Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.Хавал: АН-ынхан тодорхой албан тушаал өгөхийг шаардсан

Баян-Өлгий аймгийн Засаг дарга С.Хавалтай ярилцлаа. Тус аймаг саяхан 70 жилийн ойн баяраа тэмдэглэсэн билээ. Улстөрждөгөөрөө алдартай Баян-Өлгий аймагт байдал сайнгүй л байгаа аж.

-Баян-Өлгийд цөөнхийн доторх цөөнхийн тухай асуудал хөндөгддөг. Хүн амын нь хэдэн хувийг монголчууд эзэлж байна вэ. Тэдний талаар аймгийн удирдлага ямар бодлого баримталдаг юм бол?

-Манай аймаг 101.9 мянган хүн амтай. Цөөнхийн доторх цөөнх бол анхаарал татах асуудлын нэг. Хүн амын долоон хувийг монголчууд эзэлдэг. Намайг Засаг даргаар томилогдсоны дараа Тамгын газарт зургаан монгол хүн ажилд орсон. Хоёр нь хэлтсийн дарга хийж байгаа. Цөөнх доторх цөөнхдөө анхаарч, ажлын байраар хангах шаардлагыг би агентлаг, байгууллагын дарга нарт тавьдаг. Сүүлийн жилүүдэд цөөнх рүү хандсан бодлого эрчимжиж байгаа.

-Ерөнхий боловсролын сургуульд хэддүгээр ангиас монгол хэл үзэж байна вэ?

-Манай аймагт сургалтын чанар сайнгүй байдаг. Засгийн газраас манай аймгийн боловсролын салбарыг дэмжих тухай тогтоол гаргасан. Энэ хүрээнд томоохон арга хэмжээ авна. Баян-Өлгийчүүд монгол хэл сайн мэддэггүй гэсэн ташаа бодол байдаг. Хамгийн түрүүнд эх хэлээ сурч байж бусдыг нь сурах ёстой. Казах хэлний сургалтын сектор байгуулах асуудлыг Засгийн газраас шийдсэн.

Гэхдээ хүмүүсийн сонголтоос хамаарна. Манай хүүхэд энэ жил зургаан нас хүрч, монгол сургуульд оруулсан. Сүүлийн жилүүдэд манай залуус монгол хэлийг нэлээд чармайн сурдаг болсон. Зарим эерэг үзүүлэлт гарч байгаа. Энэ бол эхлэл. Монгол хэлээ мэдээж сайн сурах ёстой. Үүн дээр анхаарч, монгол хэл заах цагийг нэмж байгаа.

-Орон нутагт боловсон хүчин дутмаг байдаг бол танай аймагт илүүддэг юм билээ. Үүнийг хэрхэн зохицуулах вэ. Боловсон хүчин дутмаг аймаг руу хүмүүсээ шилжүүлж, ажлын байраар хангах гэх мэт арга хэмжээ авах уу?

-Хүндрэлтэй асуудлуудын нэг нь энэ л дээ. Ажилтай болгож өгөөч гэсэн өргөдөл Засаг даргад хэдэн мянгаар ирдэг. Тэгээд багш нарын дунд судалгаа явуулаад түвшин тогтоох шалгалт авахад 610 гаруй багш оролцсон. Хөдөөнөөс зарим нь ирж оролцож чадаагүй.

Манай аймагт 800 гаруй багш илүүдэлтэй байна. Төрийн сангийн хэлтэст ажилтай болох хүсэлт гаргасан эдийн засагч, нябо 427 байна. Ажилгүй эмч, сувилагч олон. Жилд 800 багшийг ажилтай болгох боломж надад байхгүй. Гэхдээ хүмүүс тэтгэвэрт гарах, шинээр сургууль, цэцэрлэг ашиглалтад ороход багш нарыг шалгалтад авсан онооны нь дарааллаар ажилд авч байгаа. Ингэхээр хэл ам бага гардаг. Боловсон хүчин дутмаг байгаа аймаг руу шилжүүлэх бодлогын чанартай арга хэмжээ авах талаар БСШУЯ ярьж байгаа.

