Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.Бадамсамбуу: Сайн зохиол уншихаар атаархал төрөөд байх юм

Бурхан хүмүүст дааж чадах ачааг нь үүрүүлдэг гэдэг. Заримд нь дэндүү олон зүйл амжуулах үүрэг ч оноодог бололтой. Гэхдээ мэдээж онцгой нэгэнд нь. Тэдний нэг бол сэтгүүлч Г.Бадамсамбуу. Багш мэргэжилтэй ч утга зохиол, сэтгүүл зүйн салбарт урвасан тэрбээр “Хийж буй зүйлдээ дурлаж, тоглоом мэт сонирхолтой байлга” гэдэг зарчим баримталдаг аж. Магадгүй энэ нь олон зүйл амжуулахад нэмэр болдог байх.

“Гариг” студийн захирал, “Аяллын цаг” нэвтрүүлгээрээ эчнээ танил болсон түүнтэй ярилцлаа. Бид 18.00 цагт болзсон. Олонх хүний ажил энэ үед тардаг. Гэтэл түүний ажил ундарсаар. Завгүй амьдралын хэмнэл нь түүнийг их л яаруу, адгуу болгосон бололтой.

-Уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцаач. Танаар овоглосон нэвтрүүлгүүд гарахаа больж, та ч сураг алдарчээ.

-Сүүлийн үед уран бүтээлээсээ хөндийрч, судалгаа шинжилгээний ажилд шамдаж байна. Уран зохиол, сэтгүүл зүйн бүтээлд өмнөхөөсөө гурав, дөрөв дахин бага цаг зарцуулдаг болсон. Бусад ажил амжихгүй байгаа учраас түр хойш тавихаас аргагүйд хүрлээ.

-Ямар чиглэлээр судалгаа хийж байна вэ?

-Сонирхлынхоо дагуу түүхийн чиглэлээр судалгаа хийж байгаа. Эрдэм шинжилгээний өгүүлэл, ном бичсэн. Эрдэмтэн судлаачидтай ойр ажиллаж, арга туршлагаас нь суралцаж байна. Цаашид эрдмийн зэрэг горилох төлөвлөгөөтэй. Мөн найз нөхдөдөө туслах зорилгоор бүтээн байгуулалттай холбоотой стратегийн том судалгаа хийж байгаа. Сүүлийн гурван жил хийж буй энэ судалгаа улсын дэд бүтэцтэй холбоотой юм. Үр дүн нь олон нийтэд бус, бодлого хэрэгжүүлэгч байгууллагуудад хамаатай.

-“Гариг” студи үйл ажиллагаа явуулж байна уу. Сүүлийн үед их л нам гүм байх шиг.

-Студидээ сууж ажиллах нь ховор болж, уран бүтээлдээ зарцуулах цаг багассанаас биш, ажлаа орхичихоогүй. Бид гэрэл зураг болоод дүрс бичлэгийн бүтээл дээр ажилласаар байгаа. Нэвтрүүлгээ түр завсарлахад хэд хэдэн зүйл нөлөөлсөн. Хамгийн гол асуудал нь санхүүжилт. МҮОНРТ бидний нэвтрүүлгийг санхүүжүүлэх боломж бага. Ивээн тэтгэгч олж, хөрөнгө босгоод нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ. Гэхдээ ийм зарчмаар ажиллах дэндүү уйтгартай шүү дээ. Монголчуудыг түүх соёл, байгаль дэлхийгээ танин мэдэж, хайрлан хамгаалдаг, аялах дуртай болгож өдөөх зорилгоор нэвтрүүлгээ анх хийсэн. Зорилгоо биелүүлсэн.

Нэг үеэ бодоход монголчууд жуулчлал болоод аяллын сэтгүүл зүйн талаар мэдлэгтэй болсон байна. Тиймээс залуус энэ ажлыг үргэлжлүүлж хийх байх гэж найдаж сууна. Ийм төрлийн нэвтрүүлгийг хэн ч хийх боломж бүрдсэн учраас би хийгээд яах вэ дээ. Бусдын хийж буйг давтах сонирхол надад байдаггүй. Ер нь хүн шинэлэг, сонин зүйл сэдэж хийх хэрэгтэй.

