Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.БАТЧИМЭГ: Хараа сайн байх нь сурлагын үзүүлэлтэд нөлөөлдгийг эрдэмтэд нотолсон

Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь пүрэв гарагт Дэлхийн хараа хамгаалах өдөр тохиодог. Энэ жилийн хувьд аравдугаар сарын 14-нд тохиож байна. Хараагаа хамгаалах олон улсын өдрийн хүрээнд “Сөүл нүдний төв” эмнэлгийг үүсгэн байгуулагч, Монгол Улсын тэргүүлэх эмч, клиникийн профессор Б.Батчимэгтэй ярилцлаа. 2001 оноос хойш тасралтгүй нүдний эмчээр ажиллаж буй тэрбээр ажлын гараагаа хүүхдийн нүдний эмчээр эхэлжээ. Хожим насанд хүрэгчдийн нүдний эмчээрмэргэшсэн. Өдгөө насны ангилалгүй буюу хүүхэд, насанд хүрэгчдэд эмчилгээ, тусламж, үйлчилгээ үзүүлдэг. 2007 онд жижиг зүслэгээр нүдний уян болор суулгах мэс заслыг Монголдоо анх хийж, энэ технологийг нутагшуулсан Б.Батчимэг эмч 2003-2004 онд Сөүлийн их сургуулийн эмнэлэгт нүдний нарийн мэргэжлээр мэргэшин сурсан аж. Өдгөө энэ төрлийн мэс заслын технологи Монголд дэлхийн жишигт дүйхээр түвшинд хүрсэн байна.

-Дэлхийн хараа хамгаалах өдрийг Монголд хэзээнээс тэмдэглэдэг болсон бэ. Үүний хүрээнд ямар үйл ажиллагаа явуулахаар төлөвлөсөн бол?

Олон улсын сохролттой тэмцэх хорооны санаачилга, ДЭМБ-ын дэмжлэгээр 2000 оноос эхлэн жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гаргийг Дэлхийн хараа хамгаалах өдөр болгожээ. Хараагаа хамгаалахын ач тусыг таниулан сурталчлах, олон нийтийн анхаарлыг хандуулах, мэргэжилтнүүдийн цэгцтэй, өргөн мэдээлэл, зөвлөгөөг хүргэх зорилгоор тунхагласан энэ өдрийг Монголд 2011 оноос тэмдэглэдэг болсон. Нөгөө талаараа энэ өдөр бол мэргэжил нэгтнүүдийн хувьд мэдлэг, мэдээлэл, туршлагаа хуваалцах, иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээнд илүү олон эмчийг татан оролцуулах, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сайн дурын үйл ажиллагаа явуулахад түлхэц болдог. ДЭМБ-аас энэ жил “Нүдээ хайрлая” уриа дэвшүүлсэн. Тус байгууллагын судалгаагаар дэлхийн хэмжээнд нэг тэрбум гаруй хүн нүдний тусламж, үйлчилгээ авч чаддаггүй юм байна. Боломжгүй нөхцөл байдалтай, алслагдсан газар нутагт амьдардаг зэрэг шалтгаантай хүмүүст нэгэнт эмч нар хүрч ажиллаж чадахгүй байгаа учраас хувь хүн өөрийн нүдийг хайрлан хамгаалъя гэдэгт анхаарал хандуулах зорилгоор ийм уриа гаргажээ. Үүний хүрээнд олон улсын эмнэлгүүд, эмч нар нөөц, хүчин чадал, хүн хүчнээсээ шалтгаалаад боломжоороо оролцож байна. Манай эмнэлгийн хувьд сайн дурын үйл ажиллагаа явуулж, сурагчдад үнэ төлбөргүй үзлэг, тусламж, үйлчилгээ хүргэнэ. Хүүхдийн ирээдүйн амьдрал хараанаас маш их шалтгаалдаг. Хүний тархины 50 гаруй хувь нь харааны мэдрэлээр дамжуулан, ухамсаргүйгээр суралцаж байдаг. Хоёрдугаарт, хараагаараа дамжуулан ухамсартайгаар суралцдаг. ДЭМБ-ын судалгаагаар бол олон улсын хэмжээнд 90 орчим сая хүүхэд харааны ямар нэгэн асуудалтай. Энэ утгаараа бид хүүхдүүдэд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаар шийдсэн. Нүдний эрүүл мэнд яагаад чухал вэ гэдгийг таниулан, сурталчилж, зөвлөгөө хүргэхийн зэрэгцээ үзлэг хийх юм. Ингэхдээ Баянзүрх дүүргийн хамгийн алслагдсан дүүргийн сургуулиудыг сонгоод 4-6 дугаар ангийнхныг хамруулна. Учир нь өсвөр насныхны хичээлийн ачаалал их байдгаас гадна бие махбодын хувьд хамгийн идэвхтэй өсөлт, хөгжлийн үе юм. Нөгөөтээгүүр, сүүлийн хоёр жилд хүүхдүүд цахим сургалтад хамрагдаж, гэрт хөл хорионд удаан хугацаанд байсан нь харааны чадамжид нөлөөлсөн байхыг үгүйсгэхгүй. Монголын нүдний эмч нарын нийгэмлэгийн зүгээс эмнэлэг, эмч нарт хандан “Дэлхийн хараа хамгаалах өдөрт зориулаад нийгэмд тустай зүйл хийж, хэвшүүлээч” гэж уриалдаг. Ер нь ихэвчлэн хувийн эмнэлгүүд маань идэвхтэй оролцож, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд чамлахааргүй ажилладаг.

