Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Билгүүн: Гадаадад амьдрах нь миний зорилго биш

Туркт албан томилолт, аялал жуулчлалаар очсон хүмүүс нэгэн “турк” залуутай холбогдож, орчуулга хийлгэсэн тухайгаа ярьж ам уралдан магтдаг юм билээ. Түүнийг Э.Билгүүн гэдэг. Истанбулын их сургуулийг барилгын инженер мэргэжлээр төгссөн. Тэрбээр эх орондоо иржээ. Зун болгон л гэртээ амраад буцдаг байсан Билгүүн энэ удаа Монголдоо бүр ирсэн гэнэ. Хүний нутагт суурьшин амьдарч, тухлахгүйгээс хойш насны залууд, мэдсэн сурсан минь шинэ сэргэг дээр төрсөн нутагтаа ирж, өөрийн байр суурийг эзэлсэн нь дээр хэмээсэн түүнтэй ярилцлаа.

-Билгүүн Турк улстай хэрхэн холбогдсон талаар яриагаа эхэлье.

-Би долдугаар ангид ордог жилээ Монгол, Туркийн хамтарсан сургуульд элссэн. Түүнээс хойш энэ улстай холбогдсон гэж болно. Сургуулиа төгсөөд, гадаад оюутнуудын шалгалт өгөөд тэнцэж, Турк улсад сурахаар явсан. Тэнд барилгын инженерийн мэргэжил эзэмшсэн.

-27 нас бол хүн бүрийн хувьд жигдэрч, амжилтад хүрч, хүлээн зөвшөөрөгддөг үе биш. Зарим нэгний хувьд бүр хүүхэд шиг “тонгочдог” нас байж ч мэднэ. Тэгтэл та хилийн чанадад, тэр дундаа 20 гаруй сая хүн амтай Истанбул хотын даргад тоогдож, захиргаанд нь ажиллаж байсан. Энэ бол чамлахааргүй амжилт. Чухам яаж яваад тэр хотын захиргаанд ажиллах болов?

-Истанбул хотын захиргаанаас санал тавьсан юм. Монголтой харилцаа өргөжиж байгаагийн дээр олон янзын төслийн хүрээнд албаны хүмүүс ирэх учраас орчуулга хийхээс эхлээд зочид, төлөөлөгчдийг дагуулж явах ажилд хүн хүч хэрэгтэй байна гэсэн. Нэг үгээр, сүүлийн хагас жил гаруй хугацаанд тус хотын захиргааны томилгоогоор ажилласан. Ер нь Бат-Үүл даргын үед Улаанбаатар, Истанбул хотын харилцаа их өргөжиж, олон ажил хийсэн гэж ойлгодог шүү дээ.

-Дэлхийд гуравт эрэмбэлэгддэг том хотын Гадаад харилцааны хэлтэст ажиллаж байсан монгол хүн чамаас өөр байдаг уу?

-Ер нь надаас өөр монгол хүн өмнө нь ажиллаж байсан гэж сонсоогүй. Би тэнд орон тооны бус ажилтан байсан. Истанбулын захиргаа бол улсын байгууллага. Тиймээс улсынх нь харьяалалгүй гадаад хүн орон тооны ажилтан байх боломжгүй. Үүн дээр нэмээд хэлэхэд, Истанбулын захиргаанд намайг ажиллахаас өмнө Монголоос ирсэн албаныхныг манай Консулын газрынхан авч явдаг байсан юм билээ. Монгол Улсаас БНТУ-д суугаа Элчин сайд нийслэл Анкарад нь байдаг бол манай Консулын газар Истанбулд байрладаг юм.

-Тогооныхоо хэмжээгээр хоол нь хэмжигдэнэ. Тэгэхээр том газарт ажилласнаар багагүй туршлага хуримтлуулсан байх. Яагаад тэндээс гарах болов?

