Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.ЁНДОНГОМБО: ӨМӨЗО-ы гангийн үйлдвэрүүдэд устөрөгч нийлүүлэх боломжтой

Дэлхий даяар хэрэглээ нь нэмэгдэж буй устөрөгчийг манай улсад үйлдвэрлэх, цаашилбал бусад оронд экспортлох ч боломжтой талаар Үндэсний эрчмийн аж үйлдвэрийн хөгжлийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор Г.Ёндонгомботой ярилцлаа.

-Үелэх системийн нэгдүгээрт бичигддэг устөрөгчийг ашиглах технологи сүүлийн үед эрчимтэй хөгжиж байна. Юуны түрүүнд уг бодисын талаар тодруулахгүй юу?

-Устөрөгчийг хүн төрөлхтөн XVI зуунд мэддэг болсноос хойш бүтэн таван зууны дараа буюу XXI зуунд эрчимтэй ашиглаж эхэлж байна л даа. Мэдээж устөрөгчийг XX зуунд ашиглаж байсан. Устөрөгчийн дулаан дамжуулалт агаартай харьцуулахад долоо, дулаан шингээлт нь 14 дахин их гэдгээрээ давуу талтай. Иймээс уг бодисыг цахилгаан станцуудын генераторын хөргөлтөд хэрэглэдэг. Тухайлбал, манайд “ДЦС-4”-ийн генераторуудыг устөрөгчөөр хөргөдөг. Тус станцад устөрөгчийг одоо “моод”-нд ороод буй электролизийн аргаар үйлдвэрлэдэг. Өөрөөр хэлбэл, Монголд устөрөгчийн хамгийн орчин үеийн үйлдвэр лэл бий гэсэн үг. Үүнийг тодорхой хэм жээний даралтад оруулж, савнуудад хадгалаад, станц руу хоолойгоор явуулдаг. Товчхондоо, манайд устөрөгч үйлдвэрлэх, хадгалах, ашиглах туршлага бий. Өнгөрсөн зуунд зөвхөн хөргөлтөд хэрэглэж байсан устөрөгч нь XXI зуунд, ер нь ирээдүйд дэлхийн эрчим хүчний зах зээлд гол бодис болж байгаа гэхэд буруудахгүй. Нэг килограмм устөрөгч 12 000, Багануурын уурхайн нүүрс 3500, бензин 8000 килокалори илчлэгтэй гэхээр устөрөгч бол дэлхий дээрх хамгийн их энерги агуулдаг түлш. Хамгийн гол онцлог нь шатаахад зөвхөн ус үүсдэг экологийн цэвэр түлш. Өдгөө олон өнгийн устөрөгчийн талаар ярих болоод буй.

-Ямар ямар өнгийн устөрөгч бий вэ?

-Миний мэдэхээр хөх, саарал, ногоон, шар, оюу, хүрэн өнгийн устөрөгч бий. Сэргээгдэх эрчим хүчнээс гарган авсан цахилгаанаар электролизийн арга ашиглаж үйлдвэрлэсэн бол “ногоон устөрөгч” гэдэг. Сэргээгдэх эх үүсвэрээс эрчим хүч гарган авахад нүүрс шатаахгүй, байгаль орчныг бохирдуулахгүй учраас ногоон гэж хэлж буй хэрэг. Электролизийн арга гэдэг нь усыг задлахыг хэлдэг. Энгийнээр тайлбарлавал, саван дахь усанд нэмэх болон хасах цэнэгтэй хоёр электород дүрж, урвалыг хүчтэй болгохын тулд бага зэргийн шүлт хольдог. “ДЦС-4”-т бол калийн исэл хэрэглэж буй. Цахилгаан “очингуут” ус өөрөө задарч, устөрөгч, хүчилтөрөгч гэсэн ашигтай хоёр хий гардаг. Хүчилтөрөгчийг эмнэлэгт хүчилтөрөгчийн аппарат зэрэгт, устөрөгчийг маш олон хэрэглээнд ашиглах боломжтой.

“Шар устөрөгч” үйлдвэрлэхэд мөн л электролизийн арга хэрэглэдэг. Гэхдээ атомын цахилгаан станцад үйлдвэрлэсэн цахилгаан ашиглаж гаргадаг тул “шар устөрөгч” гэж буй юм. Хэдий нүүрстөрөгчийн давхар исэл гарахгүй ч экологийн цэвэр бүтээгдэхүүн гэхэд хэцүү. АЦС-д хэрэглэсэн цөмийн түлшийг хадгалдаг. Тэр нь байгаль экологид огт нөлөөгүй гэх арга байхгүй, олон зуун жилийн дараа задарч дуусаж, хоргүй болдог тэр нөлөөллийг нь тооцоод шар гэж буй хэрэг.

