Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Дуучин Соко:Хэн нэгэнтэй чөлөөтэй ярилцах сэдэв секс биш ээ.

Дуучин Соког сониныхоо энэ дугаарын "Урлаг" буландаа урьж ярилцлаа.  

-Би яриагаа энгийн зүйлээс эхэлье гэж бодлоо. Танд ямар санагдаж байна…

-Зүгээр, зүгээр. Та асуу л даа.

-Эмэгтэй хүн ямар байвал зүгээр гэж боддог вэ?

-Эмэгтэй хүн сайхан сэтгэлтэй, аливаа асуудлыг бүх талаас нь эргэцүүлэн, тунгаан бодож, зөв шийдвэр гаргадаг байх ёстой. Тэр тусмаа гэр бүлийн амьдрал, хайр сэтгэлийн асуудалд нарийн нандин ухаанаар ханддаг байх хэрэгтэй гэж боддог.

Бүсгүй хүн хэмээх эрхэм сайхан нэрээ уур уцаараар гундааж, гоо сайхнаа алдаж болохгүй. Эмэгтэйчүүд ийм чанарыг үргэлж эрхэмлэж чадвал гэр бүлээ, хайр сэтгэлээ бусдад алдахгүй аварч чадна. Амьдралыг эмэгтэй хүний чамбай ухаан чимдэг гэдэг шүү дээ.

Сүүлийн үед залуу гэр бүл нэг нэгнээ үл ойлголцох харилцаанаас болж, хөндийрч байгаа нь ажиглагддаг. Гэр бүлийн хоорондын  харилцаа нэг бодлын том шинжлэх ухаан байдаг юм биш үү. Үүнийг ч гэсэн эмэгтэйчүүд маань бодолцож үздэг байх хэрэгтэй. Энэ хорвоод алдаж, онодоггүй хүн гэж байдаггүй. Бие биенийхээ алдааг уучилж, хүлээцтэй, уужуу ухаанаар хандвал гэр бүл тийм ч амархан салж, үр хүүхдээ өнчрүүлэхгүй  байх аа. 

-Гоо сайхны гол утга учир хаана оршдог юм бэ?

-Сайхан царай гоо сайхан биш ээ. Үзэсгэлэн төгс зүс, царайнд ухаан заяагаагүй бол сайхныг илэрхийлж чадахгүй. Би бурханд итгэдэг, хайр ивээлийг нь хүртэхийг хүсдэг. Тиймдээ ч гоо сайхны гол утга учрыг дотоод сэтгэлийн гэрэл гэгээнээс эрж хайдаг.

Хааяа энд тэнд явж байхад царайлаг залуу, харц булаахаар бус, энгийн нэгэн эмэгтэйтэй аз жаргалтайгаар инээлдээд, хөтлөлцөөд явж байгаа харагддаг. Магадгүй тэр залуу бүсгүйн дотоод сэтгэлийн сайханд татагдсан байж болох. Аливааг өөдрөг, сайн талаас нь боддог хүн сэтгэл сайхантай байдаг гэдэгтэй санал нийлдэг шүү.  

-Амьдралд эмэгтэй хүний гярхай ухаан их нөлөөлдөг юм шигээ…

-Тийм шүү. Амьдралд зовлон, жаргал аль аль нь бий. Болж бүтэхгүй байна гээд хөмсгөө зангидаж, уурлаж бухимдаад байвал амьдралаа аз жаргалгүй, уйтгартай там болгож хувиргана биз дээ. Тэгэхээр аливаа зүйлд цухалдаж, бачимдахаасаа илүү тайван, уужуу ухаанаар ханддаг байвал зүгээр. Уурыг чинь хүргэж байгаа хүнийг элдэв үгээр доромжлохын оронд өөрт нь хэрэг болох ухаантай үг хэлдэг байх хэрэгтэй.

-Танд ямар эрчүүд таалагддаг вэ?

-Эр хүн амьдралын ухаантай, мэдрэмжтэй байх ёстой. Миний хувьд хамт байхад хөгжилтэй, ухаалаг, соёлтой, эмэгтэй хүнийг хүндэлж чаддаг эрчүүд таалагддаг. 

-Эрчүүдийн соёлтой эсэхийг юугаар нь илүү таньдаг вэ?

-Аливаад хандаж байгаа хандлага, хүнтэй харилцаж байгаа харилцаагаар нь мэддэг.  

-Хэрвээ амьдралд хөл тавибал овсгоотой, сэргэлэн, ухаантай залуугийн алийг нь сонгох вэ?

-Ухаантай залууг нь сонгоно. Ухаан байгаа  цагт овсгоо, сэргэлэн зангийн аль алийг нь гаргаж чадна гэж бодож байна. 

-Найз залуутай юу?

-Бий, бий. Бид хамтдаа амьдарч байгаа. Төлөвлөсөн ажлаа амжуулчихаад, гэр бүлийн амьдрал зохиож, ээж болно гэж боддог.  

-Ямар занд нь татагдсан бэ?