-Нүдээ хамгаалахад юуг анхаарах вэ. Хүүхдийн хараа алдагдсан, эсэхийг аав, ээж нар ахуйн нөхцөлд “оношлоод” эмнэлэгт хандах боломжтой юу. Энэ талаар зөвлөнө үү.

-Нүдээ хамгаалах 4Р хөтөлбөр буюу урьдчилан сэргийлэх, хамгаалах, хэвшүүлэх-чухалчлах, аливаад ач холбогдол өгөх гэсэн дөрвөн зүйлийг хүүхдүүдэд болон эцэг, эхчүүдэд ойлгуулах нь чухал байгаа юм. Бид сурагчдад хүргэх энэ удаагийн ажлаараа энэ дөрвөн зүйлийг ойлгуулан таниулах бас нэг зорилготой. Эцэг, эхчүүд хүүхдээ байнга ажиглах хэрэгтэй. Жишээ нь, нүдээ байнга нухах, нүд өвдлөө гэх, нуух зэрэг жирийн бус шингэн гарах, үе үе хялайдаг, бусдаас өөр харах, зурагт ойроос үзэх, аливаа зүйлийг нүдэндээ хэт ойртуулан наах шахам харах, байсхийгээд бүдэрч унах гэх мэт шинж тэмдэг илэрч байвал эмчид зайлшгүй хандаарай. Эрүүл байсан ч зургаан наснаас нь өмнө урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахыг зөвлөе. Цаашлаад 1-2 жилд тогтмол, товлолт үзлэгт хамруулах ёстой. Яагаад гэвэл хүүхдийн өсөлт 8-14 насанд асар эрчимтэй явагддаг. Энэ хэрээр эрхтэн, тогтолцоонд өөрчлөлтүүд гардаг. Эрүүл байсан хүүхэд магадгүй тухайн насанд харааны асуудалтай болохыг үгүйсгэхгүй.

-Олон улсын эмч, эрдэмтэн, судлаачид, ДЭМБ-аас хараа хамгаалахад юуг чухалчлан зөвлөдөг вэ?

-Юуны түрүүнд нүдний эмчийн үзлэгт тогтмол, үе шаттай хамрагдахыг зөвлөдөг. Товлолт вакцин ямар чухал билээ. Үүнтэй адил товлолт үзлэг хийлгэж, хараагаа оношлуулах, өвдөхөөсөө өмнө урьдчилан сэргийлэх нь чухал гэсэн үг. Манай иргэд өвчний шинж тэмдэг илэрчихээд байхад л үл тоож явсаар тартагт нь тулгаад эмнэлэгт ханддаг, ялангуяа орон нутгийнхан. Эсвэл эмийн сангаас дураараа эм, тос авч түрхэж, өвчнөө хүндрүүлдэг талтай. Ийм хариуцлагагүй байдал тань бусдад нөлөөлөөд, дураараа сонгосон эмээс шалтгаалан магадгүй 100 тохиолдлын нэгт хүн хараагаа алдах эрсдэлтэйг санах ёстой. Ер нь эмийг буруу хэрэглэх нь хор болно. Тэгэхээр заавал эмчийн заавраар хэрэглэх хэрэгтэй. Нүдний дусаалгыг ч ялгаагүй. Жоргүй олгодог бэлдмэлүүдийн хувьд эмт бодисын орц болон хоруу чанар багатай байдаг. Гэхдээ удаан хугацаанд тогтмол хэрэглэх нь мөн л хор хөнөөлтэй. Уг нь ганц, хоёр удаа, хааяа, түргэн тусламжийн зориулалтаар хэрэглэх эм, дусаалга зэргийг иргэд “Их сайн” гээд л бараг насан туршдаа хэрэглэдэг нь туйлын буруу. Нүдний дусаалгын заавартай заавал танилц. Зарим нь, тухайлбал, ногоон төрлийн дусаалгуудыг 40-өөс дээш настай, нүдний даралттай болох сэжиг бүхий хүн хэрэглэж болохгүй гэсэн заавартай байдаг. Цайруулах үйлчилгээтэй гэх дусаалгын хувьд нүдний судсыг нарийсгаж, бүх тэжээлийг нэвтрүүлдэг шингэний замыг хаадаг. Дураараа удаан хугацаанд хэрэглэж болохгүй.

