Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Р.Барсболд: Ардын дайсны хүүхдэд Америкаас төр улсаа бусниулах нууц захидал ирнэ гэж хянадаг байлаа

 Шинжлэх ухааны академийн, Палеонтологийн төвийн захирал академич Ринчений Барсболдын үлэг гүрвэлийн судалгаанд оруулсан хувь нэмрийг үнэлэн АНУ-ын нэрт эрдэмтэн А.С.Ромер, Ж.Ж.Симпсон нарын нэрэмжит шагнал олгохоор болсон тухай бид саяхан мэдээлсэн. Энэ нь түүний шинжлэх ухаанд оруулсан хувь нэмрийг дэлхийн эрдэмтэд хүлээн зөвшөөрч, үнэлж байгаагийн илэрхийлэл буй за. Түүнээс гадна монголчууд энэ хүнийг Төрийн шагналт зохиолч, нэрт эрдэмтэн, хэл бичгийн ухааны доктор Бямбын Ринчений ганц хүү гэдгээр нь таньдаг. Академич Р.Барсболд гуай аравдугаар сарын 10-нд АНУ-д очиж шагналаа гардах юм билээ. Түүнтэй уулзаж ярилцлаа.

-Саяхан интернэтээс “Барсболди” гэдэг үлэг гүрвэл байдаг тухай уншлаа. Та судалж нээсэн болохоор өөрийнхөө нэр өгсөн юм уу?

-Судалж, шинжилсэн гээд би өөрийнхөө нэрээр нэрлэвэл ёс суртахуунд нийцэхгүй. Надтай энэ салбарт 40 гаруй жил хамтран ажилласан, миний найзууд болох Польшийн хоёр эмэгтэй эрдэмтэн байдаг. Үлэг гүрвэл судлах ажил амаргүй. Тиймдээ ч энэ салбар эмэгтэй эрдэмтэн цөөтэй. Гэхдээ энэ хоёр эмэгтэй үлэг гүрвэлийн тухай олон улсын түвшинд хүртэл судалж чадсан. Тэд л “Барсболд” гэж нэрлэж, бичсэнээр ингэж нэрлэгдэх болсон доо.

Баянхонгор аймагт “Үлэг гүрвэлийн музей” байгуулахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ нь мэдээж танай судалгааны ажлын үр дүн байх тийм үү?

-Энэ ажлыг эхлүүлсэн гэхгүй ч судалгаа, шинжилгээг нь бид хийсэн нь үнэн. Түүнээс гадна нутгийн ард түмэн энэ тухай мэддэг байсныг дурдах хэрэгтэй. Бүгдээрээ биш ч элдвийг сонирхдог хуучны өвгөд ийм зүйл байгааг нь мэдчихээд намын байгууллагаар дамжуулан тухайн үеийн дарга нарт дуулгаж байсан юм билээ. Тэдний мэдээлснээр Ю.Цэдэнбал дарга, Зөвлөлтийн Элчин сайд болон албаны хүмүүсийн хамт Бугийн цавт очсон тухай их сургуулийн ректор Содном гуай мэдээд “Баянхонгорт буг гэнэ үү, нэг тийм газар, их олон яс байна гэнэ. Чи палеонтологийн мэргэжилтэй хүн байна даа, очиж учрыг нь мэдвэл сайнсан” гэж хэлснээр Монголын алдартай олдворт газрыг үзэх боломж олдсон юм. Тухайн үед их сургуульд энэ чиглэлээр хичээл заадаг байсан ч судалгаа, шинжилгээний мэдлэггүй шахуу хүн сургуулийнхаа “УАЗ 469” машинаар, 1964 оны зун лаборант Төмөрийн хамт замд гарч байлаа. Наадмын өмнөхөн Баянговиос зуугаад километрийн зайтай үлэг гүрвэлийн ясаар баялаг, хүнгүй зэлүүд газарт, нутгийн хүнээр газарчлуулан очсон. Өмнө нь хоёрхон удаа хээрийн ажилд гарч байсан туршлага нимгэн надад ч гэсэн тэнд байсан үлэг гүрвэлийн ясыг харахад хүний гар хүрээгүй, ховор олдвор гэдэг нь ойлгомжтой байсан.

-Та хэрхэн энэ мэргэжлийг эзэмшив. Тухайн үед палеонтологийн шинжлэх ухааны тухай манайхан түгээмэл мэддэггүй байсан байх.

