Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

О.Бат-Өлзий: Үзэгч, жүжигчин хоёрын амьд харилцаанаас үүссэн торгон мэдрэмж л хамгийн том шагнал юм

Танихгүй танилтайгаа тавтай сууж ярилцахаар өнгөрсөн баасан гаригт Яргайт зусланг зорилоо. Сүрэн бүсгүйд дурласныхаа төлөө дүү нарынх нь гарын амтыг үзэж, басхүү сэтгэл нийлсэн хойноо гэрт нь очихдоо шорвог хуушуураар “шоглуулчихдаг” түүний “Гарын таван хуруу” киноны дүр нь энгийн сайхан санагддаг юм. Дараа нь бас л нэг хүргэн ахын дүрийг “Нандин эрдэнэ”-д бүтээсэн ч шуналтай, онцгүй залуу болчихсон. Тайз, дэлгэцийн жүжигчин, найруулагч гээд олон тодорхойлолтыг О.Бат-Өлзийгийн нэрийн өмнө бичиж болно. 

Гавьяат жүжигчин Улаанхүүгийн Осорын хүү Гавьяат жүжигчин болсон нь шинэ мэдээ байх. Төрийн сүлднийхээ өмнө зогсож, аавынхаа хүртсэн, ахынхаа авах ёстой байсан шагналыг энгэртээ зүүчихээд “Надаас өмнөх үеийн, манай театрын жүжигчдийг ид хийж, бүтээж байх үед нь энэ шагналыг өгсөн ч болоосой” гэж тэр бодсон гэсэн. “Ноён солиот”, “Зүрхэнд шивнэсэн үг”, “Уулын Төмөр”, “Чиний эзгүйд”, “Нар сарны зааг”,“Маш нууц” зэрэг уран сайхны кино болон “Харамсалтай нь хайртай”, “Өв залгамжлагчид” жүжгээр үзэгчид түүний найруулах авьяасыг үнэлсэн болов уу. Хийсэн бүтээл бүрээс нь сэтгэл ханхалдаг, аль хэдийнэ Гавьяат жүжигчин болчих ёстой байсан, хүндлэн, хайрладаг уран бүтээлчийнхээ яриаг хүргэе.

-Зуслангийн зугаатай өдрүүдийг үргэлжлүүлээд сайхан амарч байна уу. Хот руу орох санаагүй, эндээ суурин байгааг бодвол ямар нэгэн уран бүтээл төрүүлэхээр тухалсных болов уу?

-Ирэх жил хийх киноны зохиолоо бичиж байна даа. Би өмнө нь ингэж бие дааж зохиол бичиж үзээгүй. Кино зохиол болгох л ажил хийдэг байлаа.

-Бичиж байгаа сэдвээ сайн мэддэг, эс бөгөөс олон жилийн турш бичихээр төлөвлөж байсан юм уу?

-Энэ тухай би сайн мэддэг болохоор л зориглон орсон юм. Мэддэггүй юмаа бичиж чадахгүй шүү дээ. Зохиол бичих гарын авлага барьчихаад зоригтой сууж байна даа.

1948 оны Байтаг богдын 10 баатрын тулааны тухай энэ зохиолд өгүүлэх юм. Гоминьданы 150-160 цэрэгтэй хүч тэнцвэргүй тулаанд орж, эх орноо хамгаалсан домогт баатруудын тухай бичихээр энэ тухай уншиж, нарийн ширийн мэдээллийг нь мэдэх тусам л уран бүтээлч хүний хувьд сонирхолтой байна. “Маш нууц” киног үзсэнийхээ дараа хүмүүс хоёрдугаар ангийг нь хийх эсэх талаар их асуусан. Бидэнд эхнээсээ тийм бодол байгаагүй, энэ кино үргэлжлэхгүй, тэр чигээрээ л үлдэнэ.

