Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

А.Чадраабал: Өөрийгөө дайчилж, “шүүсээ шахсан” хүн зорилгодоо хүрдэг

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд очоод, цаг хугацааны машинаар аялав. Ертөнц үүсэн бүрэлдсэн дөрвөн тэрбум, хүн дүрст бичний тархинд оюун ухааны “гал ассан” таван сая, Монгол нутагт хүн анх суурьшсан 800 мянган жилийн тэртээд саатав.

Түүхийн он цагуудаар аялах үнэгүй тасалбар бэлэглэсэн хүн бол Монголын урчуудын эвлэлийн шагналт зураач А.Чадраабал. Сүүлийн 10-аад жил буур, бухтай “ноцолдсон” хэмээн өөрийгөө илэрхийлсэн тэрбээр энэ удаа арай өөр зүйл мэдрүүлэхийг хүсэж, түүхэн сэдэвт бүтээлүүд урлажээ. Орчин үеийн урлагийн төрөл болох инстоляц болон бэхэн зургуудаас бүрдсэн 19 дэх удаагийн үзэсгэлэнгээ дэлгээд буй түүнтэй ярилцлаа.

-Инстоляц төрлийн бүтээлүүд өвөрмөц санагдлаа. Яагаад энэ төрөлд хүч үзэх болов?

-Энэ удаагийнх өмнөх үзэсгэлэнгүүдээс нэлээд өвөрмөц, шинэлэг болсон. Чадраабал гэдэг хүнийг өөр өнцгөөс харуулахыг зорьж, шинэ арга барилаар бүтээлүүдээ туурвисан учраас тэр. Уламжлалт болон орчин үеийн урлагийг хүмүүс хоёр өөр зүйл мэт ялгаж ярьдгийг би хүлээн зөвшөөрдөггүй.

Орчин үеийнх гээд буй, эд юмсыг өрж байрлуулах урлаг (инстоляц) шинэ зүйл биш. Энэ нь эртний монголчуудын нүүдлийн соёлоос үүдэлтэй. Монголчууд гэр барихдаа бүрдэл хэсгүүдийг нь тодорхой дэс дарааллын дагуу, өрж байршуулдаг. Инстоляц үүнээс эхлэлтэй гэж үздэг. Нүүдлийн соёл гэдэг нэг газраас нөгөөд шилжих хөдөлгөөн төдий зүйл биш гэдгийг ойлгуулах зорилготой.

-Ихэнх бүтээлдээ монгол домог зүйн амин сүнс өнгө, дүрс, тооны бэлгэдэл шигтгэж, модны үндэс ашиглажээ. Энэ ямар учиртай юм бэ?

-Манай уран бүтээлчид сүүлийн жилүүдэд инстоляц төрлөөр түлхүү бүтээл хийх болж. Даяарчлагдаж буй энэ үед бусад орны урлаг соёлд хүндэтгэлтэй хандаж, суралцах нь давуу талтай ч жижиг, буурай улсын

соёл устаж, бүдгэрэх аюултай. Энэ “цунамид” өртөхөөс сэргийлж, хариу цохилт өгөх үүднээс үзэсгэлэнгээ дэлгэлээ. Утга учир, бэлгэдэлгүй зүйл үгүй учир домог зүйн сэтгэлгээ ашигласан. Бид сансар огторгуй, гариг ертөнцийн тухай өргөн мэдлэгтэй хэрнээ хүний үүслийн талаар төдийлөн мэддэггүй юм билээ.

Үндэстэн, угсаа гарал гэдэг ухагдахууныг бүрэн ухаж ойлгохын тулд модны үндсийг зайлшгүй судлах хэрэгтэй болдог. Өөрөөр хэлбэл, модны үндэс судлахгүйгээр хүний үндэс угсааг ойлгохгүй. Тийм учраас модны үндэс ашиглан хүн төрөлхтөн, ертөнцийн үүслийг харуулахыг зорьсон. Миний бүтээлүүд өнгөрсөн рүү буюу өчигдөр рүү өнгийсөн. Өчигдрийг ойлгож ухаарсан цагт өнөөдөр, маргаашийн тухай ярьдаг учраас тэр.

-Бэхэн зураг юугаараа онцлог бол?

-Бэхэн зураг Азийн үндэсний урлаг. Хэдэн мянган жилийн түүхтэй, маш том соёл. Чингис хаан XIII зууны үед солонгосчуудтай дипломат харилцаа тогтоож, бараа таваар солилцож эхэлсэн үеэс муутуу цаас, бэх, бийр янтай Монголд анх нэвтэрч, бэхэн зураг зурж эхэлсэн. Өдгөө Ватиканы сүмд хадгалагдаж буй, Гүег хааны муутуу цаасан дээр бэхээр бичсэн захидал үүнийг нотолдог.