“Оюу устөрөгч” үйлдвэрлэхийн тулд метаныг задалдаг. Ингэх явцад ялгарах нүүрстөрөгч бага. Тиймээс үүнийг ногоон ч, шар ч гэж хэлж болохгүй. Өөрөөр хэлбэл, байгаль орчинд тодорхой нөлөөтэй гэж үздэг. Тэгвэл метаныг задлахгүйгээр, уурын конверсод оруулан гаргаж авсныг “саарал устөрөгч” гэдэг. Ийнхүү химийн урвал явуулахад их хэмжээний нүүрстөрөгчийн хий ялгаруулдаг тул саарал гэж байгаа хэрэг. “Хөх устөрөгч”-ийн тухайд үүнийг үйлдвэрлэхэд гарсан нүүрстөрөгчийг шүүж аваад газрын гүн лүү шахдаг. CCS (carbon capture and storage) гэх технологи барууны орнуудад моод болж байна л даа. Уг технологийг ашиглахад хүрээлэн буй орчинд нүүрстөрөгчийн хийг алдахгүй юм. Хүрэн нүүрснээс гаргаж авсныг “хүрэн устөрөгч” хэмээж буй. Их хэмжээний хүрэн нүүрстэй Монголд ийм устөрөгч үйлдвэрлэх боломжтой. Өнгөрсөн сарын эцэст цахимаар зохион байгуулсан Олон улсын шинэ эрчим хүчний чуулганы үеэр Английн нэ гэн мэргэжилтэн “Хүрэн нүүрс ашиглахад агаар мандалд хортой нөлөө үзүүлнэ гээд хэтэрхий халгаж болохгүй. Хүрэн нүүрсээ хамгийн түрүүнд хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр нэгдүгээрт, шинэ технологи нэвтрүүлнэ. Хоёрдугаарт, мэргэжилтнүүд бэлтгэх ач холбогдолтой. Монгол Улс эхний ээлжид хүрэн нүүрсээ ашиглаж устөрөгч үйлдвэрлэх нь зүйтэй” гэж ярьж байна лээ.

-Манайд “хүрэн устөрөгч”-өөс гадна ногоон өнгийнхийг үйлдвэрлэх боломжтой байх, тийм үү?

-Тийм ээ. Эдгээрээс гадна “саарал устөрөгч” үйлдвэрлэж болно. Өмнөговьд нүүрсний давхаргын метан хий олборлохоор төлөвлөж буй. Уг метан хийг ашиглаж “саарал устөрөгч” үйлдвэрлэж болох юм. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг өнгөрсөн долдугаар сард Японд айлчлах үеэр тус улсын Ерөнхий сайд Монголд нүүрсний орд газруудыг түшиглэн устөрөгчийн цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллахаар тохиролцсон. Уг тохиролцоо ажил хэрэг болбол “хүрэн устөрөгч” үйлдвэрлэх болов уу гэж таамаглаж байна.

“Ногоон устөрөгч” үйлдвэрлэх боломж, нөөц манайд асар их бий. Монгол Улс нар, сал хинаас эрчим хүч үйлдвэрлэх ихээхэн нөөцтэй. Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Өмнөговьд нүүрсний давхаргын метан хийн төсөл хэрэгжүүлж буй “Elixir energy” компани SODAR гэх төхөөрөмж оруулж ирээд дээрх аймагт сэргээгдэх эрчим хүчний судалгаа хийж байгаа. Уг төхөөрөмжөөр хийсэн судалгаа банкны шаардлага (bankable) хангадаг давуу талтай. Цаад зорилго нь сэргээг дэх эрчим хүчний томоохон чадал бий болгоод түүнийгээ “ногоон устөрөгч” үйлдвэрлэхэд ашиглах явдал.

