Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.ЭРДЭНЭБАЯР: Монгол Улсынхаа нэрийг бүжгийн олимпын медальтнуудын эгнээнд бичүүлмээр байна

Үндэсний урлагийн их театрын гоцлол бүжигчин, олон улсын зургаан томоохон уралдааны тэргүүн болон дэд байрын шагналт Б.Эрдэнэбаярыг ярилцлагад урьсан юм. Тэрбээр Хөгжим бүжгийн коллежийн ардын бүжгийн ангийг 2014 онд төгссөн аж. Эдний ангийнхан 28-уул сургуулиа дүүргэснээс 14 нь ҮУИТ-т, бусад нь “Улаанбаатар”, “Түмэн эх” зэрэг мэргэжлийн урлагийн байгууллагад ажиллаж буй юм байна. Бүгдээрээ мэргэжлээрээ ажиллаж байгаад нь, мөн жигд сайн суралцаж төгссөн зэргээр нь багш нар нь бахархдаг ажээ. Найзууд ч үүндээ ихэд сэтгэл хангалуун байдаг гэнэ.

UBS телевизээс зохион байгуулсан “Perfect dance 2018” бүжигчдийн уралдааны үеэр түүнийг, хайгаад буй төгс бүжигчин нь юм биш үү хэмээн харж байсан юм. Тэгэхэд бүжигчнийг дэд байрт шалгаруулсан. Түрүү жил Консерватороос зохион байгуулсан “Дэлхийн хөгжим цахим наадам- 2020”-ийн үеэр бүжиглэхийг нь дахин шимтэн харснаас хойш уншигчдадаа танилцуулъя гэж бодсон юм. Яриан дундаа түүний бас нэгэн авьяасыг илрүүлэв. Тэрбээр нэхмэлчин болчихож. Сонирхолтой санагдсан тул ярилцлагаа энэ хэсгээс эхлүүллээ.

-Хүүхдийн бойтог, эмэгтэй хүний цүнх зэргийг их гоёор нэхжээ. Хэзээ, яаж сурсан юм бэ?

-Хөл хорионы үеэр сурсан юм. Бүжгийн дасгал байнга хийгээд байхаар стресстэх янзтай болоод ирсэн л дээ. Дундуур нь анхаарал сарниулах арай өөр юм хийж үздэг юм бил үү гэж бодоод, тэгээд ч найз охиндоо ам гарчихсан болохоор нэхмэлийн хичээл солонгос хэлээр үзсээр байгаад сурсан. Эхэндээ чадах, үгүйгээ үзье гэж бодсон юм. Бас солонгос хэлний мэдлэгээ сайжруулахад тустай байсан болохоор далимдуулаад шамдсан. Нэг мэдсэн чинь хүүхдийн бойтог 15 хосыг нэхчихсэн байсан (инээв). Хийснээ фэйсбүүкт тавихад найзууд магтаж урамшуулан, зарим нь захиалаад эхэлсэн.

-Бизнес болгосон уу?

-Үгүй ээ. Тийм зав байхгүй. Хүмүүс захиалахаар нь тэдний хүүхэд бүжигчин залуугийн нэхсэн бойтог өмссөн байх нь гоё санагдаад “Материалын мөнгө өгвөл гаргаад өгье” гэдэг болсон. Нэг их олныг нэхээгүй. Ээждээ, бас өөр хэдэн хүнд цүнх урлаж өгсөн. Хугацаа их ордог юм билээ. Харин анхаарал бол сайн төвлөрдөг.

-Токиогийн олимпод өрсөлдсөн нэгэн тамирчин залуу тэмцэлдэхийн өмнө нэхээд суугаад байсан. Түүнтэй адил санагдлаа.

-Тийм ээ. Үнэхээр төвлөрдөг.

-Солонгос хэл судалдаг юм уу?

-“Perfect dance 2018” уралдааны II байрын шагнал нь БНСУ-ын “Korea university of media arts” сургуулийн солонгос хэлний бэлтгэлд жилийн хугацаатай суралцах эрхийн бичиг байсан юм. Тэнд суралцсан. Бүжигтэй хамаагүй, мэдээллийн чиглэлийн энэ сургууль олон талаар өгөөж өгсөн. Дотуур байранд нь амьдрах хугацаандаа бэлтгэл хийж, 2019 онд болсон Сөүлийн олон улсын бүжгийн 16 дугаар уралдааны мэргэжлийн бүжигчдийн ангилалд өрсөлдөөд тэргүүн байр эзэлсэн. Оюутан байхаасаа энэ сайн уралдаанд оролцохсон гэж боддог байсан ч нэг л болж өгдөггүй байлаа. Боломж олдсон дээр нь гээд хичээгээд оролцсон.

