Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Сайнсайхан: Өнөө үед буяны шинжтэй нүгэл, нүглийн шинжтэй буян их болсон

Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Манба Дацан хийдийн зурхайч, Ангаах ухааны магистр Д.Сайнсайхантай ярилцлаа.

-Бурхан багшийн их дүйчин өдөр нь ямар утга учиртай талаар мэдээлэл өгнө үү?

-Дүйчин гэдэг нь их цаг гэсэн төвд үг. Өөрөөр хэлбэл, дүй нь цаг, чин гэдэг нь их гэж орчуулах бөгөөд буян хураах онцгой тэмдэглэлт өдөр гэсэн үг болно. Бурхан багшийн их дүйчин өдөр нь билгийн тооллын зуны эхэн сарын шинийн 15-нд тохиодог.

Энэ өдөр Бурхан багшийн лагшин мэндэлж, төгс гэгээрлийн хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн гурван үйл давхацдагаараа бусад дүйчин өдрөөс ялгаатай онцлог. Эл гурван үйл хэрэг давхацсан учраас л их дүйчин өдөр гэж нэрлэж буй.

Бурханы шашинтай бүх улс орон эл өдрийг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Ялангуяа Азийн буддын их, бага хөлгөнтөн орнуудад ихээхэн ач холбогдол өгдөг. Их, бага хөлгөнийг энгийнээр тайлбарлавал бодох бодлоосоо хамаарч ялгаатай. Их хөлгөний эртний уламжлалтай гурван улс багтдаг. Тодруулбал, Энэтхэг, Төвд, Монгол  гэсэн гурван их хөлгөнтөн орон. Бурхан багш Энэтхэг улсад төрж, төгс гэгээрлийг олсон бодгаль. Умраас умарт шашин дэлгэрнэ гэж бурхан багш хэлсэн. Энэ нь Энэтхэгээс  Төвдөд, Төвдөөс Монголд дэлгэрч буй. Манай улс өнгөрсөн оноос энэ өдөр бүх нийтээр тэмдэглэхээр хуульчилсан. Эл өдөр буян хийвэл түм бумаар үрждэг.

-Буян хураах талаар хүн бүр өөрийн гэсэн ойлголттой. Харин буддын шашны талаас ямар үйл хийхийг буян хураах гэж үздэг вэ ?

-Хамгийн гол нь хүмүүс буян хураана гэдгийг зөв ойлгодоггүйд байгаа юм. Хэн нэгэнд эд зүйл өгснөөрөө буян боллоо гэж бодох хүн олон. Харагдах байдал гол нь биш. Бусдад чин сэтгэлээсээ тус болъё гэсэн санаанаас буян эхэлнэ. Өнөө үед буяны шинжтэй нүгэл, нүглийн шинжтэй буян их болсон. Өөрөөр хэлбэл, хүн гаднаас нь харахад буян үйлдээд байгаа юм шиг боловч, яг үнэн хэрэгтээ тэр хүн цаад санаандаа буруу бодол тээвэл буян болохгүй. Хүнийг гаднаас нь хараад нүгэл, буян үйлдэж байгааг ялгахад хэцүү. Буян үйлдэж байна  гэж харж болох ч, дотоод сэтгэлдээ юуг агуулсныг  мэдэхэд бэрх. Чин сэтгэлээсээ хүнд туслах дадлыг өөртөө суулгах нь жинхэнэ буян. Жишээ нь, өвдсөн хүнд өдөр болгон тусалдаг эмч нар өвчтөнөө хурдан эдгэрээсэй гэсэн сэтгэлээр хандаж, эмчлэх нь жинхэнэ буян юм. Тодорхой хэлбэл, эд материалаар бус чин сэтгэлээсээ хүнд тус болъё гэдэг бодлоос буян хурдаг.

Буян хураах хамгийн энгийн арга бол даган баясах. Хүмүүс ихэвчлэн даган баясах бус, нэг нэгэндээ атаархдаг, далд хорон муу сэтгэлийг агуулдагт гол учир байгаа юм. Даган баясах нь үүний эсрэг. Жишээ нь, сайн найзын чинь ажил үйлс бүтэмжтэй байж байшин, машин, эсвэл ямар нэгэн шагнал авахад гаднаа баяр хүргэж буй мэт боловч дотоод сэтгэлдээ атаархвал энэ даган баясаж чадахгүй байгаа хэрэг. Гэтэл даган баясна гэдэг нэг ч гэсэн найз минь сайн явна даа гэх бодлоос эхлэлтэй. Ингэж чадвал та өөртөө буян хурааж чадна. Нөгөө талдаа даган баясах нь бусдад атаархахгүй, сэтгэлээ цагаан байлгах арга.

Буян хурааснаар танд юу ирдэг талаар хүмүүс тэр бүр мэддэггүй.Тэгэхээр буян хийснээр таван зүйлийг бид хураадаг. Нэгт, амь нас, хоёрт, эрүүл мэнд, гуравт, ажил үйлсийн бүтэмж, дөрөвт, саад барцадгүй сайн байх, тавт, эд баялагыг хураан цуглана. Эдгээр таван зүйл буянд харгалздаг. Буян доройтоод байвал дээрх таван зүйл доройтно. Харин буян их хураавал, уг таван зүйл сайн төгөлдөр болно. Хүмүүс эдгээр таван зүйл өөртөө байна уу, үгүй юу гэдгээр жишээд өөрсдийнхөө амьдарч байгаа замаа харах боломжтой. Иймд сайн явж байгаа болон сэтгэл санааны хувьд төвшин бол өөрийгөө илүү буян хураажээ гэж үзэх хэрэгтэй.