-Судалгаа хийхэд тулгамддаг бэрхшээл юу байна вэ. Энэ ажилд бүхий л насаа зориулсан хүмүүс нэлээд зовлон ярьдаг.

-Монголд судалгаа шинжилгээний салбар хөгжихөд саад болж буй хоёр зүйл бий. Нэг нь санхүүжилт, нөгөө нь судлаачдын боловсролын түвшин. Эдгээрийг дэмжсэн механизм Монголд алга. Хувь хүн өөрөө санхүүгийн асуудлаа шийдээд, хөгжих хэцүү. Манай улсын түүх, археологийн салбар судалгааны бие даасан байгууллагуудтай, орон тооны ажилчидтай, төрөөс цалинждаг боловч хангалтгүй байна. Энэ нь судалгааны түвшин хийгээд чанарт нөлөөлдөг. Судлаачид ч ажилдаа дур сонирхолгүй болж, тогтвортой ажиллах, эсэхэд эргэлздэг. Ийм л бэрхшээл байна. Түүнээс биш, боловсрол мэдлэг, хүсэл сонирхолтой хүн Монголд олон бий.

-“Хэдэн орноор аялж, хэчнээн км зам туулсан, сэтгэлд хамгийн их хүрсэн дурсамжтай аялал юу байв” гэдэг асуултыг хүн бүхэн асууж, залхаасан байх. Өдий хүртэл туулсан аяллуудаа эргэж харвал та хэр хол явсан байна вэ?

-Хүн бүрийн амьдралын хэв маяг онцлогтой. Минийх бол аялах. Хийж бүтээснээ дүгнэх гэж оролдвол нэг талаар чамламаар ч юм шиг, нөгөөтэйгүүр бахархмаар. Монголд аяллын сэтгүүл зүй нутагшихад нэвтрүүлгүүд минь үнэтэй хувь нэмэр оруулсан. Үүнийгээ бодохоор чамлахааргүй санагдаад байгаа юм. Гэтэл уран бүтээлч хүмүүс ханаж цадахаа мэддэггүй. Сайн бүтээл хийлээ ч түүнээсээ давахыг хичээж, шунадаг. Энэ хүсэл шуналаасаа болоод ч тэр үү, заримдаа өөрийгөө хангалттай зүйл хийж чадаагүй гэж боддог.

-Аяллын нэвтрүүлэг бэлтгэхэд ч, судалгаа шинжилгээ хийхэд ч мөнгө санхүүтэй холбоотой олон бэрхшээл тулгардаг. Аль аль нь мөнгө олоход хэцүү, өлсгөлөн салбар. Та яагаад ийм ажилд дурлаад байдаг юм бэ. Энэ бүхнээ хэрхэн зохицуулдаг бол?

-Би энэ ажлуудаа ашиг олохын тулд бус, танин мэдүүлэх зорилгоор хийдэг. Материаллаг зүйлсээс илүүтэй үнэ цэнэтэй баялаг бол сэтгэлийн баяр баясгалан, таашаал. Эрх мэдэл, өв хөрөнгөтэй атлаа сэтгэл санааны хувьд тайван бус, амьдралын сайн сайхныг мэдэрдэггүй бол тэр бүхэн хэрэгтэй гэж үү.

Дуртай зүйлээ хийж, түүнээсээ таашаал авч, өөрийгөө тэжээж амьдрах нь баялаг гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Хэрвээ чи хүмүүст үнэхээр хэрэгтэй, ач холбогдолтой зүйл хийж байгаа бол заавал үр шимийг нь хүртэнэ. Хамтрагчтай болж, ивээн тэтгэгчид ч олдоно.

Судалгаа шинжилгээ, аяллын нэвтрүүлэг хийж буй хүмүүс мянга мянган хүнд урам зориг, сэтгэлийн таашаал бэлэглэж, нийгмийг бүтээлцдэгээрээ үнэ цэнэтэй юм. Энэ ажлыг хийснээр хэмжээгүй их мөнгө олохгүй ч гэр бүлээ тэжээж чадахуйц хэмжээнд үр шимийг нь хүртдэг.