Нар, салхин цахилгаан станцад үйлдвэрлэсэн эрчим хүчийг системд нийлүүлэхэд ачаалалд сөргөөр нөлөөлдөг гэдэг. Тэгвэл нар, салхин цахилгаан станцууд төвийн эрчим хүчний системд бүтээгдэхүүнээ нийлүүлэхгүйгээр устөрөгч үйлдвэрлэх электролизийн төхөөрөмж рүү л нийлүүлэх нь боломжтойгоор барахгүй ашигтай. Товчхондоо, манай томоохон эрчим хүч үйлдвэрлэгчдийн (ДЦС-ынхан ачааллыг нь хэлбэлзүүлдэг учир сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд дурамжхан хандах нь бий. Тэдний буруу ч биш. Яагаад гэвэл ачааллын хэлбэлзэл тоног төхөөрөмж нь эвдрэхэд нөлөөлдөг) ад үзээд байдаг сэргээгдэх эрчим хүчээр устөрөгч үйлдвэрлэнэ. Устөрөгчөөр цахилгаан үйлдвэрлэнэ. Устөрөгчийн цахилгаан станцуудаар зохицуулалт хийх боломжтой. Тиймээс сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийг улам өсгөх боломж бүр дэнэ. Мөн устөрөгчийг хүссэн хэмжээгээрээ хадгалж болох тул тохируулгын ач холбогдолтой гэгддэг усан цахилгаан станц барих ч шаардлага гүй болно гэсэн үг. Устөрөгчийн хэрэглээ улам нэмэгдэж буй өнөө үед үүнийг үйлдвэрлэхэд шаардлагатай “түүхий эд” болох нар, салхины нөөц үнэгүй гэдгийг тодотгох хэрэгтэй.

-Устөрөгч гаргаж авах хэдэн арга байдаг вэ?

-Нэгдүгээрт, цахилгаанаар усыг задлаад устөрөгч гаргаж авдаг электролизийн арга бий дээр дурдсан. Хоёрдугаарт, пиролиз гэж урвал бай даг. Метанд тодорхой хэмжээний урвал явуулаад устөрөгч гаргана гэсэн үг. Гурав дахь нь, уурын реформинг (конверс гэх нь ч бий) арга юм. Устөрөгч гаргаж авах эдгээр гурван аргын сүүлийнх нь саяхан болтол давамгайлсан ч ногоон технологи нь хүч түрэх төлөвтэй байна.

-Уг бодисын хэрэглээ улам нэмэгдэж буй байх аа?

-Улс орнуудад автомашиныг устөрөгчөөр цэнэглэх эрэлт нэмэгдэж байна. Үүгээр цэнэглэ дэг буюу түлшний элементтэй (fuel cell) машин үйлдвэрлээд олон жил болж байгаа. Миний санаж байгаагаар 2004 онд Вашингтонд хамгийн анх автомашиныг устөрөгчөөр цэнэглэх станц байгуулсан. Түлшний элементийн мембраны үнэ саяхан болтол хөгжлийг хязгаарлаж байсан ч одоо биполяр металл хавтан гэгч шинэ технологи гарснаар саадгүй болчих шиг боллоо. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийнхэн Монголд “ногоон устөрөгч” үйлдвэрлэх талаарх судалгааг саяхан хийсэн байна лээ. Тэд манайд уул уурхайн том тээврийн хэрэгслүүдийг болон Улаанбаатарын нийтийн тээврийг устөрөгчид шилжүүлэх талаар голчлон судалсан байсан. Үүнийг ажил хэрэг болговол уул уурхайн компаниуд зардлаа хэмнэх, Улаанбаатарын утаа улам багасах боломж бүрдэнэ гэсэн үг. Устөрөгчөөр цэнэглэдэг автомашины үнэ дизель түлш “залгидаг” машинуудынхаас төдийлөн зөрүүгүй юм билээ.

Устөрөгчөөр цэнэглэхэд автомашин бакнаасаа хамаараад 385-750 км зам туулдаг гэсэн тооцоо бий. Устөрөгч нь цахилгаан автомашиныг бодоход давуу талтай. Цахилгаан автомашиныг заавал тусгай станцад цэнэглэх шаардлагатай. Тэгвэл устөрөгчөөр “явдаг” автомашинтай бол баллонд хийсэн устөрөгчөө багааждаа хийгээд явчихаж болно. Овор хэмжээ нь бага. Баллонтой устөрөгч 700 бар даралттай байдаг. Манайд өдгөө хэрэглэж буй газ маш бага даралттай байдаг шүү дээ. Устөрөгч нь дуусвал сольчихно, аюулгүй байдлын хувьд ямар ч асуудалгүй. Хүн онгойлгох аргагүй, машиндаа хийхэд түгжигддэг учраас тэр.

