүү тань амжилттай барилдаж хүрэл медалийн төлөө хүч үзэхээр боллоо. Сэтгэгдлээ бидэнтэй хуваалцана уу?

-Хүүгийнхээ барилдаануудыг зурагтаар хараад, дээлийнх нь захыг мушгиад сэтгэл догдлон үзлээ. Сэтгэл санаа үнэхээр сайхан байна. Надаас гадна Монголын ард түмэн бүгд сэтгэл догдлон, маргааш барилдахыг нь хүлээж суугаа биз ээ. Таньдаг хүмүүс, элгэн садан, ах дүүс, найзууд утсаар завсаргүй ярьж байна. Олимпын тэмцээнд оролцох эрхээ авснаас нь хойш өөрийнх нь жинд ямар улсын ямар бөх барилдах талаар цахим орчноос судалсан. Мөн бөхөд дуртай найз нөхдөөсөө мэдээлэл авч, өрсөлдөгчийнх нь мэхийг харж л сууна даа. Өөрөө барилдах гэж буй аятай догдолж байна.

-Та түрүүн залуудаа барилдаж явснаа дурслаа. Ямар амжилт гаргаж байв?

-Ах нь залуу сайхан байхдаа барилдаж л явлаа. Аймагт үндэсний бөхөөр барилдаж, үзүүрлэж, аймгийн арслан цол авсан. Мөн самбо бөхийн спортын цолтой. Арслангуудын барилдаанд оролцож явсан. Одоо Завхан аймгийн Яруу сумд амьдарч байна даа.

-Сая хүү тань нэлээд чанга бөхтэй таарлаа. Та ер нь зөвлөгөө өгдөг үү?

-Би залуудаа барилдаж явсан болохоор хааяа хүүдээ зөвлөгөө өгдөг. Хүүдээ фэйсбүүкээр зурвас бичиж үлдээсэн. Миний хүү Америкийн залуу бөх Г.Стивенсонтой өнөөдөр учраа таарсан. Энэ бөх өмнөх даваанд олимп, дэлхийн аварга Туркийн Таха Акгюлийг 8:0-ээр хожсон юм билээ. Өмнөх барилдааныг үзэж байхад хөдөлгөөнтэй, бяртай өрсөлдөгч юм шиг санагдсан. Иймд хүүдээ эхний гурван минутад өөрөө оноо авахаасаа илүү, хүлээж тулж оноо алдахгүйг анхаарч, тухайн бөхөө мэдэрч барилдахыг санал болгосон. Эл жинд Туркийн Таха Акгюлийг түрүүлнэ гэсэн таамаг их байсан. Гэтэл саяын барилдсан бөх нь давсан гэж бодохоор хүчтэй бөхтэй учраа таарч, өвдөг шороодон, маргааш хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Өрсөлдөгч нь их хүчтэй байна лээ. Лхагвагэрэл ч сайхан барилдлаа.

-Бэлтгэл сургуулилт дээр нь очиж байв уу?

-Манай улсын шигшээ багийн тамирчид Отгонтэнгэр хайрханы өвөрт бэлтгэлээ хийсэн. Бэлтгэл хийх үед нь очсон. Хараад нэг зүйлд сэтгэл дундуур санагдсан. Юу гэхээр өөрийн жингийн олон хүнтэй бэлтгэл хийсэн бол арай өөр байх байсан болов уу гэх бодол төрсөн. Цуг бэлтгэл хийж байсан хүмүүсийг нь муулах гэсэнгүй. Миний бодлоор өөрийнх нь 125 кг-ын жинд барилддаг олон хүнтэй барилдуулж, бэлтгэл хангуулах санаатай байв. Даан ч зарим зүйл санаснаар болохгүй юм даа.

-Хүү тань хэдэн настайгаасаа эхэлж барилдаж эхэлсэн бэ?

-Бөхийн өргөөнд болдог “Аваргын гараа” бага насны хүүхдүүдийн тэмцээнд миний хүү таван настайгаасаа оролцож, бөхийн спортод хөл тавьсан түүхтэй. Би гурван хүүтэй. Улсын начин, Гавьяат дасгалжуулагч Б.Адьяахүү манайд 2010 онд ирж хүүг минь “Лхагваа цаашид бөхөөр хичээллэвэл сайн бөх болно” хэмээснээр тэд маань багш шавийн барилдлагатай болсон. Үүнээс хойш үндэсний болон чөлөөт бөхөөр хичээллэж чамлалтгүй амжилт гаргалаа. Одоо олимпод эх орныхоо нэрийг гаргаад оролцож байгаад сэтгэл дүүрэн баяртай явна. Хүүд минь өдий хүртэл туслаж дэмжиж ирсэн бүх хүмүүст үнэхээр их баярлалаа.

-Маргаашийн барилдаанд ямар хүлээлттэй байна вэ?

-Өмнө нь хүүгээ ямар нэгэн тэмцээнд оролцоход дутуу үнэлж байсан шиг мэдрэгддэг. Жишээ нь 2017 онд улсын аварга болж байхад нь хүүгээ улсын аварга болно гэж бодож байгаагүй. Гэтэл түрүүлж Чөлөөтийн шигшээ багт орсон. Харин одоо хүүгээ бүхий л талаас нь дэмждэг. Хүүгээ олимпын медальтай болж түмэн олноо баярлуулаасай гэж л хүсэж сууна.

-Хүүдээ хандаж юуг гэж захих вэ?

-Хүүдээ байнга нэг зүйлийг хэлдэг. Түүнийгээ л давтана. Багш нар нь 10 суниа гэж хэлбэл, би 15 суниа гэж жирийн үед их зөвлөнө. Өөрөөр хэлбэл, бэлтгэлээ байнга давуулан биелүүлж, өөрийнхөө төлөө залхуурахгүй хөдөлмөрлөх нь чухал гэж хүүдээ захидаг. Хүү минь ч их хөдөлмөрлөсөн.

Ярилцсанд баярлалаа

2
Зөв, гоёЗөв, гоё
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

46 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

46 thoughts on “М.Лхагвагэрэлийн аав Д.Мөнхтөр: Хүүдээ эхний гурван минутад оноо авахаар яарахаас илүү өрсөлдөгч бөхөө мэдэрч барилдахыг санал болгосон