Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Гарын үсгээ зурчихаад аваад яв”

 АНУ-ын 39 дэх ерөнхийлөгч, Нобелийн шагналт, нэрд гарсан энхийг эрхэмлэгч Жимми Картер хувийнхаа онгоц хөлөглөн Умард Солонгосыг зорьж, тэнд тус улсын хилийг хууль бусаар зөрчсөн хэргээр найман жил албадан хөдөлмөрлөх ял шийтгүүлсэн Америкийн иргэн Айжалон Гомесыг хоёрхон өдрийн дотор суллуулсныг зарим мэдээллийн эх сурвалжид ийн гарчиглан бичиж байна.

Жимми Картер Пхеньянд очсоныхоо маргааш өдөр нь БНАСАУ-ын Ардын дээд хурлын тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намтай уулзаж хэлэлцээ хийжээ. Хэлэлцээний сүүлээр Айхалон Мали Гомесыг Умард Солонгосыг орхин явж болно хэмээн зарласан байна. Гомес ямар шалтгаанаар Умард Солонгостой залгаа хилийг зөрчсөн нь өнөө хэр тодорхойгүй байгаа юм.

Харин АНУ-ын Төрийн департамент түүнийг эх орондоо эргэж ирсний дараа Умард Солонгост зорчихгүй байхыг америкчуудад дахин анхааруулжээ. “Америкчууд бидний анхааруулгыг анхааралдаа авч, БНАСАУыг зорихгүй байвал зохино. Ерөнхийлөгч асан хуруу дарам цөөхөн шүү дээ” гэж “Twitter” дэх бичил блогт Америкийн гадаад бодлогын байгууллагын албан ёсны төлөөлөгч Жей Кроули бичжээ.

Гомес Умард Солонгосын хилийг зөрчсөн “хэрэг”-тэй холбогдуулан Оросын “Эрх чөлөө” радиогийн олон улсын тоймч Ирина Лагунина “Ихэнх хүний эрхийг хамгаалагчид, тухайлбал БНСУ-ын хүний эрхийг хамгаалагчид Гомес хувийн сэдлээр хил зөрчсөн гэж хэлж байгаа. Дэлхийн христийн эв санааны нэгдлийн захирал Стюарт Вигзор: “Гомес Хойд Солонгосын дэглэм хүнийг эрхийг хөсөрдүүлж байгааг сэтгэлдээ маш ойрхон хүлээж авсан байж магадгүй.

Одоо Умард Солонгосын бараг гэм зэмгүй 250 мянган хүн БНАСАУын шоронд хоригдож байгаа юм. Тэдний 80-85 хувь нь улс төрийн гэмт хэрэгтнүүдийн гэр бүлийн гишүүд гэж байгаа. Энэ бүхэнд сэтгэл зовсон Гомес эсэгүүцлээ илэрхийлэхээр Умард Солонгосын хил дээр очсон байх гэж ярьсан байсан” гэж хэлжээ. Жимми Картер Умард Солонгосыг яаж уяруулж чадав аа? Энэ асуултын хариу хэзээ ч гарахгүй биз ээ. Пхеньяны эрх баригчдын дуу хоолой болсон Солонгосын Төвийн цахилгаан мэдээний агентлаг (ЦТАК)-ийн батлан өгүүлснээс үзвэл Америкийн Ерөнхийлөгч асан Айжалон Гомес алдаа гаргасных нь төлөө Ким Чен Ирийн өмнө эчнээ хүлцэл өчиж, түүний өдүүлсэн шиг хэрэг цаашид давтагдахгүй гэж амлажээ.

БНАСАУ-д хоёрдугаар хүнд тоэцогддог Ким Ен Нам Картерын илгээлтийг удирдагч Ким Чен Ирт дамжуулж, тэрбээр Гомесын хэргийг хэлтрүүлэн суллах зарлигт гарын үсэг зурсан байна. Жимми Картер зөвхөн Гомесыг суллуулаад зогссонг үй, Умард Солонгосын удирдагчидтай гадаад бодлогын анхаарал татсан асуудлууд хэлэлцжээ. Тухайлбал Ким Ен Нам хэлэлцээний явцад Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах тухай зургаан талт хэлэлцээ сэргэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлээд БНАСАУын энэ талаарх санаачилгыг АНУ-ын удирдлагад дуулгахыг хүссэн байна..

Картераас өмнөхөн Ерөнхийл өгч асан Билл Клинтон БНАСАУ-ыг зорьж, Ардчилсан Солонгосын нутаг дэвсгэрт хууль бусаар нэвтэрсэн хэрэгт шийтгүүлсэн Лора Лин, Юн Ли хоёр сэтгүүлч бүсгүйг суллуулж аваад буцсан билээ. Б.Клинтон Ким Чен Иртэй уулзаж чадсан. Пхеньян Америкийн иргэдийг хоёр удаа асуудалгүй сулласан нь АНУ-ын хүний эрхийг хамгаалах зарчмын ялалт гэхээсээ “агуу их удирдагч” Ким-ийн явуулахыг хүсдэг дипломат тоглолтод хийсэн ээлжит уран нүүдэл, Шар тэнгист БНСУ-ын хөлөг онгоц сүйрснээс үүдэлтэй маргааныг намдаах гэсэн оролдого, Умард Солонгост дарамт шахалт үзүүлж буй АНУ-ын бодлого үр дүнгээ өгч байгаагийн илрэл хэмээн зарим ажиглагч тэмдэглэж байна.

Б. Буянцог

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.