Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Д.Хаянхярваа: Төрийн албаны шалгуур хангасан хүмүүст ямар ч айдас байх ёсгүй

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваатай ярилцлаа.

-Тодорхой хэдхэн асуудал хэлэлцдэг анхдугаар чуулган өндөрлөлөө. Үр дүнг нь та хэрхэн харж байна вэ. Мэргэжлийн Засгийн газар байгуулах амлалтдаа хүрсэн гэж бодож байна уу?

-Анхдугаар чуулган үүргээ сайн биелүүлсэн. Үе үеийн Засгийн газруудаас хамгийн богино хугацаанд Засгийн газар болон УИХ-ын бүтцийн байгууллагуудаа бий болгосон. Өөрөөр хэлбэл, хуулийн хүрээнд богино хугацаанд ажлаа амжууллаа. Мэргэжлийн Засгийн газар байгуулах тухайд сайн, муу олон янзын мэдээ, мэдээлэл гарч байсан. Ер нь ямар ч зүйлийг сайн, муу зүйлс дагадаг. Хүн бүхэнд таалагдах албагүй.

Гурван сая хүний санаанд нийцсэн сонгодог хүн олж тавина гэвэл боломжгүй. Бид “мэргэжлийн” гэсэн ойлголтыг хэт туйлширч авч үзээд байна уу даа гэж бодсон. Эрүүл мэндийн салбарыг заавал эмч л авч явах ёстой, боловсролын салбарыг багш л удирдах ёстой гэх байдлаар хандаад байна. Энэ бүхэн чухал шалгуур үзүүлэлт мөн. Гэхдээ сайд нь чадварлаг менежер байх ёстой.

Сайд нь сайн баг бүрдүүлж, салбарынхаа үйл ажиллагааг зөв чиглүүлж чаддаг байх нь чухал. Ингээд баг ажлаа хийж чаддаг болсон тохиолдолд сайд солигдох, эсэх нь сонин биш болно. Үүнийг л мэргэжлийн Засгийн газар гэж хэлнэ. Манай сайд нар мэргэжил, боловсрол, ажлын туршлага, олон түмний дунд танигдсан байдал гээд аль ч талаараа гоочлоод байх зүйлгүй.

Мэргэжлийнхээ чиглэлээр бизнес хийгээд явж байсан хүмүүс нь улстөрчийнхөө хувьд танигдаагүй байхыг үгүйсгэхгүй. Тэдний хэн болохыг цаг хугацаа харуулна. Засгийн газрын баг, бүрэлдэхүүнд итгэлтэй байна. Засгийн газар эдийн засгийн нөхцөл байдлын талаар ард түмэндээ ойрын хугацаанд тодорхой мэдээлэл өгч, хэрхэн ажиллахаа хэлэх байх. Анхны арга хэмжээнүүдээ ч авч хэрэгжүүлээд эхэлнэ.

-Сайд, дэд сайдаасаа авахуулаад удирдах албан тушаалтнуудаа томилж байна. Үүний цаана төрийн албыг бужигнуулах вий гэсэн айдас байгаа. Ингэхдээ МАН-ынхан өс авах байдлаар хандах вий гэж болгоомжилж байна. Төрийн албыг тогтвортой болгоход үйл ажиллагаа болон бодлогын хувьд ямар арга хэмжээ авах ёстой юм бэ?

-Төрийн албыг тогтвортой байлгахын тулд хууль, эрх зүйн орчноо чангатгах хэрэгтэй юм билээ. АН-ынхан төрийн албыг тогтвортой байлгах талаар хуралдаан болгон дээр хэлж, анхааруулж байна. Гэхдээ Төрийн албаны тухай хууль зөрчиж байна, төрийн алба хаагчдыг хоморголон халах гэж байна гэх мэт мэдээлэл цацах нь илүүц юм. АН-ынханд төдийгүй нийгэмд ийм болгоомжлол байгаа нь үнэн.

Гэтэл бид яамдын тоог цөөлсөн. Зарим агентлагийн чиг үүргийг хувааж, өөрчилсөн учраас тодорхой хөдөлгөөн орох л байх. Мөн төрийн албаны одоогийн бүтэц, бүрэлдэхүүн, орон тоо нь эрх баригчдын зүгээс тавьж буй шалгуур, үзүүлэлтүүдэд нийцэж байна уу гэдэгт мониторинг хийх ёстой. Өөрөөр хэлбэл, 200 мянга орчим төрийн алба хаагчтай ажиллах ёстой юу, үүнээс цөөн тоогоор ажиллах боломж байна уу гэдэгт бодит судалгаа хийсний эцэст шийдвэр гаргах ёстой.

Түүнээс биш өнгөрсөн дөрвөн жилийнх шиг нэг сайд гарч ирэнгүүтээ аймгуудын Халамжийн газрын дарга нарыг бүгдийг нь сольчихдог шиг хандаж болохгүй. Ардын намын хүн бол цэвэрлэгч байсан ч халдаг байж болохгүй. Дорноговь аймгийн Засаг дарга Замын-Үүд сумын Засаг даргыг захирамж гарган огцруулаад, сейфийг нь эвдэн тамга тэмдгийг гартаа оруулсан л гэнэ.