-Туршлага гэхээр овойсон их юм бодвол өрөөсгөл, ямар ч байсан тэнд ажилласнаар их зүйл сурсан. Монголоос ирсэн зочид, төлөөлөгчдийг Истанбул болон бусад хоттой, Туркийн түүхэн дурсгалуудтай танилцуулж, үзвэр үйлчилгээний газраар дагуулж явахын тулд тэр улсын түүх, өв соёлын талаар хангалттай мэддэг байх ёстой.

Энэ үүднээс өмнө нь үзэж, сурч байснаа сэргээхийн зэрэгцээ мэдлэг мэдээллээ улам өргөжүүлэн, нэмдэг юм билээ. Үүнээс гадна албаны хүмүүсийн хооронд орчуулга хийх нь мөн л мэдлэгээ дээшлүүлэх сайхан боломж.

Би Истанбул хотын захиргаанд үргэлжлүүлэн ажиллаад, тэнд амар сайхан амьдрах боломж байсан. Гэхдээ тийм амьдрал миний зорилго биш. Би монгол хүн. Хүний нутагт цаг алдахыг хүсээгүй. Тиймээс насны залууд нийгэмд өөрийн байр суурийг эзэлсэн нь дээр гэж бодсон учраас эх орондоо ирсэн. Ер нь гадаадад сурч, ажилладаг монголчууд хэзээ нэгэн цагт Монголоо бараадах нь ойлгомжтой. Гэхдээ өөрийн цаг үедээ биш, нас ахисан хойноо ирэх нь ямар юм бол доо гэж боддог.

-Ерөнхийлөгч маань гадаадад амьдарч, ажилладаг монголчуудаа эх орондоо ирэхийг уриалаад багагүй хугацаа өнгөрсөн. Тэр дуудлагаар нутагтаа ирсэн хүн цөөнгүй бий. Тэднээс эргээд явчихсан нь ч бас байгаа. Шалтгаан нь ажлын байр олдохгүй, амьдрах нөхцөл тааруу гэдэг. Та тийм зүйлээс битгий шантраарай гэж хэлэхийг хүссэн юм. Ирээд удаагүй байгаа ч ажил сураглав уу. Олдох янз байна уу.

-Өө, ирээд хоёр долоо ч хоноогүй байна. Гэхдээ ажлын байр сураглаж байгаа. Хувийн хэвшил, төрийн албанд гээд ер нь хаана ажиллах нь хамаагүй. Хамгийн гол нь барилгын инженерийн мэргэжлээрээ л явахыг хүсэж байна. Яг ингэнэ, тэгнэ гэж хэлэхэд одоо арай эрт. Юутай ч ажилтай болж, бас орон байрны асуудлаа шийднэ дээ.

-Яаж?

-Лизинг, зээл гээд залуучуудын жишгээр л явна. Би овойж оцойсон баян хүн биш. Бусдын л жишгээр сурч, төгссөн “муу оюутан” шүү дээ.

-Нээрэн Туркээс хэзээ ирлээ. Нөгөө айхтар үймээний үеэр тэнд байсан уу. Хөндлөнгөөс харахад тэр улс их түгшүүртэй мэт, дотор нь орохоор айх зүйлгүй, харин ч амар амгалан санагдсан шүү.

-Туркт амьдрахад түгшүүртэй юү гэж хүмүүс их асуудаг л даа. Хааяа энд тэнд дэлбэрэлт болдог нь үнэн ч, амьдрах аргагүй, эсвэл бүр аюултай гэж санагддаггүй шүү дээ. Таны хэлдгээр туркчүүд харин ч их гэр бүлсэг, дажгүй хүмүүс. Яг дотор нь орчихоор байдал арай өөр л дөө. Аав бол гэрийн багана, хамгийн хүчтэй тулах цэг байдаг. Ер нь гэр бүл нь их өнөр өтгөн. Нэг айл дунджаар дөрвөн хүүхэдтэй.

