Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Баттөр: Коронавирусийн мутацлагдсан хувилбар вакцинаас дайжиж, өвчлөлд нөлөөлөх хувийг бууруулж байна

Долдугаар сарын 16-нд Монголд газардсан тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн 18-аас нь коронавирусийн дельта хувилбар тархсан гэх мэдээлэл олон нийтийг айдаст автуулаад байна. ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс энэ талаар тодруулж, ярилцлаа

-Монголд нийтийн дунд дельта вирус тархсан мэдээлэл гараад байна. Энэ мэдээлэл бодитой юу, хариулт өгөөч?

-Бид халдварын эрсдэлийг тооцоолж, гадаадаас ирсэн иргэдээ вакцины хоёр тунгаа хийлгэсэн бол гэрийн ажиглалтад шилжүүлж, бүрэн хамрагдаагүй бол буудалд тусгаарлаж буй. Хэдийгээр вакцинд бүрэн хамрагдсан ч гэрийн ажиглалтад байгаа иргэнээс нууц үедээ орсон вирус хэсэг хугацааны дараа илрэхийг үгүйсгэхгүй. Тиймдээ ч УОК-ын шийдвэрийн дагуу онгоцноос буунгуут шинжилгээ авч, оношилгоо хийж байна. Долдугаар сарын эхний нислэгээр ирсэн эдгээр иргэний 22-оос нь коронавирус илэрсэн. Гэхдээ эл хүмүүсээс пи си ар шинжилгээ авахад дельта хувилбар огт илрээгүй. Тиймээс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр дельта вирус илэрсэн мэтээр бичиж байгаа нь ташаа мэдээлэл юм. Шуудхан хэлэхэд мэргэжлийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс тодруулалгүй, утсаар ч болтугай лавлалгүй, эх сурвалжгүй мэдээлэл цацаж олон нийтийг төөрөгдөлд оруулсан нь ёс зүйн хувьд таатай биш. Хуурамч мэдээлэлд итгэсэн иргэд бухимдаж, дархлаа нь суларна. Үүнд харамсаж байна.

-Японд шинжлүүлснээс хойш дельта хувилбар дахин илрээгүй гэсэн үг үү?

-Сүүлд хийсэн шинжилгээгээр ямар нэг тохиолдол  илрээгүй. Тавдугаар сард Япон руу явуулсан шинжилгээгээр зөөвөрлөгдсөн таван тохиолдол орж ирсэн нь тодорхой болсон. Тэдгээр иргэн шинж тэмдэггүй өвдөж, хөнгөн тусаад эдгэсэн. Саяхан “Оном” сангийн явуулсан шинжилгээгээр цөөн тохиолдол илэрлээ гэсэн мэдээлэл бий. Энэ нь тодорхой судалгаанд тулгуурласан шинжилгээгээр гурав илэрсэн үр дүн байх. Нийт хүн амын хэдэн хувьд илрээд байгааг тодорхойлох шинжилгээ биш. Тиймээс нийтдээ гурав эсвэл долоон тохиолдол байгаа юм хэмээн ойлгож болохгүй. Дельта гэлгүйгээр вирусийн ямар ч хувилбар үүсээд, эмнэлэгт хэвттэл нөлөөлөхийг үгүйсгэхгүй. Альфа, дельта ороод ирэхээр л хүнд байна гэхээсээ илүү хүн амын дунд тархсан вирус тогтмол хувирал өөрчлөлтөд ороод байна. Энэхүү хувирал өөрчлөлт элдэв хүндрэл, нас баралтад нөлөөлж байхыг үгүйсгэхгүй.

-Шинэ вирус тархах магадлалтай учраас эмчилгээ оношилгооны шинэ арга хэрэгтэй юү?

-Урд нь айдсын менежментээр иргэдээ айлгасаар яваад ийм нөхцөл байдал үүссэн болов уу. Хөл хориод юм уу, ямар нэгэн альфа мутац тархсан гэхээр иргэдэд халдвар хамгааллын илүү нарийн хариу арга хэмжээ авах гээд байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Гэтэл цаашдаа дельта флас өөр ямар шинж хувилбарууд гараад ирэхийг таашгүй. Ямар ч хувилбар орж ирсэн бай бид халдвар хамгааллын дэглэмээ мөрдөж, вакцинжуулалтад хамруулах нь хэвээр.

-Сүүлийн өдрүүдэд халдварын тоо хөдөөд өсөж, хотод буураад байна.

-Тохиолдлын тоо багахан буурлаа гээд иргэд тайвширч, нийтийг хамарсан ажил зохион байгуулах, байгууллагаараа зугаалах юм уу найз нөхдөөрөө аялж байна. Дөрөв, таваараа гэр бүлийн хүрээнд гарахыг л зөвшөөрсөнөөс биш хэд хэдэн гэр бүл хамтраад зугаалахыг эрүүл мэндийн байгууллага төдийлөн дэмжихгүй. Тиймээс иргэдийн гол анхаарах зүйл халдвар хамгааллын дүрэм, журмаа сахих юм. Магадгүй залуус өөрсдөө хөнгөн өвдөж, шинж тэмдэг багатай байгаадаа тайвширч буй. Тэд өндөр настан, хүүхдүүдэд халдвар тараагаад байгаагаа мэдэхгүй яваа. Улмаар халдвар авсан настайчууд хүндэрч нас барах эрсдэл их байна. Тэднийг хамгаалах нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ бол халдвар хамгааллын дэглэм сахиж, хөдөлгөөний эрчим бууруулах юм. Нөгөө талдаа вакцинд идэвхтэй хамрагдах. Өөрөөр вирусээс хамгаалах боломжгүй. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байж, халдвар хамгааллын дэглэмээ сулруулахгүй байх нь чухал.

-Ковидын тархалтыг багасгах, хумих ХӨСҮТ-ийн гол тактик юу вэ?    

-Бид пи си ар шинжилгээнд тулгуурлан халдварыг илрүүлж буй. Болж өгвөл тархалтыг бага байлгахын төлөө ажиллаж байна. Гэхдээ энэ нь их төвөгтэй. Англи улсад гэхэд хэдхэн долоо хоногийн дотор халдварын батлагдсан нийт тохиолдлын 80-90 хувь дельта хувилбар байх жишээтэй. Гэхдээ оношилж буй арга нь адилхан пи си ар, эмчилгээ, эмнэлзүйн аргууд бас ижил. Хийж буй эмчилгээнд томоохон өөрчлөлт гарахгүй. Гэхдээ мутацлагдсан хувилбарууд вакцинаас дайжиж, өвчлөлд нөлөөлөх хувийг бууруулж байна. Тиймээс бид илүү болгоомжтой, анхааралтай байх сорилтын өмнө ирлээ. Вакцин хийлгэсэн ч тайвширч болохгүй, суурь өвчтэй бол тариа нөлөөлөхгүй байж болзошгүй.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

7 thoughts on “Л.Баттөр: Коронавирусийн мутацлагдсан хувилбар вакцинаас дайжиж, өвчлөлд нөлөөлөх хувийг бууруулж байна