Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Одоо би яах вэ

Өөр өнцөг булан

                                                                                                   Одоо би яах вэ

Дахиад л шуурга шуурлаа. Ядахад орцны хаалга ямар муухай чийхарч дуугардаг гээч. Би дахиад түүний шинэ хүүхдийг өсгөх гэж уү.
 Бурхан минь. Аав ээж хоёр намайг "ухаан муутай" хүний дансанд оруулсаар уджээ. Ингэхэд найз нөхөд, ажлын газрын хүмуүс бүгд л миний урагшгуй бүтэлгүйг гайхна. Би эхнэрийнхээ нэрийг "М" гэж бичлээ.

Түүний нэрийг бүтнээр нь хэлэхийг хүсэхгүй байна. Хүүхдүүд өсч том болно. Хэзээ нэгэн цагт ээж нь ямар хүн бэ гэдгийг мэдэх нь гарцаагүй ч одоогоор туүний нэрийг нийтэд зарламааргүй байна.

Би туүнийг багаасаа л мэднэ. "М" бид хоёр нэг сургуульд сурдаг байсан юм. Манай сургуулийнхан түүнийг сайхан охин гэдэгсэн. Харин тэр сайхан охин оюутан болонгуут минь надаас салахаа болилоо.
 Байнга утасдана. Бас киноны тасалбар авчихлаа гээд л дуудна. Сүүлдээ манайхаар орж гардаг боллоо. Манай гэрийнхэн ч анхандаа түүнд сайн байлаа. Царайлаг дэгжин бас ааш зан сайтай "М" шиг бүсгүй манай бэр болоход муу нь юу байх вэ гэж ээж хэлдэгсэн. Ер нь тэр үед олон ч бүсгүй над руу утасддаг байсан. Би тэдний дундаас "М"-г сонгосон. Үүнд өөрийгөө буруутгаж чадахгүй. Удалгүй бид хуримаа хийлээ. Хүүтэй ч болов. Энэ үеэс бүх зүйл эхэлсэн дээ. Бидэнд байр сууц, машин тэрэг, мөнгө бүгд байсан. Гэвч "М" хүүгээ хайхрахгүй хэдэн өдрөөр ч хамаагүй тэнээд алга болчихно.

Анхандаа түүнийг эрж хайн, ууранд суудаг газар, зочид буудал, зоогийн газраас олдог байлаа. Түүнтэй цуг байсан эрчүүдтэй нударга зөрүүлж ч үзэв. Харамсалтай нь нэмэр болсонгүй. Тэр бахь байдгаараа, архиа ууна, бас мансууруулах бодист донтоно. Түүнийг ийм хөнгөн явдалтай хүүхэн гэдгийг нь мэдээгуй байсан, үнэн шүү.

Тэнэж тэнэж ирэхээрээ хүүхдээ хараад "Энэ бол чиний хийсэн гай. Наад гайгаа өөрөө үүр" гэж загнадагсан. Би удаан тэвчсэнгүй. Түүнийг хөөж явууллаа. Нуугаад яахав. "М"-ийг зодож ч байсан. Хүүгээ би өөрөө өсгөж байлаа.

Нэг гайгүй хүүхэнтэй танилцаж хүү минь түүнд дасч эхлэв. Гэтэл нэг өдөр"М" хүрч ирэв. Өөрийгөө буруутгаж, хараан зүхэн уйлж, надаас уучлалт эрлээ. Хүүгий минь ээж болохоор уучлахгүй ч гээд яах билээ дээ. Түүнийг гэртээ эргэж ирэхийг зөвшөөрлөө. Долоо хоногийн дараа ажлаа тараад иртэл гэрт минь өлгийтэй хүүхдийн уйлах дуу сонсдлоо.

Гайхан зочны өрөө рүү ортол, зөөлөн буйдан дээр хэвтэх хүүхэд, угж хоёроос өөр зүйл харагдсангүй. Уйлж байгаа хүүхдийг аргадах санаатай өргөтөл нэг бичиг уналаа. Тэнд "Өршөөгөөрэй. Энэ охины эцэг нь чухам хэн бэ гэдгийг мэдэхгүй. Ямар ч байсан чиний хүүхэд биш. Гэхдээ намайг ажил олтол минь хүүхдийг харж туслаач дээ. Хүү чинь ч эх нэгтэй дүүтэй гэдгээ мэдэж аваг"  гэж бичсэн байлаа.

Харь гаригийн зочинг хараад ч ингэж гайхахгүй байсан биз. "М"-ийг дахиад л хайж сураг гаргавал тэр өөр хот руу явчихсан байлаа. Ингээд нэг охинтой болов. Ойр дотнын хүмүүс, танилууд минь тэрнийг асрамжийн газар өг гэж надад зөвлөлөө.

Гэвч нэгд хүүгийн маань дүү. бас охин хүүхэд болохоор түүнийг явуулж зүрхэлсэнгүй. Хоёр хүүхэдтэй хүнтэй хэн ч суух билээ дээ. Үүний зэрэгцээ миний тухай талаар элдэв цуу яриа тарсан байлаа.
Зарим нь намайг эр хүний хувьд чалхгүй болоод "М"-д хаягдсан гэхэд нөгөө нь гаж донтон байж магадгүй гэж сэжиглэжээ. Энэ бүхнийг сонсоод охиныг асрамжийн газар өгчихмөөр санагдсан ч чадсангүй. Гэхдээ цуу яриа намжиж, аажмаар намайг жирийн нэгэн арчаагүй ноомой эр гэх болов.

Өдөр хоног өнгөрч хүүхдүүд өсч байна. Би энэ амьдралдаа дасч орхижээ. Хүүхнүүдтэй үе үе уулздаг ч хэнтэй нь ч гэрлэх бодол төрсөнгүй. Гашуун түүх надад хатуу сургамж үлдээсэн бололтой.

Гэтэл өчигдөр аянга цахилсан мөндөртэй бороо орох шиг л болов. Өглөө гэрээс гартал машины гараашийн үүдэнд тэрэгтэй хүүхэд харагдлаа. Нэг л муу совин татаад явчихав. Тэргэн дотор "Энэ чиний хоёр хүүхдийн дүү. Хөөрхөн хүүхэд байгаа биз. Намайг чи хайгаад нэмэргүй" гэсэн зурвас үлдээгээд явчихаж.

Тэр өсгөж чадахгүй байж яах гэж хүүхэд гаргадаг байна аа. Одоо яах вэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.