Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Жавзандулам: Сонгосон замаараа өөрийн мөрөө гаргаж яваадаа бахархдаг

Хөгжим бүжгийн коллеж, “Их Монгол” дээд сургуулийн харьяа дуулаачийн тэнхимийн багш, Монгол Улсын Ардын жүжигчин, дуучин Б.Жавзандулам гуайг “Хоймор”-тоо урилаа. Тэрбээр биднийг Хөгжим бүжгийн коллежийн дуулаачийн тэнхим гэгдэх хоёр давхар, жижгэвтэр байшиндаа угтаж авсан юм. Монголын дуурийн урлагийн тайзнаа “Евгений Онегин”-ы Татьяна, “Трубадур”-ын дуурийн Леонoра, “Оттело”-гийн Дездемона, “Эрвээхэй хатагтай” буюу “Чио Чио Сан” дуурийн Чио Чио Сан зэрэг олон шилдэг дүр бүтээсэн эрхэмсэг энэ уран бүтээлчийн амьдрал үнэхээр эгэл аж. 

-Та Булган аймгийнх. Гэхдээ Сэлэнгэ, Тэшиг гээд хэд хэдэн сумынхан таныг “Манай нутгаас төрсөн алдартан” гэж булаацалддаг юм билээ. Яг хаана төрж, өссөн юм бэ?

-Би 1958 оны дөрөвдүгээр сард Булган аймгийн Энхэт буюу одоогийн Сэлэнгэ суманд төрсөн. Дээр үед Булган аймагт Хантай гэж сум байлаа. Аав, ээж минь хоёулаа тэр нутгийнх. Миний ах, эгч хоёр Тэшигт төрсөн гэдэг. Харин 1958 оны өмнөхөн манайх Сэлэнгэ суманд нүүн ирж, төд удалгүй би төрсөн юм билээ. Аав маань тэндхийн хоёрдугаар баазын бригадын ахлагчаар ажиллаж, манайх Сэлэнгэ мөрнийхөө хөвөөнд амьдардаг байсан юм гэсэн.

Аав маань Цулхарын буюу одоогийн Хялганатын модны үйлдвэр гэх мэтчилэн их ч олон газар руу томилогдож, манайх тэр тоогоор нүүсэн. Миний гурван дүү ч өөр өөр газар төрсөн санагдаж байна. 

Намайг Ардын жүжигчин болсны дараа Булганы сэлэнгийнхэн “Энэ манай нутагт төрсөн”, хантайгийнхан “Аав, ээж нь манай нутгийнх”, хялганатынхан “Наад хүүхэд чинь ажил, амьдралын гараагаа манай нутгаас эхэлсэн” гээд л “булаацалдаж” эхэлсэн дээ. Булганых гэдэг нь үнэн л юм чинь аль сумынх байх нь ямар хамаа байх вэ.

-Нутагтаа хэр очдог вэ?

-Манай хамаатан садан Булганд бараг үлдээгүй ээ. Гэхдээ зун болгон очдог.

-Энэ жилийн Улсын баяр наадмаар нутагтаа наадах уу?

-Тэгэх санаатай л байна. Ирэх долоо хоногоос явна.


 

-Таны аав, ээж хоёр сайхан дуулдаг хүмүүс байсан уу?

-Ээж маань буриад гаралтай, аав минь халх хүн. Аль аль нь айлын том хүүхэд. Ээж минь их сайхан дуулдаг байлаа. Эмээ, өвөө нарыг ч сайхан дуулдаг байсан гэдэг. Би аавынхаа ээжийг мэдэхгүй л дээ. Намайг их багад өөд болсон юм. Түүнийг их чадалтай хоолойтой байсан гэж нутгийнхан нь одоо ч дурсдаг юм билээ.

-Таныг эмээ дээрээ өссөн гэж сонссон. Тэгэхээр ээжийн тань ээж байх нь ээ.