Харин бид “Маш нууц” нэртэй төсөл үргэлжлүүлж байгаа. “Маш нууц 2” кинонд өмнөх ангийн үйл явдал үргэлжлэхгүй, харин эх орон, тусгаар тогтнолоо хамгаалсан 10 баатрын тухай өгүүлнэ. Нууцлагдмал, ам дамжсан яриагаар бол тэдний тулааны ард олон хачирхалтай зүйл бий. Хэнд ч задруулахгүй хав дарсан нууцууд ч байгаа. Байтаг богдын тулаан яагаад тэгж их нууцлагдсаныг энд тайлах юм.

-XIII зууны үеийн баатруудын тухай бус, энэ цагийн бидний өмнөх үеийнхний тухай, яг одоо мэдэх гэрчүүд нь байгаа үед хамаарах нууцуудыг та дэлгэж байна. Үзэгчид ч “Маш нууц”-ыг үзээд их магтсан.

-Залуус сайхан амтай байна лээ. Энэ киногоо хөдөө орон нутгийн үзэгчдэдээ хүргэх гэж би өөрөө явсан юм. Гэхдээ ашиг олох гэж бус, үзэгчдийн дунд сууж, тэдэнтэй хамт киногоо үзэж, уулзаж ярилцах гэж тэр. Ингэж явахдаа залуус киноноос юу хүлээж буйг харж, дүгнэх боломж олдсон. Тэд үлгэрлэн дуурайх дүр хүлээдэг юм байна. Сайхан баатар, залуу, дурлалт бүсгүй, ээж гэх мэт мөн чанар нь тодорхой, үлгэрлэх дүрийг тэд хайж байна.

Бид багадаа Чапаев, Робингүүд үзээд, түүн шиг болох сон гэж мөрөөдөж явсантай л ижил. Түүхэн кино хийж болно л доо. Гэхдээ хөрөнгө мөнгө их шаардана. Бас үзэгчид XIII зууны тухай үзэхээрээ зүгээр л түүх гэж боддог. Харин өнөөгийн залуустай ижилхэн сэрээ, халбага, таваг, аягаар хоолоо иддэг, буугаар байлддаг 70 жилийн өмнөх эгэл баатрууд сэтгэлд нь ойр буух болов уу.

Хоёрдугаарт, эх орон хэмээн хийрхэгчид олон болсонд эмзэглэж яваа болохоор эх орончдыг бодитоор харуулах гэсэн юм. Хөдөөний тэр 10 залууд өнөөгийнх шиг эх орон, газар шороо гэж хийрхэх сэтгэл байгаагүй. Гэхдээ тэд ухарч, зугтах боломж байсаар атал өөрсдөөсөө хэд дахин хүчтэй цэргүүдийн өмнөөс эрслэн зогссон. Нүүр нь улайхгүй, царай нь хувирахгүйгээр би эх оронч хүн гэж ярих хэрнээ газар шороогоо худалдахад бэлэн цэцэрхэгчидтэй харьцуулшгүй эр зориг, сэтгэл зүрх тэднээс гарсан.

-Уран бүтээлч хүмүүс дүрийнхээ сэтгэлээр амьдарч, тэдэн шиг ярьж, бодох боломжтой байдаг болохоор их дэврүүн, бас зоригтой, цаг хугацаагаар хязгааргүй аялж чаддаг юм шиг ээ. Та эх орныхоо үнэ цэнийг хэзээ, яаж хамгийн гүн гүнзгий мэдэрсэн бэ?

-Энэ миний амьдардаг газар, миний төрсөн нутаг гэхээс өөр гүн гүнзгий бодолгүй, эх орноо хайрлах, хамгаалах тухай ухамсарлаж ч амжаагүй байхдаа би цэргийн албанд мордсон. Урд хил дээр, Өмнөговьд цэргийн алба хааж, 1979 оны арванхоёрдугаар сарын 31-ний 23.00 цагаас 1980 оны нэгдүгээр сарын 1-ний 01.00 цаг хүртэл он солигдох мөчид торгон хилийн манаанд гарч байлаа. Би тэгэхэд бүр заставын даргаасаа гуйж байж манаанд гарсан. Холбооны цэрэг байсан учраас заставаасаа гардаггүй байлаа л даа. Дарга маань надад зөвшөөрөл өгч өөр отрядаас холбоочин авчраад намайг хилийн пост руу явуулсан.

