Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.БУЯНТОГТОХ: Эрүүл мэндийн салбарын даац хэтэрч, ачааллаа дийлэхгүйд хүрсэн

Хоногт илрүүлсэн тохиолдол буюу “Ковид-19”-өөр өвчилсөн хүний тоо 3000-гаас давбал манай улсын эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрч, тусламж, үйлчилгээ доголдох эрсдэлтэй гэж Эрүүл мэндийн яамнаас өмнө нь мэдээлж байв. Гэтэл өнгөрсөн сарын сүүлчээс эхэлсэн цар тахлын гурав дахь давлагааны улмаас хоногт илрүүлсэн тохиолдол тогтмол 3000-аас давах болсон. Энэ нь эрүүл мэндийн салбарт хэрхэн нөлөөлсөн, халдвар авсан иргэд тусламж, үйлчилгээ шуурхай авч чадаж байна уу зэрэг асуудлаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтохтой ярилцлаа.

-Коронавирусийн халдвар авсан хүмүүс “Эмнэлэгт хэвтэж чадахгүй байна” гэх гомдол ихэслээ. Яагаад ийм асуудал үүсээд байна вэ?

-Өвчилсөн иргэдийг эмчлэхээс гадна халдварыг илрүүлэх нь эмнэлгийн ажилтнуудын хувьд маш том ажил. Манай улс халдвартай иргэдээ илрүүлж, биеийн байдал хүндрэх эрсдэлтэйг нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж чадаж байна. Цар тахлын гурав дахь давлагаа үүсэж, халдварын тархалт энэ сард дээд түвшиндээ хүрлээ. Үүнээс улбаалсан ачааллыг эрүүл мэндийн салбар, ялангуяа тусламж, үйлчилгээний хэсэг үүрч байгаа. Монгол Улсад эмнэлгийн 27 000 ор бий. Гэтэл одоогоор үүнээс 21 500 гаруйд нь “Ковид-19”-өөр өвчилсөн хүмүүс хэвтэн эмчлүүлж буй. Гол асуудал нь халдвар авсан иргэд заавал эмнэлэгт хэвтэхийг хүсэж байна. Энэ нь манай салбарын ачааллыг ихэсгэж, туйлдуулах болсон. Хүмүүс нийгмийн сүлжээгээр “Эмнэлэгт хэвтэж чадахгүй байна”, “Эмнэлэг огт олдохгүй юм” гэж байнга бичих болсон. Энэ нь ерөөсөө л манай салбарын даац хэтэрч, ачааллаа дийлэхгүй болсны гол илрэл. Даацаас давсан ачаалал үүссэн нь иргэдийн бухимдлаар илэрч байгаа хэрэг.

-Мэдээж хөнгөн өвчилсөн, ямар нэгэн шинж тэмдэг илрээгүй иргэн эмнэлэгт хэвтэхийг хүсэхгүй. “Ковид-19”-өөр өвчилсөн, ялангуяа дельта хэлбэрийн халдвар авсан иргэд хүнд өвчилсөн болохоор л эмнэлэгт хэвтэх шаардлага тулгарч буй байх?

-Манай улсад одоогоор 300 000 орчим иргэн “Ковид-19”-өөр өвчилсөн. Бид тэднийг шинжилгээнд хамруулж, биеийн байдлыг нь үзэж, эдгээн, заримыг нь өдгөө эмчилж байна. Энэ хэрээр туршлага хуримтлуулж, хэний биеийн байдал хүндрэх эрсдэлтэй, хүндэрсэн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэхийг баг, өрхийн эмчээс авхуулаад бүх шатны эмнэлгийн ажилтнууд мэддэг болсон. Өөрөөр хэлбэл, эмч нар хэнийг эмнэлэгт хэвтүүлж, ямар тохиолдолд гэрээр эмчлэх боломжтойг тогтоосны үндсэн дээр шийдвэр гаргадаг. Дельта хэлбэрийн халдварын шинж тэмдэг альфаг бодвол богино хугацаанд, маш тод илэрдэг. Гэтэл шинж тэмдэг тод илрэнгүүт иргэд биеийн байдал нь хүндэрлээ гэж ойлгоод, ямар нэгэн аргаар эмнэлэгт хэвтэхийг оролддог. “Та зайлшгүй эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, гэрээр эмчилгээ хийлгээд, эдгэрч болно” гэхээр хэл ам хийж, эсвэл танил талаараа эмнэлгийн удирдлага, эмч нар луу яриулдаг. Бүр амиа хорлоно гэсэн хүн ч бий. Эмнэлэгт хэвтэхийн тулд шүү дээ. Сул ор байхад эмнэлгийнхэн хаалгаа цоожилчихоод, таныг оруулахгүй байгаа юм биш. Өрхийн эмнэлгийнхэн өрөөндөө зүгээр суучихаад иргэдийг үзэхгүй гэсэн тохиолдол байхгүй. Харин эрүүл мэндийн салбарынхны ачаалал даацаас хэтэрчихээд дийлдэхгүй байгаа юм. Ханиад 7-10 хоногийн дотор эдгэрдэг дээ. “Ковид-19” ч ялгаагүй. Хөнгөн өвчилсөн тохиолдолд та заавал эмнэлэгт хэвтэлгүйгээр өрхийн эмчийн зааврын дагуу гэрээр эмчилгээ хийлгээд 7-10 хоногт эдгэрэх боломжтой.

