Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.БАТ-ЭРДЭНЭ: Үе үеийн шог зураачид сурах бичгийг “амилуулж” ирсэн

Соёлын гавьяат зүтгэлтэн, “Азтай бадарчин” алтан цомын эзэн, шог зураач А.Бат-Эрдэнэтэй ярилцлаа. Дундговь аймгийн Хулд сумд төрж, өссөн тэрбээр хүүхдүүдийг нэг стандарт, ижил нормоор хөгжүүлэх гэсэн өнөөгийн боловсролын тогтолцоог эсэргүүцэж, хойч үеийнхэн чөлөөтэй сэтгэх ёстой гэсэн санаагаа зураг, бүтээлээрээ дархалж яваа нэгэн юм. Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор өнгөрсөн зургадугаар сард энгэрээ мялаалгасан А.Бат-Эрдэнэ 1997-1998 онд “Өнөөдөр” сонинд шог зураачаар ажиллаж байв.

-Та тав, зургаан настнуудын дотнын найз шүү дээ. Нүүр номдоо голдуу тэдний тухай бичиж, санаа зовниж байгаа харагддаг. Өнөөгийн хүүхдүүдэд ямар асуудлууд тулгараад байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье.

-Аль ч улс орон ирээдүй хойчоо бодож, боловсролын асуудлыг өндөр түвшинд тавьдаг шүү дээ. Манайхан өнгөн дээрээ энэ талаар байнга л ярьдаг. Гэсэн ч ачир дээрээ хүүхдийн төлөө хийж бүтээх нь ховор. Багшийн хувьд, бас хувь хүний зүгээс ч хүүхдийн ирээдүйд чиглэсэн бүтээл хийхийг эрмэлздэг. Манайхан бүр улсаараа боловсролын системдээ анхаарч, ирээдүйгээ харсан ажил хийх цаг ирсэн. Наад зах нь сургалтын арга арга зүйгээ шинэчлээсэй.

Одоогийн сургалтаар бол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогоос хэтийдсэн, хэт шинжлэх ухаанжсан, амьдралгүй зүйлүүд заагаад байна. Бүх шинжлэх ухааныг заах гээд хүүхдүүдийг залхааж орхих юм.

-Хүүхдүүдийг хөгжүүлэх “Би чадна” төслийг та хэрэгжүүлж буй юм билээ. Уг төсөлдөө тэдний хөгжлийг хэрхэн дэмжихээр тусгасан бэ?

-Бага насны хүүхдийн авьяасыг зураг, зураг төслөөр дамжуулан нээж, хөхиүлэн дэмжвэл үр өгөөжтэй гэж бодсоны үүднээс зүтгэж явна. Одоогийн гурван настнууд ч муугүй зурдаг болсон. Сонирхлыг нь харж байгаад л анхан шатны дугуйланд хамруулж, авьяасыг нь хөгжүүлэхээр хөтөлбөр, сургалтын арга боловсруулсан юм. Багш хүүхдийг дагуулан сургаж, урамшуулах арга л даа. Үүнийгээ “Би чадна” төсөл болгож, телевизийн нэвтрүүлгийн 150 дугаар бэлтгэлээ. Цаашдаа үүнийгээ үндэсний хэмжээний контент болгох зорилготой. Үүний тулд “Монгени” цогцолбор сургуулийн Гавьяат багш Н.Лхагва гуайтай хамтарсан. Хүүхдийн төлөө нэгдэж ажиллах хүмүүс ямагт байдагт баярлаж сууна. Илүү олон хүн нэгдээсэй. Мөн бага насны хүүхдүүдийг хөгжүүлэх Авьяастныг дэмжих холбоо байгуулж, үүндээ төвлөрч ажиллаж байгаа. Тус холбоонд уран зургийн галерей, танхим байгуулж, хүүхэд суралцах бүхий л орчин бүрдүүлсэн. Хүүхдүүдэд дүрслэх урлагийн цагаан толгой заах арга зүйг баримтжуулсан өв үлдээхээр зорьж байна.

-Үндэсний хэмжээний контент бүтээхэд төрийн дэмжлэг хэрэгтэй биш үү?

-Хүүхдийн төлөө, ирээдүйг нь харсан ажил манай улсад ховор болжээ. Би Улсын багшийн дээд сургууль төгсөөд гурван жил гаруй багшилсан юм. Тэгээд Боловсролын яамны “Оюун түлхүүр” сэтгүүлд уран сайхны редактороор ажилласан. Гэтэл хоёр дахь жилдээ ажиллаж байтал хүүхдийн төлөө бүхнийг хувьчилж, тарааж эхэллээ. Багшилсан юмгүй, редактор хийсэн ч юмгүй гудамжинд гарсан даа. Гэсэн ч багш хүн болохоор есдүгээр сарын 1-нд нэг их эвгүй оргиод болдоггүй байв. Хүүхдүүд бужигнаад л, эхнэр бас багш тул яараад ажилдаа гарна. Харин би цонхоор хараад нэг их гунигт тэврүүлээд л үлддэг байлаа. Одоо харин олон шавь нарынхаа дундаа жаргаж сууна.