-Шинжлэх ухааны энэ төрөл огт дэлгэрээгүйгээс гадна бараг хэрэггүй зүйл гэж үздэг байсан шүү дээ. Би Москвагийн геологи хайгуулын дээд сургуулийг геологийн мэргэжлээр дүүргэсэн. Манай сургууль цөөн оюутантай, цомхон хэрнээ сайн сургууль байлаа. Тэр сургуульд В.В Меннер багштайгаа учирч, лекцийг нь жил гаруй сонссон. Энэ нэр хүндтэй, том эрдэмтэн миний дэд эрдэмтний зэрэг хамгаалах хурлыг Москвад удирдаж, дараа нь докторын зэрэг хамгаалахад гурван шүүмжлэгчийн нэгээр оролцож байсан юм. Одоо ч гэсэн энэ хүнийг өөрийн салбараасаа гадна олон талын өргөн мэдлэгтэй сонгодог академич байсан гэж эрдэмтэд үздэг юм. Түүнээс гадна багаасаа түүх болон амьтан, ургамлын талаар сонирхож, уншдаг байсан маань палеонтологийн шинжлэх ухааныг сонгох үндэс болсон. Амьтны тухай зохиол бичдэг байсан Сетон Томпсоны бүтээлийг бага байхдаа орос хэлээр уншдаг байлаа. Орчин үед хүн төрөлхтөнд байгаль хамгааллын тухайн өргөн мэдлэг олгож, байгальтай зүй ёсоор харилцаж сургах нь нэн тэргүүний чухал асуудал болоод байна. Энэ талаар уриа, лоозон дэвшүүлж, албан бичиг гаргахаас илүүтэй хүмүүсийн сэтгэлгээг экологи руу хандуулах нь чухал. Иймийн тулд өдгөө мартагдаад буй Сетон Томпсоных шиг зохиолыг орчуулж, багаас нь уншуулах хэрэгтэй. Хүнийг зөвөөр үнэлж, хайрлах, туслах, хүний төлөө гэсэн чин сэтгэлийг ямар нэгэн уриа, дүрэм журмаар бий болгох боломжгүй. Харин багаас нь амьд юмсыг хайрлах ухаанд сургавал ухамсартай болох үедээ амьд ертөнцийн хамгийн чухал нь хүн юм байна гэдгийг ойлгоно. Эх оронч сэтгэлгээг төлөвшүүлнэ гэж ярихын оронд хүүхдээ амьд ертөнц, түүх, урлагаар хүмүүжүүлбэл өөрийнхөө эх орны бүхий л зүйлийг хайрлахаас гадна өөр улсын болон хүн төрөлхтнийг хамарсан соёлын үнэт зүйлийг мэддэг, хамгаалдаг болно. “Та нар сайн хүн бол, битгий алд, битгий тэг” гээд өчнөөн хашгираад үр дүнд хүрээгүйг одоо бид харж байна шүү дээ.

-Та багадаа орос хэлээр ном уншдаг байсан гэж ярилаа. Хэрхэн орос хэл сурсан бэ. Одоо ямар ямар хэл мэддэг вэ?

-Манай ээж орос хэл сайн мэддэг байсан юм. Ээж маань дүүгийнхээ хамт эгчид оройн цагаар орос хэл заадаг байлаа. Тухайн үед би таван настай л байсан болов уу. 2-5 насанд хүүхдийн хүмүүжлийн суурь тавигддаг гэж шинжлэх ухаанд үздэг. Тэгвэл яг тэр үед аав маань дэргэд байгаагүй. Ардын дайсан гэгдэж, хоригдож байсан юм. Хүүхэд албадан заасан зүйлийг сурахдаа тааруу байдаг ч тоглож, наадаж сурснаа мартдаггүй. Тухайн үед телевиз, радио гэж байгаагүй учраас эгчийгээ орос хэл сурж байхад нь хамт байсаар нэг л өдөр эмний шошгон дээрх сэрэмжлүүлсэн бичгийг уншчихсан гэж нагац эгч маань хожим ярьдаг байсан. Зөвлөлтөөс өөр сайн улс байхгүй гэж үздэг нийгэмд амьдарч байсан учраас орос хэл дээрх ном элбэг олддог байсны дотор Сетон Томпсоны зохиолыг олж уншсан маань завшаантай хэрэг. Би монгол, орос, муухан англи хэлтэй. Өмнөх нийгмийн үед аавын маань үндэсний соёлоо гэсэн сэтгэлийг үгүйсгэж “Б.Ринчен феодализмын үеийн хуучин монгол бичгээр бичлээ, ярилаа” гэж гүтгэдэг байлаа шүү дээ.