Таван цэрэг тав хоног нуувчинд амьдарч, хоёр хоёр цагаар ээлжлэн манаанд гардаг байсан. Даргаасаа ч бас онцгойлон гуйж байж яг тэр цаг мөчид би манаанд гарсан юм. Тэд байнга л манаанд гардаг учраас сонин санагдаагүй байх. Харин надад бол үнэхээр онцгой мэдрэмж төрүүлсэн. Дүүрэн сартай шөнө, цагаан дурангаар тэр өндөр дээрээс торгон хилээ дурандаж, ширхэг чулуу хөдлөхөд ч анирдам нам гүмд зогсоно гэдэг гайхалтай. Хүү нь эх орноо манаж байна.

Би хамгийн урд нь, эх орон минь, хайртай бүхэн минь ард бий гэж байгаа бодохоор өөрийн эрхгүй хамар шархирч байсан юм. Тэр үед бид чинь нэгдүгээр дайсан бол Хятад гэсэн ойлголттой байлаа шүү дээ. Тэгж л эх орондоо ямар их хайртай вэ гэдгээ мэдэрсэн.

Тиймдээ ч, хоосон цээжээ дэлдэн эх орон гэж хашгичиж байгаа хийрхэгчид худлаа санагдаад байдаг юм. Хүн эх орныхоо үнэ цэнийг мэдэрч олон янзаар болно л доо. Хүний нутагт байхдаа эх орон, элгэн саднаа үгүйлж, төрсөн нутгаа бодон үнэ цэнийг нь ухамсарлаж ч болно.

-Хилийн цэрэгт алба хааж байсан хүмүүс монгол тэмээний ухаантайг гайхан ярьдаг юм билээ. Нүүр нүдгүй цасан шуурган дундаас ангиа олоод л оччихдог идтэй амьтан гэдэг.

-Манаанд явдаг тэмээнүүд үнэхээр ухаантай. Хилийн зурвас тулаад ирэхэд ган гээд л хэвтээд өгдөг гэсэн. Би байнга манаанд явж байгаагүй болохоор энэ тухай бусдаасаа сонссон л доо. Тэгэхэд Хятадаас хил давж орж ирсэн тэмээнүүд болохоор юу юугүй л урагшаа буцаад гүйдэг гэсэн. Уулзалтын застав буюу Гашуунсухайтын орчимд хил давсан малаа солилцдог байсан юм л даа. Тэгж солилцохоосоо өмнө манайхан бас тэр тэмээг нь унаж эдэлнэ. Ялгаа байхгүй, уналгад сургасан өвөрмонгол айлын л мал шүү дээ. Нутгаа үгүйлэх сэтгэл нь тийм айхтар.

Би холбооны цэрэг болохоор нормын хоёр тэмээгээ бараг л унаж амжихгүй. Бусад цэргийн тэмээ уналга, эдэлгээнээсээ болоод тамирдсан байхад миний тэмээний бөх нь сэргэр, зогдор нь сэргэг байдаг байлаа. Манайхан хааяа надаас гуйж тэмээг маань унана аа.

-Театр, кино, хошин урлагийн жүжигчин, тайз, дэлгэцийн бүтээлийн найруулагч гээд урлагийн орон зайд өөрийнхөө мөрөөр өргөн зам туулсан байна. Хүн болгон ингэж их зам туулж чаддаггүй байх аа.

-Бурхнаас гэх юм уу, цаанаас л өгсөн уран бүтээлчийн замнал энэ байх. Манай Хүүхэд, залуучуудын театр байсан бол тэндээ ажиллаад л явж байхыг үгүйсгэхгүй. Театрын тайз жүжиглэх, найруулах, жижиг хэсгийг зохиох олон талын ажилд жүжигчнийг сургадаг. Жүжигчин байхдаа л суралцсан бага сага зүйлс маань өнөөдөр ч хэрэг болоод л явж байна. Түүнээс биш урлагаас өөр салбарт ажиллаж чадахгүй. Энэ салбартаа л боломжоороо ажиллаж байгаа нь энэ.

-Уран бүтээлчид оногддог хамгийн том шагнал нь юу вэ?