Хөдөө тосгонд бол ихэвчлэн 10 хүртэл хүүхэдтэй байдаг. Ямар сайндаа л айлын ганц гэхээр гайхаад, бас аав нь салсан гэвэл бүр эвэртэй туулай үзсэн мэт болдог. “Аавгүй айл яаж байдаг юм. Ганц хүүхдээ яаж гадаад руу явуулж чаддаг байна” гээд л гайхна.

Бүтээн байгуулалтын хувьд ч жинхэнэ утгаараа хөгжиж буй газар. Жишээ нь, барилгын салбараараа дэлхийд тэргүүлэгч байр суурьтай. Жилд ашиглалтад оруулдаг барилга, орон сууцны бүтээн байгуулалтаараа Хятадын дараа буюу хоёрт ордог юм билээ.

-Туркт олон жил амьдарсан хүний хувьд тэнд байгаа монголчуудын талаар “ба бэгүй” мэдэх нь гарцаагүй. Сураг сонсох нь ээ, манайхан ёстой хүнээ байсныг гэрчлэх олон хэрэг явдал гардаг гэсэн. Жишээ нь, бүсгүйчүүдээ зардаг, нэгнийхээ гэрийг “дэлбэлдэг”, зөвхөн хулгай хийж, бараагаа дамладаг “твиксчид” гээд муухай зүйл их сонссон. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?

-Манай Консулын мэдээллээр бол Туркт 3500-4000 хүн ажиллаж амьдардаг, тэднээс 100 орчим нь оюутан гэсэн. Тэндхийн монголчууд оюутан ба ажилладаг гэсэн хэсэгт хуваагддаг. Тэр хүрээгээрээ л нийлдэг гэж болно. Хууль бусаар амьдардаг хүмүүс оюутнуудтай тэр бүр нийлэхгүй. Тэд голдуу Истанбулын төв хэсгийн нэг, хоёр дүүрэгт төвлөрч амьдардгаас гадна тэр хавьдаа жижиг оёдлын үйлдвэрт ажилладаг. Бас баар, зоогийн газарт ажиллах нь ч бий.

Турк ажиллах хүч ихтэй, мөн шашин шүтлэг манайхаас тэс өөр улс. Дээрээс нь Сирийн хэдэн мянган дүрвэгч ороод ирсэн. Тиймээс гадаадын, тэр дундаа хууль бусаар оршин суугаа хүнд ажил бараг олдохгүй, хэцүү дээ. Тэгээд л хулгай хийх зэргээр буруу замаар орлого олдог байх. Францад суугаа Элчин сайд М.Батсайхан гуай “Монголчууд очсон газартаа цалингаараа хангалттай амьдарч чадахгүй л бол буруу замаар ордог” гэж байсан. Тэр бол үнэн.

Та түрүүн “твиксчид” гэсэн. Тэр бол хулгай хийдэг хүмүүсийг хэлж байгаа юм. Өндөр үнэтэй дэлгүүрээс брэндийн бараа хулгайлаад монголчууддаа зардаг хэсэг хүн байдаг. Тэр тухай Туркийн телевизээр хэдэн удаа гарсан. Бүр дэлгүүрийн камерт дүрс нь бичигдсэнийг хүртэл цацсан шүү дээ. Тэр талаар турк найз нар, ангийнхан маань жиг жуг хийсэн тал бий.

Сүүлийн гурван жилийн хугацаанд монгол “твиксчид” бүр найгаа алдсан гэж болно. Бас залуу бүсгүйчүүд бэлгийн дарамтад орох нь элбэг гэсэн. Ингээд ярихаар мууллаа гэх байх даа, турк эрчүүд жаахан хүүхэмсэг талдаа. Турк хүн бүр сайн сайхан байхгүй нь мэдээж, тэндхийн муу “гаруудтай” нийлсэн монголчууд нэгнийхээ гэрийг ухуулдаг гэж сонссон. Хараар амьдарч байгаа учраас тэд цагдаад хандаж чадахгүй, хэцүү л дээ. Гэхдээ би үүнийг баттай мэдэхгүй.