-Аав тань хэл шинжлэлийн ухааны доктор байсан нь гадаад хэл, ертөнц сонирхох түлхүүр болж байв уу?

-Гадаад ертөнц хаалттай байсан үе шүү дээ. Ардын дайсны хүүхэд гэдэг утгаараа бидэнд бусдаас ч илүү хаалттай байсан. Тэр ч бүү хэл дээхнэ үед манайд хорооны дарга бүртгэл хийхээр орж ирээд, “Чонын бэлтрэг шиг, байж байгааг нь” гэж хэлснийг эгч маань сонсож байсан гэсэн. 1960-аад оны үед үлэг гүрвэлийн судалгааны чиглэлийн ном манайд байгаагүй учраас АНУ-ын болон олон улсын нэртэй эрдэмтэн, амьтан судлаач А.Ромерийн “Мөлхөгчдийн ясны бүтэц судлал” гэж ном гарсныг дуулаад, аавд хэлтэл дуртайяа захиалж өгсөн. Ном маань нэлээд хүлээгдсэний эцэст ирсэн ч хавтсыг нь салгаад, урсан байдалтай байж билээ. Дотоод яамныхан номыг хүртэл тэгж шалгадаг байсан байгаа юм. Ардын дайсны хүүхдэд Америкаас төр улсаа унагах нууц захидал ирнэ гэж хянадаг байсан юм болов уу даа.

-Таны нэрийг аав тань өгсөн үү?

-Тийм ээ. Мэдээж түүхэн холбогдолтой нэр. Тиймдээ ч феодализмын үеийг хаацайлдаг гэж хэлүүлж байсан биз. Чингис хаан бидний өвөг дээдэс болохоос феодал биш шүү дээ.

-Ардын дайсны үр хүүхэд гэж дуудуулж байсан сэтгэлийн шарх тань одоо ч арилаагүй бололтой.

-Үнэхээр дайсан байсан бол яая гэх вэ. Гэтэл жирийн хүнээс илүүг ард түмэндээ зориулахыг хүсэж байсан өдий төдий хүнийг хэлмэгдүүлж байсныг нь бодохоор одоо ч эвлэрдэггүй. Шинэ Монголыг бий болгоход соёл, шинжлэх ухаанд нь үнэтэй хувь нэмэр оруулах хүмүүсийг үгүй хийсэн шүү дээ. Үүнийг алдаа гэж хэлж болохгүй. Алдаа гэдэг чинь огт өөр зүйл байдаг юм.

-Б.Ринчен гуай тухай үеийн улс төрийн бодлогод их гомддог байсан уу, эсвэл сайн сайхан цаг ирнэ гэж ярьдаг байсан уу?

-“Сайхан цаг ирнэ” гэж ярихаас биш тухайн нийгэм, төрийг муулж гоморхдоггүй, харин ч шог хошноор элэглэдэг байсан. Гучин хэдэн оны толгой авалтыг аав маань “мах бэлтгэл” гэж хошигнож байсныг санаж байна.

-Аав тань шинэ монгол хэлний зөв бичгийн дүрэмд нэлээд шүүмжлэлтэй ханддаг байсан тухай дуулсан.

-Түүний нэг жижиг жишээ болгож аав маань нэрээ Ринчен гэж бичиж үлдээсэн. Дүрэм ёсоороо байх хэрэгтэй гэдгийг мэдүүлэх гэсэндээ ингэж бичсэн. Кирилл үсгийг муу гэж адлахгүй ч, орос, болгар хэлэнд энэ үсэг нийцэж байгаа ч монголчууд бид өөрийн үсэг бичгийг хаяад өөр юм авч байгаа нь буруу. Би хэл бичгийн ухааны хүн биш ч хуучин монгол бичгийг амархан эзэмшүүлэхийн тулд өөрчлөх хэрэгтэй юм болов уу гэж боддог. Аавд нэг удаа энэ талаар хэлж үзсэн ч дэмжээгүй. 1960-1970 оны үед асуудал өөр байлаа шүү дээ. Орос, Монголын тусгаар тогтнол, өөрийнхөө хэлийг авч үлдэх асуудал чухал байсан. Харин одоо нэгэнт Монгол Улс тусгаар тогтнол, ардчилалтай болчихсон болохоор энэ талаар ямар нэгэн зүйл хийхэд болохгүй зүйлгүй.

