Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Барак Обама дайныг дуусгаж байна

Тэрбээр сонгуулийнхаа сурталчилгааны үеэр ялсан тохиолдолд албан тушаалдаа орсон өдрөөсөө эхэлж 16 сарын дотор Иракаас Америкийн цэргийг гаргаж эхэлнэ гэж амлаж байсан юм. 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама Ирак дахь цэргийн ажиллагааг албан ёсоор дуусгасан тухай өчигдөр зарлалаа. Гэхдээ Иракт үлдэж буй Америкийн 50 мянган цэргийн алба хаагч шаардлага гарвал байлдааны ажиллагаанд оролцохыг ажиглагчид үгүйсгэхгүй байна.

Вашингтоны “Өв” сангийн шинжээч Жеймс Филлипс болон Лиса Кёртис нар тухайлбал төгс ялалтад хүртэл Иракт дайн үргэлжилнэ гэдгийг Ерөнхийлөгч Б.Обама эрүүл ухаанаар хүлээн зөвшөөрвөл зохино гэж ярьжээ.

Тэд бас Ерөнхийлөгч Ирак дахь байлдааны ажиллагаа дуусгавар болж буй талаар “Нөхцөл байдлыг бодитойгоор зураглаж, өөрийнх нь засаг захиргаа дайныг дуусгах талаар үүрэг авахдаа Америкийн амин чухал эрх ашгийг хамгаалах үүднээс Иракийн байдлыг улам тогтворжуулах ёстой” гэсэн байна.

Вашингтон пост” сонины тоймч Энн Эпплбаум Иракт явуулсан цэргийн ажиллагаанд бүрэн гүйцэд үнэлэлт дүгнэлт өгөхөд даруй 10 жил шаардлагатай хэмээн үзэж байна. АНУ Иракт хүн хүч, эд материалын төдийгүй геополитикийн болон ёс суртахууны хувьд тооцон гаргахад хүндрэлтэй хохирол хүлээсэн хэмээн тэрбээр үзэж буй ажээ.

Тэгвэл Балтимор дахь Жон Хопкинсийн их сургуулийн профессор Роберт Фрийдман арай өөр саналтай байна. Тэрбээр “Бид курдуудыг хийгээр хордуулсан гээд хэдэн мянган иргэнээ устгасан Иракийн дарангуйлагч дэглэмийг түлхэн унагасан. Бид улс орноо ардчилсан замаар урагшлуулах хүч чадалтай болоход нь Иракт тусалсан.

Бид Араб-Израилийн мөргөлдөөнийг даамжруулж буй хүчин зүйлсээс Иракийг ангижруулахад нь тусалсан. Энэ бүхний төлөө Иракт Америкийн 4.5 мянган цэрэг амь үрэгдэж, 32 мянган хүн бэртэж шархадсан. Иракт сүүлийн жилүүдэд болсон үйл явдлууд Ираны байр суурийг хүчтэй болгож, Иран улс Иракийн шийт шашинтнуудтай хэл амаа ололцдог болсон. Энэ бол бидний ололттой тал.

Гэхдээ Иракийн хувьд тус улсын иргэд хэвийн ажиллах Засгийн газраа эмхлэн байгуулж чадах уу гэдэг хамгийн том асуудал. Айяд Аллауи болон Нури альМаликийн удирдсан улс төрийн үндсэн хоёр хүчин өнөө хэр хараахан хамтран ажиллаж чадахгүй байна. Хойдохтойгоо хийсэн дайны дараа бат бэх ардчилалд шилжихэд нь БНСУ-д даруй 35 жил шаардагдсаныг санах хэрэгтэй.

Иракийн хувьд ийм олон жилийн нүүр үзэхгүй байж болох ч цаг хугацаа шаардлагатай” гэж хэлжээ. Байлдааны ажиллагаа дууссантай холбогдуулан хийх цэргийн баярын ажиллагаанд оролцохоор АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жо Байден Иракт хүрэлцэн очоод байна.


Б. БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.