Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Монголд хөрөнгө оруулахад учирч болох улс төрийн эрсдэлүүд

 Монголчууд ашигт малтмалынхаа буянаар үсрэнгүй хөгжилд хүрнэ хэмээн итгэдэг. Дэлхийд толгой цохих Оюутолгойн төсөл хэрэгжиж эхэлсний хамтаар Тавантолгойг ойрын хугацаанд ашиглалтад оруулахаар зэхэж байна. Үүний зэрэгцээ том, жижиг олон орд бий. Манай нутгаас эрдэс баялаг ундран оргилж, уул уурхайн салбар гэрлийн хурдаар тэлж байна. Эдийн засаг сэргэж, гадаад валютын нөөц арвижиж, иргэдийн банкинд хадгалах мөнгөний хэмжээ ч нэмэгджээ.

Монголын эрдэс баялгийг чиглэх гадаадын хөрөнгө оруулалтын хэмжээ өссөөр… Удахгүй Монгол орон “Саудын Араб” болно хэмээн монголчууд хөөрцөглөж буй. Гэтэл бидэнд бодох зүйл их байна. Манай улс төрийн байдал, хууль эрх зүйн орчин үнэхээр таатай байж чадаж байна уу? Хөрөнгө оруулагчид тэнэг биш ээ. Монголд бизнес эрхлэхэд эрсдэл их байвал тэд хэзээ ч хөрөнгөө татаж болно шүү дээ.

Биднийг хий хөөрцөглөж байх зуур гаднын хөрөнгө оруулагчид Монголыг ямар нүдээр харж байна вэ? Энэ нь сонин, бас хэрэгтэй байх болов уу гэсэн үүднээс “Reuters” агентлагийн тусгай сурвалжлагч Дэвид Стэнвэйний бэлтгэсэн Монголын тухай тоймыг хөрвүүлэн нийтлэв.

Далайд гарцгүй Монгол Улс хэмжээлшгүй их баялаг дээр суужээ. Уул уурхайн “акулууд”-ын хөрөнгө оруулалтын бай болоод буй энэ орны эдийн засаг ойрын арван жилд өсөлтөөрөө дэлхийд тэргүүлнэ хэмээн шинжээчид үзэж байгаа юм. “Айвенхоу майнз” компани Монголын Засгийн газартай хамтран таван тэрбум долларын өртөгтэй Оюутолгойн төслийг хэрэгжүүлж эхэлсэн нь Чилийн дараа орох дэлхийн хамгийн том ашиглагдаагүй зэсийн нөөц гэгдэж байна. Энэ уурхайн ажил 2013 оноос эхлэх юм.

Түүнчлэн дэлхийд томоохонд тооцогдох нүүрсний Тавантолгойн орд газрыг ойрын хугацаанд ашиглалтад оруулна гэж байгаа. Гэвч гаднын хөрөнгө оруулагчид энэ оронд ажиллахаар сэтгэл шулуудахаасаа өмнө бодолцох зүйл их бий. Ардчиллын “ангаахай” гэж болох Засгийн газар нь шаардлагатай дэд бүтцийг бий болгох уу, улс төрийн тогтвортой байдлыг хангаж чадах уу, хууль эрх зүйн орчноо сайжруулж дийлэх үү. Мөн хамгийн чухал нь урд, хойд хөрш болох БНХАУ, ОХУын геополитикийн дарамтыг зохицуулж, өөрийн хөгжлийн замаа олж чадах уу? Монголд байж болох эрсдэлүүдийг энд тоймлон хүргэе.

Улс төрийн тогтворгҮй байдал Монголын ардчилсан Засгийн газрын “бааштай” зан нь гадаадын хөрөнгө оруулалттай төслүүдийг хүнд байдалд оруулж мэднэ. Тухайлбал, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ л гэхэд улс төр болон хууль зүйн тодорхой бус нөхцөл, орон нутгийнхны шаардлага хийгээд гэнэт гарч ирсэн 68 хувийн татвар зэргээс болж таван жил сунжирсан билээ. Өнгөрсөн жил л Зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварыг цуцлах шийдвэр гарч, хөрөнгө оруулалтын гэрээ батлагдсан.

Түүнчлэн Монголын төр засгийн эрх баригчдын дунд халаа сэлгээ элбэг гардаг нь санаа зовоох асуудал юм. Эрдэс баялгийн нөөцийг төрөөс хатуу хянах, ард түмэндээ тэгш хуваарилах зэрэг гоё амлалтаар Монгол орны удирдагчид амь торгоож байна. Тиймээс шинжээчид энэ орны улс төрийн намуудын сул дорой байдал хийгээд хууль зүйн муу зохицуулалтад нэлээд гомдоллодог. Ялангуяа авлига нь Монгол Улсын хувьд удаан оршин тогтнохоор байна. “Transparency International” агентлагийн гаргадаг авлигын индексээр Монгол Улс 2008 онд 102 дугаарт жагсаж байсан бол 2009 онд 120 дугаарт орж “тушаал буурчээ”.