“Оюун түлхүүр” сэтгүүлд би уран сайхны редактор, зураачаар ажиллаж байсан. Өөр мэргэжилтэй зүйрлэх юм бол уран сайхны редактор нь инженер, зөвлөх гэсэн үг. Гэтэл ийм мэдлэг, чадвартай хүмүүсээ төр, засаг нэг өдөр гудамжинд гаргасан. Хэвлэлийн биржийн олон хүнийг халсан, “Оюун түлхүүр” сэтгүүлийг татан буулгасан. 1990 оноос өнөөдрийг хүртэл тэр олон мэргэд ил гаралгүй, чимээгүй байсан гэхээр асар их үнэт зүйл, цаг хугацаа алдаж. Миний хувьд мэргэжлээ орхиогүй ч гомдолтой явдаг. Учир нь мэргэжлийн хүнийг мэргэжлийн газарт нь ажиллуулаагүй. Жишээ нь, сурах бичиг зохиоход дайчлаад, шахаад өгсөн бол нэлээд хэдэн номын эксперт хийчихсэн, олон мянган хүүхэд үр өгөөжийг нь хүртчихсэн яваа. Гэтэл одоогийн хүүхдүүдийн сурах бичгийн агуулга, уран сайхны зураг чимэглэл авах юмгүй муу. Үе үеийн шог зураачид сурах бичгийг “амилуулж” ирсэн. Бид одоо ч сурах бичиг зохиоход гар бие оролцох л учиртай. Гэтэл төр залуусаа, мэргэжлийн хүмүүсийг дэмждэггүй.

-Одоогийн боловсролын тогтолцооны юу нь болохгүй байна вэ. Яаж сайжруулах учиртай бол?

-Боловсролын салбараар тоглож дуусахгүй юм. Англи боловсрол уу, америк юм уу, бүү мэд. Монгол хүүхдийн хүмүүжлийн хичээлийг орхигдууллаа. Дээр нь монгол ахуй гэдэг зүйлээс хүүхдүүд өдөр ирэх тусам алсарч байна. Уран зохиолын хичээлийг нь танаад, сайхан болгоныг нь үгүйсгэж ирлээ. Боловсролын яамны дэргэд өмнө нь байсан Сурах бичгийн редакцыг устгасан. Тэнд бүх мэргэжлийн багш, зөвлөх ажилладаг байв. Дээр өгүүлсэнчлэн мэргэжлийн хүмүүсийг нь шахаж, гаргасан. Өмнө нь би Ц.Байды, С.Шарав багш, С.Алтангэрэл ахтай хамт цагаан толгойн сурах бичиг зохиосон юм. Их сайн болсон гэж олон нийт үнэлсэн. Хүүхдийн номын зургийг шог зураачид хөдөлгөөнтэй, характертай, сэдэвтэй урладаг. Цагаан толгой, тоо бодлого, хөгжмийн хичээлийн номыг хүүхдийн сэтгэхүй, уламжлалтай уялдуулан маш гоёор зохиож болно шүү дээ, уг нь. Гэтэл мэргэжлийн хүмүүсийн ажлыг хэвлэлийн газарт шилжүүлчихсэн. Ингээд л өнгөрч байгаа юм. Гэтэл япончууд анимэгээрээ дамжуулан, хүүхдүүдэд уламжлалаа ойлгуулчихаж байна. Харин манай улс гадаадын юмыг шууд хуулдаг.

-Сүүлийн үед та шог зургаараа төр, засгаа ихэд шүүмжилж байгаа. Дотор тань олон зүйл зангираад байна аа даа?
-Би хүссэндээ зураад байгаа юм биш. Үе үе нийгэмдээ бухимдах юм. Санаагаа өөрийн эрхгүй л хурцаар илэрхийлчихдэг. Би байнга хүүхдүүдтэй ажилладаг багш хүн. Тэдэнтэйгээ хамт байх үедээ харин өөр шүү. Сэтгэл цэлмээд, уясаад л, намайг огт өөр хүн болгоно оо, тэд маань. Шударга, үнэн сэтгэлийн ариухан ертөнц юм, хүүхэд гэдэг. Таван настнуудын зарим нь гаднаас орж ирээд сайхан зохиож ярина аа. “Багшаа гадаа хоёр баавгай байна. Нэгийг нь алчихсан, нөгөөх нь айгаад зугтчихлаа” гэх зэргээр яриад, элэг авчих шахна. Тэднийгээ хараад тайвширдаг. Хүүхдүүд их чөлөөтэй сэтгэдэг. Багшаа тэгэхгүй ээ, ингэе гэх зэргээр заах жишээтэй. Хүүхдэд хичээл заахаас гадна тэднээс сурах зүйл ямар их гэж бодно.