Түүнчлэн устөрөгчийг ахуйн хэрэглээнд ихээхэн ашиглаж байна. Англид гэхэд ийм хэрэглээ маш өндөр. Ер нь англичууд устөрөгчийн энергийг хэрэглэх талаар өндөр түвшинд хүрсэн юм билээ. Хаа байсан 1990-ээд онд Англид гал то гоо ны түлшний аппарат гарчээ гээд уншиж байлаа.

Бас устөрөгчийг шууд шатааж цахилгаан үйлдвэрлэж буй. Энэ нь хийн турбинд хэрэглэнэ гэсэн үг. Харамсалтай нь, өнөөдөр устөрөгчийг цэврээр нь шатаачихдаг хийн турбин алга. 12 мянган килокалори илчлэгтэй устөрөгчийг шатаахад маш их халуун ялгарна. Түүнийг “даах” металл байхгүй тул байгалийн хийтэй хольж байгаа. Байгалийн хийг 80, устөрөгчийг 20 хувиар хольсны дараа хийн турбинүүдэд шатаагаад цахилгаан үйлдвэрлэж байна. Гэхдээ “Sie­mens” саяхан “100 хувь устөрөгчөөр ажилладаг хийн турбин үйлдвэрлэхээр ажиллаж байна” гэж мэдэгдсэн. Энэ бол цаг хугацааны л асуудал. Металлаа гаргаад авчихсан гэсэн үг болов уу. Ингэвэл нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудын оронд устөрөгчийн станцууд барьж болно. Өдгөө нэг кг устөрөгч дунджаар дөрвөн ам.долларын үнэтэй байгаа. Дараагийн 10 жилд дээрх тоо хоёр дахин буурах, цаашилбал 2050 онд нэг доллар болно гэсэн тооцоо бий.

-Улаанбаатарт хий нийлүүлэх боломжийн талаарх судалгаа бий юү?

-Хүрэн нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлээд нийслэл “хүргэх” судалгааг Дэлхийн банкны санхүүжилтээр хийсэн байдаг. Тодруулбал, Төв аймгийн Баян сумын ойролцоо хүрэн нүүрснээс синтетик байгалийн хий үйлдвэрлэх үйлдвэр барих судалгаа, ТЭЗҮ боловсруулсан. Өнгөрсөн жил олон нийтийн хэлэлцүүлгийн эхнийхийг нь амжилттай зохион байгуулсан. Хоёр дахь хэлэл цүүлэг нь удахгүй болох байх. Уг төсөл нь 140 орчим км хоолой татаж синтетик байгалийн хийг Улаанбаатар луу, тэр дундаа Сонсголонгийн гүүрний орчим “авчрах” юм. Тэндээс түгээх шугамуудаар хэрэглэгчдэд хүргэх учиртай. Хэрэв уг хоолойг татчихвал нийслэлийн орон сууц, гэр хорооллыг хийгээр хангах боломж бүрдэнэ. Улмаар цахилгааны хэрэглээ огцом буурна. Дээрх банкны судалгаанаас харвал хийн үнэ нэлээд хямд байх юм. Азийн хөгжлийн болон Дэлхийн банкны санхүүжилтээр хийсэн судалгааг хэрэгжүүлэх буюу зээл авахад хялбар. Нөгөөтээгүүр, улс орнууд нүүрснээс тат галзана гэж буй өнөө үед уг төслийг дэмжих хөрөнгө оруулагч, хамтран ажиллах компани олноор гарч ирэх болов уу.

-БНХАУ-ын дарга Си Зиньпин саяхан нүүрсний станцуудад хөрөнгө оруулахгүй гэж мэдэгдсэн. Манайд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төслүүдийн ихэнх нь нүүрснээс эрчим хүч гарган авах төсөл байгаа. Улс орнууд нүүрсний хэрэглээнээс татгалзахаа мэдэгдсэн энэ үед манайх яах ёстой вэ?

-Си Зиньпин даргын хэлсэн үгнээс 2050 он хүртэл нүүрснээс эрчим хүч гарган авч буйгаа бага багаар өөр эх үүсвэрт шилжүүлээд явах нь гэж ойлгосон. Түүнээс яг өнөөдөр бүх цахилгаан станцыг зогсооно гэсэн үг биш. Харин ч одоо тус улсын эрчим хүчний салбар хямралд ороод байна шүү дээ. Хятадын хөрөнгөөр барих гэж буй Багануурын цахилгаан станц, “Шивээ энержи” төсөл хэрэгжих нь дамжиггүй болов уу.