Юуг анхаарах вэ? -Монголын эрх баригчид эрдэс баялгийн орлогоо хэрхэн зарцуулах вэ? Төсвийн тогтвортой байдлыг хангаж, боловсролд анхаарна хэмээж байгаа ч ард түмэндээ бэлэн мөнгө тараана гэсэн амлалт байсаар л байна.

-Гадаадын шууд хөрөнгө оруулалт дийлэнх хувийг эзэлж байгаа энэ үед Монголын Засгийн газар эдийн засгийн огцом өсөлт хийгээд түүний аюулгүй байдлыг хэрхэн зохицуулах вэ?

Зэс, алтны Оюутолгойн төсөлд оруулж буй санхүүжилтийн хэмжээ л гэхэд дангаараа тус улсын 2009 оны ДНБ-тэй дүйцэж буй. Зохицуулалтын эрсдэл Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монголын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Засгийн газар уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалтын хууль журмуудыг тодорхой болгож цэгцэлтэл ашигт малтмалын лиценз олгох, шилжүүлэх явдлыг зогсоох тушаал гаргасан. Олон жилийн турш Монголд ажилласан хөрөнгө оруулагчдын хувьд энэ нь маш тодорхой бус байдлыг бий болгосон билээ.

Монголын Цөмийн энергийн газар Канадын “Khan Resources”- ийн хоёр охин компанийн эзэмшиж байсан уул уурхайн лицензийг хууль зөрчсөн гэх шалтгаанаар хүчингүй болгосноос хэдхэн хоногийн дараа Ц.Элбэгдорж дээрх шийдвэрээ гаргасан юм. Гэтэл Монголын шүүхийн шийдвэр “Khan Resources”-ийн талд гарчихдаг. Гэвч энэ нь асуудлын төгсгөл биш л болов уу. Уул уурхайн лиценз олголтын тал дээр бий болсон дээрх тодорхой бус байдал хэр удаан үргэлжлэх нь ойлгомжгүй байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санал болгосон өөрчлөлтүүдийг УИХ нь өнгөрсөн долдугаар сард хэлэлцсэн боловч эцсийн шийдвэрийг оны эцэст гаргахаар хойш тавилаа. Энэ үеэр мөн Тавантолгойн хувь заяа шийдвэрлэгдэх юм.

Шинжээчдийн үзэж буйгаар энэ байдал Оюутолгой Тавантолгой зэрэг томоохон төсөлд нөлөө үзүүлж гавихгүй ч ерөнхийдөө Монголд бизнес эрхлэх орчныг эрсдэлтэй болгож байна. “Лиценз олголтыг түр зогсоосон нь уул уурхайн салбар дахь хяналтыг илүү тодорхой, хатуу болгох зорилготой. Одоо ажиллаж буй олон мянган уурхай хууль бусаар лиценз авсан байж болзошгүй. Гэвч энэ нь мөн иргэний хөдөлгөөнүүдийн “Монгол Улс зарагдлаа” гэх эсэргүүцэлд Засгийн газраас үзүүлж буй хариу үйлдэл юм” хэмээн “Eurasia Group”-ийн шинжээч Дамиен Ма хэлэв.

Тэрбээр цааш ярихдаа “Үүний үр дүнд Засгийн газар уул уурхайн хуулийн зохицуулалтыг эргэн харах, эсвэл намрын чуулганаар шинэ хууль санаачлах байх. Ерөнхийдөө бол энэ нь уул уурхайн лицензийн зохицуулалтыг илүү түвэгтэй болгох хандлагатай” гэлээ. Юуг анхаарах вэ: -Шинэ хуульд орох өөрчлөлтүүд ямар байх бол? -Иргэний хөдөлгөөнүүдийн дарамтад Засгийн газар өртөн, стратегийн ач холбогдолтой ордуудад хатуу хяналт тавих уу? Орос, ХЯтадаас хараат байдал Монголын хараат бус байдал ямар тогтворгүй болохыг 2002 оны үйл явдал харуулсан юм.

Төвдийн үзэл бодлын лидер Далай лам Улаанбаатарт уригдан ирэх үед Бээжин энэ айлчлалыг эсэргүүцэн, төмөр замын шугамаа хоёр хоногийн турш хаасан билээ. Ингэснээр 500 орчим зорчигч саатсан удаатай. Чин династи нурж унаснаас буюу 1911 оноос монголчууд тусгаар тогтнож эхэлсэн ч БНХАУ 1950 онд л Монгол Улсын хэрэгт оролцохоо байсан. Гэвч одоо ч Хятад улс Монголын эдийн засагт чухал байр суурь эзэлж байгааг өнгөрсөн оны нийт экспортынх нь 70 гаруй хувийг худалдаж авсан явдал гэрчилнэ биз ээ.