-Тийм. Долоон нас хүртлээ эмээтэйгээ амьдарсан. Хавар цөн ид түрэх үед намайг төрсөн гэж ярьдаг юм. Намайг төрүүлснийхээ дараа ээж минь гам алдаж, хатгаа авсан юм билээ. Аргагүй шүү дээ. Хөдөө хүйтэн, нойтон үед амаржсан юм чинь. Таван сартайд минь хот руу эмчилгээнд явж, эмээд минь үлдээсэн гэдэг. Долоон настай байхад эмээ минь өөд болсон. Их жаахан байсан хэрнээ одоо ч нутаглуулсан газрыг нь тод санадаг шүү. Их сонин. Яагаад ч юм ах эгчтэй, гурван дүүтэй, өнөр өтгөн гэр бүлтэй мөртлөө ганцаараа үлдчихсэн мэт л өнчирсөн дөө. Эмээ дээрээ айлын ганц хүүхэд шиг өссөн болохоор тэр байх. Намайг оюутан байхад ч хүмүүс “Чи айлын ганц охин уу” гэж их асуудаг байлаа. Тийм л эрх танхи харагддаг байсан байх нь.


-Багаасаа л дуулдаг, авьяастай охин байсан уу?

-Овоо дуулчихдаг гэдгийг минь хүмүүс яаж мэдсэн юм бол гэдгийг сайн санадаггүй. Олон хүний өмнө дуулж хөөрөөд гүйдэг байгаагүй. Хааяа хөгшчүүд “За сурсан дуугаа дуулаарай” гээд надаар дуулуулна. Дуулахаар уяраад уйлчихна. Юу ч дуулдаг байсан юм. Нэг мэдэхэд л “Эдний охин сүрхий сайхан хоолойтой” гэж ярьдаг болчихсон байсан.

-Хөдөөний бор охиныг хэн хөтлөөд урлагийн замд оруулчихсан юм бэ?

-Би Цулхарын дунд сургуульд тавдугаар ангиа төгсөж, буцаад Сэлэнгэ сумандаа ирж долдугаар анги төгссөн. Манай ах хөгжимд их сонирхолтой байсан юм. Өөрөө хөгжим тоглохоороо заавал намайг дуулуулна. Гармошк, мандалин, аккордеон зэрэг хөгжим тоглодог, бүр бидэнд ноот заадаг байлаа шүү дээ. “Алтны дэргэдэх гууль шарлана” гэгчээр нэг мэдэхэд л эгч, дүү нар хөгжимд дуртай болчихсон байлаа. 

Гэтэл би сонирхдоггүй хэвээрээ л. Ах маань ахлах ангиа төгсөөд Булганы театрт хөгжимчнөөр орсон. Тэндээсээ цэрэгт татагдаж, удалгүй Хязгаарын цэргийн ансамбль байгуулагдахад нь орж, тэндхийн анхны хөгжимчдийн нэг болсон. Ахыг тэнд ажиллаж байх үед би долдугаар анги төгсөж таарсан. Намайг дуучин болгоно гэж их ч зүтгэсэн дээ. Яаж дуучин болохоо мэдэхгүй амьтан ахыгаа бараадаад хотод ирж байв. Ах уг нь Улсын багшийн дээд сургуулийн дуучны ангид намайг оруулчих санаатай байсан юм билээ. Гэтэл бид хоёр хавар шалгалт авдгийг нь мэдэлгүй намар очоод хоцорчихсон. Тэгээд л нутаг руугаа буцсан даа.

-Тэгээд яасан бэ?

-Мэргэжилгүй хүн чинь хар бор ажил хийхээс өөр яах вэ дээ. Хялганатын модны үйлдвэрт нормчин болсон. Модны үртэс шуудайлж зөөгөөд л. Жил гаруй ажилласан санагдаж байна.


 

-Яаж сургуулийн бараа харав?

-Тэгээд шууд сургуульд ороогүй ээ. 1974 онд дахиад ах, эгч рүүгээ хотод ирлээ. Ирсэн даруйдаа Хилийн цэргийн чуулгад ахтайгаа хамт ажиллах гэсэн боловч бүтээгүй. Ах дүү нар нэг дор ажиллаж болохгүй ч гэл үү, яалаа. Тэгээд Цэргийн ансамбальд намайг шалгуулсан. Цагаан толгойтой, том нүдтэй, хурц харцтай хүн шалгалт авсан. Сүүлд бодоход Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн гуай байсан юм билээ. Шалгалтаа өгөөд тэнцлээ. Гэтэл бичиг баримт нэхэж баларсан. Тэр үед би 15-тай, насанд хүрээгүй байсан юм чинь. Ингээд “Паспорттай болсныхоо дараа ирээрэй” гээд намайг гаргасан даа. Гэтэл ах гэр лүү “Жавзандуламд паспорт хэрэгтэй байна” гэж утсаар яриад, хэд хоногийн дараа намайг 1956 онд төрсөн болгож паспорт гаргуулаад явуулчихсан байсан.

