Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

З.Наран: Хуурамч үнэртэн хорт хавдар үүсгэдэг

Францад “Хубилай хааны заар” нэртэй үнэртэн байдаг тухай та сонсож байсан уу. Тэр ч бүү хэл “Чингис хааны хээрийн тогоо” хэмээх сүрчиг хэрэглэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа гэнэ. Ийм сонирхолтой мэдээллийг манай уншигчидтай хуваалцаж буй энэ бүсгүйг З.Наран гэдэг.

Өнгө алагласан цэцэгсийг талаас түүж устай шилэнд хийж барьчихаад үнэртэй ус болох болов уу гэж мөрөөддөг байсан жаахан охин өнгөрсөн жилээс мөрөөдлөө биелүүлж, хообийгоо ажил болгохоор шийдэн Монголын үнэртний хүрээлэнг байгуулжээ. Өдгөө тэрбээр хүрээлэнгийнхээ дэргэд богино хэмжээний сургалт явуулж, өөрийн гэсэн үнэртэнг хэрхэн бий болгохыг ижил сонирхолтой нөхдөдөө заахаас гадна Fragrantica.mn цахим сэтгүүлийг эрхлэн гаргаж буй.

Олон улсад нэр хүндтэй, үнэртэй усанд дурлагчдын хувьд “ариун судар” нь болсон энэ цахим сэтгүүл үнэртний талаарх бүх мэдээлэл, орц, найрлагыг нэгд нэггүй багтаасан байдгаараа онцлогтой. Дэлхийн хэмжээнд 17 хэлээр хэвлэгдэж байгаа сэтгүүлийн Монгол дахь редактор, үнэртэнд дурлагч З.Нарангийн яриаг хүргэе.

-“Фрагрантика” цахим сэтгүүл дэлхий даяар 11 сая уншигчтай юм байна. Түүнчлэн Монголд 70 гаруй мянган гишүүнтэй үнэртэнд дурлагчдын фэйсбүүк групп байдаг. Ингэхээр эдүгээ цагт үнэртэн хэрэглэх, цуглуулах нь маш том соёл болон хөгжиж байна гэж ойлгож болох уу?

-Тийм ээ. Үнэртний соёл эртний түүхтэй. Монголчууд ч энэ баялаг түүхийн эхэн, дунд, эдүгээ үед хамт байсаар ирсэн. Тиймдээ ч би Монголын үнэртний хүрээлэнг байгуулж, нийгэм, соёл болон эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулж байна. Ямар нэгэн ашиг харж, бизнесийн зорилгоор энэ хүрээлэнг байгуулаагүй.

Хэзээ мөдгүй монголчууд маань өөрийн гэсэн үнэртнээ худалдаанд гаргана гэдэгт би итгэлтэй байдаг учраас тэр замыг тодруулж, дэм болох гэж л яваа юм. Хүмүүс үнэртний талаар ихийг мэдэхийг хүсдэг ч мэдээлэл авах хангалттай эх сурвалж байдаггүй. Тиймээс би 17 орны хэлээр хэвлэгддэг цахим сэтгүүлийг монгол хэлээр гаргаж байна. Манай сайтад үнэртний найрлага, орц, үнэлгээ, хүмүүсийн өгсөн дүгнэлт бүгд байдаг учраас сонголт хийхэд тус болдог. Товчхоноор бол үнэртний нэвтэрхий толь юм.

-Ярилцлага эхлэхийн өмнө таны нэр дурдсан үнэртний талаар асуухгүй байж болохгүй нь. “Хубилай хааны заар”, “Чингис хааны хээрийн тогоо” зэрэг үнэртэй усанд хэрэглэгчид ямар үнэлгээ өгсөн байдаг вэ?

-Үнэртэй ус сонирхогчдын анхаарлыг татсан, нэр хүндтэй уснууд шүү дээ. Хубилай хааныг морьт баатар хэмээн төсөөлж, уран сэтгэмжээр дээрх үнэртэнг бүтээсэн байгаа юм. Адууны хөлс, хааны нөмөрдөг байсан дах, үслэг эдлэлийн үнэрийг санагдуулсан хэмээн тайлбарласан нь бий. Монголчууд хүдрийн заар түрхэж, хайртай ханиа алсын аянд явахад нь үнэрээ шингээсэн цамцаа өгдөг байсан түүхтэй. Бас агь, гангын үнэрийг үсэндээ шингээж, эхийн сүүний үнэрийг магтан дуулсан гээд бодохоор бид үнэртний эртний соёлтой ард түмэн. Энэ бүхнийг нэхэн сануулж, өнөө цагт монгол үнэртэнг бүтээх эх суурийг тавихын тулд л энэ ажлаа эхэлсэн. Тиймдээ ч анхны сургалтаа амжилттай хийлээ. 200 гаруй хүн ирэх хүсэлтэй байсан ч материал бага байсан учраас 20 хүн л хүлээн авах боллоо.