-Яг одоо та ямар бүтээл дээр ажиллаж байна вэ?

-1990-ээд хойш би “Мөөжөө, Жөөжөө” контентоо хүүхэд, залууст хүргэсэн. Үүнийгээ сэргээн баяжуулж, ном болгохоор ажиллаж байна. Энэ ташрамд хэлэхэд, Соёлын яам байгуулж, сайд дарга нар нь уран бүтээлчдийг урьж залаад “Та бүгдийгээ дэмжинэ” хэмээн өчнөөн ажил болов. Монгол соёлын төслийн уралдаан зарлаад, түүнийхээ зураг авалтад бид мэтийн хүүхдийн уран бүтээл хийдэг нөхдийг оруулсан. 21 аймаг, есөн дүүргийн хэмжээнд уралдаан зарласан хэмээхээр нь сэтгэл сэргэсэн. Гэтэл төсөлд хамруулах бус, рекламд нь тоглоод хасагдсанаа сүүлд ойлгож байгаа юм. “Мөөжөө, Жөөжөө”-г минь дэмжих нь гэж хөөрөөд төсөл бичиж өгсөн ч амжилт олоогүй. Уралдааныхаа дүнг ч зарлаагүй. Төр ингэх нь зохисгүй. Зөвхөн би биш, надаас гадна хийж бүтээх гэсэн залуус олон байна. Даанч төр нь дэмждэггүй. Энэ бүтээл ганц биднийх биш ээ. Насаараа бодож сэтгэж, хүүхдэд зориулсан бүтээлүүд минь Монгол Улс, ирээдүй хойчид үлдэх өв юм. Тиймээс “мэлмий муутай” яам байгууллаа гэж харж байгаа. Би мэдэхгүй зүйлээ яриагүй, чадахгүйгээ хийе гэж зориогүй учраас гомдолтой л үлдсэн. Гэхдээ яах вэ, хүүхдүүдэд зориулж бүтээсэн хойно өөрөө гаргана гээд зүтгэж л явна. Угаас тэр надад тусалчих болов уу, энэ ийм дэмжлэг үзүүлээсэй гэж хүлээдэггүй хүн дээ, би.

-Хүүхдэд шог зураг хэрхэн нөлөөлдөг вэ?

-Их чухал нөлөө үзүүлдэг. Тухайлбал, АТГ-аас “Найзын яриа” ном эмхлэн гаргахаа зургаар “амилуулах” үүргийг надад өгсөн. Хэдийгээр авлигын тухай сэдэв хүнд боловч хүүхдийн сэтгэхүй, насны онцлогт тааруулаад бичиж, зурахаар тэдэнд үр өгөөжтэй байдаг. Хүүхэд зураг хараад нөхцөл байдлыг мэдэрнэ. Сурталчилгаанд комикс зургийн арга их тохирдог. “Найзын яриа” маань олон хүүхдэд хүрч, анимэ, контент болсон. Сурталчилгааны зургаар дамжуулж хүүхдэд зөв, бурууг ойлгуулж болдгийн жишээ энэ. Даанч зуруулъя гэж захиалга өгдөг хувь хүн, байгууллага ховор. Ялангуяа нийслэлтэй холбоотой сэдвүүд, хог хаягдал, цаашлаад агаарын бохирдол зэргийг зургаар шоглож, шүүмжилж, хүүхдүүдэд ойлгуулж болно. Нэг их урт юм бичвэл хүмүүс уншихгүй. Цөөн өгүүлбэр, комикс зургаар илэрхийлбэл санаагаа илүү олон хүнд хүргэх боломжтой.

-“Цэцэг” төвд байрлан, зураг зурдаг байхад тань хүмүүс их сонирхож очдог байсан. Одоо хүүхдүүдтэй ажиллаад зурах цаг зав тань хомс болчихсон уу?