Тэр намартаа Ардын дуу бүжгийн чуулгад бас шалгууллаа. Шууд тэнцчихсэн. Тэгсэн хэд хоногийн дараа ирээрэй гээд явууллаа. Хэлсэн өдөр нь яваад очтол намайг шалгаж, тэнцүүлсэн хүн нас барсан байв. Дуучин С.Боорой гуайн хань байсан юм шүү дээ, тэр хүн. Дахиад л ажилгүй хоцорлоо. Хавар нь ахиад шалгуулахаар очлоо. Тэр үед Д.Лувсаншарав гуай намайг шалгаж, чуулгад авсан даа. Н.Норовбанзад, Г.Дорждэрэм, С.Сүглэгмаа зэрэг алдартны ажилладаг газар яваад ороход сүрдмээр, балмагдмаар санагдаж байлаа. Намайг ороход их сайхан хүлээж авсан. Шинэ хүн хүлээж ядчихсан байсан даа.

-Хөгжим, урлагт татагддаггүй байсан охин тэр үеэс л энэ мэргэжилдээ дурласан уу?

-Бараг тэгсэн шүү. Нэг мэдэхэд л ноотоо улам сайн сурахаар хичээж, хоолойны дасгал тогтмол хийдэг болчихсон. С.Нэргүй миний дараахан чуулгад орсон санагдана.

-Свердловскийн хөгжмийн дунд сургуульд сурах боломж яаж олдсон юм бэ?

-Нэг удаа бэлтгэлээ хийгээд сууж байтал С.Боорой гуай ирээд “ЗХУ руу сургуульд явах хүүхдүүдийг бүртгэж эхэлсэн байна. Очиж шалгуул” гэдэг юм. Би ч “За” гэж хэлчихээд яаж, хаана очиж шалгуулахаа мэдэхгүй болохоор тоолгүй орхичихсон. Гэтэл хоёр хоногийн дараа чуулга дээр дахин ирээд намайг дагуулаад гарлаа. 

“Чи энд байж болохгүй. Мэргэжлийн дуучин болох хэрэгтэй. Чи дуурьт л дуулах хүн” гээд замдаа надад хэлээд явав. Би мэргэжлийн дуучин гэж хэн юм, дуурь гэж юу гэдгийг ч мэдэхгүй шүү дээ. ЗХУ руу сургуульд явах хүүхдүүдийг ДБЭТ-д бүртгэж, шалгаж байлаа.

Шалгалт өгөхөөр ирсэн хүүхдүүд хөгжимчдөө дагуулаад, хавтастай ноот сугавчилчихсан. Гэтэл би гэдэг хүн алгын чинээ үрчийсэн цаас бариад очсон доо. Бодвол дууны үг л байсан байх. Шалгалтаа өгөөд шууд тэнцлээ. Ажлынхандаа хэлтэл бүгд бөөн баяр болсон. Мөнгө нийлүүлж надад хувцас авч өгөөд л. Ингэж л чуулгынхнаараа үдүүлж хөгжмийн сургуульд явсан юм даа. “Шалгалт өгсөн тэр олон залуугаас би юугаараа илүү болоод сонгогдсон юм бол доо” гэж их бодсон. Хүний хувь заяа түшнэ гэдэг л тэр байх. Тэр жил Ч.Мөнхшүр, Б.Шарав, С.Сүхбаатар бид хэд ЗХУ руу явсан.

Б.Жавзандулам: СУРСАН, МЭДСЭНЭЭ ДАРАА ҮЕИЙНХЭНДЭЭ ЗААЖ ҮЛДЭЭХСЭН

-Тэндээсээ шууд Москвагийн хөгжмийн дээд сургуульд элссэн юм уу?