-Увс аймгийн Зүүнхангай сум бол таны төрсөн нутаг. Төрж өссөн нутаг усаа тэр дундаа Хан Хөхийн сүрлэг уулсаа бахдан ярьсан нь цөөнгүй. Нутагтаа хамгийн сүүлд хэзээ очсон бэ?

-Уг нь жил болгон очдог ч өнөө жил цаг заваас болоод очсонгүй. Хан Хөхийн нуруу бол Монголын үзэсгэлэнт газруудын нэг. Үлгэр домогт Ар халхын дунд диваажин гэгддэг байсан газар. Та бүхэн тэнд нэг удаа ч болов очиж үзэж, гайхамшигтай үзэсгэлэнтэй байгалийг нь харах хэрэгтэй. Хүүхэд ахуй насаа өнгөрөөсөн болохоор Хан Хөхийн уулстайгаа сэтгэл зүрхээрээ холбоотой байдаг. Хүн төрсөн нутагтаа очиход “Дэлхий ертөнцөөс энэ л газар надад оногдсон” гэсэн сэтгэгдэл төрж, бахархдаг. Ер нь монголчууд төрж өссөн нутгаа дурсан санагалздаг онцлогтой хүмүүс.

-Уран бүтээлчид жирийн хүмүүсээс ялгаатай нь төрж өссөн нутгаа зохиол бүтээлдээ мөнхөлж, “хөшөө” босгодог. Та Хан Хөхийн уулаа хэрхэн мөнхөлсөн бэ?

-Хан Хөхийн нурууны нэр орсон “Нутгаа санасан аав”, “Санагалзал” гэж дуу бий. 1990-ээд оны дунд үед хүмүүст нэлээд хүрсэн. Өнгөрсөн жил Хан Хөхийн ууланд зориулж гурван шүлэг бичсэн. Тэдгээр шүлэгт хөгжмийн зохиолч Тэрбиш ая зохиосон. Хэзээ, хэнээр дуулуулахаа бодож л явна. Ер нь би нутаг усаа цөөнгүй бүтээлдээ дурдсан.

-Монголд ACEM-ыг зохион байгуулж “Чадна, чадахгүй” гэж талцаж, зүрхшээж байсан ч бид том арга хэмжээг амжилттай явууллаа. Эл арга хэмжээний ач холбогдол, үр нөлөөг сэтгүүлч хүний хувьд та хэрхэн харав?

-Ер нь монголчууд хүсэл тэмүүлэлтэй, нэгдмэл, эрчтэй байж чадвал аливааг бүтээж, бэрхшээлийг давж чаддаг гэдгийг харуулсан үйл явдал өнгөрсөн дөрвөн жилд олон тохиосны нэг нь ACEM байлаа. Монголчууд хийж чадахгүй гэж боддог, нунж дорой, хуучинсаг сэтгэлгээтэй хүмүүс улс эх орныг удирдаж байсан бол энэ жил байтугай ойрын жилүүдэд ч АСЕМ зохион байгуулж чадахгүй байлаа.

Төр, засгийг удирдаж буй хүмүүс мэдлэг боловсролтойгоос гадна хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдсөн эрч хүч, зорилготой байх нь чухал. Тэгж гэмээнэ том бүтээн байгуулалтууд хийж, амжилтад хүрнэ. Монголчууд энэ том арга хэмжээг зохион байгуулах эрх аваад, түүнийгээ нэлээд өндөр түвшинд хийж чадсанаар ард түмэндээ “Бид хүсвэл хийж чадна” гэдэг урам өгсөн. Энэ уулзалтын хамгийн үнэтэй зүйл нь энэ. Үүнийг хийхээр зориглосон хүмүүст талархах учиртай.

-Гэр бүлийн хүн тань таны ажлыг хэр ойлгодог вэ. Ихэнхдээ гэртээ байдаггүй, бадарчин шиг нөхөртэй байх хэцүү байх даа?

-Манайх ам бүл дөрвүүл. Хоёр охинтой. Том охин маань химийн инженер, удаах нь дүрслэх урлаг, дизайны чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Одоо хоёулаа ажилладаг. Миний ханийг Оюунчимэг гэдэг. Ховдын багшийн дээд сургуульд оюутан байхдаа ханьтайгаа танилцсан.

