Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Мандухай” циркийнхэн Монголдоо ирлээ

Циркийн урлагийн агуу, сайхныг мэдэрч өссөн ард түмэн бол яах аргагүй монголчууд. 70 жилийн түүхтэй Монголын цирк өдгөө хүнд хэцүү нөхцөлд, үйл ажиллагаа нь хагас зогсонги байгаа ч цэнхэр дээвэртэй ордноос төрөн гарсан олон жүжигчин өөрийн хэмжээнд энэхүү урлагаа авч явж байгаа билээ.

Олонх нь амьдрал, ажил хөөж гадаадад гарсан ч энэ л чиглэлээрээ эх орныхоо нэрийг харийн нутагт дуудуулсаар буй. Тэдний нэг бол Х.Эрдэнэчимэг. 1992 оноос хойш Америкт ажиллаж, амьдарч байгаа тэрбээр Хүчирхийллийн эсрэг төвийнхөнтэй хамтран хөдөөгийн иргэд болон Төв аймгийн Батсүмбэр суманд байрладаг Улсын асрамжийн төвд очиж, циркийн тоглолт сонирхуулахаар Монголдоо ирээд байна.

Тэрбээр өнгөрсөн жил цахим хуудсаар аялж байгаад тус төвийнхөнтэй холбоо тогтоож, хамтран ажиллах санал тавьснаар энэхүү арга хэмжээ хэрэгжиж байгаа юм. Уржигдар эх орондоо ирсэн түүнийг дагалдан Америкийн есөн жүжигчин иржээ. Тоглолтын бэлтгэлдээ шуурхайлан орсон түүнийг хэдхэн минут “олзлон” ярилцлаа.

-Эх орондоо хамгийн сүүлд хэзээ ирсэн бэ. Хэр их өөрчлөгдөж вэ?

-Би нутагтаа дөрвөн удаа ирсэн. Хамгийн сүүлд найман жилийн өмнө ирээд буцсанаас хойш нийслэл маань их өөрчлөгджээ. Өнгөц харахад их сайхан болж. Гэхдээ хүмүүсийн нүдний харцнаас амьдрал нь тийм ч сайнгүй байгаа нь илт мэдрэгдлээ. Ннүүрэнд нь инээмсэглэл огт тодрохгүй, хэцүү харагдаж байна.

 

-Энэ тоглолтыг санаачлагч нь таныг гэж сонссон. Яагаад заавал хүчирхийллийн эсрэг төвийнхнийг сонгосон юм бол?

-Би өөрөө бага залуудаа хүчир- хийлэлд автаж байсан юм. Тэгээд л нийгэм дэх хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаанд бага боловч нэмэр болохыг хүссэн. Миний саналыг тус байгууллагынхан их сайхан хүлээн авч, энэ арга хэмжээг зохион байгуулж байгаад талархсанаа илэрхийлье.

-Тоглолтод ямар үзүүлбэр багтсан бэ?

-Бид Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Төв аймгийн зарим сумаар 12 хоногийн турш 20 удаагийн тоглолт хийхээр төлөвлөсөн. Хотод ирээд энэ сарын 27-нд улсын цирктээ нэг удаа тоглоно. Энэ тоглолтоос орсон орлогоо циркийн сургуульдаа хандивлана. Учир нь ажил, амьдралын гараагаа би энэ л сургуулиас эхэлсэн. Тэгэхээр сургуулийнхаа 70 жилийн ойд зориулж буй миний бэлэг. Орон нутгаар явахдаа тайзны буюу хөлөөр шидэгч, жонглёр, цагариг, үсрэлттэй акробат, дээс, алиалагч, уран нугаралт гэсэн үзүүлбэр бэлтгэсэн.

-Танай багийн жүжигчид дан- даа таны шавь гэсэн үү?

-Манай багийн бүрэлдэхүүнд багтсан есөн жүжигчин миний гарын шавь. Хообийндоо хөтлөгдөн циркийн урлагт хүч сорьж байгаа 21-24 насны залуучууд. Өөрөөр хэлбэл, хүсэл сонирхолдоо хөтлөгдөн манай “Мандухай” гэр бүлийн циркийн сургуульд сурч төгссөн юм. Эдний дунд барилгын компанийн мэргэжилтэн, хэл судлаач, анагаахын чиглэлээр сурч буй оюутан гээд олон янзын мэргэжилтэй хүн бий. Миний хүү болон нөхөр Эрон маань хамт ирсэн. Хүү тоглолтод оролцож байгаа.

-1992 оноос хойш Америкт ажиллах хугацаандаа ямар байгууллагад харьяалагддаг байв?

-Тэнд суурин амьдраад долоон жил болж байна. Үүнээс өмнө дэлхийд алдартай АНУ-ын “Ringling” циркт гэрээгээр ажиллаж, байнга л нүүж, аялан тоглодог байлаа. Сүүлийн хэдэн жил Миннисота мужид суурин амьдрангаа, тэндхийн циркт гэрээгээр ажиллаж, өөрийнхөө “Мандухай” цирк, сургуулиа авч явна даа.

-Эхний тоглолтын тов хаана вэ?

-Маргааш Төв аймгийн Батсүмбэр дэх Асрамжийн төв рүү хөдөлнө. Хөдөөгүүр явах унааны асуудлыг манай тал зохицуулж байгаа. Мөн бидний тоглолтыг зохион байгуулагчаар Монгол талаас Х.Ганболд ажиллаж байна. Бид циркийн сургуулийн нэг ангийнхан.

Ж.Эрдэнэцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.