-Нийгмийн өөрчлөлт шинжлэх ухааны салбарт хэрхэн нөлөөлж байна вэ. Одоо ба ирээдүйн тухай та юу хэлэх вэ?

-Өмнө нь ихэвчлэн Зөвлөлт рүү чиглэж, энэ улсаар дамжуулан дэлхийг мэддэг байлаа. Харин одоо бид дэлхий ертөнцтэй нээлттэй харилцаж, шууд мэдээлэл авч байгаа нь сайхан. Гэхдээ шинжлэх ухаанд зориулж байгаа мөнгө нь бага. Яахын аргагүй ядуу иргэдтэй учраас шинжлэх ухаанаас илүү тэдэнд анхаарал хандуулах нь ойлгомжтой. Израиль улс төсвийнхөө 4,5 хувийг шинжлэх ухаанд зориулдаг бол манайх 0,2 хувийг зарцуулдаг. Ийм бага мөнгөөр шинжлэх ухааны салбараас том үр дүн гарна гэж найдалтгүй. Түүнээс гадна залуу үеэ бэлтгэх сургалт муудсан. Өмнөх нийгмийн үед дунд сургуулийн сургалт муу байсан. Одоо түүнээс ч илүү муудсан. Их сургуулийг бизнес болгочихоод мөнгөтэй бол яаж ийгээд сургуульд орж, төгсөөд диплом авна гэсэн ойлголт байгаа нь харамсалтай. Бид барууны нийгмийн хэлбэрийг нь аваад утга агуулгыг гүйцэтгэж чадаагүй юм шиг ээ. Зөвлөлтийн үед бичигдсэн хуучирсан номоор лекцээ бичиж уншдаг багш нар ч байгаа. Гэхдээ манайд сайн багш нар байгаа ч тогтолцоо нь бүхэлдээ буруу байгаа юм. Би ухаантайдаа ганцаараа ийм зүйл яриад байгаа юм биш, үлгэрлээд байдаг оросууд маань энэ тухай хэдийнэ яриад эхэлсэн байна шүү дээ. Олон улсын түвшинд их сургуулийн рейтингийг тогтоодог БНХАУ-ын Шанхайд байдаг байгууллагын дүгнэлтээр Москвагийн их сургууль 79 дүгээрт бичигдсэн байсан. Москвагийн их сургууль маш сайн сургалттай, надад муулах эрх байхгүй. Гэхдээ тэр рейтингийг багш болон оюутнуудаас судалгаа авч, тус сургуулийн төгсөгчдийн таван жилийн дараа хийж буй ажил байдлыг харж гаргадаг юм билээ. Тэр дүгнэлтээр гурван төгсөгч тутмын хоёр нь мэргэжлээсээ өөр ажил хийж байгаа нь ийм дүгнэлтэд хүргэсэн байгаа юм. Манай их сургуулиудад ч гэсэн иймэрхүү түвшин тогтоосон дүгнэлт хэрэгтэй. Хүн амд ногдож буй оюутны тоогоороо дэлхийд тэргүүлдэг шүү дээ, бид. Үйлдвэрлэл хөгжөөгүй учраас залуучуудад ажиллах нөхцөл байхгүй байна. Тиймээс хэрэгтэй хэрэггүй ч хамаагүй диплом өвөртлөхөөс өөр аргагүй болж байна. Гадаадад түүхий эд гаргаж байгаа гэдэг бол эдийн засгийн гавьяа биш ноцтой дутагдал. Африкийн улсуудад түүхий эдээ баруунд худалдчихаад чийрэг биетэй сайхан залуус юу ч хийлгүй дээшээ хараад хэвтэж байдаг гэсэн. Өдий төдий олон нам нь засгийн эрхэнд гарахын төлөө өрсөлдөж, гарсан нь баруунаас ирж буй мөнгөний ихэнхийг завшчихаад, ард түмнээ өлсгөж үхүүлэхгүйн тулд цөөн хэдийг нь хүн бүрт хүртээдэг тогтолцоотой. Бидний өнөөгийн байгаа байдал үүнтэй их адилхан харагдаад байх юм. Оросууд ч гэсэн түүхий эдийн экспортоос татгалзахыг хүсэж байгаа. Төрийн тэргүүн нь удаа дараагийн мэдэгдэлдээ энэ талаар хэлж, ярьж байсан. Одоо эдийн засгийн өндөр хөгжилтэй ямар орон түүхий эдээ худалдаж байна вэ, үүнийг бодох л хэрэгтэй байгаа юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.