Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Сонгуулийн АНИР

Бүх шатны, тэр дундаа аймгуудын Засаг дарга нарын талаар элдэв сураг чимээ гараад ирж буйг ийн хэлж болно. Уг хэл ярианы үндэс ёзоор нь алсаас нүргэлэн ойртож буй сонгуулийн чимээ, чичирхийлэл байгаа нь үнэндээ нууц биш. Манай улс 21 аймагтай. Тэдгээрээс 2008 оны сонгуулиас хойш Засаг даргаа хэл аманд хамгийн их өртүүлсэн нь Баян- Өлгий.

МАХН-ын гишүүн С.Хавал гэж үйлийн үртэй амьтан томилогдсоноосоо хойш амар заяа үзсэнгүй. Түүнийг огцруулахыг шаардаж ИТХ дахь АН-ын гишүүд нь хагас жил суулт хийсэн гэж байгаа. Үүний гол шалтгаан нь аймгийн МАХНын хорооны даргын хувьд УИХ-ын болон орон нутгийн сонгуульд намаа амжилттай оролцуулсан явдал гэж С.Хавал өөрөө манай сурвалжлагчид шулуухан хэлсэн байна лээ. УИХ-ын сонгуульд МАХНаас нэр дэвшсэн гурван хүн ялж, орон нутгийн сонгуулиар аймгийн ИТХ-ын 35 суудлын 20- ийг нь МАХН авсан юм байна.

Тиймээс 2012 оны сонгуулиас наана түүнийг зайлуулахгүй бол энэ нөхөр дахин гай болно гэж сөрөг хүчнийхэн нь сэрэмжилж буй юм байхаа. Говь-Алтай, Дундговь аймгийн Засаг дарга Г.Бямбажав, Ш.Төрбат хоёр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан гэсэн мэдээлэл нэгэнт олны сонорт хүрэв. Нэгэн сонинд бичсэнээр бол Г.Бямбажав нь ИТХ-тайгаа цаашид хамтарч ажиллах боломжгүй. Ш.Төрбат нь эрүүл мэндийн шалтгаанаар одоогийн албаа үргэлжлүүлэн хаших аргагүй болсон гэсэн үндэслэл өргөдөлдөө дурдсан бололтой.

Гэтэл МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар болохоор хоёуланг нь “эрүүл мэндийн байдлын улмаас” ийм алхам хийцгээсэн, нам нөлөөлөөгүй гэж сурвалжлагчийн асуултад хариулсан байсан. Гэлээ ч энэ хоёр хүнийг ийм шийдэлд хүрэхэд намынх нь гар хөл оролцсон байх магадлал маш өндөр. Яагаад гэвэл аймгийн Засаг дарга гэдэг улс төрийн албан тушаал. Ийм албан тушаалд хэнийг ажиллуулах хийгээд ийм албан тушаалаас хэнийг зайлуулахыг нам л мэдэж шийддэг юм. Ер нь хэнийг ч татаад босгох, түлхээд унагахыг улс төрийн нам гэж нэг “барам” л мэдэх болсоор удаж байна.

Одоо мөрдөж буй хуулиар бол тухайн аймгийн ИТХ-д олонх болсон нам Засаг даргаар томилуулах хүний талаарх саналаа Ерөнхий сайдад ирүүлдэг. Гэтэл Ерөнхий сайд нь УИХ-д олонх болсон намын дарга байж байх болсон шүү дээ. Аймгийн ИТХ-ын эл шийдвэрт ч олонх болсон намын удирдах дээд байгууллагын нөлөө туйлаас их байдаг. Тэгвэл 21 аймгийн маань ердөө дөрөв нь л АН-ын гишүүн Засаг даргатай. Энэ нь Дорноговийн П.Ганхуяг, Завханы Я.Санжмятав, Өмнө- говийн Б.Бадраа, Сүхбаатарын Ж.Батсуурь нар. Тэгэхлээр энэ дөрвөн аймгийн ИТХ-д л АН олонх гэсэн үг.

Үлдсэн 17 аймгийг МАХНын төлөөний Засаг дарга удирдаж байна. Өргөдлөө өгсөн гээд байгаа хоёр Засаг дарга ч энэ намынх. Тэгэхлээр Засаг дарга нарыг огцруулах гэсэн хэл үг зөвхөн сөрөг хүчинтэй л холбоо байдаггүй нь эндээс харагдана. Зөрчил нэг намын гишүүдийн дотор харин ч илүү байна уу гэлтэй. Үүнд бас нарийн учир бий. Энэ “учир” нь тухайн Засаг дарга нарын ажлын хариуцлага сул, ахиц дэвшил гаргаагүй зэргээс гадна түүнд атаархсан, суудлыг нь олзын үүд гэж шуналын нүдээр харсан журмын нөхдийнх нь үйлдэлтэй холбоотой гэж хэлж болно.

Тухайлбал, Дундговийн Засаг даргаар хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд (зургаан жил) ажиллаж буй Ш.Төрбатын хоолыг булаах гэсэн хүн намын нөхдийнх нь дундаас гарч ирж хагарал үүсгээд АНынхантай үгсээд байгаа гэсэн яриа дуулддаг. Тэд түүнд “хагас жилийн хугацаа өгсөн” гэсэн яриа сонсогдоод нэлээд хугацаа өнгөрсөн. Бодвол тэр “хагас жил” нь болоо биз. Ш.Төрбатын адил засгийн хоолыг олон жил “идэж” буй Засаг дарга гэвэл Булганы М.Оюун бат, Говьсүмбэрийн Ж.Баян мөнх, Дорнодын Ц.Жанлав, Төвийн Ц.Энхбат, Ховдын Г.Нямдаваа. Энэ хэдийг Ш.Төрбатын ижил хувь тавилан хүлээж байхыг үгүйсгэх арга байхгүй.

Сонгууль болтол их юм дуулдана. Нөхрийнхөө “хоолыг” булаахын тулд дайсан тайгаа сүжрэхээс ч буцахгүй болсон цаг. Уг нь бол аймгуудын Засаг даргыг гэмт хэрэгт холбогдсон нь тогтоогдсон, огцруулах саналыг ИТХ-аас нь гаргасан хоёр тохиолдолд л хугацаанаас нь өмнө өөрчлөх учиртай. Ийм нөхцөл байдал бий болсон бол Ерөнхий сайд ажлын тав хоногт багтаан шийдвэрээ гаргана. Бидэнд олдсон мэдээллээр Г.Бямбажав, Ш.Төрбат хоёрын өргөдөл МАХН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдод одоогоор ирээгүй байх шиг байна.

 

И.РЭНЧИНХАНД

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.