-“Монгол хүүхнүүд явдалтай, эрчүүд нь архичин” гэж туркчүүд ярьдаг гэсэн. Сэтгүүлч хүний чих үргэлж “дэлдэн” шүү дээ. Тэгвэл Туркт сурахаар төлөвлөж байгаа залуучууд, эцэг эхчүүдэд анхаарч, мэдэхэд илүүдэхгүй, санаа авмаар зүйлүүдийн талаар яриач?

-Ер нь хүүхдээ нэлээд биеэ даасных нь дараа гадаадад сургуульд явуулах хэрэгтэй гэж боддог. Ялангуяа төлөвшиж амжаагүй хүүхэд Монголоос тэс өөр амьдралын хэв маяг, шашинтай улсад очоод үзэл бодлын хувьд барьц алдах нь бий. Цаг үргэлж мусульман шашны тухай ярьж, сурталчилж байгаа орчинд тархи нь угаагдахгүй гэх баталгаа байхгүй. Тийм жишээ би мэднэ. Гэхдээ хүний шашин шүтлэгт үнэлэлт өгөх эрх надад байхгүй.

Үүнээс гадна мөнгө төгрөгөө хэрхэн зохицуулах тал дээр жаахан барьц алддаг. Засгийн газрын тэтгэлгээр явбал дутагдах гачигдах зүйлгүй, ая тухтай сурах боломжтой. Дотуур байр, хоол гээд бүгд үнэ төлбөргүй, дээрээс нь 550 мянга орчим төгрөгийн тэтгэлэг авчихна. Та хаанаас ийм их зүйл сонсдог байна аа. Энд нэг зүйлийг дурдахад, туркчүүд монгол хүнд их элгэмсүү ханддаг. Гарал угсаа нэгтэй гэж ярьдаг юм. Монгол бол манай өвөг дээдэс гэдэг.

-Туркчүүд монгол хүнд элгэмсүү гэсэн. Турк Түрэгээс тасраагүй, Монголтой гарваль нэгтэй гэдэгтэй санал нийлдэггүй түүхчид цөөнгүй бий.

-Үндэсний бахархлаа бий болгох, ард иргэдээ огшоож, бахархуулах түүх бичихийн тулд аливаа улс эртний агуу гүрнүүдийн түүхийг өөрт хамааруулах үзэл, бодлоготой байдаг. Дэндүү улстөржих гээд байна уу даа (инээв). Турк Түрэгийн удам гэж батлахаар маш их хөрөнгө хаяж байгаа.

-Билгүүний төгссөн Истанбулын их сургууль улсдаа тавд эрэмбэлэгддэг, нэр хүндтэй, шилдэг сургууль учраас өрсөлдөөн ихтэй гэсэн. Ер нь Туркт их, дээд сургууль төгсөж, дээд боловсрол эзэмших нь нэр төрийн хэрэг ч гэх юм билээ. Энэ тухай сонирхуулаач.

-Үнэхээр их, дээд сургуульд элсэх нь нэр төрийн хэрэг байдаг. Тэр хэрээр амьдралын баталгаа өндөр гэсэн үг. Манайд дээд боловсролтой хэрнээ худалдагч хийж байгаа хүн олон. Тэгвэл Туркт дээд боловсрол эзэмшсэн хүн тийм ажил хийнэ гэвэл санаанд нь бараг багтахгүй дээ.

Истанбулын их сургууль 1453 онд Османы эзэнт гүрний үед байгуулагдсан. Хагас зуунаас илүү настай сургуулийн элсэлтийн шалгалт асар өрсөлдөөнтэй. Ер нь жилд нэг сая гаруй хүн элсэлтийн ерөнхий шалгалт өгч, тэднээс хэдхэн мянга нь л тэнцдэг. Тиймээс шалгуур өндөр. Туркт сурахад харьцангуй тайван байж болно.