-Өөр ямар өгөөж байна?

-Найз охинтой болсон. Улсынхаа ЭСЯ-нд ажлаар очихдоо тэнд түр хугацаагаар ажиллаж байхад нь танилцсан юм. Манай найз охин тус улсад хуулийн чиглэлээр их сургуульд суралцдаг, ирэх хавар төгсөнө.

-Нэг жилийг үнэхээр олзтой өнгөрөөжээ. Саяхан Соёлын яамны Урлаг, уран бүтээлийн газраас тантай уулзаж, баяр хүргэсэн байна билээ. Хэзээний ямар амжилт гэж ойлгох вэ?

-2019 оны, түрүүн дурдсан Сөүлийн уралдаанд тэргүүлсэн, мөн энэ онд олон улсын таван уралдаанд оролцохдоо А зэрэглэлийн гуравт нь түрүүлж, В зэрэглэлийн хоёрт дэд байр эзэлсэн амжилтад баяр хүргэсэн. Энэ үеэр би ирэх онд Берлинд болох Бүжгийн бага олимпод оролцох эрх аваад буйгаа дуулгасан. Урьдчилсан шатны уралдаанд нь түрүүлж эрх авсан юм. Олимпын зарчмаар явуулдаг, өөр өөр улсад зохион байгуулдаг бүжгийн олон улсын хамгийн том уралдаан.

-Өмнө нь манай улсаас уран бүтээлч оролцсон юм болов уу?

-Үгүй. Тийм болохоор би оролцъё гэж зорьсон. Зүгээр ч оролцох биш, медаль авч, бүжигчид нь олимпын медаль авсан улс орнуудын жагсаалтад Монголоо бичүүлэхийг, албан ёсны вэб сайтад нь Төрийн далбаагаа байршуулахыг хүсэж байна. Мөн олон улсын уралдаанд ардын бүжиг, тэр дундаа этник төрлөөр өндөр амжилт үзүүлсэн уран бүтээлчдэд, сонгодог урлагийн төрлөөр амжилт гаргасан хүмүүст олгодог шиг Засгийн газрын тогтоолоор мөнгөн шагнал яагаад хүртээдэггүй юм бол гэсэн асуудлаар Соёлын яамны газрын дарга Б.Сэргэлэнд хандсан. Судалж байгаа юм билээ. Газрын дарга ирэх онд Бүжгийн бага олимпод явахад минь яамны зүгээс ямар нэгэн зардлыг дааж дэмжинэ гэж хэлсэн нь их сайхан санагдсан.

-Ямар ямар зардал гарах вэ?

-Би энэ бага олимпын эрхийн төлөөх уралдаанд түрүүлэхэд шагналд нь Берлинд олимпод оролцох үеэр байрлах зочид буудлын болон мандатын зардлыг олгосон юм. Тэгэхээр замын зардлын мөнгө лав хэрэг болно. Ер нь би яагаад яаманд хандсан бэ гэхээр, олон улсын өндөр зэрэглэлийн уралдаанд түрүүлж, дэд байрт орсон ч Засгийн газрын зүгээс урамшуулдаггүй ийм байдал надаар дуусгавар болог, хойч үеийнхэн маань хичээл зүтгэл, хөдөлмөрөө үнэлүүлдэг байг, түүнээсээ урам авч, илүү хол явдаг болог гэж бодсон юм. Намайг хүмүүс юу гэж хардаг, хэрхэн ойлгох нь хамаагүй. Гагцхүү засгаас тамирчдыг, сонгодог урлагийнхныг урамшуулдаг шигээ үндэсний урлагийнхныг, тэр дундаа ардын, этник төрлийн бүжигчдийг журам, тогтоолдоо хамруулдаг байгаасай гэж хүсдэг юм. Шударга шүү дээ. Манай театраас намайг болон ер нь уран бүтээлчдээ сайн дэмждэг. Байсхийгээд уралдаанд орохоор манайхан “Эрка, аль уралдаан бэ, тэгээд юу болсон, нэг үү, дэд үү” гэдэг болсон (инээв).

-Хойч үедээ санаа тавьдаг юм байна. Та хэдэн настай вэ?

-25.

-Нас залуу байна аа.

-Олон улсын уралдаанд оролцох дээд нас 29 байдаг. Ердөө 30 хүрлээ л бол хаана ч, хэн ч бүртгэж авахгүй. Тийм болохоор бүжигчид ид насандаа, оюутан байхаасаа ур чадвараа сорьж, өрсөлдөх боломж олдвол хоцрохгүй байвал сайн. Олон улсын уралдаануудыг ажиглахад 18, 19-тэй залуус бужигнуулж байдаг. Манай улсын бүжигчид ч гэсэн энэ насандаа хэдийн ур чадвар эзэмшчихсэн байдаг болохоор гадаадынхантай адилхан тэмүүлэлтэй, эрч хүчтэй байгаасай гэж боддог.

