Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Их Британийн оффшор бүсээс мэдээлэл авах боломж бүрдэх нь

Оффшор бүсэд данс эзэмшдэг хүмүүс, тэр дундаа улстөрчдийг шалгуулах, гадаадад байгаа мөнгийг эх оронд нь авчруулах шаардлага тавьж “Ард түмний онц түр зөвлөл”-ийнхөн өчигдөр АТГ-ын үүдэнд жагслаа.

Тус зөвлөлийн ерөнхий зохицуулагч С.Батчулуун “Ерөнхийлөгчийн уриалга дэвшүүлсэн 49 хоног дууссан. Гэвч АТГ ямар ч арга хэмжээ авсангүй. Бид АТГ-т оффшор бүсэд байрлуулсан 1.5 сая ам.доллартай холбоотой баримт бичгийн нарийвчилсан задаргааг хүргүүлсэн. Энэ бичигт оффшор бүсэд данстай хүмүүс гадаадад зорчсон тухай хилийн шалган нэвтрүүлэх байгууллагын нотолгоог хавсаргасан. Бидний гаргаж буй баримт бол АТГ болон бусад байгууллагаар шалгах шаардлагагүй нотлох баримт” гээд АТГ-ыг татан буулгах гарын үсэг цуглуулж УИХ, Засгийн газарт хүргүүлнэ хэмээв.

Гадна нь ийнхүү оффшороор “шоудаж” байхад АТГ-ын Олон нийтийн төвд Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага, Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага (Интерпол), Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх алба хамтран “Олон улсын болон үндэсний хэмжээнд авлига, мөнгө угаах явдалтай тэмцэх нь” сэдэвт сургалт зохион байгуулж байлаа. Энэ үеэр АТГ-ын дарга, тэргүүн комиссар Х.Энхжаргал “Асар хурдацтай хөгжил дэвшил, даяаршлын энэ цаг үед аливаа улс орон ганцаараа оршиж чадахгүйн адил нэг улс орон дангаараа авлигатай бүрэн тэмцэж хүчрэхгүй. Тиймээс ямар ч улс орны авлигатай тэмцэх байгууллага бусад улс орон, олон улсын холбогдох байгууллагатай хамтран ажиллаж, алба хаагчдынхаа мэргэжлийн ур чадварыг байнга дээшлүүлж, гадаадын улс орнуудын сайн туршлагаас судалж, хэрэгцээт зүйлээ олж, өөрсдийн ажил албандаа авч хэрэгжүүлж байх нь маш чухал” гэж онцлов.

Энэ сургалтын үр дүнд манай АТГ болон ЭЦА-ныхан мөнгө угаах, авлигын гэмт хэргийг мөрдөн шалгах аргачлал, албан болон албан бусаар мэдээлэл, эрх зүйн туслалцаа авах, олон улс, бүс нутаг болон улс орны авлигатай тэмцэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудтай хамтран ажиллах гарцтай болох аж. Тухайлбал, Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхнаас туршлага судлахын сацуу тэдэнтэй хамтран ажиллаж, тус улс дахь Виржинийн арлууд зэрэг оффшор бүсээс мэдээлэл авах боломж бүрдүүлж эхэлжээ.

Онц залилан гэхээр манайхан сүлжээ байгуулж, иргэдийг залилдаг хүмүүсийг шалгадаг байгууллага гэж бодож болзошгүй. Тэгвэл Их Британийн Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албаны ахлах мөрдөн байцаагч, хатагтай Женифер Брачнерийн хэлснээр тус алба нь улс орноос мөнгө завшиж, төрийг залилсан хэргийг шалгадаг, АТГ-тай үйл ажиллагааны чиглэл адил байгууллага гэдгийг тодотгосон.

АТГ-ынхан оффшор бүсэд хөрөнгө мөнгө байршуулж, данс нээсэн хүмүүстэй чадлынхаа хэрээр тэмцэж, тэмцэхийн тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлээр ийн ажиллаж буй. Харамсалтай нь, оффшорчдын хөрөнгийг Монгол Улсад буцаах механизм бүрдээгүй. Эрүүгийн хэд хэдэн хэрэг шалгаж, Хонконгод багагүй хэмжээний мөнгө байгааг тогтоосон ч буцаан авчирч чадаагүй талаар манай сонин өмнө нь мэдээлсэн билээ. Харин энэ удаагийн сургалтын үр дүнд Их Британиас мэдээлэл авах боломж бүрдэх нь.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Их Британийн оффшор бүсээс мэдээлэл авах боломж бүрдэх нь

  • Зочин says:

    60 тэрбумын илэрхий хэргийг шалгаж чадахгүй байгаа новшнууд хэчнээн ч ном үзээд, хэчнээн ч мэдээлэл аваад авилгалтай тэмцэж чадахгүй гэдэг нь тодорхой болсон. Хүсэл алга, гар, хөл, амаа мөнгөөр тушуулсан новшнуудыг үтэр түргэн зайлуулах ёстой…