-Свердловскийн дунд сургуульд ороод Сусанна Павловна Танилова гэж багшийн шавь болсон. Тэр багш маань намайг төгсөх үед “Чи заавал хөгжмийн дээд сургуульд орох ёстой шүү” гэж их захисан юм. Яг төгсөх үед сургуулийн захирал өрөөндөө дуудлаа.

Тэгтэл “Чи Москвагийн хөгжмийн сургуульд шалгалт өгөхөөр боллоо. Баяр хүргэе” гэсэн. Удалгүй манай оюутны зөвлөлийн дарга намайг дагуулж Москва явлаа. Тэр үед Москва дахь ЭСЯ-нд Д.Ухнаа гуай ажилладаг байсан юм билээ. Намайг Москвагийн хөгжмийн дээд сургуульд шалгалт өгөхөд дагуулж явж, газарчилж байсан даа. Ингээд шалгалтаа өгөөд шууд л тэнцсэн.

Зун нь нутагтаа ирж амарчихаад намар буцах гэтэл яамнаас “Чи яасан дураараа нөхөр вэ. Явахаар бол гурван жил ажиллаж байж яв. Гадаадад сургууль төгссөн хүмүүсийг орон нутагт хуваарилна. Тэгээд ч чиний сурах гээд байгаа сургуулийн хуваарь манайд ирээгүй” гээд загнадаг юм байна.

Би ч “За сургуульд явах бол өнгөрлөө. Хөдөө цөлөгдөж байснаас ядаж л Дархан юм уу, Эрдэнэтэд хуваарилагдчих юм сан” гэж бодлоо. Гэтэл хэд хоногийн дараа дахиад яамнаас дуудлаа. Яваад очтол “Манайд Москвагийн хөгжмийн дээд сургуулийн хуваарь алга.

Тийм болохоор Свердловскийн хөгжмийн дээд сургуулийн хуваарь чамд гаргалаа. Гэхдээ Москва орох галт тэрэгний билет бичүүлчихлээ. 

Цаад сургуулиас чинь үнэхээр тэнцүүлсэн юм бол үргэлжлүүлж сурчихаад ир” гэдэг юм байна. Ингээд л тэр нэр хүндтэй сургуулийн оюутан болсон.

-Оюутан ахуй цагаа эргээд дурсаач?

-Хүмүүс шинэ орчин, шинэ хамт олон дунд орохоороо их тулгамддаг шүү дээ. Харин надад тийм зан байдаггүй. Дорхноо л уусаад шингэчихдэг. Тэр зан маань ч амжилттай сурахад их нөлөөлсөн. Хүн өөрт буй нөөц бололцоогоо шавхаж байж амжилтад хүрнэ гэдгийг тэр үед л ойлгосон. 

ОХУ-ын Ардын жүжигчин Нина Сергеевна Исаковагийн шавь шүү дээ, би. Багш маань одоо АНУ-д амьдардаг юм. Хааяа утсаар ярина. Тэр үедээ ярихаараа уран бүтээл, шавь нарынхаа тухай ярилцаж зөвлөгөө авдаг.

 


-Москвад сурч байхдаа ханьтайгаа танилцсан гэсэн үү. Гэр бүлийнхнээ танилцуулаач?

-Миний хань Л.Баасанхүү Говь-Алтай аймгаас гаралтай. Хөгжим бүжгийн дунд сургууль төгсөж, ДБЭТ-д ажиллаж байгаад Москвагийн хөгжмийн дээд сургуульд элссэн юм билээ. Намайг тэр сургуульд ороход манай хүн гуравдугаар курст сурдаг байсан юм. Бид Б.Чинбилэг, Б.Нямжав гэж хоёр хүүтэй. Том хүүгээ оюутан байхдаа төрүүлж байлаа.

-Хэдэн ачтай болов. Ач нартаа хошуу их дэвсэж байна уу?

-Дөрвөн ачтай. Эмээ болохоосоо өмнө хүмүүсээс “Хүүхдийнхээ хүүхдийг илүү их хайрладаг” гэдэг үг сонсоод итгэдэггүй байлаа. Гэтэл үнэн юм. Гэхдээ тийм ч “нялуун” эмээ биш. Учиргүй эрхлүүлээд байхгүй. Өөрийнхөө хүүхдүүдийг ч би эрхлүүлж өсгөөгүй дээ. Надад хүүхдүүддээ зарцуулах цаг зав ч бараг байгаагүй.