Өнгөрсөн хугацаанд Дархан-Уул аймагт ч тийм зүйл тохиолдож байсан. Тухай бүрт нь хууль зөрчиж байгааг нь хэлж ирсэн. Төр ийм зүйл хийж болохгүй. Алдаагаа битгий давтаарай гэдгийг Засгийн газар 100 хувь бүрдсэн хуралдааны үеэр зориуд анхааруулсан нь үүнтэй холбоотой. Төрийн албан хаагчдын чадавх их муудсан. Үүнийг жирийн иргэдээс ч асуух хэрэгтэй. Үнэндээ сүүлийн хэдэн жил хэт их халаа, сэлгээ хийсэн.

Төрийн алба гудамжинд хийрхэж байсан хүмүүсийн нэгдэл байх ёсгүй. Тодорхой шат, дамжлагаар явж байж, төрийн албанд мэргэшсэн хүмүүс ажиллаж гэмээнэ засаг, төрийн ажил сайн байна. Хуулийн дагуу ажилд ороод, үүний хүрээнд ажил, үүргээ гүйцэтгээд явж байгаа албан хаагчдад ямар ч айдас байх ёсгүй. Харин хууль бусаар орсон, ажлаа мэддэггүй, мэргэжлийн бус хүмүүст тодорхой түвшинд анхаарал хандуулах ёстой гэж бодож байна.

-Төрийн албыг мэргэшсэн, тунгалаг болгох зарчмын шийдэл гаргахын тулд УИХ-аас юу хийх ёстой вэ. Одоо та бүхэн Үндсэн хуулийг дангаараа өөрчлөх эрхтэй болсон шүү дээ.

-Энэ дөрвөн жилийн хугацаанд Төрийн албаны хуулийг боловсронгуй болгох чиглэлд маш сайн ажиллах ёстой. Төрийн албанд ордог, халагддаг, түүнд тавигддаг шалгуур үзүүлэлтийг өндөрсгөх ёстой. Бид мерит системийн талаар байнга ярьдаг. Цүнх барьж гүйж байгаад төрийн албанд орчихдог, ажлын туршлагагүй хүмүүс нь дарга болдог тогтолцоо Монгол төрийн албыг баллаж байгаа.

Одоо бид үүнд цэг тавихын тулд хуулийг нь маш чанга болгох хэрэгтэй. Төрийн албанаас үндэслэлгүйгээр халж сольсон тохиолдолд тус шийдвэрийг гаргасан албан тушаалтанд тооцох хариуцлагыг өндөржүүлж, ажлаас чөлөөлөх хүртэл арга хэмжээ авах ёстой. Ингэхгүй бол сонгуулиас сонгуулийн хооронд ийм айдас байсаар л байх болно.

-Саяхан Засгийн газрын хуралдаанд Сангийн сайд улс орны эдийн засгийн нөхцөлийн талаар хаалттай мэдээлэл хийсэн. Зарим хүмүүс эдийн засгийн байдал төсөөлснөөс ч хүндэрсэн гэдгийг ярьж байна. Энэ тухайд та юу хэлэх вэ?

-Манай эдийн засгийн байдал маш хүндэрсэн гэдэгтэй санал нэг байгаа. Хаалттай мэдээлэл хийсэн гэсэн. Улмаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хандахаар болсон гэж сонссон. Ер нь эдийн засгийнхаа бодит байдлыг ний нуугүй, ямар нэг улс төргүйгээр тодорхойлж, нууцлах шаардлагагүйг нь ил гаргаж, хуулиар хориглосныг хаалттай байлгах цаг болсон.

Эдийн засгаа богино хугацаанд яаж сайжруулах тухай биш, уналтыг зогсоож, хямралт байдлыг саармагжуулах арга хэмжээ нь юу байх вэ гэдэг талаар ярих ёстой. Сонгуулийн үеэр буюу тав, зургадугаар сард тухайн үеийн эрх баригчид арай дэндүү дураараа авирласан. Монгол хууль, дүрэмтэй орон л бол засаг төрд ажиллаж байсан хүмүүс хариуцлага хүлээх ёстой.

УИХ-аар батлуулалгүйгээр маш их хэмжээний хөрөнгө цацсан. Нөгөө талаас ажлаа өгөөд явчихсан нөхдийн араас улс орон дампуурчихаж, тэд болохоо байлгачихаж гэж сүржин орилж, элдвээр дуудаад байх нь чухал биш. Одоо үүссэн нөхцөл байдлаас яаж гарах вэ гэдгийг анхаарлын төвд аваачих ёстой. Энэ бол нэг компани, хувь хүн бус, бүтэн улсын хувь заяатай холбоотой хэрэг. Засаж залруулах чиглэлд улс төрийн бүх хүчин, бизнесийнхэн, Монголын иргэд санал бодлоо нэгтгэн зорилго тавьж, нэгдмэл бодлогод хүрэх ёстой. Ингэж чадвал бид эдийн засгаа өөд нь татаж чадна.