-Таны санал, хүсэлт Засгийн газрын түвшинд дэмжигдэнэ гэж найдаж байна. Таны тоглолтуудаас харахад бүжгийн утга санааг гаргахдаа деталь хэсгүүдийг маш сайн гүйцэтгэдэг санагдлаа. Энэ чадварыг сургуульд байхдаа эзэмшсэн үү, эсвэл ажлын талбарт гараад олж авав уу?

-Би Гавьяат жүжигчин Ц.Алтангэрэл болон Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Оюуны шавь. Багш нар маань зааж сургасан. Өөрөө ч нэлээд судалдаг. Оюутан байхдаа интернэт их ухдаг байлаа. Хүмүүс сонирхлоороо янз бүрийн сэдвээр дагнаж хайдаг шүү дээ. Би бүжигчдийн тоглолт л хардаг байв. Одоо ч гэсэн. Тэр үед Оросын алдарт Моисеевын чуулгынхны тоглолтыг нэгд нэгэнгүй үздэг байлаа. Дуурайж бүжиглэх гэхээр болохгүй болохоор нь багш нартаа бичлэг үзүүлж байгаад асууна. “Яаж хийгээд байна вэ” гэхээр багш нар аргыг нь зааж өгдөг байсан. Сөүлд уралдаанд орохоор бэлтгэж байхдаа театрынхаа бүжгийн багш А.Батхүүд бичлэгүүд харуулж асуун, болохгүйг нь засуулдаг байсан. Тэгэхээр сургуульд сурснаа ажлын орчинд баяжуулж, гүнзгийрүүлээд явдаг гэсэн үг юм уу даа. Монгол Улс маань бүжгээр дэлхийн уран бүтээлчдийн толгойд бичигддэг байгаасай гэж их хүсдэг. Балетынхны тоглолтыг их харна аа. Оросын балетчин С.Захароваг шүтэн биширдэг. Манай улс бүжгийн урлагийн гайхамшигтай түүх, замналтай. Одоо бол уран бүтээлчдээ гадаад тал руу нэлээд түлхээд өгвөл энэ төрлийн урлагаар манайхан их юм дуулгах болов уу гэж боддог.

-Өдөрт дасгал, сургуулилалт их хийдэг гэлээ. Хэдэн цаг зарцуулдаг вэ?

-Өглөө 06.00 цагт босож гүйдэг, Дараа нь усанд сэлээд, ажил руугаа ирж дасгал хийдэг. Өдөр гимнастикаар хичээллэдэг хүүхдүүдэд дасгал өгдөг. Сүүлийн үед СУИС-ийнхны шинээр тавьж буй “Босоо цагаан гурвалжин” этно балетын бэлтгэлтэй байгаа. Оройдоо тийшээ очиж байна. Тэгсээр байтал шөнө болчихдог юм. Ер нь орой унтаж, эрт босдог. Солонгост дотуур байранд амьдарч байхдаа хүмүүсийн унтдаг цагаар бэлтгэл сургуулилалт хийдэг байсан болохоор тийм дэглэмтэй болчихсон бололтой. Тэнд бэлтгэлийн өрөөгүй болохоор хаана, ямар боломж байна, бүгдийг ашиглаж дасгал хийж байсан юм.

-Уйгагүй, тун хичээнгүй залуу юм. Дуулдаг бололтой. Хайртдаа зориулаад дууны клип хийлгэсэн байна лээ.

-Дуулж байгаа нь би биш ээ, хамт ажилладаг найз минь. Би амаа хөдөлгөснөөс цаашгүй. Найз охиноо баярлуулах гэж хийлгэсэн юм. Хөл хорионы үеэр хүмүүс янз бүрийн юм сэдсэн дээ. Түүний л адил. Нээрэн би саяхан олон улсын бүжгийн багшийн сертификат авлаа. Бас нэгэн уралдааны шагнал. Бүжиг бол залуу насны ажил. Мөдхөн 40 хүрээд тайзнаас буухаараа хийх ажилтай л байх нь гэж бодоод баяртай байгаа.

-Ямар эрт тайзнаас буух тухай ярьж байна аа.

-Цаг хугацаа нэг л мэдэхэд явчихсан байх биз дээ.

-Танай театраар сонин сайхан юу байна вэ?

-Уран бүтээлээ бэлтгэж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, манай театрын ерөнхий бүжиг дэглээч Д.Баярбаатар багшийн “Монголын их хатад” бүжгэн жүжгээ сэргээж байгаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.