-Надад найз залуугийн маань сорьж сонжоод,  хардаж сэрдээд байдаггүй энгийн  зан нь таалагдсан. Найзын минь бүх зүйл таалагддаг болохоор би сэтгэл хангалуун байдаг. Урлагийн хүний амжилт, бүтээл ар гэрийнх нь хүмүүсийн ойлгож, дэмждэг сэтгэлтэй холбоотой. Түүний адил миний уран бүтээлийн ард найз залуугийн минь сэтгэл, тус дэм, үүрэг, оролцоо их байдаг. 

-Залуу хүн байна. Хайрын тухай бодлоосоо хуваалцаач…

-Хайр, сэтгэлээс илүү зүрхтэй их холбоотой юм шиг санагддаг. Хүн хайрыг зүрхээрээ илүү мэдэрч, эмзгээр хүлээж авдаг. Зүрх, сэтгэл хайраар ундарч байж,  аз жаргалтай сайхан амьдардаг болов уу. Хүнийг хайрлан хүндэлж байж, өөрийгөө хайрлуулах ёстой. Амьдралд хамгийн сайхан мартагдашгүй дурсамж болж үлддэгээрээ хайр гайхамшигтай. 

-Хайрыг зовлонтой ч юм шиг, жаргалтай ч юм шиг гэж ярьдаг. Яг юу нь зовлон, жаргал болчихдог юм бэ?

-Магадгүй нэг нэгнээ үл ойлгосон, итгэл алдарсан сэтгэл хайрыг зовлон болгодог, бие биенийхээ зан араншинг зөв таньж, итгэж ойлгоод амьдарч байгаа амьдрал хайрыг жаргалтай болгодог байж болох.  

-Зүрх, сэтгэл хоёрынхоо алийг нь илүү чагнадаг вэ?

-Зүрхээ  чагнадаг. Сэтгэлийг барьж, хорьж болдоггүй болохоор жолоогүй гэж ярьдаг даа.  Хааяа нэг төрсөн сэтгэлийн хөөрлөө ухаанаараа зохицуулахыг хичээдэг. 

-Хэр дурламтгай вэ?

-Би нэг их дурламтгай биш ээ. Гэхдээ надад таалагдаад, сэтгэлийг минь  хөдөлгөж чадвал дурлаж магадгүй ээ. (инээв)

-Анхны харцаар дурласан, дасч дурласан хайрын аль нь бөх бат байдаг гэж бодож байна…

-Амьдрал баялаг хэрнээ таагдашгүй  оньсого мэт санагддаг. Хүмүүс янз бүрээр л бие биедээ дурлаж, хайрласан байдаг. Анхны харцаар дурлаад, аз жаргалтай сайхан амьдарч байгаа хүмүүс олон бий. Зарим нэг нь хамт амьдарч байх хугацаандаа зан араншинг нь таньж, дасаж дурлаад амьдардаг тохиолдол ч байгаа. Аль нь ч байсан хайр бол хайр шүү дээ.   

-Цаг хугацааг юутай зүйрлэх вэ?

-Салхи мэт үл гүйцэгдэх хоромхон агшин.  Надад цаг хугацаа алтнаас илүү үнэтэй санагддаг. “Алдсан цаг хугацаа эргэж олдохгүй” гэдэг үг байдаг даа. Үүнийг үнэн үг гэж боддог .   

-Ирээдүйгээ ямраар төсөөлж байна вэ?

-Эрүүл саруул, элэг бүтэн, аз жаргалтай, өнөр өтгөн,  сэтгэл дүүрэн, сайхан амьдрал сэтгэлд минь илүү төсөөлөгдөж байна. Хүн амьдарч байгаа хором, мөч бүхнээ аз жаргалтай байлгаж чадвал тэр жаргал юм. Түүнээс биш, далайн эрэг дээр үнэтэй орд харш барьчихаад, тансаг машин унаад явахыг жаргал гэж хэлэхгүй ээ. Энэ бүхэн зөвхөн амьдралын баталгаа, хэрэглээ. Бодоод байхад сэтгэлдээ ямар нэгэн зовлон, харамсал тээж амьдрахгүй байна гэдэг амар амгалан юм шиг ээ. 

-Сайхан бүсгүй, ухаалаг бүсгүй хоёрт ялгаа бий гэж бодож байна уу?

-Ялгаа бий. Ухаантай бүсгүй өөрийгөө сайхан болгож чадна. Харин сайхан бүсгүй ухаан муутай байвал өөрийгөө хоншоортоо алтан зоос зүүсэн гахай шиг ч болгож болно.

-Тайзан дээрээс харж байхад та галзуу бүсгүй гэмээр сэтгэгдэл төрүүлдэг. Амьдрал дээр яг ямар хүн бэ?

Уран бүтээлч хүнийхээ хувьд би тайзан дээр юу чаддагаа харуулахыг хүсдэг. Харин амьдрал дээр аль болох олны анхаарал татахгүй, энгийн байхыг хичээдэг. Олны дунд явахдаа ч гэсэн даруухан байхыг боддог. 