-Театрын тайзан дээр тоглож байхад жүжигчин, үзэгч хоёрын дунд амьд харилцаа бий болдог. Кинонд ч гэсэн ижил. Үзэгчидтэйгээ хамт суугаад уулга алдаж, нулимс дуслуулж байхыг нь мэдрэх л хамгийн том шагнал юм даа. Алга ташилт биш шүү. Ямар ч хүн дуулаад ёслоход л алга ташдаг, хэвийн зүйл. Харин харилцан мэдэрч байгаа тэр зүйл огт өөр.

-Тийм мэдрэмжийг олонтаа хүртэж, бусдад ч тэр хэрээрээ түгээж чадсан хүмүүст л Төрөөс шагнал өгдөг юм болов уу?

-Тэр шагналын тухай надаас асууж байгаа бол өөр хэрэг. 1981-1990-ээд он хүртэлх хугацаанд Хүүхэд, залуучуудын театрын уран бүтээлийг нуруундаа үүрч явсан нэгэн үеийнхний төлөөлөл болгож, надад энэ шагналыг өгсөн байх гэж би бодож байгаа.

-Тэгвэл дэндүү хожуу ирсэн шагнал байх нь.

-Тийм болохоор л шагнал авч байх мөчдөө “Надтай зэрэгцээд ажиллаж байсан манай дээд үеийн мундаг уран бүтээлчдийг хийж, бүтээж байх үед нь энэ шагналыг өгөхгүй яав даа” гэсэн бодол төрж байсан.

-Хамгийн тод санагдаж, тэрэнд гэж оноож хэлбэл…

-Доржсамбуу найруулагчийн гэргий Цолмон эгчид өгсөн бол… Жанчивдорж, Дашхүү, Төмөрбаатар, Сүххуяг, бас миний ч хамтрагч байсан Цолмон эгч тухайн үеийн бүх л гол дүрийг үүрч явсан хүн. Одоо би Цолмон эгчид “Та энэ бүх авьяас, мэдлэгээ өөртөө шингээгээд л орхиж болохгүй ээ, багшлаач” гэж хэлдэг юм. Ядаж ганц ч болсон шавьтай л болох хэрэгтэй.

Хүнийг яг ид хийж, бүтээж байх үед нь л шагнал өгөх хэрэгтэй. Би бол мартагдсан үеийнхний төлөөлөл болж авсан хэрэг. Гэхдээ төр цаг хугацаа харгалзахгүйгээр өгөх хүндээ өгдөг байх нь зөв юм аа.

-Ийм ярианы цаана ахын тань тухай өөрийн эрхгүй дурсагдаж байна. О.Батсайхан хэмээх нэгэн цаг үеийн хүчирхэг, авьяаслаг балетын жүжигчнийг өнөө үеийнхэн бас л мэдэхгүй болж байна даа.

-Сая би Гавьяат жүжигчин цол авахдаа ч хэвлэлийнхэнд өгсөн ярилцлагадаа “Миний ахад байх ёстой шагналыг дүү нь авлаа” гэж хэлсэн. Хорвоод байхгүй болоод удаж байгаа ч гэлээ би ахаараа маш их бахархдаг. Үүнээс цаадхыг л авах ёстой хүн байсан. Тухайн үед бол төр засаг шат дамжлагынхаа дагуу тодорхойлогдоод ирсэн хүнд шагнал өгдөг байсан шүү дээ. Миний ах 1974-1989 он хүртэл 15 жил Дуурь бүжгийн театрын гоцлооч нь байсан.

 Бүх л балетын гол дүрд бүжиглэсэн. Хамт бүжиглэж байсан хүн нь Ардын жүжигчин цол авчихаад байхад ахад минь Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг ч байдаггүй. “Спартак” балетыг Уран сайхны зөвлөл үзэж дуусахад Соёлын сайд байсан Баатарцогт шууд тайзан дээр гарч ирээд ахад минь баяр хүргэж байсан. Угтаа бол Уран сайхны зөвлөлийнхөн тэгж баяр хүргэдэг ч үгүй, үзчихээд л гараад явчихдаг байсан юм. Асар их атаа жөтөө, хавчлага дунд дарагдсаар байсан хэрнээ л тодорсон од.