-Өдөрт мянга мянган хүн “Ковид-19”-өөр өвчилж байхад эмнэлгийн ор нэмж гаргасангүй хэмээн шүүмжлэх хүн цөөнгүй байна. Орны тоог нэмэх боломжтой юу?

-Ор нэмж гаргаж болно оо. Гэхдээ ажиллах хүний нөөц байхгүй. Хүний нөөц гэдэг чинь богино хугацаанд нөхөгдөж, ор дэлгэнгүүт нэмэгдчихдэг зүйл биш. Ор нэмлээ гэхэд хэн тэнд ажиллах вэ. Манай улсад эмнэлгийн 27 000 ор байдаг гэж өмнө дурдсан. Үүний 80 хувийг “Ковид-19”-өөр өвчилсөн хүмүүсийг эмчлэхэд ашиглаж байна шүү дээ.

-Улсын хэмжээнд 56 000 гаруй эмч, эмнэлгийн ажилтан байдаг. Тэдний хэд нь “Ковид-19”-тэй тэмцэх ажилд дайчлагдсан бэ. Бас эмнэлгүүд тусламж, үйлчилгээнийхээ хэдэн хувийг коронавирусийг эмчлэхэд ашиглаж байгаа бол?

-Энэ нь эмнэлгүүдийн шатлалаас хамаарч байгаа. Гуравдугаар шатлалын эмнэлгүүд тусламж, үйлчилгээнийхээ 30 гаруй хувийг “Ковид-19”-өөр өвчилсөн хүмүүсийг анагаахад ашиглаж буй. Жишээ нь, Улсын нэгдүгээр төв эмнэлэг 200 орыг коронавирусээр халдварласан иргэдийг анагаахад, үлдсэн 300-г үндсэн тусламж, үйлчилгээндээ зориулж байна. Хоёрдугаар шатлал буюу аймаг, нийслэл, дүүргийн Эрүүл мэндийн төвүүд нөөц боломжийнхоо 40 гаруй хувийг “Ковид-19”-тэй тэмцэхэд ашиглах жишээтэй. Орон нутагт, ялангуяа сумуудад эрүүл мэндийн байгууллагуудын тусламж, үйлчилгээний 60, зарим тохиолдолд 70-80 хувь нь зөвхөн коронавирусээр халдварласан иргэдийг эмчлэх зорилготой болчихлоо. Сумуудад эрүүл мэндийн байгууллагын хүний нөөцийн чадамж сул, цөөн ажилтантай учраас халдварын тархалт ихэссэн үед бүх анхаарлаа “Ковид-19” рүү чиглүүлэхээс өөр аргагүй болдог. Эмч, ажилтнуудын тухайд энэ хэсэг нь “Ковид-19”-тэй тэмцэж, үлдсэн нь үндсэн тусламж, үйлчилгээ үзүүлнэ гэж ялгахгүй. Ихэнх тохиолдолд аль алинд нь сэлгэн ажиллуулдаг. Бүх нийтээрээ хүч гарган ажиллаж байгаа гэж ойлгож болно.

-Коронавирусээс шалтгаалан эмнэлгийн бусад тусламж, үйлчилгээ доголдсон уу. Бас цар тахлын ачааллын улмаас эмч, эмнэлгийн ажилтнууд шантарч, сэтгэл зүйн дарамтад орох, ажлаа орхих зэрэг асуудал тулгарч байгаа талаар олон улсад цөөнгүй мэдээлэл гарсан. Манай эмч нарт ийм асуудал тулгарсан уу?

-Нөхцөл байдал хүндэрсэн ч бид үндсэн тусламж, үйлчилгээгээ хаяагүй. Төрөх, гэмтэл, хавдар, дотор, мэдрэл, яаралтай, төлөвлөгөөт мэс засал гэх мэтээр “Ковид-19”-өөс бусад тусламж, үйлчилгээгээ ч үзүүлж буй. Манай салбарынхан ажлын ачааллаас шалтгаалан шантрах бус, харин иргэдийн сөрөг хандлага, дайралтаас болж дарамтад орох тохиолдол элбэг байна.