-Та “Elixir energy” компанийн ахлах зөвлөхөөр ажилладаг. Тус компани Монголд “ногоон устөрөгч” үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрүүлнэ үү.

-“Elixir energy” саяхан Эрчим хүчний яамтай устөрөгч үйлдвэрлэх талаар судлах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан. Тус компанийнхан Монголд нар, салхины нөөцийн судалгаа хийж байгааг дээр дурдсан. Уг нөөцийг ашиглаад, хийн хоолойгоор урд хөршид устөрөгч нийлүүлэх боломжтой гэж үзэж буй. Тод руулбал, ӨМӨЗО-ы гангийн үйлдвэрүүдэд устөрөгч нийлүүлэхийг зорино. Ингэхдээ Монголын Засгийн газраас санхүүжилт авахгүйгээр төслийг хэрэгжүүлж, хөрөнгө оруулалтаа нөхөх бололцоотой гэж тооцоолж байна. Устөрөгч нь кокстой харьцуулахад экологийн хувьд цэвэр. Гангийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Хятад улс кокс хэрэглэлээ ч агаар мандлыг бохирдуулж буй тул яваандаа устөрөгчийг ашиглана гээд хэдийн “онилчихсон” л байгаа.

Хятадын хилээс цааш 600 км хийн шугам татчихвал урд хөршийн хийн сүлжээнд хүрэх бөгөөд улмаар гангийн үйлдвэрт нь нийлүүлэх боломжтой. Өдгөө улс орнуудад нэг гегажоуль устөрөг чийг 4000 хүртэлх км зайд тээвэрлэх өртөг 12-22 австрали доллар байгаа. Хэрэв Монголоос хоолой татчихвал дээрх зардал 10 дахин бага буюу хоёр доллар болно. Энэ бол маш таатай нөхцөл.

“Elixir energy” нүүрсний давхаргын метан хийн судалгаа хийж буй. Уг хийг 600-800 метрийн гүнээс олборлоно. Үүнийг олборлох үед маш их хэмжээний ус гардаг. Нүүрсний давхаргад метан хий, маш их хэмжээний ус даралттай байж байдаг. Усыг нь шинжлээд мал услах боломжтой гэж дүгнэсэн. Тэгэхээр тариа, ногоо усалж болох нь. Ундны усыг 70-80 метрийн гүнээс авч буй бол 600-800 метрийн гүн дэх усыг хүн хэрэглэх бол тодорхой хэмжээнд цэвэршүүлэх шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан. Дээрх усыг электролизийн аргаар устөрөгч гаргахад ашиглах боломжтой.

-Устөрөгчийн үйлдвэрлэл эрчим хүчний салбарт хувьсгал хийж байна, устөрөгч бол “тоглоом”-ыг өөрчлөгч (game changer) гэх нь бий. Үүнийг ашиглах талаар сүүлийн жилүүдэд л эрчтэй ярьсан нь ямар учиртай вэ?

-Устөрөгч бол маш амархан тэсэрдэг бодис. Тиймээс хадгалах, хийн хоолойгоор тээвэрлэхэд тодорхой хэмжээний аюултай байсан. Үүнийг саяхнаас хоёр аргаар шийдсэн. Тэсрэлтээс урьдчи лан сэргийлэх эхний арга нь толуэн гэж бодис ашиглах явдал. Уг аргыг гуравхан жилийн өмнө олсон юм. Энэхүү бодис нь нефтийн үйлдвэрийн дагалдах бүтээгдэхүүн. Манайд барьж буй газрын тос боловсруулах үйлдвэрээс үүнийг “гаргаж” болно. Бас MHC гэж бодис бий. Үүнтэй устөрөгчийг холиход “үхмэл” бодис болчихдог. Шатаах гээд ч шатахгүй, тэслэх гээд ч тэс рэх гүй болно гэсэн үг. Өдгөө япончууд устөрөгчийг дээрх бодистой холиод хийн шугамаар, усан онгоцоор ч тээвэрлэж байна. Ингэхдээ яг хэрэглэх газарт нь хүргэсний дараа уг бодисыг ялгаж аваад устөрөгчөө ашигладаг. Ялгаж авсан бодисоо бу цаагаад хийн шугамаараа “явуулчихна”.