Бэхийг байгалийн эрдэс чулуунаас гаргаж авдаг онцлогтой. Би бэхээ найруулахдаа булаг, шанд, рашааны ус ашигласан. Мөн эх орныхоо хөрсөнд ургасан цэцэг, навч, ургамлуудыг хандалж бэхтэй хольсон нь өвөрмөц болсон.

-Нэлээд судалгаа хийсэн бололтой. Хэр удаан дуншиж төрсөн бүтээлүүд вэ?

-Эдгээрийг бүтээхийн тулд гурван жил бодож, судалсан. Модныхоо үндсүүдийг Монгол орныхоо говь, хангай, хээр нутгаар явж цуглуулсан даа.

-Таны бүтээлүүд хүмүүсийг өнгөрсөн рүү аялах боломж олгож байна. Хэрэв танд тийм боломж олдвол аль цаг үед саатаж, юу үзэж харахыг хүсэх вэ?

-Монголын түүхийн хамгийн сонирхолтой үе гэгддэг XIII зуунд очиж, хааныг ойроос харахыг хүсэж байна. Эзэн Чингис хаан төр улсаа хэрхэн төвхнүүлж, дайтаж явсан нь надад сонин биш. Харин бусадтай хэрхэн харилцаж, оюун санаанд нь нөлөөлж байсныг нь хармаар байна. Чингис хаан ард олон, цэрэг дайчид, албатуудынхаа сэтгэлийг эзэмдэж, хажуудаа барьж тогтоож байсан гэдэг.

-Шинэ бүтээлийн санаа олох, түүнийгээ амьдруулах хоёрын аль нь хэцүү вэ?

-Бодож олсноо боловсруулах хамгийн хэцүү. Сайтар бодож тунгааж, боловсруулснаа буулгахад амархан.

-Орчин үеийн урлагийн хөгжлийн хурдыг үзэгчид гүйцэхгүй байна гэж нэгэн зураач хэлсэн. Та үүнтэй санал нийлэх үү. Ер нь бид хаана явна вэ?

-Манайхан харийн соёлыг шүтэх үзэлд автчихсан. Гадаад гэсэн юм бүхнийг гоё гэж боддог. Бид сүүлийн 10-аад жил солонгос киногоор бөмбөгдүүллээ. Үүний “гавьяагаар” залуучуудын үйл хөдлөл, биеэ авч явж буй байдал нэг л биш болчихсон нь анзаарагдаж байна. Тэд үндэсний соёл, өв уламжлалаа хуучин, хоцрогдсон зүйл гэж ад үздэг болж. Энэ бол үнэхээр гутамшиг.

Мөнгөтэй, бэл бэнчинтэй эрхмүүдийг гадаадаас урьж авчраад, хөл алдаж гүйгээд л. Үлгэр жишээ, алдартай хүнийг урих гээд байгаа юм бол соёл судлаач, эрдэмтдийг авчраад монгол залуучуудад лекц уншуулж болно шүү дээ. Түүх соёлыг минь биднээс илүү судалчихсан монголч эрдэмтэн өчнөөн байна. ОХУ-ын ерөнхийлөгч Путин “Татар Монголын түүхийг одоо үнэн бодитоор нь бич гээд” зарлигдчихсан.

Их гүрэн хүртэл Монголын түүхэнд хүндэтгэлтэй хандаж байхад бид харийг шүтэхээ болих хэрэгтэй. Ялангуяа залуучууд. Урлагийг ойлгож, хүлээж авах боловсролын түвшин муу гэдэгтэй би санал нийлнэ.

-Ямар нэгэн зүйлийг шинээр санаачилж хийх сайхан ч тэр хэрээр эрсдэлтэй юм шиг. “Бусад хүн хэрхэн хүлээж авах бол” гэж эмээх үе байдаг уу. Энэ удаагийн үзэсгэлэнг хүмүүс хэрхэн хүлээж авав?

-Миний бүтээл хэн нэгэнд таалагдахгүй байх вий гэж айдаггүй. Айх зүйл ч биш. Бид бүтээлээ маргаашийн үзэгчдэд зориулдаг.

-Өдий хүртэл гаргасан үзэсгэлэнгүүдээрээ 19 өөр Чадраабалыг нээж харуулсан байх. Энэ эрэл хэдий хүртэл үргэлжлэх бол?

-Энэ орчлонгоос явтлаа сурч, боловсорно гэж боддог. Уран бүтээлч хүн “Би бүгдийг сурчихлаа, одоо болсон” гэж цээжээ дэлдвэл өөрийгөө хөнөөж буйгаас ялгаагүй. Илүү сайхныг бүтээхийн төлөө насан туршдаа тэмцэх хэрэгтэй.