Биендээ жинхэнээсээ дурладаг байсан социализмын үеийн “бүтээгдэхүүн” шүү дээ, бид хоёр. Үнэн сэтгэлээсээ хайрлаж, сэтгэлийнхээ дуудлагаар ханиа сонгодог хүн өнөө цагт бараг алга. Авдаг цалин, ар гэрийнх нь амьдралыг хүртэл сонждог болж. Бид “Хоёулаа байхад амьдрал болно, бүтнэ” гэдэг үзэл бодолтой. Дээд сургуулиа дөнгөж төгсчихөөд, чемодантай хувцсаа бариад л тусдаа гарч байлаа.

Хэрвээ гэр бүлийнхэн минь намайг ойлгодоггүй байсан бол би өдий хүртэл энэ чиглэлээр ажиллаж, амжилтад хүрэхгүй байсан болов уу. Ажил мэргэжлийнх нь онцлогийг ойлгохгүйн улмаас салж, үр хүүхдээ өнчрүүлсэн гэр бүл олон. Олон эхнэр сольсон эрчүүд ч байна. Мөрөөдөл, эрмэлзэл, ажил мэргэжлийг нь ойлгохгүй байна гэдэг нь угтаа амжилтад хүрэхэд нь саад болж, чангааж байна гэсэн үг. Хүмүүс намайг амжилтад хүрсэн гэж дүгнэдэг бол ханийн минь гавьяа.

Эрчүүд гэрээсээ гарч ажил хийхгүй, сонин уншаад л хэвтдэг, гал тогоо тойрсон амьдралтай байх юм бол хэзээ ч амжилтад хүрэхгүй.

-Аав нь өчнөөн хоногоор ийш тийш явчихаар охид нь гайхдаг байсан байх даа.

-Хамт байж энхрийлснээр, эсвэл сургаал номлол айлдсанаар хүүхдийн хүмүүжил төлөвшил тогтдог юм биш. Аав нь удаан хугацаанд тусдаа амьдардаг байлаа ч тухайн гэр бүлийн уур амьсгал, төлөв байдал нь зөв, эерэг нөлөөтэй бол хүүхэд зөв хүмүүжнэ. Өөрөөр хэлбэл, цаг гаргаж чаддаг, эсэхээс үл хамаарна. Гэхдээ өнөөгийнх шиг ийм бухимдалтай, эмх замбараагүй нийгэмд эцэг, эхчүүд хүүхдээ анхаарах хэрэгтэй. Би охиддоо цаг гаргаж чадаагүй. Энэ миний дутагдал.

-Та нийгмийн бухимдлаас өөрийгөө хэрхэн чөлөөлдөг вэ?

-Би ажилдаа чин сэтгэлээсээ дуртай учраас надад зовлон болдоггүй, ядраадаггүй. Харин ч амралт болдог байж магадгүй. Ажилдаа явахаас түвэгшээж, эдлэх ёстой ял мэт хүлээж авах нь сэтгэл зүйн дарамт бий болгодог. Ачаалал хэтрүүлэхгүй, дуртай зүйлээ хийж буй хүн ажлаасаа байнга таашаал авдаг. Ажлыг зүгээр тоглоом мэт байлга гэж сайхан үг байдаг. Гэвч хүн бүр тэгж чаддаггүй.

Нэгэн алдартай хөлбөмбөгчөөс “Та байнга бэлтгэл сургуулилалт хийж, тэмцээнд оролцдог. Ийм их ачаалалтай нөхцөлд амьдрах дарамттай биш гэж үү” гэж асуухад “Би хар багаасаа хөлбөмбөгт дурласан болохоор тоглох үедээ маш их баяр баясгалан мэдэрдэг. Миний хамгийн дуртай зүйл бол хөлбөмбөг. 28 нас хүртлээ тоглолоо. Дуртай зүйлээ хийсний минь төлөө хүмүүс надад мөнгө өгөөд буй нь гайхалтай. Би зүгээр л тоглодог” гэсэн гэдэг. Энэ бол их азтай хүнээс гарах үг.

