Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Австралид парламентын хямрал нүүрлэж магадгүй болоод байна

Өнгөрсөн бямба гаригт болсон бүх нийтийн сонгуульд Австралийн сонгогчид өрсөлдөгчдөөс алиныг нь ч парламентад олонх болгосонгүй. Энэ удаагийн сонгуулиар Австралид сенат буюу дээд танхимын 76, төлөөлөгчдийн танхимын 150 гишүүнийг сонгох ёстой юм. Саналын хуудсыг үргэлжл үүлэн тоолж байгаа хэдий ч урьдчилсан дүнгээс үзвэл сөрөг хүчний эвсэл 73, эрх баригч лейборист нам 72, Ногоон нам нэг, бие дааж нэр дэвшигчид дөрвөн санал авчээ.

Тийнхүү сонгуульд оролцсон намуудын нэг нь ч Засгийн газрыг эмхлэн байгуулахад шаардлагатай 76 суудал авч чадаагүй байна. Австралийн өнөөгийн Ерөнхий сайд Жулия Гиллард санал хураалтын дүнг тайлбарлахдаа “Хүмүүс саналаа өглөө. Гэхдээ тэд чухам юу гэж хэлснийг ойлгохын тулд цаг хугацаа шаардлагатай болоод байна” гэж АНУ-ын ерөнхийлөгч асан Билл Клинтон хэлж байсныг давтжээ. Тэгвэл Гиллард сонгуулиар үнэмлэхүй олонх болж чадсангүй, тиймээс тэрбээр улс орныг удирдах мандатаа алдаж байна гэсэн үг хэмээн түүнийг шүүмжлэгч, сөрөг либералуудын тэргүүн Тони Эббот мэдэгдсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайнаас хойших хугацаанд Ногоон тивд иймэрхүү зүйл анх удаагаа болж буй тухай Сидней дэх ВВС-гийн сурвалжлагч Ник Брайнт цохон тэмдэглэсэн байх юм.

Нэгэнт сонгуулийн дүнийн “сөрөг” байдалтай гарч буй учраас өрсөлдөгч намууд Австралид түр эвсэл байгуулах гэж оролдож магадгүй байна. Британийн Уэльсээс гаралтай Гиллард албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр огцорсон Кевин Раддын халааг авч, Австралийн сайд нарын танхимыг өнгөрсөн зургадугаар сараас тэргүүлсэн юм. Цагаачлал Австралийн үндэсний хурц асуудлын нэг байдаг. Өнөөгийн Ерөнхий сайд цагаачлалыг зогсоох ёстой гэж үзэж буй. Тэрбээр танхимын тэргүүний хувьд ард түмэндээ хандаж анх удаа үг хэлэхдээ улс орны хүн ам өсөхийг эрс эсэргүүцэж байгаагаа нуугаагүй.

Гиллард гаднын цагаачдын өмнө улс орны үүд хаалгыг хаах бус, харин цагаачид төдийгүй австраличууд өөрсдөд нь ая тухтай аж төрөх таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд нөөц баялгийг үр ашигтай ашиглах талаар төлөвлөж, Австралийн боломжийг нарийвчлан тооцох гэсэн цагаачлалын шинэ бодлого явуулахын төлөө байгаа юм. Австралид усны хангамж, дэд бүтэц, татварын бааз суурь бий болгох, тэтгэврийнхнийг дэмжих талаар шаардлагатай арга хэмжээ авах, мэргэжилтэн дутагдах зэрэг хурц асуудал байсаар байгаа нь нууц биш юм. Австралийн эрх баригчид болон сөрөг хүчнийхэн ашигт малтмалд ногдуулах татвар, агаар мандлыг бохирдуулж буй томоохон үйлдвэрүүдийг хаах талаар ноцтой санал зөрөлдөөнтэй байдаг.

Мөн Австрали улсын ирээдүйн статусын асуудал эдүгээ нэлээд сонирхол татаж буй юм. Ногоон тив төрийн тэргүүн нь Их Британи Умард Ирландын нэгдсэн вант улсын хатан хаан байдаг улс орнуудад багтдаг. Тэгвэл Австралийн Ерөнхий сайд Жулия Гиллард саяхан өнөөгийн эрх баригч хатан хаан II Елизавета таалал төгссөн даруйд Австрали бүгд найрамдах улс болох таатай боломж нээгдэнэ гэж шууд мэдэгдсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.