-Амьдрал араншинтай юу?

-Амьдрал араншинтай, бас тэмцэх тэмцлийн талбар. Араншингаа янз янзаар гаргана. Гадаадад явж байхдаа би нэг зүйлийг ажигласан юм. Тэнд  ажлаасаа гарвал амьдралгүй, ирээдүй нь бүрхэг, харанхуй мэтээр төсөөлөгддөг. Үүнээсээ болоод сэтгэлээр унаж, амиа хорлох тохиолдол гардаг юм билээ. Харин манай Монголд эсрэгээрээ. Ажилгүй ч байсан амьдарч болоод л байдаг. Энэ нь монголчуудын аливаад уужуу ханддаг, тайван зантай нь холбоотой байж болох юм. 

  -Амьдрал төлөвлөж болох зүйл мөн үү?

-Төлөвлөж амьдрах нь зөв. Зан араншингаа сайн танилгүй гэр бүл болчихоод хоёр тийш болохоор хүүхэд өнчрөөд үлддэг. Тэгэхээр гэр бүл болох эсэхээ харилцан сайн ярилцаж, үүрэг, хариуцлагаа ухамсарлаж байж, хамтын амьдралд хөл тавих хэрэгтэй. Нэгэндээ үл итгэдэг байвал ирээдүйн амьдрал нь ч гэсэн баталгаагүй байна шүү дээ. 

-Хамтран амьдрах хэлбэр гэр бүлийн амьдралд сөргөөр нөлөөлөх биш үү?

-Хамтран амьдарч байгаад гэр бүл болсон хос зөндөө байдаг. Бат бөх, тайван амьдрал зохиоё гэвэл энэ тийм ч муу алхам биш ээ.

-Сексийн сэдвээр та хэн нэгэнтэй чөлөөтэй ярилцаж чадах уу?

-Хүний амьдралд бусадтай хуваалцаж, дэлгэж болохгүй нандин зүйл гэж байдаг. Миний хувьд дотнын хүн биш бол хэн нэгэнтэй чөлөөтэй ярилцах сэдэв секс биш ээ. Зарим хүмүүс үүнийг хэрэгцээ мэтээр өрөөсгөл ойлгодог. Би хувьдаа хайртай хосууд нэг нэгэндээ ариун байлгах нандин зүйл гэж боддог.    

  –Гоёлоо хэр анхаардаг вэ?

-Гоё ганган байх гээд өөртөө зохицоогүй гоёлоор гоёх дургүй. Энгийн хэрнээ чамин, эрхэмсэг харагдуулдаг, чанартай зүйлс сонирхдог. Өдөр шөнөгүй нүүрээ будаж, үсчинд ороод, ээмэг зүүлт сольж зүүгээд байдаг эмэгтэйчүүд надад таалагддаггүй. Гоо сайхны тухайд гэвэл арьсаа амрааж байхыг чухалчилдаг. Өөртөө тохирсон гоо сайхны бүтээгдхүүнийг ойрхон сольж хэрэглэдэг. Миний арьсанд Японы фирмийн бүтээгдэхүүн тохирдог юм.

-Бясалгал хийдэг үү. Үүнийг гоо сайхантай холбож ойлгоод байдаг шүү дээ…

-Бясалгал хийж үзмээр байна. Даанч ажлын байдлаас болоод амжихгүй юм. Сүүлийн үед их сонирхдог болоод байгаа. 

-Таны уран бүтээлүүдээс “Харийн залуу”, “Цагаан морьтой хун тайж” дуу хитийг нэг хэсэгтээ тэргүүлсэн дээ…

-Би бусад дуучид шиг олон цомог гаргаагүй л дээ. Анхны уран бүтээл байсан болохоор мэдээж алдаа, оноо байсан л байх. Энэ хоёр дуу намайг олонд таниулж, нэрийн минь хуудас болж чадсан гэж боддог. Залууст  миний уран бүтээлийн имижийг тодорхойлж өгсөнд баярладаг. Хойшдоо чанартай уран бүтээл туурвихын тулд би хичээнэ. Хүссэн цомгоо гаргаад, өөрийнхөө тоглолтыг хийж байж санаа минь амарна даа.    

-Хичээлийн шинэ жилийн өдөр танд ямар бодлыг төрүүлдэг бол…

-Хүүхэд байх үеийг минь өөрийн эрхгүй санагдуулдаг. Өглөө босоод цонхоороо хичээлийн шинэ жилийн баярын нээлтийг харчихаад, сэтгэл минь догдлоод л зогсдог. Би олон дүүтэй. Тэднийгээ хөөрч баярлаад, сургууль руугаа явж байгааг харах сайхан.

-Багш болъё гэж бодож байгаагүй юу?

-Сайхан сэтгэлтэй, сэтгэлийн тэвчээртэй хүмүүс багш мэргэжлийг сонгодог байх. Дуучин болох хүсэл миний багаасаа мөрөөдсөн мөрөөдөл минь байсан.

Ярилцсан Г.Батцэцэг

Ням гариг сэтгүүл

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.