-“Ковид-19”-ийн улмаас нас барсан хүний тоо сүүлийн үед эрс нэмэгдсэн. Өдөрт багадаа 10 хүн уг өвчний улмаас эндэж байна. Энэ нь эмнэлгүүдийн ачаалалтай холбоотой юу. Эмнэлгийн тусламж хүн бүрт хүрч чадахгүй байна уу?

-Нас баралт ганцхан хүчин зүйлээс хамаардаггүй. Олон зүйлээс шалтгаалдаг. Эмнэлгийн ачаалал үүнд маш бага нөлөөтэй. Харин хамгийн их нөлөөлдөг зүйл бол халдварт өвчний тархалт. Халдвар өргөн хүрээнд тархаж, архаг хууч өвчтэй, хавдрын төгсгөлийн шатанд орсон, өндөр настай зэрэг эрсдэлт бүлгийн олон иргэн өвчлөх тусам л эндэх хүний тоо нэмэгдэх эрсдэлтэй гэсэн үг. Зөвхөн манайд биш, дэлхий дахинд ч ийм л байна.

-Энэхүү эрсдэлт бүлгийн хүмүүсээ бүгдийг нь эмнэлэгт хэвтүүлэн эмчилж чадаж байгаа юу?

-Юуны түрүүнд хүнд өвчилсөн хүмүүсийг хэвтүүлнэ. Энэ нь тодорхой шинж тэмдэг, үзүүлэлтүүдтэй. Хоёрдугаарт жирэмсэн эмэгтэйчүүд, гуравдугаарт 60-аас дээш настай, архаг хууч өвчтэй иргэдийг эмнэлэгт хэвтүүлэх бодлого баримталж байгаа. Монголчууд коронавирусийн эсрэг дархлаажуулалтад сайн хамрагдсан. Зарим нь гурав дахь тунг ч хийлгэчихлээ. Вакцин таныг халдвараас 100 хувь хамгаалахгүй ч өвчиллөө гэхэд биеийн байдал хүндрэх эрсдэлээс сэргийлнэ. Бидний одоогийн тооцоо, судалгаагаар бол вакцинуудын халдвараас сэргийлэх түвшин 75 хувьтай. Үлдсэн 25 хувь нь халдвар авсан ч биеийн байдал хүндрэх, нас барах эрсдэлээс сэргийлж чадаж байгаа.

-Улсын хэмжээнд хэдэн хүн гэртээ эмчлүүлж байгаа бол?

-Одоогоор Улаанбаатар хотод 30 000, орон нутагт 20 000 гаруй иргэн гэрээр эмчлүүлж буй. Өрхийн эрүүл мэндийн төвийнхөн тэднийг хянаж, эмчилж байгаа. Дэлхий дахины статистикийг харвал өвчилсөн хүмүүсээс хамгийн ихдээ 3.3 хувийг нь эмнэлэгт эмчилж байна. Дундаж түвшин нь 1-3 хувьтай. Ерөөсөө олон улсад маш хүнд болон хүнд өвчилсөн иргэдийг л эмнэлэгт эмчилж байгаа юм. Харин манай улсад энэ үзүүлэлт 35-45 хувьтай. Олон хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчлэхийн давуу тал мэдээж бий. Жишээ нь, нас баралтаас сэргийлдэг. Гэхдээ нөгөө талаар хөнгөн өвчилсөн хүмүүс эмнэлгийн орыг дүүргэснээр яаралтай тусламж шаардлагатай иргэд үйлчилгээ авч чадалгүй биеийн байдал нь хүндэрч, улмаар нас барах эрсдэлийг ихэсгэдэг. Уг нь бид хөнгөн өвчилсөн иргэдийг эмнэлэгт хэвтүүлэхийг хязгаарлаж буй ч үнэхээр дийлдэхгүй байгаа. Өдгөө эмнэлэгт хэвтсэн 21 500 гаруй хүний 60 гаруй хувь нь хөнгөн өвчилсөн. Олон улсын шалгуураар бол тэднээс ердөө 2000 нь л зайлшгүй эмнэлэгт хэвтэх шаардлагатай. Бусад нь гэртээ эмчлүүлэх боломжтой гэсэн үг.

-“Ковид-19”-ийн эмчилгээний арга барилыг өөрчилж, заавал шинжилгээнд хамруулахгүйгээр шинж тэмдэгт нь суурилан арга хэмжээ авна гэж ЭМЯ-наас энэ сарын эхээр мэдээлсэн. Шинжилгээ авахгүй гэхээр ямар тохиолдолд халдвар авсан гэж үзэх вэ. Коронавирусийг ханиад, томуутай андуурвал яах вэ?

