Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ж.Нарантунгалаг: Би өрсөлдөгчдөө таалагдахыг хүсдэг

Холимог тулааны “Legend FC”, “One championship” холбооны дэлхийн аварга асан, Монголын тулааны спортын анхны Гавьяат тамирчин Ж.Нарантунгалагтай ярилцлаа.

-Таныг багадаа Брюс Лигийн тоглосон кинонуудаас зодооны хөдөлгөөн сурдаг, түүний зохиосон тулааны урлагаар хичээллэж байсан тухай сонссон. Кинонд тоглох юм сан гэж боддог уу?

-Одоохондоо тийм бодол алга. Гэхдээ би ахлах ангид байхдаа Эрдэнэтдээ “Репийн төгсгөл буюу гүнжийн домог” нэртэй жүжигт гол дүрд тоглосон. “Нисванис”-ын Амгаагийн “Гүнжийн домог” дуугаар сэдэвлэсэн зохиолоор Батболд гэх найруулагч тулаантай, эмгэнэлт жүжиг найруулж, “Сүнс” хамтлагийнхан бас тоглосон. Хоорондоо их өрсөлддөг реп бүжгийн хамтлагийн ахлагчид нэг охинд дурласан тухай өгүүлдэг. Нөгөө хамтлагийн ахлагчтай тулалдаж байтал хайртай бүсгүй минь салгах гэж байгаад амиа алдаж, би шоронд орж төгсдөг юм. Булган, Эрдэнэт, Дархан, Шарын гол, Хөтөлд тоглож, тухайн үед орон нутгийнхнаа шуугиулж явлаа. Тэр жүжигт тоглож байхдаа Эрдэнэтийн 056 дугаар ангид гал сөнөөгч болж гурван жил ажилласан. Долдугаар ангидаа Өсвөрийн гал сөнөөгчдийн тэмцээнд чамлахааргүй амжилттай оролцож, галынхны машин, хувцас хэрэглэл, амьдралтай танилцсан минь тийм мэргэжилд дурлахад нөлөөлсөн. Миний нагац ах Бат бас гал сөнөөгч. Жинхэнэ нөхөрлөл гал сөнөөгчдийн дунд үүсдэг юм билээ. Маш гоё ажил.

-Амь насаа эрсдэлд оруулж байсан уу?

-Гал сөнөөгч болоод удаагүй байхад орон сууцны найман давхарт гал гарч, нэгдүгээр гал унтраагч буюу тэргүүн шугаманд ажиллах үүрэг надад өгсөн. Байранд хүчилтөрөгч дутагдан дэлбэрэхээр дуншиж байхад нь манайхан цонх хагалснаас болж гал тархаад халуун пийшинд орсон мэт болдог юм байна. Галын голомттой өрөөнд орох гэтэл ус шахаж байсан хоолой хүрдэггүй ээ. Байшингийн арматур төмрөөр дамжаад хана, шал халж, резинэн баг маань нүүр түлчих шахсан. Уг нь усаар өөрийгөө шүрших ёстой байсан ч туршлагагүйтээд мартчихаж. Багаа авбал сайхан болчих юм шиг санагдаад тайлах гэж оролдтол утаа хоолой, ам руу орж, би амьсгалаа түгжээд ард явсан гал сөнөөгчтэйгөө хамт гэрээс гарсан. Хоорондоо ярих боломжгүй болохоор хоолой хүрэхгүй байгааг өөрөө бусдадаа хэлэх гэж бууж яваад утаатай орцонд ухаан алдсан. Гуравдугаар гал сөнөөгч намайг гадагш гаргасан юм билээ. Сэргээд маш их ичсэн. Тэгээд хоолой хүрэхгүй байгааг дуулган шинийг залгаж багаа өмсөж ороод галаа унтраалцсан даа.

-Гал сөнөөгчөөр яагаад удаан ажиллаагүй юм бэ. Шантарсан хэрэг үү?

-Тэнд ажиллаж байтал ээж намайг орлон тоглогчийн дамжаанд бүртгүүлсэн. Дамжаагаа төгсөөд байтал коллеж болон өргөжиж хот руу шилжихээр болж, намайг туслах багшаар авсан. Даанч анхны оюутнуудаа гуравдугаар дамжаанд байхад дампуурчихсан юм. Тэнд суралцаж байсан хүүхдүүд СУИС, “Мюзик холл” сургууль, Монголын үндэсний циркт элссэн. Завханы циркт ажиллаж байгаад зах зээлийн үед Эрдэнэтэд дугуйлан хичээллүүлсэн Отгонбаяр багш тэнд байхад надад байлдааны самбо заасан. Түүнийг цэрэгт байхад Оросоос мэргэжилтэн ирж армийнханд байлдааны самбо заасан юм билээ. Тухайн үед эл тулааны урлагийг амархан сурах эвсэлтэй офицер цөөхөн байсан гэдэг. Монголд тэр спортыг анх заалгасан хүнээс ихийг сурч, олон төрлийн хөдөлгөөн мэдэх хүсэл тэгэхэд л ундарсан.

