Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛЫН УУЛ УУРХАЙД ГЕРМАНЧУУД ТУСАЛЖ БАЙНА

Манай оронд айлчлахаар ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Дирк Нийбэл тэргүүтэй төлөөлөгчид Засгийн газрын урилгаар өчигдөр Улаанбаатарт ирлээ. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд нийт 25 хүн байгаа бөгөөд тэдний дотор Германы Парламент (Бундестаг)- ын зарим гишүүн орсон байна.

Төлөөлөгчид эхлээд Сангийн сайд С.Баярцогттой уулзаж, дараа нь Ерөнхий сайд С.Батболдод бараалхав. Ашигт малтмалаа түүхийгээр нь гадагш гаргах бус, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, баялгаа зөв зүйтэй ашиглах нь бидний зорилго. Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж, чадавхийг бий болгоход ХБНГУ-ын туслалцаа, дэмжлэг чухал.

Улс орноо хөгжүүлэхийн тулд засаглалаа сайжруулж, ил тод, нээлттэй, шударга, хариуцлагатай, тогтвортой орчин бий болгоно. Иймээс Европын Холбооны стандартыг бүх шатанд нэвтрүүлэхийг зорьж байна гэж Ерөнхий сайд С.Батболд хэлэв. ХБНГУ нь манай улсад өрнөсөн өөрчлөлт, шинэчлэлтийг эхнээс нь тууштай дэмжин, тусламж дэмжлэг үзүүлж ирсэн орны нэг бөгөөд өдгөө харилцаа, хамтын ажиллагаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрээд байгааг Ерөнхий сайд тэмдэглэв.

Ашигт малтмалын ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, байгаа энэ үед эдийн засаг, санхүү, техник, технологийн салбарт хамтрах, ялангуяа өндөр технологи, тоног төхөөрөмж авах, боловсон хүчин бэлтгэх зэрэгт ХБНГУын дэмжлэг, туслалцаа хэрэгтэй. Үүнд тус улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт найдаж байгаагаа Ерөнхий сайд илэрхийлэв. Мөн ХБНГУ-д сурч, мэргэжил, боловсрол эзэмшсэн болон герман хэлээр ярьдаг 35 мянга гаруй монгол иргэнээр дамжуулж хүмүүнлэг, соёл, аялал жуулчлалын салбар, иргэд хоорондын харилцааг хөгжүүлэх боломж ч бий гэж тэрээр үзэж байв.

Монгол Улс олборлох салбар дахь ил тод байдлыг амжилттай хэрэгжүүлж байгаад сайд Дирк Нийбел талархлаа илэрхийлээд манайд үзүүлэх 24,1 сая еврогийн тусламжаа гурван сая еврогоор нэмэгдүүлснээ мэдэгдлээ. Энэ оны тавдугаар сард хоёр Засгийн газрын төлөөлөгчид хэлэлцээр хийж Германы тал Монголд 24.1 сая еврогийн тусламж үзүүлэхээр болжээ. Үүн дээр нэмж буй гурван сая еврог уул уурхайн компаниудын засаглалыг сайжруулах, болов сон хүчин бэлтгэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бичил уурхай, жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх зэрэгт зарцуулах нь зүйтэй гэж ХБНГУын тал үзэж байгаа аж.

Энэ өдрийн төгсгөлд ноён Дирк Нийбэл, С.Баярцогт нар сэтгүүлчидтэй уулзав. Тэдний ярьснаас үзвэл айлчлал амжилттай болж буй аж. Монголын эдийн засаг уул уурхай дээр түшиглэж үсрэнгүй хөгжих гарам дээр ирээд байгаа үед энэ айлчлал тохиож буйг С.Баярцогт онцлов. Монголд ядуурлыг бууруулах, хүмүүсийг орлоготой болгох, салбар бүрт Европын стандартыг нэвтрүүлэхэд манай үзүүлж буй тусламж нэмэр хандив болоосой.

Уул уурхайн салбарынхаа үр шимийг монголчууд хүртэх учиртай гэж ноён Дирк Нийбэл хэллээ. Тэрбээр, Монгол Улс цаазаар авах ялыг түдгэлзүүлээд байгаад талархаад, Афганистанд энхийг сахиулах үйлсэд Герман, Монголын цэрэг эрс мөр зэрэгцэн явааг өндөр нэр хүндтэй үйл хэрэг гэж үнэлэв. Энэ айлчлалын хүрээнд Монгол Германы иргэний нийгмийн байгууллын төлөө- лөгчдийн уулзалт ярилцлага Ханс Зайделийн сангийн Монгол дахь салбарын байранд болов.

Түүнийг Монголд суугаа Германы Элчин сайдын яам, Ханс Зайделийн сан, Конрод Аденауэрийн сан, Фрийдрих Эбертийн сан хамтран зохион байгуулсан юм. Германы төлөөлөгчид манай оронд байхдаа Тавантолгойн орд газрын үйл ажиллагаатай танилцаж, Дархан хотод зочилно.

Р.Жаргалант

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.