Ахыг минь тэр үед Германы нэг сэтгүүлч байнга дагаж зураг авдаг байсан юм билээ. Бид 1990-ээд оны сүүлчээр тэр зургуудыг нь олж үзсэн.

-Театрын хөшигний цаана байдаг тэр атаа, жөтөө олон хүний авьяас, сэтгэл зүрхийг сийчсэн байх аа. Гэхдээ хэзээ ч устахгүй, бат бөх оршин тогтнохыг нь яана.

-Театрт байдаг, устаж үгүй болохгүй зүйл тэр байх. Театрын тайзан дээр өрсөлдөөн байх хэрэгтэй л дээ. Гэхдээ тийм аймаар бохир байх нь аюултай.

Ахад минь мэргэжил нэгтнүүдээс нь бус, удирдах түвшний хүмүүсээс, бас заримдаа үзэгчдээс сөрөг зүйлс ирдэг байсан юм билээ. Нэг удаа НАХЯ-ны ажилтан залуу хамт “юм” уучихаад зориуд өдөж, өөрөө эхэлж ахыг цохьсон байгаа юм. Мэдээж эр хүн, сайхан ч залуу, чадалтай ч хүн болохоор зүгээр байсангүй, нэг өшиглөтөл нөгөө залуугийнх нь хоёр хавирга хугарчихсан гэсэн. Байнга сургуулилалттай байдаг бүжигчин хүний хөл чадалтай байх нь аргагүй. Тэгээд л маргааш нь Ганц худаг руу ачигдаж, тэнд харгалзагч нар нь “цагаан гартныг дэглэнэ ээ” гээд их зовоосон байдаг. Энэ тухай яривал их зүйл бий. Дэндүү авьяастай хүн байсан даа.

-Та кинонд тоглоогүй удаж байна уу?

-Хэдэн жилийн өмнө Ц.Хүсэлбаатарын хийсэн нэг кинонд тоглосон.

-Уран бүтээлд шинэ сэтгэлгээтэй залуу үе, туршлагатай ахмад үе хосолж ажиллавал ямар чамбай юм хийж болохыг аав, хүү хоёрын хослол харуулсан шүү. Та “Маш нууц”-ыг найруулахдаа хүүгээ нэгдүгээр найруулагчаар ажиллуулсан байх аа?

-“Фантастик” продакшны залуус бүгдээрээ гар нийлж ажилласан. Би анх л энэ кинонд хүүгийнхээ дүрийг оноож, бас миний баруун гар болж, нэгдүгээр найруулагчаар ажиллана шүү гэдгийг хэлчихсэн байсан. Ганцаараа дагнаж хийсэн бол ийм амжилтад хүрэхгүй ч байсан байх. Залуусаасаа санаа авч, зохиолоо засварлаж, бас дараа нь киногоо хөдөө гаргаж явахдаа залуу хүмүүсээс үг сонсож явсаар одоо энэ киногоо хийх туршлагатай болсон байна. Гадаадын кино фестивальд ч “Маш нууц”-ыг оролцуулсан.

-Ямар ямар кино наадамд оролцсон бэ?

-Канн руу явуулсан. Одоо Венец рүү явуулчихсан байгаа. Наадамд нь оролцоогүй ч үзлэгт нь хамруулсан юм.

-Танай хүү гадагшаа явчихсан байгаа юм уу?

-Хэлний бэлтгэлд бүгдээрээ сурцгааж байгаа. Залуу хүмүүс хэтийн зорилго өвөртөлж, их зүйл хийхээр сэтгэл шулуудсан явааг нь харах сайхан байна.

-Яг тэдэн шиг танд ч бас бужигнуулж явсан залуу нас байгаа. Хамтдаа мөр зэрэгцэн гялалзаж явсан найзууд тань хэн хэн билээ?

-Төмөрбаатар, Сүххуяг, Туяа, Батзаяа, Лувсан гуайн хүү, талийгаач Нямсүрэн, Долгорын Нямаагийн хүү Зоригоо, Даваасамбуу гээд бидний үеийнхэн хил давж хараагүй ч хэрэндээ л ихийг бодож, хонон өнжин театр дээрээ ажилладаг байлаа.