-Уран бүтээлч эмэгтэйчүүдийн гаргадаг золиосуудын нэг нь энэ байх даа.

-Ямар сайндаа оюутан байхдаа том хүүгээ төрүүлчихээд, ээждээ үлдээгээд ОХУ руу сургуульдаа явж байлаа. Бага хүүг минь ч хадам ээж маань өсгөж өгсөн юм шүү дээ.

Хоёр ээж маань хүүхдүүдийг минь сайхан өсгөсөн. Хүүхдүүд минь биеэ даангуутаа л гэр орноо аваад явчихсан. Тэгээд одоо гэрийн эзэгтэйнхээ ажлыг хийе гэхээр бэрүүд минь тэр зэргийн юманд гар хүргүүлэхгүй. Хань минь ч миний ажил, мэргэжлийг ойлгож, хүндэлсээр өнөөдрийг хүрчээ.

-Оюутнуудад дуулах ур зүй заагаад чамгүй удчихжээ. Нина Исакова багшийн тань заах арга барил танд шингэсэн байх даа?

-Тэгсэн шүү. Би 1986 онд сургуулиа төгсөж, ДБЭТ-т ирснээсээ хойш л багшилж, хүүхдүүдтэй ажиллаж байна. 1998 оноос Хөгжим бүжгийн сургууль маань дуулаачийн тэнхимтэй болсон. Багшийнхаа арга барилыг өөрийнхтэйгөө “сүлдэг” юм.

Манай багш хүүхдүүдийг “ховсдож” сургадаг онцлогтой. Хүүхдүүд шууд л хэрхэн, ямар арга барилаар дуулахыг заалгая гэдэг. Мэдээж энэ хамгийн чухал. Гэхдээ эхлээд өөрийгөө сонсож, өөртэйгөө ажиллаж сурах хэрэгтэй. Би үүнийг л шавь нартаа захидаг. Ойлгуулахыг хичээдэг.

Дуучин хүний дуу хоолой бол хөгжмийн зэмсэг. Сэтгэлдээ орших хөгжмийг хэрхэн дуугаргахаа би өөрөө л мэднэ. Үүнтэй л адил шүү дээ. Чанга дуул гэж хүчилснээр сайн дуучин болохгүй, аяар дуул гэж би аргадахгүй. Нэлээд тэвчээр гаргаж, цаг хугацаа зарцуулж байж л өөрийгөө сонсдог болно доо.


​-“Их Монгол” дээд сургуулийн дэргэд дуулаачийн хувийн тэнхим байгуулсан гэсэн.

-Энэ тэнхимээ 2004 онд нээсэн. Шавь нараа сайн явахад баярлах нь багш хүн бүрийн зан байх. М.Глинкийн нэрэмжит уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн, ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Анхбаяр, шагналт байрт орсон Ж.Бямбажав нар миний шавь шүү дээ. Шавь нар маань олон уралдаанд амжилттай оролцож, хүмүүст үнэлэгдэж явна.

-Таныг оюутнууд тань “чанга” багш гэдэг юм билээ.

-Ширүүлэх үедээ ширүүлэлгүй яах вэ. Мэргэжлийн уран бүтээлч болох гэж буй хүмүүст шаардлага өндөр тавьж сургах ёстой. Оюутнуудаа анх элсэхэд л “Жил ирэх тусам миний тавих шаардлага өндөрсөнө. Тавьсан шаардлага хангаж чадахгүй бол би дандаа сайхан зантай явдаг хүн биш шүү” гэж хэлдэг. 

Хичээл зааж байхад бухимдах үе гардаг л юм. Загнуулаад өрөөнөөс уйлаад гарсан оюутнууд бишгүй бий. Гэхдээ төгссөнийхөө дараа тэд надад баярладаг. Би буруу зүйл хэлж загнаагүй гэдгийг сүүлд ойлгодог доо.

-Тэгэхээр та их хатуу хүн үү?

