Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Цэцэрлэгт хүрээлэнг “цэцэглүүлэгчид”

Охин: Ээж ээ энд (цемент) яагаад цэцэг ургадаггүй юм бол.

Ээж: Ийм хүнд зүйл дээрээс нь дарчихсан болохоор гарч ирж чадахгүй байгаа юм.

Охин: Тэгвэл энэ (хажуу дахь) өндөр өндөр байшин, замууд бүгд цэцэгнүүдийг дарчихсан юм уу.

Ээж: Тийм ээ. (охин бодлогошрон, цонхоор харна)

Насандаа ахадсан гэмээр хэрсүү, ухаалаг нэгэн балчир “ертөнц” ээжтэйгээ ийн хүүрнэв. Хотжилт, үйлдвэржилтийн нөлөөгөөр байгалиасаа холдсоор буй бидний амьдралыг тэдний ярианаас харж болохоор. Өнгө өнгийн цэцэгс харж, цэвэр агаарт салхилах дуртай Халиун охин шиг балчруудын хүслийг биелүүлдэг газар нийслэлд тун цөөн байгаагийн нэг нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гээд хэлчихэд буруудахгүй болов уу. Эцэг, эхчүүд ч тус газарт ирсэн шалтгаанаа “Хүүхдүүдээ л салхилуулах санаатай” хэмээн тайлбарладаг юм билээ.

Нийслэл хотын маань хамгийн том ногоон байгууламж бүхий Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд амьдрал хэрхэн өрнөж буйг сурвалжиллаа.

 “Өглөө тамирчид, өдөр багачууд, үдэш хосуудын цугладаг газар даа” хэмээн өндөр настан С.Жамъян хэлэв. Түүний хэлсэн үнэний ортой бололтой. Биднийг 08.00 цагт очиход цэцэрлэгт хүрээлэн нам гүм байв. Хөлбөмбөгийн талбайд бэлтгэл хийхээр ирсэн нийслэлийн 23 дугаар сургуулийн сурагчид, дугуйн болон гүйлтийн замд “шогшиж” байсан иргэдийг эс тооцвол онцлох зүйл байсангүй. Хамгийн анх уулзсан С.Жамъян өвөө тус газарт өглөө бүр ирдэг спортлог иргэдийн төлөөлөл. Тэрбээр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоо орших “Энканто таун” хотхонд амьдардаг аж.

“Хөгширч биш, хөшиж үхдэг болохоор тогтмол дасгал хийдэг. Манайх саяхнаас энд нүүж ирсэн. Өмнө нь хороололд байхад хүн, машин хоёр нь зэрэг түгжрээд гүйхэд бэрхшээлтэй байлаа. Энд зориулалтын замтай болохоор сайхан байдаг юм. Зарим өглөө ач хүүгээ дагуулаад “марш тактикт” оролцдог” гэв. Тэрбээр өөртэй нь ижил зорилгоор цэцэрлэгт хүрээлэнг зорьдог залуус олшроосой гэж хүсдэг аж. Учир нь энд өглөө цугларагсдын олонх нь ахимаг насныхан гэсэн. “Ахиллс Монгол” ТББ-аас ирэх есдүгээр сард зохион байгуулах гэж буй “Итгэл найдвар боломж 2016” бүх нийтийн марафонд өвөө оролцоно. Тэр залуучуудыг өөртэй нь хамт гүйхийг уриалав.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг чимдэг хамгийн гол зүйл нь ногоон байгууламж. Тус байгууллагын ажилтнууд болон иргэд ч үүнд анхаарал тавьж, халамжилдаг юм байна. МУИС, Монголын банкны холбоо, нийслэлийн Прокурорын газар, “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт оролцогчдын нэрэмжит гээд албан байгууллагуудаар овоглосон ногоон төгөл цөөнгүй байгаа нь үүнийг гэрчилнэ. “Байгууллагууд тарьж ургуулсан мод, бутаа арчилж тордон хариуцлагатай ханддаг” гэж ногоон байгууламж хариуцсан мэргэжилтнүүд ам сайтай байв.