-Монголын урлагийн салбарт амжилттай ажиллаж, тогтвортой сайхан гэр бүлийг бий болгосон хосууд олон бий. Магадгүй бие биеийнхээ ажлыг чин сэтгэлээсээ ойлгодог болохоор гэр бүл нь бат бөх байдаг байх даа.

-Тийм л байх. Бид хоёр ч гэсэн өөр мэргэжлийн хүнтэй суусан бол яана даа гэж заримдаа ярьдаг юм. Хоёр ихрээ төрүүлчихээд 72 хоног болоод Сарантуяа ажилдаа орсон. Тэгэхэд том хүү минь дөрвөн настай. Бид хоёр өглөө босоод хүүхдүүдээ үлдээгээд ажилдаа явдаг. Тэр хооронд Драмын театр, эсвэл манай театрын аль завтай жүжигчин нь манайд ирж хүүхэд хуурайлж, хоол ундыг нь өгдөг байсан. Хавар, намартаа хоёулаа бригадаар тоглоод явчихна. Ийм тохиолдолд нэг нэгнээ ойлгодог байж л тэсэж үлдэнэ шүү дээ. Тэгэхгүй бол “Яасан ч дуусдаггүй ажилтай юм бэ” гэж эхнэр, эсвэл нөхөр нь гайхаад байвал гэр бүл бат бөх байж чадахгүй.

-Та хоёрын хурим их сүртэй болж байсан уу?

-Хуримын ордны (Гэрлэх ёслолын ордон)хоёрдугаар давхарт ёслол хийж батлахаа авч болохоос гадна нэгдүгээр давхарт нь очоод зүгээр л гэр бүлийн гэрчилгээ авчихаж болдог байлаа. Ёслол нь их үнэтэй байсан болохоор бид хоёр зүгээр л гэрчилгээгээ очиж авч байсан юм. Тэр үед машин ховор байсан, би “Эр хүн байна даа, хуримаа хийсэн өдрөө эхнэрээ “хар 24”-т суулгачих юм сан” гэж бодчихсон явсан юм. Баазад ажилладаг найздаа нэлээд эрт энэ тухай ярьсан хэдий ч гэрлэлтээ батлуулдаг өдрөө Сараа бид хоёр алхаад л Хуримын ордон орлоо. “Би ч бодсоноо биелүүлж чадсангүй дээ” гэсэн шүү юм бодоод Хуримын ордноос гарч иртэл найз маань “За болчихсон уу” гэчихсэн “хар 24” зүлгэчихсэн зогсож байсан. Ямар их баярласан гээч.

Бид хоёрын хурим их сайхан болсон. Ерөөсөө л Драмын театр, Хүүхэд, залуучуудын театрынхан “Туул” рестораны нэгдүгээр давхарт дүүрэн цуглаж, микрофон олдохгүй булаацалдаж, дуу хуур, инээд наргианаар бялхсан. Хоёрдугаар давхарт өөр айлын хуримын ёслолд оролцож байсан зочид нь жүжиг үзэж байгаа юм шиг шатан дээр эгнэчихсэн манай хуримыг харж зогссон. Драмын театрынхан бэрээ өгөхгүй гээд манай театрынхан арга эвийг нь олж авна гээд л их л хөгжилтэй, хэзээ ч мартагдахгүй хурим болсон доо. Тэр тухай мэдэх зарим хүн дурсаж ярьдаг юм шүү.

-Гавьяат жүжигчин цолоор шагнуулчихаад та хамгийн түрүүнд хэн дээр очсон бэ?

-Өөрийнхөө ажиллаж байгаа “Шилдэг өнгө” продакшн буюу Хүслээ, Өлзийхүү хоёрынхоо студид очсон. Дараа нь урлагийн амьдралд хөл тавьсан алтан тайзандаа очиж мөргөсөн.

-ХААН банк руу очсон хэрэг үү?