-Таны үндсэн мэргэжил юу билээ. Монголдоо амьдардаггүй юм аа даа.

-Олон улсын бизнесийн магистр зэрэгтэй. АНУ-д 13 жил амьдарч байна. Олон жилийн дараа эх орондоо эргэн ирж, улс хот төдийгүй хүмүүсийн соёл маш их өөрчлөгдсөнийг анзаарч мэдэрсэн учраас үнэртний соёлыг ч мөн хөгжүүлэх хэрэгтэй гэж бодсон. Би Америкт жижиг компанийн санхүүгийн албыг хариуцан ажилладаг юм.

-Үнэртэнд дурласан бяцхан охин мөрөөдлөө тээсээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн цахим сэтгүүлийг эрхлэн гаргаж чадсан нь бас нэгэн бахархал юм аа.

– Цэцгийг устай холиход үнэртэй ус болно гэж итгэдэг л хүүхэд байлаа. АНУ-д очсоноосоо хойш үнэртэнд илүү дурлаж, цахим сэтгүүлээс мэдээлэл авч, утга учиртай хэрэглэдэг болсон. Тэгж яваад сэтгүүлийн удирдлагуудтай холбогдож, Монголд эрхлэн гаргахаар болсон юм. АНУ-д үнэртний сургалтад хамрагдаж, сертификаттай болсон. Тэнд сургалтад сууж байхдаа Монголд ч бас ийм сургалт байх хэрэгтэй гэж бодсон учраас зориглоод анхны сургалтаа хийчихлээ. Энэ сарын сүүлч болон ирэх сарын эхээр дахин хийх бодолтой байгаа.

-Сүрчигт дургүй эмэгтэй цөөхөн болов уу. Тиймдээ ч зөв, сайныг нь олж хэрэглэхийг хүсдэг болж, фэйсбүүк групп байгуулан нэгдэцгээж, нэг нэгнээсээ мэдэхгүйгээ асуудаг болсон. Танаас хуурамч болон жинхэнэ сүрчгийг хэрхэн ялгах талаар хүмүүс их асуудаг уу?

-Маш олон хүн тэр талаар асуудаг. Энэ жинхэнэ үнэртэй ус мөн үү гээд харуулдаг. Тийм болохоор би “Монголын үнэртний хүрээлэн” хуудас, “Фрагрантика” группт мэдээлэл, бичлэг нийтэлдэг. Хуурамч үнэртэнг танихын тулд олон шат дамждаг. Хэдхэн сарын өмнө АНУ-д сая сая долларын үнэтэй хуурамч сүрчигний сүлжээг илрүүлсэн. Тэдгээрээс хорт хавдар үүсгэдэг бодис илэрсэн. Хэтэрхий хямд үнэртэн бас аюултай байж болзошгүй.

Гэхдээ оргинал буюу жинхэнэ үнэртэн тансаг хэрэглээ биш шүү. Бүсгүй та дуртай үнэртнээ авахад зориулан мөнгө цуглуулж болно. Үнэртэй усныхаа нэрийг нь бичсэн дугтуйд мөнгө хийх бүртээ л та баяртай байх болов уу. Жинхэнэ үнэртний орц, найрлага нь онцгой, бүтээсэн мастерын уран сэтгэмж давтагдашгүйн зэрэгцээ эрүүл ахуйн шаардлага хангасан байдаг. Чанартай бүтээгдэхүүн хэрэглэж байгаа болохоор эрүүл мэндээ эрсдэлд оруулахгүйн зэрэгцээ эдийн засгийн хувьд ч үр ашигтай байх болно.

Хуурамч сүрчгийн бизнесийг ихэвчлэн зэвсгийн болон хүний наймаа зэрэг хууль бус үйлдлүүд дагалдаж байдаг. Тавхан ам.долларын үнээр зарагдаж байгаа тэдгээр үнэртэнг юугаар бүтээж, ямар сав баглаа боодолд хийсэн нь хачирхалтай. Магадгүй цаана нь хүүхдийн хөдөлмөрийн мөлжлөг ч байж болох юм. Хямд өртгөөр хийж, хууль бусаар худалдаж татвараас зугтаасан гээд сөрөг нөлөө ихтэй учраас хуурамч сүрчигтэй холбоотой мэдээллийг томоор харж сөрөг нөлөөг нь судлах хэрэгтэй.

-Монголчууд өөрийн үнэртнээ хийхэд ойрхон байгаа гэж та итгэдэг гэсэн. Тэгвэл монгол бүсгүйчүүд жилд хэдэн төгрөг үнэртэнд зориулж байгааг сонирхож үзсэн үү?