-Нэг хэсэг УИХ-ын 76 гишүүнийг байнга зурсан. Яах вэ дээ, ард түмэн сонгосон юм хойно үе үеийн түүхийг нь бүтээе гэсэн үүднээс зурсан. Таван парламент дамжиж, хөрөг зурлаа. Гэтэл зарим найз “Дандаа л “76”-г зурах юм” гэж шүүмжилсэн. Тэгээд ард түмнээ зуръя гэж шийдсэн юм. “Цэцэг” төвд очоод, хажуугаар өнгөрсөн, сонирхсон хүмүүсийг “үйлдвэрлэж” гарсан. Төрсөн өдөр, ойн баяруудын захиалга их ирдэг байв. Өдөрт хэд хэдээр нь зурна. Ур чадвар улам сайжраад ч байх шиг санагдсан. Эмч хүн мэс засал хийх тусам туршлагаждаг гэдэг шиг. Амьдралын бас нэг их сургууль болсон шүү. Энэ нь шоу зураг гэж дэлхий дахинд өндөр хөгжсөн төрөл л дөө. Хүнийг чилээхгүй, маш хурдан зурдаг. Бас хөгжилтэй зурж, давхар баясгачихна. Нэг удаа АНУ-ын Лос-Анжелест болсон дэлхийн шог зураачдын чуулганд хэдэн найзынхаа урилгаар очлоо. 100 гаруй орны 400 орчим уран бүтээлч иржээ. Тэдний амьдрал нь зураг болчихсон. Хоорондоо уралдаад, зураад л сууж байсан. Тэднээс санаа авч, Монголдоо ирж хэрэгжүүлсэн зүйл минь “Цэцэг” төвд байрлаж, зурах байсан юм. Цаашид тосон будгийн чиглэлээр хөрөг үзэсгэлэн гаргах бодолтой.

-Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүлээн авахад хамгийн түрүүнд юу бодогдов. Юу хийж, бүтээх сэн гэж хүсэв?

-Намайг хий, бүтээ, Монголын хүүхдүүдийн төлөө илүү их зүтгэ гэж ташуур өгсөн шагнал хэмээн хүлээж авсан. Нэг их өртэй болчихсон ч юм шиг санагдсан шүү. Нөгөөтээгүүр, ирээдүй хойчийн төлөө хийж, бүтээх урам зориг орсон. Тэгээд хүүхэд нас руугаа хандъя гэж шийдсэн. Эхний ээлжид Дундговийнхоо сумуудад уралдаан зарлаж, шилдгүүдийг аймгийн төвд, Н.Өлзий багшийнхаа нэрэмжит сургуульд авчирч, хүүхдийн зохиолч, зураач, хөгжмийн зохиолч, яруу найрагч нөхдөө уриад, өдөрлөг зохиоё гэж төлөвлөлөө. Хүүхдүүдийг баярлуулахыг л хүсэж байна. Хүмүүсийн Гавьяатын найр ширээний ард болдог бол би хүүхдүүд дунд өнжинө гэж бодож байгаа. Дараа нь бусад аймаг, сумаар явна аа. Шавь нартайгаа өөрөө зорьж очиж уулзана. “Ковид-19”-ийн тархалт намжихыг л харзнаад байна.

-“Тоншуул” сэтгүүлийг сэргээж байгаа гэж дуулсан. Өнөөгийн залуус яг үүнтэй адил нийгмийг чиглүүлж, залах, заримдаа “чимхэх” сэтгүүл гаргаж байна уу?

-Саяхан болсон номын баяраар төв талбайгаар эргэлдэж байхад комикс чиглэлийн сэтгүүл олон болсныг харсан. Тэдэнд ганц л зүйл жаахан дутмаг юм шиг санагдлаа. Энэ нь сурч боловсорсон сургууль, амьдарч буй цаг үетэй холбоотой биз. Юу дутмаг вэ гэвэл хүмүүжлийн талын уламжлалт үлгэр, зүйр цэцэн үгээ өнөөгийн нөхцөлтэй уялдуулж, хөгжүүлбэл монгол хүүхдэд их ойр болов уу. Түүнээс нэг баатар зохиогоод, түүнийгээ хэт хийсвэржүүлээд, Америкийн кино шиг бужигнуулаад байж таарахгүй. Боловсролын салбарт маш их өөрчлөлт хийх сэн гэж би хүсэж, яардаг. Үе үеийн салбарын яамыг маш муу хүмүүс толгойлсноос өнөөгийн асуудлууд үүссэн. Зарим үед хуучнаа дурсаж, харамсаад л суух юм. П.Очирбатыг Лодонгийн Түдэвээр сольсон бол, Боловсролын сайдуудын оронд тэр тэр очсон бол гээд хааяа нэхэн санадаг. Одоо Л.Энх-Амгалан салбарын яамыг толгойлж байгаа. Салбараа өөд татах нь уу, Монголын хөгжлийн тухай том ярьж, мөрөөдөж чадах нь уу гэхчлэн харж л сууна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.