-Таны аав зураач. Энэ үзэсгэлэнг үзээд үнэлгээ өгсөн байх. Ямар дүн тавьсан бэ?

-Бид хоёрыг эцэг, хүү гэхээс илүү уран бүтээлийн найзууд гэвэл тохирно. Би бүтээлээ хийж байхдаа аавдаа үзүүлдэггүй, үзэсгэлэн дэлгэхэд л хардаг. Аав миний үзэсгэлэнг үзчихээд заавал нэг зүйл хэлдэг. Энэ удаа ч шүүмжилж, дүн тавьсан. Ер нь тоогдох гээд байгаа шүү (инээв).

-Тэгвэл та өөрийгөө хэр их тоодог вэ?

-Уран бүтээлчид бодит болон хийсвэр ертөнцөд амьдардаг. Тийм болохоор жирийн хүмүүсээс өөр байдаг. Зарим нь биднийг гаж, этгээд, хэвийн бус гэдэг. Үүнд насны онцлог нөлөөлдөг юм шиг. 35 хүртэлх насанд магтаал сайшаалын үгэнд оодорч, биеэ тоох нь их. Би ч үүнийг тойроогүй, дайрсан. 40 нас хүрэхээр аливааг өөрөөр харж, хүлээцтэй хандан, “би хэн бэ” гэдгээ ухамсарладаг.

-“Болохгүй, бүтэхгүй байна” гэж шүүмжилж, аливааг хараар буддаг хүн олширсон. Та ер нь хэр өөдрөг хүн бэ?

-Асуудал бэрхшээл их ярьдаг хүмүүс оюун санааны мухардалд орчихсон, залхуучууд байдаг. Тэд буруугаа бусдад нялзааж, өөрийгөө хамгаалдаг. Хүн өөрийгөө дайчилж, “шүүсээ шахаж”, эцсийн мөч хүртэл тэмцэх хэрэгтэй. Тэгвэл зорилгодоо хүрнэ. “Би хүрэх ёстой газартаа заавал очно” гэдэг ганц том зорилго тавих хэрэгтэй. Сэтгэл хүрсэн зүйлд бие хүрдэг л юм. Орчлонд түр ирчихээд муу муухай зүйл бага хийж, сайханд тэмүүлэх хэрэгтэй.

-Та юунаас эрч хүч авч, өөрийгөө цэнэглэдэг вэ?

-Намайг эрч хүчтэй болгодог зүйл бол Монголын түүх, төрж өссөн нутаг болох Богд Дүнжингарав уул. Байгалийн хүч уран бүтээлч хүнийг ямагт хөөргөж, дэвэргэж, огшоож байдаг.

-Тэгвэл та өөрийгөө байгалийн үзэгдэлтэй зүйрлэвэл?

-Байгалийн үзэгдэл гэхээс илүү энэ удаагийн үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүдийн санаа намайг тодотгох болов уу.

-Орчин үеийн шүүмж хэр түвшинд хөгжиж байна вэ. Таны бүтээлийг судлаач шүүмжлэгчид хэрхэн үнэлж дүгнэв?

-Энэ асуудал дүрслэх урлагийн салбарт мартагдчихаад буй. Урлаг судлаачаар эрдмийн зэрэг хамгаалсан хүн манайд 10 гаруй бий ч энэ чиглэлээр тууштай бичиж буй нь тун цөөн. Миний үзэсгэлэнд нэг ч урлаг судлаач ирээгүй. Энэ бол эмгэнэл.

Чадраабал гэдэг уран бүтээлчид дургүй, хүндэлдэггүй байж болох ч хийсэн зүйлийг нь үнэлж, дүгнэх хэрэгтэй. Уг нь шүүмжлэгчид хэн гэдэг зураачийн, ямар үзэсгэлэн байхаас хамаарахгүй бүгдэд нь очих ёстой. Хатуухан хэлэхэд Монголын дүрслэх урлаг, судлал шүүмж хүнд байдалд байна.

-Үүнээс гарахын тулд юу хийх ёстой вэ?

-Хуучнаа үгүйсгэлгүй, харин ч тодруулж, төр, засаг соёлын бодлогодоо анхаарах ёстой. Дүрслэх урлагийн ууган байгууллага болох Монголын урчуудын эвлэл төр, засагтайгаа уялдаатай ажиллах ёстой байтал сүүлийн жилүүдэд холдож, хөндийрсөн.

Өмнө нь Урчуудын эвлэлийн дарга Соёлын сайдын зөвлөх байхад уялдаатай ажиллаж байсан. Ядаж Урчуудын эвлэл, Монголын уран зургийн галерей хамтран ажиллах хэрэгтэй. Тэгж байж үндэсний соёл урлаг, өв уламжлалаа хамгаалан үлдэнэ . 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.