Түүнчлэн Хятадаас орж ирдэг ажиллах хүчний урсгал Монголын уул уурхайн салбарыг эзэлснээр улам эрчимжих төлөвтэй хэмээн монголчууд айж байгаа. Оросын талаас ч мөн монголчуудыг чадахаараа дарамталдаг. Энэ нь ялангуяа ураны салбарт нэлээд ажиглагдаж буй. Канадын “Khan Resources” өөрийг нь зайлуулахын тулд монголчуудыг араас нь өдөөн хатгаж, хөндлөнгөөс оролцсон хэмээн Москваг буруутгасан билээ. Монголыг “эзэгнэх” хоёр орны өрсөлдөөн бүр тээврийн дэд бүтцийг ч томоохон асуудалд унагасан.

Геополитикийн энэ маргаан төмөр замын цариг болон шугамыг тойрон явагдсан юм. Нэгдүгээр “раунд”-ыг эцэстээ ОХУ хожиж, Монголын Засгийн газар өргөн царигтай төмөр замыг Тавантолгойгоос Оросын хил хүртэл тавихаар болов. Юуг анхаарах вэ: -Монголын эдийн засагт эзлэх Хятадын нөлөө томорч байгаагаас олон монгол элит Оросын замаар явахаар сэтгэл шулуудаж байна. Гэвч Хятадууд тоглоомоос гарах нь юу л бол. Түүнчлэн Монголын авто зам болон төмөр зам хаана, ямар маягаар баригдаж байгаа тухай ярих зүйл их гарч мэднэ. -“Khan Resources”-ийн лицензийг цуцалсны дараа Хятадын төрийн өмчит CNNC тус компанийн саналаас татгалзсан.

Гэвч ингэснээр ОХУ Монголын ураны салбарт байр сууриа бататгаж чадах болов уу? Хятадын дараагийн алхам юу байх бол? “гуравдагч хөрш” Монгол Улс Орос, Хятадын сонирхлыг эвтэйхэн тэнцвэрж үүлж, “гуравдагч хөрш”-ийн бодлого баримтлан урагшаа алхахыг эрхэмлэж байна. Энэ ч шалтгаанаар АНУ зэрэг оронтой нөхөрлөж буй. Гэвч ямар ч орон Монголоос ОХУ, Хятадын нөл өөг арилгаж, Монголын хараат бус байдлыг баталгаажуулах чадваргүй гэж шинжээчид анхааруулж байгаа юм. Монгол орон эрдэс баялгаа хурдхан ашиглах хүсэлтэй байхад томоохон төслүүдийнх нь дийлэнх хэсэг нь геополитикийн асуудлуудын буланд шидэгджээ.

Тавантолгойг ашиглах тендерт л гэхэд Япон, БНСУ, Хятад, Оросын консорциумаас гадна “Рио Тинто”, “Пибоди” зэрэг олон улсын уул уурхайн “акул” оролцож байгаа. Гэтэл Монголын Засгийн газар нүүрсний томоохон уг ордыг төрийн мэдэлд байлгаж, иргэддээ хувь эзэмшүүлнэ гэсэн шийдвэр гаргасан. Гэнэт гарсан дээрх шийдвэр юуны түрүүнд Тавантолгойн төлөө хүчээ сорьж буй хүчтэй өрсөлдөгчдийн аль алиныг гомдоохгүй байхыг хүссэнийх болов уу. Тавантолгойг хэн ашиглах вэ? Шийдвэр энэ оны сүүлчээр гарах төлөвтэй.

Юуг анхаарах вэ: -Монголд хэрэгжүүлж буй гадаадын хөрөнгө оруулалттай төслүүд Орос, Хятадын зүгээс ирж буй дарамтын нөлөөгөөр хязгаарлагдвал яах вэ. Монголын Засгийн газар ямар нэгэн арга хэмжээ авч чадах уу? -Монголын Засгийн газар эдүгээ Тавантолгойг хувьчлах шийдвэр гаргалаа. Төрийн эзэмшлийн хувь ямар байх вэ, уг төслийг хэрэгжүүлэх компани ямар үр шим хүртэх вэ? Энэ загвар цаашид бусад стратегийн ач холбогдол бүхий төслүүдэд үйлчлэх үү? Эсвэл эдийн засгийн өсөлтөө хурдасгахын тулд монголчууд эрдэс баялгийн нөөцөө зарах уу?

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.