Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ухдаг бус ургадаг “уурхай”

Дэлгүүрийн лангуун дээр жирийтэл өрсөн жимс, ногоонууд нэг л сэжигтэй санагдаад байдаг юм. Худалдагчид нь “Эх орны хөрсөнд ургасан, шинэ ургацынх, хүлэмжнийх” гэх зэргээр элдэв магтаал хэлэвч итгэл төрдөггүй. Үнэндээ тэдгээрийн аль нь эрүүл гэдгийг ялгаж таних аргагүйд л хамаг учир бий. Тэгвэл бид эрүүл, аюулгүй хүнсний ногоог хэрхэн таних вэ.

Биологич мэргэжилтэй Х.Алтанцацрал “Хувцас шиг өмсөж үзэж, эд бараа шиг гаднаас нь шинжих аргагүй учир бүх ногоог гарал үүслийн бичигтэй болгох хэрэгтэй. Хаанахын талбайд, хэзээ тарьсан, үр нь аль сортынх гээд бүгдийг тодорхой бичих ёстой. Худалдааны төвүүд ч гарал үүслийн бичиггүй ногоо зарахаас татгалзаж, иргэд шаардлага тавиад хэвшчихвэл болно. Америк болон Баруун Европын орнуудад хүнсний ногоон дээр фермийнх нь зураг, бусад мэдээлэл байдаг. Нэгэнт хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь дотоодоосоо хангаж чадахгүй байгаа учир Мэргэжлийн хяналтын ерөнхий газар үүнийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэв. Бидний яриа түүний дөрвөн улирлын хүлэмжид болсон юм.

Сүүлийн жилүүдэд манай оронд хүлэмжийн аж ахуй эрхлэгч олширсон. Голланд, өвлийн, шилэн, зуны гээд олон төрлийн хүлэмжийг бид хэдийнэ мэддэг болчихож. Тэдгээрээс манай орны нөхцөлд хамгийн тохиромжтой гэгддэг ч тун цөөн байдаг нь өвлийн хүлэмж. Энэ төрлийн хүлэмжийн аж ахуй сурвалжлах даалгавар авч, өнгөрсөн амралтын өдрүүдэд Хан-Уул дүүргийн XIII хороонд орших Шувуун фабрикийн ойролцоох дөрвөн улирлын хүлэмжтэй танилцлаа. Өвлийн хүлэмж байгуулахад багагүй мөнгө зарцуулдаг учир Монголд хөгжихгүй байна гэж Х.Алтанцацралт хэлэв. Тэрбээр 200 ам.метр бүхий уг хүлэмжээ байгуулахын тулд 2014 онд банкнаас зээл авчээ.

Зуны хүлэмж бүхэлдээ хальсан “биетэй” байдаг бол өвлийнх арай өөр аж. Гурван талыг нь (арын хана, хоёр хажуу тал) тоосгоор босгож, зөвхөн нүүрэн хэсгийг нь гялгар цаасаар хучсан байв. Нарны гэрэл өдөрт хамгийн удаан хугацаанд тусах газарт хүлэмжээ байрлуулах нь чухал. Ханыг нь хөвөн, хөөс, хөөсөнцрөөр дулаалжээ. Ийм хүлэмж Хятадад олон байдаг гэнэ. Тэд нарны дулааныг “сорохын” тулд ханануудыг хар өнгөөр будчихдаг гэсэн.

Хүлэмжний орой хэсэгт зулхайгаар хийсэн хучлага байв. Зуны дэлгэр цагт хэрэг болдоггүй энэ эд өвөл аминд ордог аж. Өвөл үдэш болмогц хүлэмж хөнжлөө “нөмөрч” (механик хэрэгслийн тусламжтай), өдрийн цагт хуримтлуулсан дулаанаа хадгалдаг аж. Ингэснээр хүлэмж халаахад зарцуулдаг мөнгөө хэмнэх боломжтой. Эднийх 200 хэм хүртэл халдаг ханан пийшинтэй бөгөөд өвлийн шөнө хүлэмжээ 2-3 удаа галладаг юм байна. Манаач “Өвлийн цагт хүлэмжиндээ богино өмд, фудболкатай гүйлддэг” гэж хошигнов.