-Тулааны урлагийг гүн ухаан гэдэг юм билээ. Холимог тулаанч болохын тулд та олон төрлийн тулааны урлагаар хичээллэсэн. Тулааны урлаг бүрийн гүн ухаан өөр үү?

-Бүгд л өөрийгөө таних урлаг. Өөрийгөө хэр хатуужилтай, өвдөлт даах чадвартайг, сандарч, ядарсан үед сэтгэн бодох, хариу үйлдэл үзүүлэх чадвар минь ямар вэ гэдгийг таних урлаг. Өөрийгөө таньж байж өрсөлдөгчөө дүгнэж сурна.Тулааны урлагийн үндсэн зарчим нь “Өөрийгөө ял, бусдыг хүндэтгэ” гэж багш нар заадаг.

-Та өөрийгөө таньсан уу. Нарантунгалаг гэж хэн юм бэ?

-Байгаараа байх ёстой юм байна, дүр эсгэх хэрэггүй гэдгийг л сайн ойлгосон. “Монгол хүнд хатуу бэрхийг давах маш их тэвчээр өвөг дээдсээс өвлөгдсөн. Гадаадынхнаас тэвчээрээрээ ялгарах ёстой юм байна. Хурц тулаан өрнөж буй торгон агшинд монголчуудын сэтгэн бодох чадвар бусдаас илүү байх магадлалтай” гэж боддог болсон.

-Өөрийгөө ялан дийлэх гэдэг амжилт гаргахыг хэлдэг үү, эсвэл өөр хүчин зүйл бий юү?

-Тэмцээн бол зөвхөн хообий. Өрсөлдөгчдөө ялагдсан хэрнээ өөрийгөө ялах үе бас байдаг. Хэдий спортод дуртай ч олон сар хүнд бэлтгэл хийнэ гэдэг байнга хүсэх зүйл биш шүү дээ. Бэлтгэлийн үеэр гэмтэл авчих гээд л, зүрх ачаалалтай ажиллана. Сэтгэл зүйн маш их хүч гаргаж, өөрийгөө шахаж шаардаж хэцүү бэлтгэлийг давж зорьсон тэмцээндээ ялалт байгуулсан ч өөрийнхөө чадварыг олигтой гаргаж чадаагүй бол ялагдсан мэт санагддаг. Харин ялагдсан хэрнээ бүх нөөц бололцоогоо дайчилж, хүчээ шавхсан бол ялсан юм шиг сэтгэгдэл төрдөг.

-Тэгвэл аваргын бүсээ алдсан, хөлөө хугалуулсан тулаануудын үеэр бүх хүчээ дайчилж чадсан уу?

-Хөлөө хугалуулахад ёстой нэг азгүй тохиолдол гэдэг шиг юм болсон. Нас ч явчихлаа, хүнд гэмтсэний дараа буцаад амжилт үзүүлж чадах болов уу гэж эргэлзэж найз, ах дүүс ч одоо больсон нь дээр гэж зөвлөж байлаа. Хөлөө хугалуулсан тэр тулаанд бүх чадвараа гаргаж, үнэхээр дийлэхээ болиод ялагдсан бол би зодог тайлахад бэлэн байсан. Тэгээд надад асар их нөөц хүч байгааг мэдрээд “За ёстой одоо л больё гэж бодох хүртлээ тулалдана шүү” гэж өөртөө хэлсэн. Өрсөлдөгчийнхөө хөдөлгөөн, онцлогийг судалж, тулаануудынх нь бичлэгийг үзсэний дараа нөгөөхтэйгөө төсөөлөлдөө зодолддог юм. Яг тэрэн шигээ, өмнөх би энэ Нарантунгалагтай тулалдвал яах вэ гэж бодож, өөрийгөө өөртэйгөө зодолдуулж, одоогийнх нь ялаад эхлэхэд “За, за зодог тайлах болоогүй юм байна” гэж урам өгч, дэвжээнд эргэн ирсэн дээ.