Мод тарих хүсэлтэй хувь хүн, албан байгууллагуудыг хүрээлэнгийнхэн үргэлж дэмждэг гэсэн. Өнөө жил л гэхэд “Байгаль эх дэлхийгээ аваръя” ТББ “Хайрын нарсан төгөл” аяны хүрээнд хоёр га талбайд 5000 нарс тарьсан бол “Монголын байгаль орчны консорциум” ТББ, Байгаль орчин, аялал жуулчлалын яам 8.4 га талбайд “Ботаникийн бичил цэцэрлэг” байгуулахаар ажиллаж байна. Тэд зөвхөн мод тариад зогсохгүй ойр орчмыг тохижуулж, олон улсын жишигт нийцсэн цэцэрлэг бий болгохоор зорьж буй гэлээ. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 110 гаруй ажилтантайгаас 70 орчим нь ногоон байгууламж хариуцдаг аж.

Тэд услах, зэрлэг зулгаах, тайрч тэгшлэх, шохойдох, хортон шавьжтай тэмцэх гээд бишгүй ажилтай байдаг аж. Ажилтнууд энэ жил 3000 “уушги” нэмж тарьжээ. Тэдний хөдөлмөр, хичээл зүтгэлийг бахдан явсаар цэцэрлэгт хүрээлэнгийн урд хэсэг рүү дөхөх тусам байдал арай өөрчлөгдөж буй нь анзаарагдав. Хатаж гандсан мод бут, хүний хөлд үрэгдэж халцарсан зүлэг энд тэндгүй харагдана. Танил бус хөшөө дурсгал ч таарав. Иргэд энэ бүсэд тэр бүр очдоггүй болохоор хүрээлэнгийнхэн ийн хайнга загнасан байж мэдэх.

Олны нүднээс хол газарт хөсөр хаягдсан, ургамлуудын талаар ногоон байгууламжийн усалгаа хариуцсан ажилтан н.Болдоос тодруулахад “Бид ногоон байгууламжуудаа өдөр бүр усалдаг. Цэцэрлэгт хүрээлэнгийн талбайг зүлэгжүүлж, нөхөн сэргээх тодорхой төлөвлөгөө ч бий. Тэр хэсгийг зүлэгжүүлээгүй байгаа. Бид өдий хүртэл зүлэгжүүлсэн 55 га талбайн ногоон байгууламжид санаа тавьж байна” гэсэн юм. “Зүлгэн дээгүүр явахыг хориглоно, торгоно” гэсэн бичигтэй пайз энд тэндгүй таарах боловч үүнийг хянаж, анхаарч байгаа хүн алга. Багачууд дугуйтай сүнгэнэж, залхуу томчууд хүрэх газраа товчлон зүлгэн дундуур туучиж харагдав.

“Цэцэрлэгт хүрээлэнд яах гэж очдог вэ” гэсэн асуултад цөөнгүй иргэн “Амар тайван орчинд чөлөөт цагаа өнгөрөөж, тайвширч, хүүхдүүдээ салхилуулах гэж” хэмээн хариулсан. Гэтэл тэдний хүсэж буй орчныг худалдаа эрхлэгчид үгүй хийсээр байна.

Үдээс хойш хаалгаар оров уу, үгүй юү, шорлогны үнэр хамар сэтлэх шахаж, усан оргилуурын дэргэд хөгжим хангинаж, наймаачид орилолдох нь чихэнд чийртэй. Бүх үйлчилгээг нэг дор төвлөрүүлэх нь чухал ч ийм замбараагүй, зохион байгуулалтгүй байж хэрхэвч таарахгүй. Цэцэрлэгт хүрээлэнгийн “ангуучид” 14.00 цагаас эхлэн ирсээр үдэш болоход бүр ч олуулаа болдог аж. Харсан бүхнээ авах гэж зүтгэн, эцэг эхээ хашраадаг багачууд тэднийг тэжээдэг гэхэд хилсдэхгүй болов уу. Тийм учраас худалдаа эрхлэгчдийг ангуучид гэж нэрлэдэг аж.

Бяцхан охиноо салхилуулангаа, найзтайгаа болзож сууна гэх Солонго “Энэ газарт нийслэлчүүд төдийгүй жуулчид их ирдэг учраас замбараагүй худалдаа эрхлэх зохимжгүй. Гар дээрээс худалдаа хийдэг хүмүүс төвлөрсөн энэ (үүд орчим) хэсгийг тохижуулж, зохион байгуулах хэрэгтэй” гэсэн бол түүний найз Нандиа “Хоол, хүнсний үнэ зах болон худалдааны төвийнхөөс зөрүүтэй биш ч тоглоомын үйлчилгээнүүд нь арай үнэтэй юм. Удирдлагатай машин гурван минут унуулахад 5000, таван минут нь 10 мянга гэж байна лээ” гэв.