Бусад улсын оюутнуудтай харьцуулахад шүү дээ. Жишээ нь, Хятадад хар тамхины асуудал, Орос руу явбал хатуу ундаанд дуртай болох вий гэсэн болгоомжлол байдаг. Тэгвэл Туркт ийм асуудлаас хол гэж болно.

-Та жил бүр гэртээ ирж амардаг байсан гэсэн. Ирэх бүрт тань Улаанбаатар хэрхэн өөрчлөгдөж, өнгө төрх нь ямар болсон байхыг анзаарсан бэ?

-Нийслэл маань үнэхээр гоё болж байгаа шүү дээ. Зун ирэх болгондоо л үүнийг анзаарч байсан. Энэ жил бүр ч сайхан болжээ. Хот маань соёлтой, цэгцтэй болсныг үгүйсгэх аргагүй.

-Та Лондонд бас “том” ажил хийж байсан гэв үү?

-Ер нь Туркийн нэр хүндтэй сургуульд сурч байгаа оюутан Европ, Америк руу явах боломж харьцангуй их байдаг. Визний асуудалд хүндрэл багатай гэсэн үг. Энэ утгаараа би хагас жил орчим Лондонд хэлний сургалтад сурч, амьдарсан. Өдрийн орлого өндөртэй, тэндхийн хүмүүс ч хүсээд олдохгүй дугуй-такси гэсэн үйлчилгээ байдаг юм. Тэр бизнесийг ерөнхийд нь турк хүмүүс атгачихсан юм билээ. Би турк хэл мэддэг учраас тэр давуу талыг олж харсан.

Мөнгө олохын хэрээр мөн л мэдлэг мэдээллээ тэлэх гоё боломж байсан. Хотын төв хэсгүүдээр жуулчдыг авч явж, хөтөч хийдэг ажил. Уг нь хотоо гарын таван хуруу шиг мэддэг байх ёстой. Гэтэл би Лондонд буугаад хоёр цагийн дараа тийм ажилд орчихсон. Газрын зураг барьчихаад жийж өгсөн дөө. Өглөө нь хичээлдээ яваад, үдээс хойш нь ажилд гарна. Сайхан дурсамж шүү. Тийм орчинд хэл амархан сурдаг юм билээ.

-Шашин шүтлэг, нийгмийн ялгаатай байдлыг нь орхиод хүнийхээ хувьд монгол, турк залуучуудын давуу болон сул тал, онцлог нь юу бол?

-Монгол залуус маань мэриймтгий бус, тууштай ханддаггүй сул талтай. Олон зүйл рүү үсчээд байх шиг санагддаг. Турк хүн нэг барьсан чиглэлээсээ хазайх нь бага.

-Монгол хүний хөрвөх чадвар өндөр учраас юм юм руу зүтгэдэг байх.

-Нэг талаар тэгж бодож болох ч, амжилтын тухайд авч үзвэл хэцүү. Оромдоод хаях нь олон. Амжилттай яваа залуус олон байгаа л даа. Гэхдээ нэг зүйлдээ мэргэшиж, төлөвших нь тухайн салбарын хөгжилд нөлөөлнө шүү дээ.

-Гадаадад боловсрол эзэмшээд, хийе бүтээе гэсэн хүсэл тэмүүллээр эх орондоо ирчихлээ. Цаашдын төлөвлөгөө тань юу байна вэ?

-Яг тэгнэ, ингэнэ гэсэн төлөвлөгөө алга. Монголд одоо ид амралтын байдалтай үе шүү дээ. Тодорхой хэлэх зүйл гэвэл байх ёстой газартаа ажиллах нь чухал гэж бодож байна.

Ийм нэгэн залуу боловсон хүчин Монголдоо ирлээ. Чадвар, мэдлэгээ харуулж, мэдрүүлэх боломж, их хүсэл тэмүүллийг нь тордож, хөтлөх нь одоо чухал билээ. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

21 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

21 thoughts on “Э.Билгүүн: Гадаадад амьдрах нь миний зорилго биш