-Зөөлөн л гэж хэлэхгүй байх. Заримдаа би боддог юм. Өөрийнхөө хүүхдүүдэд тэгж хэлж, загнаж байгаагүй мөртлөө хүнийхэд ингэж сэтгэл гаргах хэрэг байгаа юм уу гэж.

-Уярч, нулимс унагах тохиолдол гарах уу?

-Уярч догдлоод, гомдож баярлаад байх зүйл гардаггүй.


-Та сургуулиа төгсөж ирээд хамгийн анх ямар дуурийн, аль дүрд дуулсан юм бэ?

-“Учиртай гурван толгой” дуурь байсан шиг санагдаж байна. 1987 онд байх. Бага хүүгээ төрүүлээд удаагүй байсан юм.

-Ж.Пуччинийн “Чио Чио Сан” дуурьт хамгийн олон удаа дуулсан байх, тийм үү?

-Тийм байх шүү. Яг тоолж байгаагүй юм байна. 1991 онд анх тавьсан шүү дээ. Тэр үед биднийг гадаадад боловсрол эзэмшсэн гэдгээр манай ахмад үеийнхэн шууд том, том сонгодог дуурийн дүрүүдэд хуваарилсан юм. Тэр нь биднийг хэр боловсорч вэ гэдгийг харсан шалгуур байсан байх. Анх надаас гадна гурван хүүхдийг шилж “Чио Чио Сан”-д бэлтгэсэн. Хүчтэй, туршлагатай, чадалтай, авьяастай ахмадуудаасаа итгэл хүлээнэ гэдэг асар их хариуцлага.

Нас залуу байсан болохоор тэр том дүрийг надаар дуулуулна гэсэн горьдлого байгаагүй. Дуулах арга зүй, биеийн хэлбэр галбир, зан ааш гээд бүхий л талаар нь шалгаж байж дүрд тоглуулдаг юм байна гэдгийг тэр үед мэдэрч билээ. “Учиртай гурван толгой”-д ч их тоглосон. ДБЭТ-ын хамаг ачааллыг үүрч явсан үе надад бий. “Отелла”-гийн Дездемонад ч олон тоглосон.


-Насаараа урлагт зүтгэчихээд хоосон хоцорсон хүмүүс цөөнгүй бий. Харин та төрийн хоёр шагналаар энгэрээ мялаасан. Гавьяа шагнал гэдэг тухайн цаг үед хэрхэн, яаж амьдарсныг тодорхойлох зүйл гэдэгтэй та санал нийлэх үү. Танд ирсэн шагнал таны дуулсан он жилүүдийн хүч, хөдөлмөрийг хангалттай үнэлэхээр хэмжээнийх мөн үү?

-Би азтай хүн. Монгол Улс намайг 10 гаруй жил үнэ төлбөргүй гадаадад сургаж, Гавьяат жүжигчин, дараа нь Ардын жүжигчин цол олгосон. Энэ л надад хангалттай. Надад насаараа урлагт зүтгэлээ гээд гомдох эрх байхгүй. Харин ч сурсан мэдсэнээ дараа үеийнхэндээ зааж үлдээхсэн гэж боддог. Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж, сонгосон замаараа өөрийн гэсэн мөртэй яваа минь бахархал.

 

-ДБЭТ-ын урын сангаас таны дуулж амжаагүй, дуулах юмсан гэж боддог бүтээл бий юү?

-Намайг явснаас хойш тавьсан “Аида”, “Богема”, “Сарьсан багваахай” зэрэг шинэ дуурь л бий байх. Түүнээс биш, ажиллаж байх хугацаандаа ДБЭТ-т тавьсан үндэсний болон дэлхийн сонгодог дуурь, ДБЭТ-ын уран бүтээлчдийн гадаад, дотоодод хийсэн тоглолтуудад бүгдэд нь оролцсон.

-Хамгийн сүүлд хэзээ тайзан дээр гарсан бэ?

-2012 бил үү, 2013 онд л байх. Хамгийн сүүлд “Увидаст лимбэ” дуурт дуулсан шиг санагдаж байна.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Б.Жавзандулам: Сонгосон замаараа өөрийн мөрөө гаргаж яваадаа бахархдаг