-Баян-Өлгий аймаг нэлээд улстөрждөг. ИТХ дахь МАХН, АН-ын гишүүд байнга зөрчилддөг. Таныг хууль зөрчсөн, мөнгө шамшигдуулсан тухай баримт дэлгэж, огцруулахыг шаардан зургаан сарын турш АН-ынхан суулт зарласан. Та үнэхээр хууль зөрчсөн юм уу?

-Ганцхан л зүйл хэлье. Би дөрвөн жил Засаг даргаар ажиллахдаа хууль зөрчсөн аливаа үйлдэл хийгээгүй. Газрын наймааны эсрэг би тэмцсэн. Ийм наймаа байсныг цэглэж, ядуу иргэддээ газар олгосон. Би том компанийн захирал байсан хүн. Энэ ажлаа бүрэн зогсоогоод Засаг даргын ажлаа хийж байгаа. Тендерийн ямар нэг асуудалд хувийн сонирхлоор оролцоогүй. Олон түмэн мэднэ. Аудитын байгууллагаар хянуулаад зөрчил илэрсэн гээд байгаа. Энэ байгууллага улстөржиж байна шүү дээ.

Нийгэмд хохирол учруулсан гэдгийг тогтоосон бол би хүлээн зөвшөөрнө. Хэрэв би хөрөнгө шамшигдуулсан бол улсад төлөх татварыг нэг тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж тушааж чадахгүй байсан. Бүх зүйлийг хууль шийднэ. 2008 оны сонгуулийн дараа долдугаар сарын 8-нд АН-ын бүлэг намайг огцрохыг санал болгосон. Би Засаг дарга, аймгийн МАХН-ын дарга. Тиймээс энд улс төрийн сонирхол байгаа.

Баян-Өлгий аймгаас УИХ-д МАХН-ын гурван гишүүн сонгогдсон. Баделхан гуай гуравт, А.Бакей дөрөвт орсон. 4200 саналын зөрүүтэй. Орон нутгийн сонгуульд 35 суудалтай ИТХ-д 20 суудлыг манай нам авсан. Тиймээс л улс төр хийгээд байгаа юм. Би энэ аймагт төрөө төлөөлж ажиллаж байгаа учир ард түмний эрх ашгийг хохироосон шийдвэр гаргахгүй. Би жирийн нэг малчны хүүхэд. Яагаад малчны хүүхэд Засаг дарга байж болохгүй гэж. Намайг энэ ажлыг хийж чадна гээд итгэл хүлээлгэсэн, ард түмний дийлэнх олонх дэмжиж байна.

-Өөрөөр хэлбэл, Та энэ бүх маргааныг АН-ын зүгээс явуулж буй улс төр гэж дүгнэж байгаа юм уу?

-Цөөхөн хүний хийж буй ажил. 3-4 хүн л байгаа. Өмнө нь байсан хүмүүсийн үзэн ядалт ч байгаа биз. –

Таны булхайг илчилж, огцрохыг шаардсан АН-ынханд Та албан тушаал амласан юм биш үү. Тэдэнтэй яаж ойлголцож, улс төрийн суултыг зогсоосон юм бэ?

-Хэнд ямар албан тушаал амласан юм бол? Төрийн алба журамтай, сонгон шалгаруулалтаар л хүмүүсээ шилж авдаг. Төрийн албаны зөвлөл бол Засаг даргын мэдлээс хальсан газар. Төрийн албан хаагчийн шалгалтыг би авдаггүй. Харин АН-ынхан өөрсдөө ИТХ-ын болон Засаг даргын орлогчийн албан тушаалыг өг гэсэн шаардлага тавьсан шүү дээ.

Энэ бол улс төрийн албан тушаал. Би дээрээ удирдлагатай. Удирдах зөвлөлтэйгээ зөвшилцөөд тэдэнд “Боломжгүй” гэсэн хариу өгсөн. Байдал маргаантай хэвээр байгаа, зөвшилцөөгүй. Гэхдээ бүх асуудлыг хууль шийднэ. ИТХ намайг огцруулах эсэхийг хэлэлцээд “Шаардлагагүй” гэсэн.

-Хэрэв аймгийн АН-ынхан таныг буруугүй байхад чинь гүтгэсэн юм бол өөрийгөө өмгөөлж хаа нэгтээ хандсан уу?

-Тэгэх шаардлага байхгүй.

С.Туул

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.