Өвлийн хүлэмжний ус, цахилгаанд багагүй мөнгө зарцуулдаг учир анхнаас нь аль болох өртөг багатай технологи сонгох нь чухал аж. Тухайлбал, эднийх хүлэмжтэйгээ залгуулан барьсан байшингийнхаа доор гүний худаг гаргаж, ус дамжуулах хоолой байрлуулжээ. Уг хоолой хүлэмжин доторх усан санг дүүргэхдээ цахилгаан ашиглахгүй, автомат даралтаар шахдаг юм байна. Усан санд хуримтлагдсан ус нүхтэй хоолойнуудаар тархаж, талбайг усална. Ус хэмнэх зорилгоор нүхтэй хоолойг 15 см бүрт ус дусаадаг байхаар шийджээ.

Тэд үүнийг дуслын усалгаа гэж нэрлэжээ. Ус, цахилгааны зардлаа хэмнэлттэй байдлаар шийдчихвэл айл бүр өвлийн хүлэмжтэй болж, өрхийн хэрэгцээгээ хангах жимс, хүнсний ногоогоо дөрвөн улирлын турш тарих боломжтой юм байна. Өвлийн хүлэмж байгуулахад нэг ам метрт дунджаар 150 орчим мянган төгрөг зарцуулдаг гэнэ.

Ийм хүлэмжийг Монголд хоршоолсон хэлбэрээр хөгжүүлбэл зохимжтой бөгөөд импортын хүнсний ногоонд “чихдүүлэхгүй” гэдгийг ногоочид онцлов. Тийм ч учраас Х.Алтанцацрал дөрвөн улирлын хүлэмжний парк барих төсөл санаачилжээ. Төв аймгийн Баянчандмань сумын 20 га талбайд өвлийн 60 ширхэг хүлэмж байгуулах зорилготой энэ төсөл хэрэгжих шатандаа явж буй аж. Хүлэмжийн аж ахуй эрхлэх сонирхолтой 120 гаруй хүн уг хоршоонд нэгдэхээр бүртгүүлжээ.

Эднийх өргөст хэмх, сонгино, цэцэгт байцаа, лууван, манжин, улаан лооль, гүзээлзгэнэ, нимбэг гээд 25 төрлийн жимс жимсгэнэ, ногоо хүлэмжиндээ “нутагшуулжээ”. Манай оронд ургадаггүй жимс, ногоог тарьж, турших ажлыг жил бүр хийдэг гэнэ. Энэ жил л гэхэд үрийг нь боловсруулж авах зорилгоор усан үзэм, чинжүү тарьжээ. Биднийг очиход өргөст хэмх, улаан лоолио хурааж байв. Гэрийн эзэгтэй С.Тунгалаг “Жилдээ хоёр удаа ургац авдаг нь нарлаг хүлэмжний давуу тал.

Хүлэмжин доторх дулааныг тогтмол хадгалан, хэт халааж, хөргөхгүй байхад анхаарах нь их чухал. Өвлийнхийг бусад хүлэмжтэй харьцуулахад үр өгөөж нь илүү. Нэг ам метрээс 25 кг өргөст хэмх, таван кг гүзээлзгэнэ хурааж байна” гэв. Ургамал ургах таатай нөхцөл болох ус, агаар, хөрс, дулаан, гэрлийг шийдчихвэл өвлийн хүлэмжид “идээшихгүй” ногоо, жимс үгүй гэдгийг ч тэрбээр онцолсон.

Хүлэмжний гадна талд малын өтөг, бууц овоолсон байв. Тэд үүнийг хүлэмжнийхээ хөрсийг эмчлэхэд ашигладаг аж. Шинэ болон хагас ялзарсан бууцанд хортон шавьжны өндөг, зэрлэг ургамлын үр агуулагддаг учир бүрэн ялзарсан бууцаар бордох хэрэгтэй юм байна. Бүрэн ялзарсан бууцанд ус, азот, фосфор, кали, кальци зэрэг ургамалд шаардлагатай макро болон микро элемент агуулагддаг гэнэ. Ийм бууцаар тордсоноор хөрсний үржил шим нэмэгддэг аж. Тиймээс элдэв янзын эрдэс бордоо хэрэглэх шаардлагагүй гэсэн үг.

Х.Алтанцацрал “Манай энэ орчимд байдаг үхрийн фермүүд бидэнд их тус болдог. Баасыг нь хатаагаад өвөл түлчихнэ, бууцаар нь хөрсөө бордчихно. Бууцандаа байцаа, өвс, модны навч зэрэг органик гаралтай хаягдал хольж, компост хийдэг. Мөн чийгийн улаан хорхой ашигладаг. Энэ амьтны идсэн бууц сайн чанарын био ялзмагийн бордоо болдог. Ийм аргаар бэлтгэсэн бордоогоор бордоход ургац 25-30 хувиар сайжирдаг” гэсэн юм.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.