Түүнчлэн эцэг, эхчүүдэд хандан хэлэхэд хүүхдээ гадаа тоглуулахыг зөвлөмөөр байна. Ингэхдээ өдөр бүр багадаа хоёр цагийн турш нар, салхинд гадаа байлгах нь ирээдүйд учирч болзошгүй холын хараа муудалтаас сэргийлнэ гэдгийг эрдэмтэд судлаад баталчихсан байдаг. Нүдний эмчийн хувьд судалгаануудаас тоймлон үзэхэд манай улсын хүүхдүүдийн 20 хувь нь харааны ямар нэгэн гажигтай. Нүдний шил зүүх шаардлагатай. Энэ нь дэлхийнхтэй харьцуулахад бага тоо л доо, цөөн хүн амтай учраас. Энэ үзүүлэлт БНСУ, Хонконгод маш өндөр буюу 85 хувьтай байдаг. Ер нь хүүхдийг сурагч болохоос өмнө нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт заавал хамруулан, харааг нь шалгуулах хэрэгтэй. Хараа нь муу бол засрах, эсэх, цаашлаад нүдний ямар нэгэн өвчтэй, үгүйг заавал оношлуулах нь хүүхдийн сурах, амжилт гаргахад маш их нөлөөтэй. Тухайн хүүхдийн харааны эрүүл мэндээс, шалгалтын амжилт, анги дэвших байдал нь 44 хувь нөлөөлдөг болохыг олон улсын судлаачид нотолсон байдаг. Өөрөөр хэлбэл, хараа сайн байх нь сурлагын үзүүлэлт, цаашлаад ирээдүйн амьдралд нь нөлөөлнө гэсэн үг.

…Хэрвээ дэлгэцийн ард сууж байгаа бол 20 минут хараад, 20 секунд босож, 20 метрийн цаадхыг хар гэсэн дүрэм баримтлахыг зөвлөж байна. Ажлын шаардлагаар өдөржин компьютер, интернэт ашигладаг хүмүүс 20 минут тутам суудлаасаа босох боломжгүй бол ядаж нэг цагийн хугацаанд 5-10 минут завсарлаад, биеийнхээ чилээг гарган, алхаж, 3-5 минут нүдээ аньж амраагаад, алсыг хар…

-Тухайн эд, эрхтний хэвийн үйл ажиллагаанд тустай хоол хүнс гэж бий. Нүдэнд ямар хүнс сайн нөлөөтэй вэ?

-Бие махбодод хоол хүнс шууд нөлөөтэй. Идсэн бүхэн цусаар дамжаад эд, эрхтэнд хүрч, эрүүл байх үндсийг бүрдүүлэх учраас зохистой, зөв хооллох ёстой. Нүдний хувьд төрөл бүрийн ногоо, тэр дундаа бета-каротин буюу А аминдэм ихээр агуулдаг лууван, цэцэгт байцай, нэрс сайн. Ер нь улаан, ногоон өнгөтэй ургамал, жимс, ногоонд нүд “дуртай”.

-Орчин цагийн хүмүүс дэлгэцийн, гар утасны хамааралтай болжээ. Нулимсаа гоожуулаад, анивчаад байгаа хэрнээ тэр зүйлээс хараагаа салгаж чаддаггүй. Тэгэхээр нүдний ядаргаа тайлах зөвлөгөө өгөөч?