-Сүүлийн үед хэрэглээ маш их нэмэгдсэн. Би тодорхой тоо хэлж мэдэхгүй байгаа ч үнэртэнд дурлаж, хэрэглэх хүсэлтэй хүн нэмэгдэж байгаад баяртай байна.

-Үнэртний ирээдүйн мастеруудыг “бэлтгэх”, залуусын уран сэтгэмжийг хөгжүүлэх эхний сургалт нь амжилттай боллоо. Цаашид ямар арга замаар хэтийн зорилгодоо ойртох вэ?

-Мэргэжлийн сургуульд сураад л үнэртний мастер болчихдоггүй. Тиймдээ ч дэлхий дээр сансрын нисэгчдээс ч цөөн үнэртний мастер бий. Хүн болгон мэдрэмж, сэтгэлгээгээ уралдуулж, үнэртэн бүтээх боломжтой. АНУ-д манайхтай ижил үйл ажиллагаа явуулдаг хүрээлэн шинэ үнэртэн бүтээхийг хөхиүлэн дэмждэг. Мэргэжлийн биш хэдий ч бие даан үнэртэн бүтээсэн хүмүүсийн дунд шалгаруулалт явуулж “Алтан лийр” хэмээх шагнал өгдөг. Сүүлчийн ёслолын үеэр Малайзын жирийн нэгэн ах, дүү хоёр бүтээсэн үнэртнээрээ шалгарч шагнал хүртээд, одоо түүнийгээ түгээж ч амжихгүй байх хэмжээний борлуулалт, нэр хүндтэй болоод байгаа. Монголчуудад ч тийм боломж бий, гарцыг нь олж, холбох гүүр нь болохыг би хүсэж байна.

Мөн үнэртэнг үгээр илэрхийлэх урлаг үүнийг дагалдан хөгждөг. Ямар үнэртэн сонгохоо мэдэхгүй байгаа хүмүүст туслах, тухайн үнэртнийг зөв тодорхойлох гээд олон талын ач холбогдолтой энэ урлагийг хөгжүүлэх хүсэлдээ хөтлөгдөн “Мэлрэг цэцгийн шагнал” олгох болж, шүүгчдийн бүрэлдэхүүнээ сонгочихоод ажиллаж байгаа. Манай хуудсанд байгаа 1700 гаруй сэтгэгдлээс шүүж, оновчтой тодорхойлолтуудыг сонгох юм.

-Та цахим сэтгүүлээ ганцаараа хөтөлдөг юм уу?

-Нээгдээд удаагүй болохоор би ганцаараа хариуцаж байгаа. Монголоос өмнө Франц, Итали хэлээр энэ сэтгүүл гарсан. Тэдгээрийг ч бас ганц ганц л хүн хариуцдаг.

Монголд байх хугацаандаа нийтэд үлгэр дуурайл болсон, олны танил хүмүүсээс үнэртний талаар ярилцлага авч байгаа. Жүжигчин Г.Ундармаатай уулзаж ярилцсанаа саяхан нийтэлсэн. “Single ladies” кино маш загварлаг, дэгжин, дизайны өндөр мэдрэмжтэй бүтээгдсэн. Тэгвэл камерын цаана ямар ямар үнэртэн анхилж байсан нь хүмүүсийн анхаарлыг татаж байгаа болов уу.

-Сүрчиг хэрэглэх соёлын талаар эргээд ярилцъя. Өглөө, оройны үнэртэн гэж ялгаатай байдаг уу?

-Тийм ээ. Өглөө, орой гэхээс гадна ажил, сургууль, үдэшлэг, аяллынх гэх зэргээр ялгаатай. Яг үнэндээ үнэртэнд дурлагчид ямар ч зорилгогүй олон үнэртэй ус авдаггүй юм. Хэрэглээндээ тулгуурлаж авсаар байгаад л цуглуулгатай болчихдог.

Мөн зөвхөн надад таатай байдаг үнэр энэ гэж сонголт хийж болохгүй. Хэт хурц үнэртэн түрхчихээд нийтийг хамарсан аялалд явбал бусдыг эвгүйцүүлнэ.

-Үнэртэнг хэрхэн удаан хугацаанд чанарыг нь алдагдуулахгүй хадгалах вэ?