-Яруу найргийн талаар асуухгүй өнгөрч боломгүй. Сэтгүүл зүйд хөл тавилгүй, шүлэг найргаа бичсээр байсан бол гэж төсөөлж байсан уу?

-Би хүмүүст “Миний бүтээлийг унших хэрэггүй” гэж зөвлөдөг. Гүн ухааны шинжтэй, модернист чиглэлийн бүтээл жирийн зохиолоос их өөр. Хүмүүс амьдралыг гэгээлэг, өөдрөг үзлээр харж, сэтгэх ёстой. Миний зохиол та бүхний итгэл үнэмшил, гоо сайхны үзлийг эвдэж магадгүй учраас тэр.

Монголын утга зохиолд шинэлэг сэтгэлээ, өнгө аяс нэмсэн залуус 1990-ээд оны эхэн үед гарч ирсний нэг нь би. Их ч шүүмжлүүлсэн. “Зүс бүгэг андууд” гэх бүлгэм байгуулж байлаа. Олон залуус бидний бүтээлийг шимтэн уншиж, дагаж, уран бүтээлийн хэв маяг, арга барилаа алдсан түүхтэй. “Аяллын цаг” гэдэг нэвтрүүлэг Монголын сэтгүүл зүйд шинэ хуудас нээсэн шиг “Зүс бүгэг андууд”-ын гаргасан ном Монголын утга зохиолд өөрчлөлтийн салхи авчирсан юм. Бид зохиол, найраг бичих гэж шатаж явахдаа өөрсдийгөө суут хүмүүс болчихлоо гэж итгэдэг байлаа.

Түүндээ автаж, хөөрнө. Ирээдүйд Монголын утга зохиолыг нуруундаа үүрэх суут зохиолч болно доо гэж бодон, итгэж байлаа. Даанч чадаагүй. Гэхдээ миний зохиол муу биш. Л.Өлзийтөгс, Г.Аюурзанын эмхтгэсэн Монголын шилдэг өгүүллэгүүдийн ботид миний хоёр бүтээл багтдаг юм. Би гурван тууж, 30 гаруй өгүүллэг, яруу найргийн хоёр номтой. Дуусгаж амжаагүй тууж ч бий. Утга зохиол хүний амьдралын хэрэгсэл биш учраас түр алгуурлачихсан юм.

Зохиол бичээд, ном гаргаад түүнийхээ ашгаар амьдралаа авч явж чадахгүй шүү дээ. Арай ирээдүйтэй, амьдралд нэмэртэй болохоор нь сэтгүүл зүйг сонгосон. Найзууд маань “Энэ маань л утга зохиолоос урвахгүй, хамгийн үнэнч нь байх болов уу” гэдэг байсан юм. Гэхдээ утга зохиолын амтанд орсон хүн гарч чаддаггүй гэдэг дээ.

-Тэгвэл сайн зохиол гэж юу вэ. Та хэний зохиолыг уншиж байна вэ?

-Би хар багаасаа номтой зууралдсан. Одоо ч уншиж байна. Бага залуудаа уншдаг байсан номын сэдэв их өөрчлөгддөг юм байна. Би 27 хүртлээ уран зохиолын ном уншсан. Түүнээс хойш нэг хэсэг аялалтай холбоотой танин мэдэхүйн ном унших болсон. Харин одоо судалгааны ажилтай холбоотой түүхийн ном түлхүү уншиж байгаа. Уран зохиолын ном уншиж чадахаа больсон байна лээ.

Ямар ч гайхалтай зохиол уншсан “Ийм юм байдаг даа” гэсэн бодол төрж, тоомжиргүй ханддаг болчихож. Сайн зохиол уншихаар “Би ч гэсэн бүтээх ёстой. Уншигч төдий байх ёсгүй” гэсэн атаархах сэтгэл төрөөд байх юм. Ер нь сайн уншигч бүтээгч байдаг. Уншиж мэдсэнээ юм болгож чаддаг байх нь чухал.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

13 thoughts on “Г.Бадамсамбуу: Сайн зохиол уншихаар атаархал төрөөд байх юм