-Халдвар өргөн хүрээнд тархсан үед бүх хүнийг шинжилгээнд хамруулж, хариуг баталгаажуулсны дараа арга хэмжээ авахаар тусламж, үйлчилгээ үзүүлэх хугацаа хожимддог. Тухайлбал, PCR шинжилгээний хариу зарим үед 72 цагийн дараа гарлаа гэсэн шүүмжлэл байдаг шүү дээ. Хэрэв коронавирусийн шинж тэмдэг илэрсэн хүнийг PCR шинжилгээнд хамруулж, оношийг баталгаажуулаад, 24-72 цагийн дараа эмчилнэ гэвэл биеийн байдал нь хүндрэх эрсдэлтэй. Тиймээс шинж тэмдэг нь тодорхой, ойрын хавьтал болсон, түргэвчилсэн оношлуурын хариу эерэг гарсан бол заавал PCR шинжилгээнд хамруулахгүйгээр хариу арга хэмжээг эрт авч, эмчилгээг эхлүүлнэ гэсэн үг. Иргэдийг ийнхүү цаг алдалгүй эмчилгээнд хамруулах үүргийг өрх, дүүргийн эмнэлгийн эмч, ажилтнуудад өгсөн. Энэ бол маш ач холбогдолтой арга хэмжээ. Халдварын тархалт ихэссэн учраас үүнийг хэрэгжүүлэхээс өөр аргагүй. Хэрэв тархалтын түвшин буурвал өмнөх шигээ шинжилгээний хариуг баталгаажуулсны дараа эмчилгээг эхлүүлэх боломжтой.

-Цар тахлын тархалт хэзээ хумигдах вэ. Мэргэжлийн байгууллагынхан тооцоолол гаргасан уу?

-Халдварт өвчнийг бууруулах гурван хүчин зүйл байдаг. Үүнийг “алтан гурвалжин” ч гэж нэрлэдэг. Эхний хүчин зүйл нь халдварын эх уурхайг хумих. Энэ нь өвчилсөн хүнийг тусгаарлан, эмчилнэ гэсэн үг. Манай улс халдвар авсан хүмүүсээ илрүүлж, эмчилж чадаж байгаа. Дараагийн хүчин зүйл бол өртөмхий бие буюу өвчлөх эрсдэлтэй иргэдэд чиглэсэн арга хэмжээ. Үүний хүрээнд бид коронавирусийн эсрэг дархлаажуулалтыг эрчимтэй өрнүүлж буй. Гурав дахь буюу хамгийн чухал хүчин зүйл нь дамжих замыг хязгаарлах арга хэмжээ. Хүн амын хөдөлгөөнийг хязгаарлаж, шинж тэмдэггүйгээр өвчилсөн хүмүүс бусдад халдвар тараахаас сэргийлнэ гэсэн үг. Эрүүл мэндийн салбарынхны хувьд эхний хоёр хүчин зүйл рүү чиглэсэн арга хэмжээг маш сайн хэрэгжүүлж байгаа. Харин дамжих замыг таслан сэргийлэх арга хэмжээ алга. Энэ нь бидний эрх хэмжээний асуудал биш учраас халдварын тархалт хэзээ хумигдах вэ гэж эрүүл мэндийн салбарынхнаас бүү асуу.

-Ийм учраас л ЭМЯ-наас 22.00 цагаас хойш хөл хорио тогтоох санал гаргасан юм уу?

-ЭМЯ байнга л хөл хорио тогтоох санал гаргаж байгаа. Яагаад гэвэл өнөөх “алтан гурвалжин” бүтэн байж л цогц үр дүнд хүрнэ. Цар тахал бол зөвхөн эрүүл мэндийн байгууллагын бус, бүх нийтийн асуудал. Дамжих замыг таслан сэргийлэхэд иргэд ч чухал нөлөөтэй. Та үнэхээр л ажил, амьдралаа хэвийн үргэлжлүүлэхийг хүсэж байгаа бол өөртөө, эргэн тойрны хүмүүстээ халдвар хамгааллын дэглэм мөрдөх шаардлага тавих хэрэгтэй. Яг бодит нөхцөл байдлыг харвал хамгийн багадаа 28 хоног хөл хорио тогтоовол халдварын тархалт буурна. Гэхдээ хөл хорио маш хатуу байж л үр дүнд хүрнэ. Хэрэв хөл хорихгүйгээр буюу хэвийн ажиллаж, амьдрахын зэрэгцээ “Ковид-19”-ийн тархалтыг бууруулъя гэж бодож байвал халдвар хамгааллын дэглэм сайн баримтлах ёстой. Та халдвар хамгааллын дэглэм баримталсан ч гэр бүлийн, ажлын тань хүн хариуцлагагүй байвал үр дүнгүй. Тиймээс орчин тойрныхоо хүмүүст ч шаардлага тавьж байгаарай гэж хэлье.

Бэлтгэсэн Ч.Мөнх

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.