-Хайрцганд хадгалах нь зөв. Нарны гэрлийн тусгалаас хол, сэрүүн, харанхуй газар үнэртэн чанараа алддаггүй. Чийглэг нөхцөл тохиромжгүй. Тиймээс угаалгын өрөөнд үнэртэй ус хадгалж болохгүй. Ихэнх үнэртний шошго дээр 36 сар хадгалах хугацаатай гэж бичсэн байдаг ч зөв нөхцөлд хадгалсан ус хэдэн ч жил болсон чанараа алддаггүй. Найз маань надад 1952-1958 онд үйлдвэрлэгдэж байсан “Шанель 5” бэлэглэж байсан. Vintage буюу хуучны үнэртэй ус цуглуулдаг хүмүүс олон байдаг.

-Үнэртэй ус дуусах дөхөхөөрөө өөр үнэртэй болчихдог гэдэг нь тэгвэл ташаа ойлголт байх нь ээ.

-Тийм ээ зөв хадгалах нь л чухал. Бас зөвхөн хамраараа үнэрлэдэг гэж бүү эндүүрээрэй. Тархиараа ч бас үнэрлэдэг юм шүү. Мэдрэмжээ л дагах хэрэгтэй. Үнэртэн болгон хүний арьсны онцлогоос хамаарч өөр өөрөөр анхилдаг. Бас эхний 15 минутад толгой ноот л үнэртдэг. Тиймээс хүний сайныг ханилан байж мэддэг шиг үнэртний чанарыг ч тэгж л мэдэрнэ. Анх хараад таалагдсан ч зүрхэн ноот нь танд яаж мэдрэгдэхийг таашгүй. Тиймээс би зарим үнэртэнг танихын тулд зургаан сар ч зарцуулах нь бий. Бас эмэгтэй хүний гармоны өөрчлөлтөөс шалтгаалж үнэртэн өөрөөр анхилдаг.

-Та хамгийн анх өөртөө зориулж ямар үнэртэн авч байсан бэ?

-Анх “Ralph Lauren” брэндийн “Glamourous” авч байлаа. 2-3 жилийн дараа дахиад авах гэтэл үйлдвэрлэгдэхээ больчихоод маш их харамссан. Тэр үнэртэй усны найрлагад ордог аурим лили гэдэг цэцэгний үнэр ховордсон учраас үйлдвэрлэж чадахаа больсон гэдэг. Энэ тухай фэйсбүүк групптээ бичтэл найз маань надад яг тэр үнэртэй усыг бэлэглэж билээ.

-Оргинал үнэртэй усыг органик гаралтай бүтээгдэхүүн дээр суурилж хийдэг гэж ойлгож болох уу?

-Энэ бас тийм ч оновчтой дүгнэлт биш. Алим, тоор жимсний үнэртэй усыг жимснээс нь гаргаж авдаг гэж хүмүүс эндүүрдэг. Гэтэл байгалийн жимсэнд үнэртэн хийх хэмжээний хангалттай охь байдаггүй. Тиймээс химийн найрлага, молекулын бүтцийг ашиглаж үнэртэн хийдэг. Тэр нь муу гэсэн үг биш. Яг байгалийн бүтээгдэхүүнээс гарган авдаг цөөн төрлийн үнэртэн бий. Тэдэн дунд сарнай, мэлрэг цэцэг болон бэрсүүт жүржийн төрлийн жимсний хальс багтана.

-Хубилай хааны алдрыг хүртээсэн дээрх Франц үнэртний найрлагад тэгэхээр адууны хөлс ороогүй л юм байна, тийм үү?

-Үнэртний найрлага дахь бодис бүрийг дангаар нь үнэрлэвэл таагүй сэтгэгдэл төрүүлнэ. Үнэртэнг удаан тогтоох, цэцгийн үнэрийг илүү гүн сонирхолтой болгохын тулд тиймэрхүү орц заавал байх учиртай.

-Хэрэв та хэн нэгэнд үнэртэн бэлэглэх бол юуг нь харж сонгох вэ?

-Найзынхаа зан чанар, хийдэг ажил, хүсэл сонирхолд нийцүүлнэ. Би эргэн тойрны хүмүүсийнхээ түрхдэг усыг бараг л мэддэг болчихсон доо. Харин сайн мэдэхгүй хүндээ бол ямар ч хүнд тааламжтай сэтгэгдэл төрүүлэх зөөлөн үнэртэн сонгоно.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

3 thoughts on “З.Наран: Хуурамч үнэртэн хорт хавдар үүсгэдэг

  • Santa says:

    Супер мундаг мэдрэмжтэй бүсгүй шүү сайхан ярилцлага болжээ. Улам их амжилтыг хүсэн ерөөе найздаа

  • Amka says:

    Az jargal amjilt buteeliin deediig husey.
    Mundag hudulmurch ,ajil heregch uzesgelent busgui shuu.
    Urgelj baharhdag,amjilt uragshaa

  • Oyuka says:

    Мэдрэмжтэйгээс гадна боловсролтой охиноос суралцах зүйтэй бид