Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Таны уур хүрээд, тэсрэх гээд байвал…

Стресс гэж юу вэ?

Стресс гэдэг нь аливаа хүн өөрийн ажил, эсвэл хувийн амьдралдаа байнга санаа нь зовж, сэтгэл нь тайвширч чадахгүй болохыг хэлдэг /Лонгманы англи толь бичиг/. Харин стрессор гэдэг нь стресс, сэтгэлийн хямралыг үүсгэж байгаа бие бялдар, эсвэл сэтгэл санааны нөхцөл байдал юм.  

Сэтгэхүйн эрүүл мэнд

Зарим хүн “сэтгэхүйн эрүүл мэнд гэж юу байдаг юм, бие бялдрын эрүүл мэнд л гэж байх ёстой” хэмээн ханддаг. Гэтэл Стэнфордын их сургуулиас гаргасан Core concepts in health ном нь сэтгэхүйн эрүүл мэнддээ хүмүүс бие бялдрын эрүүл мэндээс дутуугүй анхаарч байх ёстойг онцолсон байх юм.

 Уурлаж байгаа хүн өөрийгөө зовоодог

“Уураа дотроо дарж байснаас гадагшлуулах нь дээр” гэсэн зөвлөгөө олны дунд тархсан байдаг. Гэтэл энэ зөвлөгөөг судлаад үзэхэд оновчтой биш нь мэдэгдэж байна. Уураа гаргаж байгаа хүн өөрөө зүрхний дайралтад өртөх эрсдэл нь ихэсдэг. Тэгээд ч ууртай үг хэлж, ууртай үйлдэл хийх нь тухайн хүний өөрийнх нь сэтгэлийг дордуулж муутгахаас биш, сайжруулж огт чаддаггүй. Учир нь уурлаж байгаа хүн жаргалтай байж огт чадахгүй. Харин ч хувийн, эсвэл ажил төрлийн чухал холбоо харилцаагаа муутгаж, хохироож, эсвэл бүр тасалдуулдаг. Т

эгснээрээ өөрөө л хохирч үлдэнэ. Бас өөрийгөө хянаж чаддаггүй дорой, уур хилэндээ захирагдаж явдагтаа гутарч, гонсойх, дараа нь гэмшин шаналах нь олон гардаг.  Хэрэв таны уур тэсрэх дөхөж байгаа нь мэдрэгдвэл дараах хоёр аргыг хэрэглэж үзээрэй.

Нэгд, яг тухайн агшинд бодогдож байгаа зүйлсийг хязгаарлахыг хичээ. Тэр хүний хэлсэн үг, хийсэн зүйлснь таныг албаар уурлуулах гэсэн санаа, зорилготой байгаагүй гэдгийг санавал таны уур тэгтлээ хүрэхгүй. Таны замд саад болсон машин санаатайгаар хөндөлдөв үү, эсвэл зүгээр анзааргагүй юмуу, туршлагагүйгээс болов уу гэдгийг ухаарахыг хичээ. “Тэр хүн эмнэлэг рүү ч юмуу яарч яваа биз дээ” гэх мэтээр гэмийг нь цайруулж, өршөөнгүй, уужуу тайван хандвал бусад хүнийг буруутгах, уур хүрэх тань багасна.

Үр дүнд нь та өөрөө амгалан тайван хэвээр үлдэнэ.  Таныг хэн нэг хүн шүүмжилж, тэгээд та уурласан бол тэр уурын өнцгөөс ууртай хариу хийх, өөрийгөө өмгөөлөхөө  больж, тухайн болж байгаа нөхцөл байдалд л ухаалгаар хандаарай.  Хоёрт, өөрийн бодол санааг өөр зүйлст сатааруул. Өөрийн үг яриа, үйлдлээ хянаж чадахуйц тайван болох хүртлээ өөрийгөө сатааруул.

Яаж ч уур хүрч байлаа гэсэн биеэ барин арав хүртэл яаралгүй тоол. Эсвэл тухайн орчин нөхцлөөс холдохыг хичээ. Гэхдээ ингэж холдох нь таныг уурлуулсан хүн юмуу, нөхцөл байдлаас бүр зугатаж байгаа хэрэг биш юм.

Энэ бол зүгээр л түр завсарлаж байгаа хэрэг бөгөөд дараа нь арай тайвширсан хойноо уг асуудлыг дахин ярилцаж болно.

Өөр хүний уурыг номхотгох хэрэгтэй

Тань руу хүн уурлавал дагаж уурлах бус, хариуд нь тайван байхыг чармай. “Энэ хүн надад уурлах аргагүй шалтгаантай юм даа” гэж бодож хандвал таны уур бараг хүрэхгүй. Ингэх нь уурласан хүний өөдөөс та заавал уучлал гуйх ёстой гэсэн үг биш нь мэдээж.

Таныг буруутгаж байгаа үг, үйлдэл рүү нь анхаарлаа бүү төвлөрүүл.

“Намайг тэгж хэлээд байхдаа яадаг байна аа !!!” гэх мэтээр бусдын буруутай үг, үйлдлийг хүмүүс дахин дахин санаж, нүдэндээ харж, тэр доромж үгийг сэтгэлдээ дахин давтан сонсож, тэгэх бүртээ улам сэтгэл нь өвдөж, тэгээд өвтгөсөн хүн рүү уур хилэн нь улам буцлан хилэгнэдэг.

Тэгж догшрох үед хүмүүс голдуу хяналтаа алдаж, юу ч хийхэд бэлэн болдог аюултай. Хонь хичнээн уурлавч нэгнээ хөнөөдөггүй байхад сармагчин догшрох үедээ нэгнээ хөнөөх нь цөөн боловч тохиолддог. Бид тийм л сармагчнаас үүдэлтэй учраас догшрох үедээ нэн аюултай.

Хайртай эхнэр, нөхрөө, ах, дүүгээ, бүр үр хүүхдээ хүртэл зовоож, хөнөөж, ийм гэмт хэрэг гарсаар байгаа нь уурын мунхагийнх л юм.  Тиймээс таны уурыг хүргэж байгаа зүйлээс анхаарлаа нэн даруй холдуулан тат. “Энэ түвэгтэй асуудлыг, энэ байдлыг би яаж шийдвэл дээр вэ?

Яаж зөв шийдэх вэ?” гэж л бод. Чухам юунаас болоод танд уурласнаа хэлэх боломжийг цаад хүндээ олгож, хэсэг дуугүй хүлээ. Хэрэв тэр хүн уурлахаа болихгүй бол тэр хэрүүл маргаанд та оролцохоо болих, маргалдахаа зогсоох нь хамгийн гайгүй хувилбар болж магад.

Эсвэл түр хугацаагаар гарч, холдож болно. Гэнэт гарч явах нь байдлыг улам хүндрүүлж магадгүй тул “0 ороод ирье”, “ам цангаад байна” гэх зэрэг шалтаг хэлээд гарах нь дээр.  “Над руу үглэхээ болиоч” гэхийн оронд “Уурлаж байгааг чинь би ойлгож байна.

Одоо яавал би чамд тусалж болох вэ?” гэж аядуу, төлөвхөн асуу. Ингэх нь та буруугаа ойлгосныг харуулах бөгөөд аядуу, зөөлөн хандлага тань нөгөө хүний уурыг ихээхэн багасгах боломжтой.

 

1
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.