Тэнд худалдаа эрхлэгч эмэгтэйн хэлснээр өдөрт хамгийн багадаа 50 мянган төгрөг олдог аж. Гэхдээ энэ нь жирийн өдрүүдийнх. Баяр ёслолын үеэр хэд дахин их ашиг олдгоо тэрбээр нуугаагүй. Хамгийн сайн зарагддаг бараа нь усан буу, сэнс, машин гэсэн.

Цэцэрлэгт хүрээлэнд хамгийн эрэлттэй үйлчилгээ үзүүлдэг газар нь “Green bike” аж. Хүүхэд хөгшидгүй л тэнд дугаарлан зогссон харагдана. Үйлчлүүлэгчээр тасардаггүй, байнга хөлд дарагддаг учир тасалбар түгээгчид ээлжээр ажилладаг аж. Үнэ ханш, үйлчилгээнд нь иргэд онц дүн тавив. Дугуйны төрлөөс хамаараад зориулалтын замаар нэг тойрог (3.5 км) явах үнэ нь өөр аж. Тухайлбал, саравчтай, дөрвөн хүний суудалтай дугуй 7000, хоёр хүний суудалтай нь 5000, хоёр хүний суудалтай, цуваа дугуй 3000, дан нь 1000 төгрөг аж.

Хөлбөмбөг, теннис, сагсан бөмбөгийн талбай, хийлсэн гулсуур, усан завь, морин тойруулга, савлуур, байт харваа гээд амрагч, зугаалагчид чөлөөт цагаа өнгөрөөхөд зориулсан төрөл бүрийн үйлчилгээ энд “цэцэглэжээ”. Гэвч түүнээс ч чухал зарим зүйлс үгүйлэгдэж буйг иргэд хэлж байв. Тэр нь сүүдрэвч. Гэр бүлийнхэн, найз нөхөдтэйгөө сууж хөөрөлдөх, бүгчим халуунд нарнаас хамгаалах бамбай нь болох сүүдрэвч ганц хоёрхон байгаа нь үнэхээр дутагдалтай санагдав.

Иргэд шүхэр эсвэл өмсөж яваа хувцсаараа халхавч хийж, энд тэндхийн булан тохойн сүүдэрт хоргодох нь өрөвдөлтэй. “Цэцэрлэгт хүрээлэнгийн сандалнуудыг бүгдийг нь биш юм гэхэд ядаж талыг нь нарнаас хамгаалагчтай болгочихвол олон хүн талархах байх” гэж иргэн Н.Болдбаатар хэлэв. Тэрбээр “Чонын элч” хөшөөний орчимд байгаатай адил саравчнууд олноор байгуулах хэрэгтэй. Хурц нартай үед настнууд болон бага насны хүүхдүүд нарших аюултай гэсэн юм.

Нэг сая гаруй хүн амтай, метрополис гэх тодотголтой манай хот нийтийн бие засах газраа ч бүрэн, соёлч боловсноор шийдэж чадаагүй гэхэд хилсдэхгүй. Энэ асуудал тус хүрээлэнг ч тойрсонгүй. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд таван жорлон бий, уг нь. Тэдгээр нь дотроо эрэгтэй, эмэгтэйчүүдийнх гэсэн ангилалтай. Жирийн өдрүүдэд тэр бүр асуудал үүсдэггүй ч баяр ёслолын үеэр иргэдийг нэлээд бухимдуулдаг гол асуудлуудын нэг нь бие засах газар болдог гэнэ.

Хүүхдээ бие засуулахаар дугаарлан зогссон залуу ээж “Энд нярай болон бага насны хүүхэд их ирдэг. Гэтэл тэдэнд зориулсан үйлчилгээ ер алга. Гадаадын нисэх онгоцны буудал, галт тэрэг, метро, дэлгүүр, зоогийн газар, кино театр гээд бүхий л газарт эх хүүхдийн өрөө байдаг. Тэнд хүүхэд хуурайлж, живх солиход зориулсан тавцан, буйдан, сандал бий. Манайд ч тийм үйлчилгээ шаардлагатай байна” хэмээв.

Нийслэл хотын маань амин цэг болсон тус газарт өдөрт дунджаар 400 иргэн зочилдог гэсэн. Тэдний төлөөлөл болсон цөөн иргэнтэй уулзахад олон бэрхшээл ярьж, цэцэглэх ёсгүй зүйлс хөгжиж буйд харамсаж буйгаа илэрхийлсэн нь энэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.