Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Гашууны хоолойд үндэсний хөтөлбөрийг баталлаа

САЙД НАР ЦӨЛД ШИРЭЭ ЗАСАВ

Баяндалай сум хэдхэн жилийн өмнө заг сэрийж, тоорой сүглийсэн говийн үзэсгэлэн байжээ. Нэр нь хүртэл Баяндалай, нээрэн сайхан нутаг байж. Наймдугаар сар шувтрах өдийд говь гэдэг хөмөл, таанын үнэр нь хамар цоргион анхилдаг санж. Харин одоо Өмнөговийн Баяндалай цөлжжээ. Энд торойх ургамал үгүй. Албан томилолтоор говийг зорьсон Ерөнхий сайд өчигдөр Өмнөговь аймгийн Баяндалай суманд сайд нарын танхимыг бүрэн бүрэлдэхүүнээр нь цуглуулж, Засгийн газраа хуралдуулав.

Сумын төвөөс 10 километрийн зайтай Гашууны хоолой хэмээх эзгүй цөлд сайд нар П хэлбэрийн ширээ засан сууцгаажээ. Хэдийгээр эзгүй цөлд хуралдаж буй ч тэд зангиагаа мартсангүй. Ажил хэрэгч хувцастай сайд нар “Уур амьс галын өөрчлөлт” гэсэн бичигтэй малгайгаар ижилсчээ. Танхимын тэр гүүн С.Батболд хуралдаан эхэлснийг чанга яригчаар зарлаж, Засгийн газар цөлжилттэй тэмцэх талаар хэлэлцлээ. Засгийн газар Гашууны хоолойг зориуд сонгожээ.

Баяндалай руу 60 километрийн алсаас Хонгорын элс нүүж, хөлд нь байгалийн тэнцвэр алдагдан талхлагдсан үржил шимгүй цөл юм. Энэ голомтод дэлхийн дулаарал, цөлжилтийн тухай хэлэлцэж, олон нийтийн анхаарлыг уур амьсгалын өөрчлөлтөд хандуулахыг Засгийн газар зорьж байна. Уг хуралдаанаар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг баталж, УИХ-д өргөн мэдүүлэхээр болжээ. Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 90 гаруй хувь цөлжилтөд нэрвэгдэх өндөр магадлалтай гэсэн албан ёсны судалгааны дүн бий. Цөлжилтийн улмаас 683 гол, 760 нуур, 1484 булаг, 10 рашаан ширгэж эх орны хөрснөөс хэдийнэ арчигдсаныг мэргэжлийн байгууллагуудын сүүлийн үед гаргасан мэдээлэлд дурдсан байна.

“DRESS CODE” ШААРДЛАГАГҮЙ

Засгийн газар ордноосоо нүүж, хээрийн нөхцөлд хуралдсан тохиолдол дэлхийн улс төрийн практикт Монголын туршлагаас өмнө хоёр тэмдэглэгджээ. Мөн л байгаль орчноо хамгаалах, цаг уурын өөрчлөлтийг зогсооход чиглэсэн алхам хийцгээсэн нь тэр аж. Анх Малдивын Засгийн газар далайн ёроолд бүрэн бүрэлдэхүүнээрээ хуралдсан бол тэдний араас Балбын сайд нар Хималайн оргил өөд мацжээ. Харин Монгол Улсын Засгийн газар Гашууны хоолойн цөлд хуралдсанаараа түйрэнгийн шуурганаас айдаг дэлхий нийтийн анхаарлыг татах учиртай.

Амьдран суугаа эх нутаг, өргөн утгаараа цэнхэр гаригийн энх амгалангийн төлөө Монгол Улсын гүйцэтгэх засаглал төрийнхөө хуулийг зөрчихөд хүрсэн юм. “Засгийн газрын хуралдааныг Төрийн ордонд явуулна” гэсэн хуулийн заалтыг энэ удаа “хүндэтгэн үзэх” онцгой шалтгааны улмаас зөрчихөд хүрлээ. Монгол Улсын Засгийн газар Төрийн ордноос гадуур хуралдахыг хуулиар хориглосон байдаг. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун уржигдар захидал ирүүлэв. Захидалд “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч өө, Ази тивийн хамгийн өргөн хуурай нутаг болох говийнхоо элсэн дунд Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдааныг явуулах санаачилгыг Та гарган, энэ хуралдаан болох гэж байгааг маш их сонирхон хүлээж авлаа. Монгол оронд болж буй хурдацтай цөлжилт, цаг уурын өөрчлөлтийн дэлхий нийтэд үзүүлж буй нөлөө хурдасч байгаад илүү их анхаарал хандуулахыг санал болгоё…

НҮБ “Цөл нутгууд, Цөлжилтийн эсрэг тэмцлийн арван жил”- ийг энэ сард зарласан бөгөөд энэ арга хэмжээ 2020 оны арванхоёрдугаар сар хүртэл үргэлжилнэ. Зуу орчим орны нэг тэрбум гаруй ард иргэдийн амьдралд аюул учруулж байгаа цөлжилт амин чухал асуудал юм. Цаг уурын өөрчлөлт, хөдөө аж ахуйн тогтворгүй хөгжил, усны нөөцийг замбараагүй ашигласнаас болж газрын хөрс доройтож байгаа нь хүнсний аюулгүй байдал, өргөн цар хүрээгээрээ дэлхийн аюулгүй байдалд аюул учруулж байгаа” хэмээжээ. Монгол Улсын Засгийн газар Цөлжилттэй тэмцэх үндэсний хөтөлбөрөө Гашууны хоолой хэмээх цөлжсөн нутагт баталсан энэ хуралдааныг гадаад, дотоодын хэвлэл мэдээллийнхэн сурвалжиллаа. БНХАУ-ын Синьхуа агентлаг, “Жинмин жибао” сонин, Их Британийн Ройтерс зэрэг агентлаг сурвалжлагаа шуурхай дамжуулахын тулд Гашууны хоолойгоос 10 километр давхиж, гэрэл цахилгаантай Баяндалай сумын төв орох хэрэг гарав.

Засгийн газар нэгэнт хээрийн нөхцөлд хуралдсан тул сэтгүүлчид ч Төрийн ордны дүрэм журмыг сахих шаардлага гарсангүй. Жийнсэн өмд, аяны гутлыг хориглодог Засгийн газрын хуралдааны “dress code” үйлчлээгүй анхны тохиолдол энэ боллоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.