Хоёр дахь арга нь устөрөгч хэлбэрээр биш, аммиак хэлбэрээр тээвэрлэж буй. Аммиак нь устөрөгчийг бодвол аюултай биш. Ялангуяа шингэн аммиакийг энд дурдаж болно. Австрали чууд “хүрэн устөрөгч”-өө аммиак хэлбэрт шилжүүлээд Японд нийлүүлж эхэлсэн. Саяхан дэлгэрсэн эдгээр арга нь устөрөгчийг аюулгүй хадгалах, тээвэрлэх түвшинд хүргэж, устөрөгчийн бүүм эхэллээ гэж ойлгож болно. Хийн түлшний хувьд сонгодог гэж хэлж болох бас нэг арга байдаг нь шингэрүүлэлт юм. Үүнийг далайгаар тээвэрлэдэг. Ташрамд дурдахад, саяхан Австралийн Элчин сайд манайд устөрөгчийн цахилгаан станц барьж өгөх санал тавьсан гэсэн. Энэ талаар Эрчим хүчний яам судалж байгаа болов уу.

Ер нь дэлхий даяар устөрөгчийн салбар дэндүү “залуу” байгаа. Улс орнууд 2018 онд 4.4 тэрбум тонн нефть, 3.86 их наяд шоо метр байгалийн хий олборлосон тооцоо бий. Гэтэл устөрөгчийн үйлдвэрлэл ердөө 70 сая тонн байсан гэнэ. Өнгөрсөн жил 90 сая тонн хүрсэн бололтой. Өөрөөр хэлбэл, устөрөгчийн үйлдвэрлэл нефтийнхээс 6000, байгалийн хийтэй харьцуулахад 5.5 мянга дахин бага байжээ. Эндээс устөрөгчийн салбар “залуу”, дөнгөж үүсэж байгаа нь харагдана. Гэх дээ Австрали, Япон, Герман, Орос зэрэг улс ус төрөгчийн салбарт төрөөс баримтлах бодлогоо хэдийн баталчихсан. Манайх ч ийм стратегитай болох нь зүйтэй. Өмнөд Солонгосын компаниуд саяхан том нэгдэл байгууллаа. Хятадын компаниуд ч нэгдэж эхэлж байна.

Азийн хэд хэдэн орныг цахилгаанаар хангах “Азийн эрчмийн супер сүлжээ” төсөл хэрэгжүүлнэ хэмээн ярьдаг. Үүний тулд хол зайд, тогтмол гүйдлийн шугамаар маш их хэмжээний эрчим хүч дамжуулна. Хол зайд асар их цахил гаан дамжуулах талаар хүн төрөлхтөн ихээхэн туршлагажсан ч цөөнгүй асуудал тулгарна. Япон Улс руу эрчим хүч нийлүүлье гэхэд далай доогуурх шугамаар “явуулах” хэрэгтэй гээд бод доо. Хятад руу цахилгаан дамжуулахад асуудалгүй байх. Харин урд хөршөөс Өмнөд Солонгос, Япон руу дамжуулахад дээр дурдсанчлан асуудал үүсэх талтай. Тэгвэл “Азийн устөрөгчийн сүлжээ” байгуулбал яах вэ гэдгийг мэргэжилтнүүд судлаад эхэлчихсэн. Би АНУ-ын Хадсоны институтийнхэнтэй нууц хадгалах гэрээ байгуулж хэд хэдэн судалгаа авсны нэг нь “Азийн устөрөгчийн санаачилга”. Нарийн ширийнийг ярьж болохгүй ч эх үүсвэр нь Монголын хүрэн нүүрс байх боломжтой юм. Монгол Улс Ази тивийг бүхлээр нь устөрөгчөөр хангана гэсэн үг. АНУ-ын Засгийн газар судалгааг нь ашигладаг тус байгууллагын алсын хараа дэмий ч зүйл биш байх гэж хардаг даа.

1
Савж уналааСавж уналаа
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Г.ЁНДОНГОМБО: ӨМӨЗО-ы гангийн үйлдвэрүүдэд устөрөгч нийлүүлэх боломжтой

  • Луук says:

    Ёндонгомбо инженерийг төрийн хамгаалалт ,хангамжид яаралтай оруулж ажиллуулах хэрэгтэй.

  • Anonymous says:

    Чихнээ чимэгтэй сайхан мэдээлэл авсандаа баяртай байна. Баярлалаа,бахархаж бна.Ёк!🤩