Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дэлхийн эрдэнэ Эргэлийн зоо

 Хөх Монголын хязгаар нутгаар 108 хоног аялахаар төлөвлөсөн багийнхантай электрон шуудангаар холбогдлоо. Багийнхан өчигдөр Баян-Өлгий аймагт хүрчээ. Тэд аяллын замынхаа дагуу үзэж танилцсан түүхэн дурсгалт болон байгалийн өвөрмөц тогтоцтой газруудын тухай мэдээллийг манай сониноор дамжуулан уншигч танд хүргэхээр боллоо. Энэ удаа Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Эргэлийн зоо хэмээх байгалийн өвөрмөц тогтоцтой, палеонтологийн олдвор ихтэй, эртний амьтдын үлдэгдэл бүхий нуурын хурдас газрыг танилцуулж байна.

Аяллын багийнхан долдугаар сарын 16-нд Эргэлийн зоод хүрч доорх тэмдэглэлийг бичжээ. Говийн үзэсгэлэнт сайхан газрын нэг Эргэлийн зоод 30 гаруй сая жилийн өмнөх шим ертөнцийн гэрч болсон эртний сүүн тэжээлтэн, загас, яст мэлхий, үлэг гүрвэл зэрэг сээр нуруутны үлдэгдэл элбэг бий. Эрдэмтэн судлаачид нэлээд эртнээс Эргэлийн зоог сонирхон судалж байжээ.

Америкийн Нью-Йорк хотын байгалийн түүхийн музейгээс зохион байгуулсан Төв Азийн экспедиц Монголд нэлээндхэдэн жил ажиллаж байсан ба Америкийн эрдэмтэн Рой Чепмэн Эндрюс Монголд ирэхээсээ өмнө Америкийн түүхийн музейгээс зохион байгуулсан Төв Азийн нэг, хоёрдугаар экспедицийг удирдан Хятадын зарим муж, Өвөрмонголд ажиллан баялаг туршлага хуримтлуулсан судлаач байсан аж. Эргэлийн зоо сумын төвөөс баруун хойш 20 гаруй километрийн зайтай оршдог.

ИХ-ын 1996 оны 43 дугаар тогтоолоор Хатанбулаг сумын нутагт орших энэ газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад 60910 га талбайтайгаар авсан юм байна. Эргэлийн зоо нь уртаараа 60 гаруй, өргөнөөрөө 20 орчим км үргэлжилдэг. Эргэл хайрханы овоог 2002 онд Хатанбулаг сумын уугуул С.Шаравдорж нутгийнхантайгаа хамтран сэргээн босгожээ.

Эргэлийн зооны үржил шим сайтай хөрсөнд бударгана, суль, агь, таана, хөмөл, ерхөг, тэсэг, шар мод, алтан харгана, хайлаас зэрэг олон овог төрлийн ургамал ургаж, аргаль хонь, хулан адуу, хар сүүлт, шилүүс зэрэг ховор амьтдаас гадна чоно, үнэг, хярс, дорго гэхчилэн махан идэшт, хөхтөн агнуурын амьтад, бүргэд ятуу, ногтруу, элээ, ууль, сар гэхчилэн жигүүртэн нутагладаг хэмээн “Дорноговь аймгийн тусгай хамгаалалттай газар” номд бичжээ. Улсынхаа хилийн дагуу аялж буй багийнхан удахгүй баруун аймгуудаар аялсан тэмдэглэлээ манай сониноор дамжуулан хүргэх болно.

 

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.