-Дэлхий нийтэд тулгараад байгаа энэ асуудалд тохируулан зөвлөмж гаргаж, “20, 20, 20-ийн дүрэм” гэж баталсан. Юуны түрүүнд энэ хэрэглээгээ аль болох багасгах. Хэрвээ дэлгэцийн ард сууж байгаа бол 20 минут хараад, 20 секунд босож, 20 метрийн цаадхыг хар гэсэн дүрэм баримтлахыг зөвлөж байна. Ажлын шаардлагаар өдөржин компьютер, интернэт ашигладаг хүмүүс 20 минут тутам суудлаасаа босох боломжгүй бол ядаж нэг цагийн хугацаанд 5-10 минут завсарлаад, биеийнхээ чилээг гарган, алхаж, 3-5 минут нүдээ аньж амраагаад, алсыг хар. Түүнчлэн нүдний дасгал хий. Нүд тус бүр зургаан булчинтай. Дэлгэц ойроос ширтээд удахад булчингуудын хөдөлгөөн саатаж, саажилт үүсдэг. Тэгэхээр түүнийг амраахын тулд огцом аньж, нээх, дээш, доош, баруун, зүүн тийш эргэлдүүлэх хөдөлгөөн хийнэ. Бас нүдний эргэн тойронд дарж булчингуудыг суллаж, орой унтахдаа бүлээн бигнүүр тавьж болно.

-Танай эмнэлгийн хамт олон алслагдсан аймгуудад нүдний үзлэг, эмчилгээ, үйлчилгээ үнэгүй хүргэдгээрээ, БНСУ-ын мэргэжилтнүүдтэй хамтран энэ чиглэлээр ажилладгаараа олны талархал хүлээсэн. Энэ ажлаа үргэлжлүүлж байгаа юу?

-Одоогоор дэлхийн 38 улсад үйл ажиллагаагаа явуулдаг, ДЭМБ-ын харьяа, Олон улсын сохролтой тэмцэх байгууллагын гишүүн болох “Vision care” байгууллагад би 2005 онд сайн дураараа элссэн. Тэр цагаас байнга холбоотой байж, сайн дурын эмчийн үүрэг гүйцэтгэн олон улсын хэмжээнд ажиллаж эхэлсэн. Үүний дагуу Пакистан, Хятад, Кени, Уганда, Киргиз, Камбож гэхчлэн олон оронд сайн дурын эмчийн үүрэгтэйгээр, сохролттой тэмцэх зорилгоор багийн үйл ажиллагаанд оролцсоор ирсэн. Монгол дахь энэ чиглэлийн үйл ажиллагааг нь 2005 оноос хариуцан ажиллаж байна. 2005-2015 он хүртэл БНСУ-ын эмч нарын баг ирж явуулж байсан үйл ажиллагааг өдгөө Монголын эмч, сувилагч, ажилтнуудын хамт бие даан гүйцэтгэж ирлээ. Өнгөрсөн 2015 оноос өнөөдрийг хүртэл хөдөө, аймгуудаар ажиллаж,ирсэн. Жишээ нь, 2019 онд Хөвсгөл, Орхон, Увс, дараа жил нь Дорнод, Баян-Өлгий аймагт ажиллаж, сохролттой тэмцэх зорилгын хүрээнд нүдний үзлэг, эмчилгээ, үйлчилгээг үнэ төлбөргүй хүргэсэн. Сүүлийн таван жилийн хугацаанд алслагдсан нутаг оронд байгаа, эмчилгээ, үйлчилгээ авахад хүндрэлтэй, болор цайх эмгэгээс үүдэн харааны бэрхшээл ихээр үүссэн 408 өндөр настанд багаараа очин болрын мэс заслыг үнэ төлбөргүй хийсэн байна. Мэс заслаас гадна, хүнд өвчтөнүүдэд орон нутгийн эмч нартай хамтран үзлэг хийн, цаашдын эмчилгээний талаар зөвлөгөө өгч ирсэн. Энэ жилийн хувьд арваннэгдүгээр сард Ховдод, тухайн аймгийн Нэгдсэн эмнэлэгтэй хамтран ажиллана. Бидний зорилго бол болор цайх эмгэгээс үүдэн хараа алдан амьдралын чанарт нь нөлөөлсөн ахмадуудад сайн дураараа хязгаар үгүйгээр тусалснаар тэдэнд гэрэл гэгээтэй амьдрал бэлэглэх юм.

3
Зөв, гоёЗөв, гоё
1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Б.БАТЧИМЭГ: Хараа сайн байх нь сурлагын үзүүлэлтэд нөлөөлдгийг эрдэмтэд нотолсон

  • Anonymous says:

    Эмчдээ ажлын өндөр амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсье