Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Төрийн цагдаа эх орондоо харийн ажилчинд ЗОДУУЛААД СУУЖ БАЙХ Ч ГЭЖ…

Хятадуудын танхайрал бүр хэрээс хэтэрлээ. Хэв журам сахиулахаар очсон төрийн цагдааг зодож хүнд гэмтээсэн нь нэг биш болов. Монголчууд тэр дундаа “Даяар Монгол” бүлгэмийнхэн үе үе хятадуудад халдаж байгааг бид буруутган “Мөрөөрөө барилга барьж байгаа юм, хэдэн төгрөгийн төлөө манай улсад ирсэн юм” гээд л толгойг нь илдэг. Үнэндээ тэд амьдралынхаа төлөө бус нэжгээд хэсгийг доромжлон, монголчуудыг бузарлан амьдарч байна.

Одоогоос хэдэн сарын өмнө Хан-Уул дүүрэгт баригдаж буй орон сууцны барилгын аюулгүй ажиллагаа, чанарын асуудлыг шалгах ажлын хэсэгтэй хамт очсон юм. Барилгын доод хэсэгт хятад ажилчид байрлан, хонгилд нь хоол ундаа хийж бас ариун цэврийн өрөөгөө буланд байрлуулсан харагдсан. Үнэр танар гэж ухаан балартмаар юм билээ. Ямар ногоо, юугаа хольж хоолоо хийдэг, үлдэгдлээ хаана хаяж байгааг мэдэх хүн байгаагүй.

Наар дүүрэн ор хөнжил, хоолны шавхруу бас хэрэглэсэн бэлгэвч хүртэл газар хэвтэнэ лээ. Барилгын ойролцоо амьдардаг нэг эмэгтэй “Хятадуудыг заавал авчирдаг нь ямар учиртайг ойлгохгүй юм. Ажлаа хийхийн хажуугаар монгол охидыг бузарлаж байна. Оройд л хэсэг охин ирэх юм. 16 хүрээгүй байх. Г гэдэг нэг охин байнга байрлаж бараг бүгдтэй нь унтаж, хэвтдэг байсан” гэж ярьсан.

Бид мэддэггүй ч мөнгөний төлөө хятадуудад биеэ үнэлж байгаа охид залуужин 14 наснаас эхэлж байгааг “Хүйсийн тэгш эрх” ТББынхан мэдээлж байна. Охид бүсгүйчүүд нь бузарлагдахаар улс орон мөхөхийн шинж гэдэгсэн. Гэтэл хятадуудад өврөө нээж хэдхэн халтар төгрөг халааслах нөхцөлийг бүрдүүлж байгаа барилгын компанийнханд хатуу арга хэмжээ авах цаг болж. Өнөө маргаашийн ашгаа бодон, хятадуудыг хямд үнээр ажиллуулж байгаа нь барилгын салбарынханд хэрэгтэй боловч тав алхаад хятадуудтай таардаг байсан нь алхам бүрт нүүр тулдаг болчихвол бидэнд таатай байхгүй нь лавтай.

Монголчууд бидэнд ч бас асуудал их байна. Урд хөрш рүү вагоноор явсан монголчууд өөрийн орны гааль дээр мал мэт чихэлдэн, хөл хүндтэй бүсгүйг золтой л зулбуулаагүй. “Болиоч дээ” гэж гаалийнхан хоолой мэдэн орилоод ч юу ч өөрчлөгдөөгүй. Гэтэл хорьхон минутын дараа Хятадын хил дээр очлоо. Урт шинель өмссөн хятадцэрэг нэг орилоход манайхан тушаал авсан цэрэг аятай нэг эгнээнд орчихож билээ. Үнэхээр гайхмаар бас дургүй хүрмээр. Бид өөрсдийгөө яагаад ингэж дорд үздэг байна аа.

Хүний газар бид морь мал мэт ажиллаж, хуулийг нь ягштал биелүүлнэ. Гэсэн атлаа өөрийн эх орноо уландаа гишгэж, хуулийг гууль болгохыг хамгийн чадварлагаар үзүүлдэг. Хууль гарлаа гэхэд цоорхойг нь хамгийн түрүүнд олж хараад завхруулах ажилд дээр доргүй оролцоно. Бидний цөөхөн монголчуудын арчаагүй энэ үзлийг олж харсан хятадууд хүүхнүүдийг нь дуртай үедээ бузарлаж, эрчүүдтэй нь хуйвалдан эх орныг нь хуваах төлөвлөгөө боловсруулж, сүүлдээ төрийн цагдааг нь хайр найргүй зодож орхилоо.

Удахгүй Сүхбаатарын талбай дээр хятад дуу эгшиглэн, улаан өндөгний баяртай дүйцэхүйц арга хэмжээ зохиоход гайхаад байхгүй өдөр хаяанд ирэх нь.

Хэрвээ монголчууд Хятадад цагдааг нь зодсон бол өдийд ялын дээд хэмжээг сонсоод суух байсан. МХЕГ-ын төв лабораторийн барилгыг БНХАУ-ын буцалтгүй тусламжаар босгож буй учир тэд эрх мэдлийнхээ хүрээнд тендер зарлаж шалгарсан компанийн ажилчдыг авчирсан юм билээ. Захиалагч нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газар учир хяналтаа тавих л учиртай.

Өөрийнх нь албан хаагчийг зодчихоод байхад ЦЕГ-ынхан хоёр улсын харилцааны асуудал гэсэн тайлбар хийгээд сууж байх юм. Бөөсөндөө баригдсан хэдэн хятад төрийн цагдааг нь зодон танхайрч байхад юун хоёр улсын харилцаа билээ.

Харсаар байхад тэдний буруу гэдэг нь ойлгомжтой үед хуулиа хэрэгжүүлэх эрх мэдэлгүй цагдаагийн байгууллага байгаад хэрэг байна уу. Ард түмэн нь хүний газарт бус, эх орондоо гадаадын захын нэг хар ажилчинд зодуулаад сууж байх ч гэж дээ. Хохирогч нь гудамжны архичин байвал тэр хүн эхэлсэн биз гээд орхих ч төрийн цагдаа нь зодуулаад, тархиндаа гэмтэл авчихаад байна.

Манай улсын хилийн дээсийг алхсан л бол гаднын орны хэн ч бай Монголын хуулийг ягштал биелүүлэх ёстой. Саяхан Увс аймгийн Өмнөговь суманд БНХАУын хөрөнгө оруулалттай компанийнхантай нутгийн иргэд зодолдож буудалцаан болсон. Цагдаагийн хэлтсийн даргатай нь холбоо барихад “Дэггүй нинжа нар анх дээрэм хийсэн” гэсэн хариулт өгсөн. Тухайн үед нөхцөл байдал тийм өнгөтэй байсан ч цаад өнгийг нь нэг хараасай. Монгол хүн яагаад буу шийдэм, хүрз жоотуу барьж хятадуудыг эсэргүүцээд байна вэ.

Юуны төлөө вэ гэдгийг ухаараасай. Хэрэгт орж, торны цаана суух бодол тэдэнд байгаагүй нь лавтай. Цагдаа нар нь чаддагаараа нөгөө л хэдэн монголчуудаа баалж, хорьж цагдаж байна. Дорнодын их талд малын бэлчээрт байгальд сөрөг нөлөө үзүүлэх бодис асгаж байгааг харсан сум дундын цагдаа арга хэмжээ авах гэж очиход нь хотоос цагдаагийн хурандаа утасдан шууд болиулж байсан тухай мэдээлэл бидэнд байна.

Хууль цагдаагийн байгууллагад мөнгөтэй хятадуудын халаасанд орсон хүмүүс байгааг илчилж, эх орноосоо урвасан гэдэг ял тулгавал зохилтой. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэгчээр цөөн хэдэн хүний ханаж цадахыг мэддэггүй шуналын гайгаар цагдаагийнхан хэн ч биш болж байна. Монголд цагдаагүй нэг өдөр болбол юу болохыг төсөөлөөд үзээрэй.

Долдугаар сарын 1-нд цагдааг хэн дуртай нь хайр найргүй балбаж, доромжилсон. Хүний амь нас хохирсон хэрэг хамгийн ноцтой ч цагдаа гэж хэн юм бэ, тэд бидэнтэй адил хүн гэдэг үгийг хэлэх хүн байгаагүей. Эх орныхоо төлөө, ард иргэдийнхээ энх амгалан амьдралын төлөө цаг наргүй ажилладаг олон эрчүүд энэ албанд зүтгэдгийг бид мэднэ. Хууль сахиулах нэрээр завхруулж байгаа хүмүүс Монголд амьдарч буй, миний халаасыг дүүргэдэг гадаадын баячуудад үйлчлэх эрүүгийн хууль гэгчийг санаачилж эрхэм гишүүд баталбал таарна.

Монгол Улсын хууль бүх газар нутагт хэнд ч ялгаваргүй хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн сүржин заалттай ч амьдрал дээр гаднын иргэнд үйлчлэхгүй байгааг харсаар зүгээр суух уу. Энэ асуудлаар Гадаад харилцааны яамнаас Монгол Улсад суугаа БНХАУ-ын ЭСЯ-нд мэдэгдэл хүргүүлсэн гэх авч үнэн чанартаа ямар ч бичиг илгээгүй байх юм. Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх алба гэж байсан бол газар болон өргөжлөө.

Цагдааг удирдаж, тухайн үедээ Деррик гэдэг нэр зүүж байсан хурандаа Д.Мөрөнгийн удирдаж буй дээрх газар хууль зөрчиж буй хятадуудад яагаад арга хэмжээ авахгүй байгаа юм бэ. Улс орныхоо эрх ашиг, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг найрсаг хамтын ажиллагаа, дипломат харилцаагаар хамгаалах учиртай ч илт хууль зөрчиж байгаа гаднынханд Монгол Улсын хууль ямар байдгаа мэдрүүлж чадахгүй байгаа нь харамсалтай. Олон мянган залуу гаднын оронд “хар”-аар амьдарч байна.

Тэд эмергешн гэдэг үгийг сонсоод л үхтэлээ айдаг, дүрэм журмыг нь хамгаас илүү биелүүлдэг гэсэн. Гэтэл манай улсад амьдарч буй гаднынхан хэн ч байхгүй хээр талд явж буй аятай аашлахыг хэдий болтол тэвчиж суух вэ. Монгол Улсын хуулийг зөрчин, монгол хүнийг хүнд гэмтээсэн хятадуудыг эх орноосоо албадан гаргая.

Энэ үгийг олон дахин давтан хэлмээр байна. Хэрвээ бид Хятадын цагдааг зодсон бол… Та нэг бодоод үзээрэй.

Х.Оюунсүрэн

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.