-Тийм ээ. Тэнд миний тайз байдаг болохоор би ХААН банк руу очсон. Намайг очиход тэнд нэг залуу бас шагнал аваад зураг авахуулах гээд тайзны гэрлийг асаачихсан байсан. Намайг тайзандаа очиж мөргөхөөр тэд их гайхаж байсан л даа. “Театр байхад нь ах нь энэ тайзан дээр тоглож байлаа” гэхэд тэд ч бас бэлгэшээж хамт зургаа авахуулсан. Ямар ч гэсэн ХААН банкныхан тайзыг маань алга болгочихоогүй байна лээ.

-Хүүхэд, залуучуудын театрын жүжигчин болсон түүх тань бас их сонирхолтой санагдаж байна. Та энэ тухайгаа ярьж өгөөч.

-Би аравдугаар анги төгсөөд кино драмын ангид шалгалт өгч 400-гаад хүүхдээс 20-д шалгарч, гуравдугаар шатандаа тэнцчихээд аавдаа хэллээ. “Аав аа, би гуравдугаар шатандаа ирчихлээ. Та тэр шүүгч нарт нь хэлж намайг оруул л даа” гэтэл аав “Хүү минь урлагт арын хаалга байдаггүй юм аа. Чи эхлээд амьдралын их сургуульд сур даа” гэсэн. Тэгээд би гуравдугаар шатандаа тэнцэлгүй хасагдчихсан юм. Тэр үед эхнэртэйгээ хамт шалгаруулалтад орж байсан юм билээ. Ингээд намайг цэргийн албанд явуулах болоход нь би “Тэгвэл би Улаанбаатарт байдаг ангид очихгүй шүү, хязгаарын анги руу явуулаарай” гэж ааваасаа хүссэн болохоор энэ удаа арын хаалга хэрэглэж, намайг Хилийн цэрэгт явуулсан.

Тэнд би дарга, цэргийн ялгаа, эрэмбэ дараа, хүнийг таних ухаан, нөхөрлөлийн үнэ цэнээс эхлээд хатуу хөтүү болгоныг үзэж туулж хүн болсон. Цэрэгт алба хааж байхдаа Соёлын сайдад захидал бичиж, халагдаж очоод кино драмын ангид орж болох эсэхийг асууж байлаа. Сонирхолтой нь тэр үед сайдаас хариу ирсэн юм шүү. Хязгаарын цэргийн ангийн жирийн нэгэн байлдагчид Соёлын сайд хариу илгээж, намайг цэргээс халагдах жилд элсэлт байхгүйг дурдаад нэг жил бэлтгээд дараа жил нь шалгуулахыг зөвлөсөн байсан.

Цэргийн албанаас ирсний дараа аав минь хөтлөөд Хүүхэд, залуучуудын театрын босгоор алхуулж, А.Очирбат гуайн шавь болгож өгсөн. Тэндээ хоёр жил дагалдан жүжигчнээр ажиллаад Соёлын яамны мэргэжлийн комисст шалгуулж, тэнцээд жүжигчин болсон. Дараа нь надад Ардын жүжигчин Очирбат гуай “Миний хүү сургуульд сурах хэрэгтэй” гэж зөвлөснөөр би ГИТИС-д сурахаар мэргэжлийн шалгалт өгч тэнцээд ерөнхий эрдмийн шалгалтад орж байхдаа хасагдсан.

Тэр үед манай театрт С.Эрдэнийн “Хатуу тоглоом” гэдэг жүжиг тоглох гэж байсан юм л даа. Би жүжгийн бэлтгэл тасалж шалгалтад орсон гэдэг шалтгаанаар бангадуулж, дагалдан болж цалингаа хасуулж байлаа. Угтаа бол миний амьдрал, хувь заяаг өөрчлөх чухал үе байсан юм шүү дээ. Очирбат гуай найруулагч, дарга хоёртой халз тулж намайг өмөөрсөн дөө. Тэгэхэд ГИТИС төгссөн бол одоо театрын найруулагч ч болчихсон явах юм бил үү. Гэхдээ хүний хувь тавилан өөр шүү дээ. Би яаж ч явах байсныг хэн мэдэх билээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.