-Бурханы шашин их, дунд, бага төрөлхийтөнтэй гэж сонссон. Энэ юугаараа ялгаатай вэ?

Бурхан багш яаж зовлонгоос ангижрах вэ хэмээн эрэлхийлснээр төгс гэгээрлийн хутгийг олоод орчлонд зовлон бэрхшээлтэй хүмүүст туслах арга замыг нээсэн.  Өөрөөр хэлбэл, бурхан багш төгс гэгээрлийг олж зовсон нэгэнд тусалъя гэсэн бодол, нигүүлсэх нинжин сэтгэл төрсөн байгаа юм. Үүнийг л их төрөлхийтөн гэнэ. Дунд хөлгөний тухайд орчлон зовлонтой учраас би амар амгаланг олохоор сэтгэл шулуудсан бодгаль юм. Гэвч би амар амгалан олоод бусдад туслах нинж буюу нигүүлсэнгүй сэтгэл дутаж байгаагаас төгс гэгээрэлд хараахан хүрч чадаагүй төрөлхийтөн. Харин бага төрөлхийтөн нь энэ төрөлдөө яаж амар амгалан байх вэ, хойд төрөлдөө хэрхэн сайн төрөлд төрөх вэ гэсэн бодлыг агуулж ёсзүйг маш сайн сахидаг.

Их, дунд, бага төрөлхтөнүүд нь оюун санаа бодох бодлоороо ялгаатай ч багаас их рүүгээ нэг нэгнийхээ шат болж өгдөг. Бага төрөлхийтөний бодол төрөхгүй бол их төрөлхийтөн болж төгс гэгээрэлд хүрч чадахгүй. Гэтэл бид бага төрөлхийтөний бодлыг ч бодож чадаж байгаа билүү. Үүнд дүгнэлт хийх хэрэгтэй.

Бурхны шашин олон шүтлэгт буюу олон бурхадтай байдаг нь хүн болгонд бурхан болох уг шалтгаан хөрөнгө буюу боломж байдагтай холбоотой. Хөрөнгө буюу уг шалтгаан хүн бүрт бий. Харин тэр хүн муу сэтгэлээ арилгаад, сайн эрдэмд суралцаж чадвал төгс гэгээрлийг олж болно гэсэн үг. Үүнийг төгс гэгээрсэн бурханы алдараар жишвэл Төвдөөр санжаа гэдэг. Санжаа нь бурхны олон алдар нэрүүдийн нэг юм. Миний хувьд санжаа гэсэн алдрын утга учрыг мэдсэнээс хойш бурхны шашныг сонирхон судалж эхэлсэн түүхтэй. Энэ хүү нэрийг тайлвал, сан гэдэг нь ариусах, жаа нь дэлгэрэх гэсэн утгатай. Юунаас ариусаад юуг дэлгэрүүлэх гээд байгаа вэ гэвэл муу сэтгэлээ ариусгаад, сайн эрдмийг дэлгэрүүлэх тухай ойлголт. Тэгээд төгс гэгээрлийн хутгийг олж бурхан болох боломжтой. Бурхан багш шууд надад итгэ гэж хэлээгүй. Алтны жинхэнэ, хуурамч эсэхийг шалгадаг шиг бурхан шашны номыг сайн судалж байж итгэ гэж айлдсан.

Мөн нэг зүйлийг энд онцгойлон хэлэх нь зүйтэй. Бурхан багш хорвоо ертөнцөд мөнх зүйл байхгүйг ухаарч, ойлгож төгс гэгээрсэн. Харин хүмүүс ертөнцөд мөнх зүйл байхгүйг ухаарч, ойлгоогүйгээс аливаа юманд уурлаж, шунах сэтгэлээр хандаж, мунхраад байгаа юм. Яагаад гэхээр аливаа нэг зүйлийг мөнхөд хувирахгүй байх юм шигээр миний юм гэх хувиа бодсон үзлээс уур, шунал үүсээд мунхарч байгаа юм. Үүнээс бас өвчин үүсч болно гэж уламжлалт анагаах ухаанд үздэг. Иймд бурхан багш бусдад тусалъя гэсэн бодлоос л бурхны номыг айлдсан.

Бурханы шашин гэдэг нь бусдын тус юм…

4
Зөв, гоёЗөв, гоё
1
Савж уналааСавж уналаа
1
ТэнэглэлТэнэглэл
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Д.Сайнсайхан: Өнөө үед буяны шинжтэй нүгэл, нүглийн шинжтэй буян их болсон

  • Avatar Anonymous says:

    Balai as man lam nar saihan solioroh wmaa. Nvgliin shinj tei buyan ene ter gej soliorood yavchihlaa

  • Avatar Anonymous says:

    ёстой цэгцтэй сайхан ярьж байна, хүн бүр савныхаа хэмжээгээр л ойлгож хүлээж авах нь жам юм даа

  • Avatar Anonymous says:

    Tuvdiin shashin shvtdeg hugjsun uls delhiid her olon bdag wm bol? Tuvd hvmvvs suganyhaa buusiig shvdeeree tsumj alahyg l Arvin yavdal gedeg tee tulsnyg l medeh wm bna. Nuguu vrel taraagaad koronag nam darna gej hutsaad bsan gahai honshoort Choijamts odoo bvr tag shvv.