-UFC-ийн тулааныг хүмүүс илүү мэддэг юм билээ. Тэр холбоонд орох бодол төрж байв уу?

-Холимог тулааны дөрвөн холбоо нэгдсэн болохоор UFC-ийн хүч нэмэгдсэн. Холимог тулааны холбоонууд хоорондоо дүрмийн ялгаатай. Би цөөхөн минутаар өрсөлддөг, оноогоор тооцдог, хүчтэй цохьдоггүй тулаанд ялагддаг. Урт хугацаанд тулалдах тусам тэсвэр, хатуужил миний давуу тал болж ялдаг гэх үү дээ. Хөлийн улнаас бусад хэсгээрээ газар хүрсэн бол нүүр толгой руу өшиглөж, өвдөглөхийг UFC-ийн дүрмэнд хориглодог. Өрсөлдөгчийнхөө гэдэс рүү өвдөглөсөөр ялж байтал нөгөөх нь гараа газар хүргэж, доош суугаад нүүр рүүгээ өвдөглүүлчихвэл би ялагдах жишээтэй. Гэтэл “One championship”-д энэ бүгдийг зөвшөөрдөг. Хамгийн зэрлэг төрөл гэгддэг ч над шиг зодолдох дуртай хүмүүст таалагддаг юм.

-Холимог тулааны сэдэвт компьютер тоглоомын баатар болох юм сан гэж бодож байсан уу?

-Үгүй, үгүй. Тэр тоглоомыг бараг тоглож үзээгүй.

-Тулалдаж байхдаа өрсөлдөгчөө өрөвддөг үү?

-Өрсөлдөгчдөө таалагдахыг хүсдэг. Өрсөлдөгчөө судалж, өмнөх тэмцээнүүдийг нь үзэхэд ихэнх тохиолдолд тэд маш мундаг хүмүүс байдаг. Өөрийгөө ялан дийлсэн, надтай ижил зорилготой хүмүүс. Холимог тулааны төрөлд олон монгол хүн амжилт үзүүлж амжаагүй энэ үед уг спорт хөгжсөн орны тамирчныг аль болох гоё техник ашиглаж ялах юм сан гэж бодно уу гэхээс өрөвдөнө гэж байхгүй л дээ. Өрөвдвөл өрсөлдөгчөө доромжилсон хэрэг болно. Харин монголчуудтайгаа тулалдахад хүч нэг л гарч өгдөггүй. Бид хоорондоо зодолдсоны оронд хамтарч бэлтгэл хийгээд гадаадын тамирчидтай үзэх ёстой гэж боддог юм.

-Та өдгөө 40 настай. Нас таны сул тал уу, эсвэл олон жилийн тулааны туршлагатай учир харин ч үүгээрээ давуу юу?

-Тулалдах хүсэл минь мохолгүй, дасгал сургуулилалтаа сайн хийж, биеэ эрүүл байлгаж чадвал нас гэдэг маш том боломж. Монголчуудын дундаж наслалт жаран хэд байдаг бол өндөр хөгжилтэй улсуудынх 80 хол гардаг. Тиймдээ ч 30 нас гарсан залуучуудыг манайхан хөгшин гэдэг. Спортынхон, сэтгүүлч нар намайг ахмад тамирчин гэж доромжилж ярьдаг. Дундаж наслалт нь өндөрт тооцогддог япончууд надаас бэлтгэл сургуулилалт хэр хангагдсаныг асууж байснаас нас ер сонирхоогүй. Угаасаа холимог тулааны урлагт амжилттай яваа тамирчдын олонх нь 35-аас дээш насных. Яагаад гэвэл хананд, торонд шахах, хэвтээ босоо байрлалд тулалдах гээд л бүх тулааны урлагаас суралцахад маш их цаг ордог. Тиймдээ ч нас ахимаг тамирчдаас илүү болгоомжлууштай. Залуу тамирчид аль нэг тулааны урлагаар дагнасан, супер болж амжаагүй байдаг. Нас ахимаг тулаанчид зарим чадвараа нууцалж, дараагийн өрсөлдөгчдөө урхи тавьдаг. Өрсөлдөгч нь тоглолтуудыг үзээд зөвхөн гараараа тулалддаг сул талтай юм байна гэж бодтол дараагийн тэмцээндээ өөр маягаар зодолдох жишээтэй. 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 thought on “Ж.Нарантунгалаг: Би өрсөлдөгчдөө таалагдахыг хүсдэг