-Удахгүй ээлжит бус чуулган зарлаж, төсвөө тодотгоно. УИХ-ын зүгээс тодотголын хүрээнд ямар нэг чиглэл Засгийн газарт өгсөн үү?

-Сангийн яамныхан богино хугацаанд төсвийн тодотголыг оруулж ирэх байх. Энэ сарын 20-д, эсвэл дараа сарын эхээр ээлжит бус чуулган хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөр, төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэх байх. Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төсвийн хүрээний мэдэгдэл зэрэг төсвийн жилийн эхний хагаст, хаврын чуулганаар хэлэлцдэг зүйлийг батлалгүй орхисон нь түүхэндээ анх удаагийнх.

-АН-ын зовлон МАН-ынх боллоо. Эрх баригчид хүч түрэмгийлэн шийдвэр гаргаж байна гэх шүүмжлэлийг АН-ынхан хэлж байна.

-Сөрөг хүчин гэхээр заавал сөрөг зүйл ярьдаг байх ёстой гэж ойлгож болохгүй. Сөрөг хүчний бухимдлыг ойлгож байгаа. Бид хүч түрээгүй. Харин ч олонхын зүгээс цөөнхөд давуу эрх олгож байгаа. Тухайлбал, Байнгын хороонд гишүүдийг хуваарилахдаа Ардын намынхныг хоёр Байнгын хороонд хамааруулсан бол бид бие даагч болон бусад намын гишүүдийг тус бүр гурван Байнгын хороонд оруулсан.

Хэт цөөн болсон хүмүүсийг аль болох олон Байнгын хороонд хамруулах нь зүйтэй гэж үзсэн. Дэд хорооны бүрэлдэхүүнийг Байнгын хороодын хуралдаанаар шийдсэн. Түүнээс биш хэн нэгнийг тухайлан хасаж, хяссан зүйл огт байхгүй. 30 минутын завсарлага өгсөн гэж АН-ынхан шүүмжилж байгаа. Хуулиар заасан хугацаанд багтаан хэлэлцэх ёстой асуудлаар хурал даргалагч завсарлага өгөх, эсэхийг шийддэг.

Уг заалтыг одоогийн сөрөг хүчин эрх барьж байхдаа оруулсан. бий болгосон. Эрх баригчид өөрсдөдөө зориулж хууль гаргах тусам дараа нь гай болох вий гэдгийг бид тухайн үед бид сануулж байсан. Бид эрх барьж, цөөнх ч болж үзсэн учраас алдааг нь засах гэж оролдож байгаа. Цаашид сөрөг хүчний зүгээс гаргаж байгаа санал, шүүмжлэл бүрийг сонсож, хамтран ажиллана.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “Д.Хаянхярваа: Төрийн албаны шалгуур хангасан хүмүүст ямар ч айдас байх ёсгүй

  • ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫГ АТТЕСТАТЧИЛЖ, ТЭНЦЭХГҮЙ ХҮМҮҮСИЙГ ХАЛАХ ХЭРЭГТЭЙ. ОДОО ТӨРИЙН АЛБАНД АЖИЛЛАЖ БАЙГАА ХҮМҮҮС ДОТОР АЖЛАА МЭДЭХГҮЙ, ОРОН ТОО БӨГЛӨСӨН ” АМЬТАС” ОЛОН БАЙГАА ТАЛААР ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД ӨӨРСДӨӨ ИЛЭН ДАЛАНГҮЙ ЯРЬЖ БАЙНА ШҮҮ

  • жишээ says:

    АН намын үед орсон албан хаагчид бол ямар ч ёс зүйгүй, мэдлэггүй, чадваргүй, хэцүү улсууд байдаг ядаж байхад тэр Эрдэнэвангийн хошууныхан бол тэр аяараа хийдэлгүй дэмий сэлгүүцдэг улсууд бурхан мнь

  • САЯ ГАДААД ЯАМ АСЕМД ХЭДЭН ХҮҮХЭД ӨДӨР ШӨНӨГҮЙ ЦАЛИНГҮЙ ШАХУУ АЖИЛЛУУЛААД ЯАМАНДАА 14 ИЙГ НЬ АВААД МАРГААШ НЬ БҮГДИЙГ НЬ ХАЛСАН МАШ САЙН БЭЛТГЭГДСЭН САЙН БОЛОВСРОЛТОЙ ХҮҮХДҮҮД МОНГОЛЫН ИРЭЭДҮЙДЭЭ ИНГЭЖ ХАНДАЖ БОЛОХГҮЙ Ш ДЭЭ МӨНХ ОРГИЛ САЙДАА… БАЙГУУЛГА АВСАН БАЙХАД ШИНЭ САЙД ОЧООД ӨӨРЧИЛДӨГ НАМ ХАМААГҮЙ ХЭДЭН ХҮҮХЭД АМЬДРАЛЫН ЗАМД НЬ ХАР ТОЛБО БОЛЖ ҮЛДЛЭЭ ЧИ ЭРГЭЭД ЭДНЭЭС ӨРШӨӨЛ ГУЙХ ЦАГ ЧИНЬ ИРНЭЭ